Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/01339

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 19 өдөр

 

Дугаар 183/ШШ2020/01339

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Нарны зам, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 0, П овогт Тын Аийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Чингисийн өргөн чөлөө, 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн0, регистрийн 0 дугаартай, “М г” ХХК-нд холбогдох,

 

“М г” ХХК-ийн Үйл ажиллагааны захирлын 2020  оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 0 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, туслах тоног төхөөрөмжийн механикийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие тус компанид 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр туслах тоног төхөөрөмжийн механикаар Индастриалын газрын Оюутолгойн засвар үйлчилгээний хэлтэст томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллах хугацаандаа албан үүрэгтээ хариуцлагатай хандаж, мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байсан ба ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “М  групп” ХХК-ийн үйл ажиллагааны захирал Ш.Н Б-20/74 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба миний хувьд байгууллагыг хохироосон ноцтой хохирол учруулаагүй, сахилгын зөрчил гаргаагүй. Би өөрийн үйлдлээ ухамсарлаж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөл өгөөгүй, Д.Ж зөвхөн ажил гүйцэтгэхэд саад болж зогссон тээврийн хэрэгслийг хоёр алхам ухарааж замаа чөлөөлсөн. Энэ үндэслэл нь миний хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой үндэслэл биш. Би ажилдаа хайхрамжгүй хандаагүй, ажил олгогчийн итгэлийг алдаагүй, компанид хохирол учруулаагүй. Хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ба одоо өөр компаниудад ажилд орохоор хандахад “Таныг 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр ажлаас халсан байгаа тул ажилд авах боломжгүй” гэдэг хариу өгч байна. Иймд надад маш их хохиролтой байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргаж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “М групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Б.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага Т.А туршлага, чадварыг үнэлэн анх ажилд авсан ба тэрээр 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний тусгай шаардлагыг байгуулж, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулан ажиллаж байсан. Гэтэл 2020 оны 1 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө ээлжээр гүний уурхайд ажиллаж байхдаа өөрийн хариуцаж байсан ногоон малгайтай, уурхайн талбарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд буюу Д.Ж зөөврийн АV020 маркийн машиныг хөдөлгөж, засварын цехийг зайчлах заавар өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 16.3.1.1, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны удирдлагын тогтолцооны журмын 10 дугаар хэсгийн 3, Амь нас хамгаалах дүрмийн 2-т заасныг тус тус зөрчсөн. Мөн хувь хүний мөрдөх зарчмын “Би аюултай гэж үзсэн ямар ч ажлыг шууд зогсооно, би бусдыг эрсдэлд оруулахгүй” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох заавар өгч өөрийгөө болон Д.Жыг эрсдэлд оруулснаараа Хөдөлмөрийн гэрээний 7.3.2.14, Төслийн тусгай шаардлагын 3.1.24-т заасныг мөн зөрчсөн. Компанийн зүгээс уг зөрчлийг магадлан шалгах ажиллагаа явуулж, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зөрчлийн Магадлан шалгалтын тайлангаар тогтоосон ба уг шалгалтын явцад Т.А, Д.Ж болон зөрчлийг анх илэрүүүлсэн аюулгүй ажиллагааны ажилтан М.Эрхэмбаяр нарын тайлбар авсан. Уг тайлбартаа Т.А гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль болон компанийн дотоод журмуудыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч “М групп” ХХК-нд холбогдуулан ““М групп” ХХК-ийн Үйл ажиллагааны захирлын 2020  оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б-20/74 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, туслах тоног төхөөрөмжийн механикийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан тус компанийн Үйл ажиллагааны захирлын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б-20/74 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2.1, 5.2.2.10, 7 дугаар зүйлийн 7.3.2.14, Хөдөлмөрийн гэрээний Төслийн тусгай шаардлагын 3 дугаар зүйлийн 3.1.24, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4, 6.6 дахь заалтыг тус тус үндэслэн Индастриалын газрын Оюутолгойн засвар үйлчилгээний хэлтсийн Туслах тоног төхөөрөмжийн механик ажилтай Т.Аг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтод заасан үүрэг болон төслийн талбайд мөрдөгддөг дүрэм, журмуудыг зөрчиж, ажил үүрэгтээ хайнга хандаж, Д.Жавхланбаярыг Оюутолгой уурхайн талбарт тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөгдсөн үнэмлэхгүй болохыг мэдсээр байж, AV020 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох заавар өгч, эрхээ хэтрүүлсэн болох нь магадлан шалгалтын тайлан, өөрийнх нь өгсөн тайлбараар тус тус тогтоогдсон гээд хөдөлмөрийн гэрээг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

