Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 21

 

С.Ч холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов

Шүүгдэгч С.Ч

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Чын гаргасан давж заалдах гомдлоор С.Ч холбогдох эрүүгийн 1914006690432 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  С.Ч, 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 2-26 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2019 оны 3 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 3.150.000 төгрөгийг торгох ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаар /НЧ90040511/

С.Ч нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр 89-33 УБЛ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийн согтуурсан үедээ жолоодож явж байгаад онхолдож тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан О.Булгамаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас С.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  С.Чыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Чын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгэээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3150000 төгрөгийн торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч оногдуулсан 1 жил 7 сарын хугацагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Чын 2020 оны  01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 17 хоногийг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч С.Ч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Ч гаргасан давж заалдах гомдолдоо: С.Ч би Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/50 тоот шийтгэх тогтоолыг хүндэтгэлтэй хандаж байгаа боловч тогтоосон зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна. Би 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа юм. Мөн хохирогчид учирсан гэмт хэргийн хохирол хор уршгийг өөрийн сайн дураар нөхөн төлж барагдуулсан. Иймд хуульд зааснаар бусад эрүүгийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. Урьд оногдуулсан торгох ялын 3.150.000 төгрөгийг би төлж барагдуулах болно гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн 27.10 дугаар 2.1, 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 6 сар болгон багасгаж өгнө үү гэв.

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч С.Чын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл С.Ч нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр 89-33 УБЛ улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явж байгаад онхолдож тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан О.Булгамаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1914006690432 дугаар хэрэгт авагдсан хохирогч О.Булгамаа, гэрч Б.Энхтүвшин нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-11 дүгээр тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 13-14 дүгээр тал/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар дүгнэлт /хх-ийн 37 дугаар тал/, Энх нахиа ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 571 дүгээр дүгнэлт, С.Чулуунбат нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч С.Чулуунбат нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа онхолдож тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан О.Булгамаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тэдэнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.Ч нь анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан ба түүний согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хохирогч О.Булгамаагийн биед хүнд хохирол учруулсан, мөн хүнд хохирлын хор уршиг бүрэн арилсан гэж үзэх үндэслэлгүй өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 3.150.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан боловч торгох ялыг биелүүлээгүй байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч С.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

С.Ч нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний хүртэл цагдан хоригдсон 66 хоног цагдан хоригдсныг тэдний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.