 

            Нэхэмжлэгч Т.А уг шийдвэрийн үндэслэлийг “Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил биш” хэмээн тайлбарлаж маргаж байгаа боловч хэргийн 64-66 дугаар хуудаст авагдсан “Магадлан шалгалтын тайлан” гэх баримт, хэргийн 67-70 дугаар хуудаст авагдсан “ХАБЭАБО-ы тохиолдлын тайлангийн маягт” гэсэн баримт, хэргийн 75-77 дугаар хуудаст авагдсан М.Эын тайлбар бүхий “Осол, зөрчлийн тайлбар авах хуудас” гэх баримт, хэргийн 78-80 дугаар хуудаст авагдсан Т.Аийн тайлбар бүхий “Осол, зөрчлийн тайлбар авах хуудас” гэх баримт, хэргийн 81-83 дугаар хуудаст авагдсан Д.Жын тайлбар бүхий “Осол, зөрчлийн тайлбар авах хуудас” гэх баримт, хэргийн 84-86 дугаар хуудаст авагдсан 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Т.Атай хийсэн ярилцлагын тэмдэглэл, хэргийн 87-89 дүгээр хуудаст авагдсан 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Д.Жтай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэргээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тогтоогджээ.

 

            Мөн нэхэмжлэгч нь дээрх “Магадлан шалгалтын тайлан”-тай холбоотой ямар нэгэн гомдлыг “М групп” ХХК-нд гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Магадлан шалтгалт явуулах эрх олгосон журмаа хэрэгт өгөөгүй бөгөөд ямар журмын дагуу уг ажиллагаа хийгдсэн нь тодорхой бус” гэж тайлбарласныг тус тус хүлээн авах боломжгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, уг магадлан шалгах ажиллагааг компанийн дотоод журамд заасны дагуу явуулаагүй, нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзвэл нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдлоо гаргах буюу “МСМ групп” ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах боломжит хугацаа байсан ба энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь уг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй. 

 

            Түүнчлэн хэргийн 63 дугаар хуудаст авагдсан Хөдөлмөрийн гэрээний тусгай нөхцөл болох “Төслийн тусгай шаардлага” гэх баримтын 3 дугаар хэсэгт “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, эсвэл Оюу Толгойн уурхайн талбараас гаргах “Ноцтой зөрчлүүд” гээд 3.1.24-т “Ажилтныг аюултай нөхцөл байдалд ажиллах гэж байгааг, эсхүл ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зөвшөөрөл, мэргэжлийн болон ур чадварын гэрчилгээ, үнэмлэх болон бусад адилтгах баримт бичиггүй гэдгийг мэдсэн хэдий ч түүнд ажиллах заавар, зааварчилгаа, үүрэг даалгавар өгөх” гэж, Хөдөлмөрийн гэрээний 7.3.2.14-т заасан “Ажилдаа хайхрамжгүй хандаж, ажил олгогчийн итгэлийг алдсан, эрх мэдлээ хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана” гэж тус тус заажээ.

 

            Тодруулбал, энэхүү хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбоотой дээр дурдсан зөрчлийг “Ноцтой” зөрчилд тооцохоор тохиролцон, тусгайлан нэрлэн заасан байгаа тул ажил олгогчийн 2020 оны Б-20/74 тоот шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бусад шаардлагын талаар тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан хариуцагч “М групп” ХХК-нд холбогдох ““М групп” ХХК-ийн Үйл ажиллагааны захирлын 2020  оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б-20/74 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, туслах тоног төхөөрөмжийн механикийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэгч Т.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан хариуцагч “М групп” ХХК-нд холбогдох ““М групп” ХХК-ийн Үйл ажиллагааны захирлын 2020  оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б-0 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, туслах тоног төхөөрөмжийн механикийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэгч Т.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ГЭРЭЛТУЯА