Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00907

 

Д.Э, Д.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01852 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1760 дугаар магадлалтай,

Д.Э, Д.Э нарын нэхэмжлэлтэй,

МОХННУБТЗд холбогдох,

Гэм хорын хохиролд 12,973,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, Н.Болороо нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э, Д.Э нар нь хариуцагч МОХННУБТЗд холбогдуулан гэм хорын хохиролд 12,973,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01852 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар МОХННУБТЗаас 5,195,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд, 7,778,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эод тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч МОХННУБТЗаас улсын тэмдэгтийн хураамжид 222,526 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1760 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...497.1, ...” гэсний ард “...498 дугаар зүйлийн 498.1, ...” гэж нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас 6,269 төгрөгийг гаргуулан, хариуцагчаас 222,526 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,526 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, Н.Болороо нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хариуцагч талаас эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

1. Анхан шатны болон давж заалдах шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь шинжлэх ухааны арга техник, тусгай мэдлэгт суурилаагүй, зөвхөн эрүүгийн хэргийг шалгах явцад авагдсан зөрүүтэй, тодорхой бус хохирогчийн мэдүүлэг болон иргэдийн таамаг ярианд үндэслэсэн бөгөөд бүрэн шинжээчид тавигдсан асуултад бүрэн хариулаагүй, тодорхой бус, эргэлзээтэй гарсан болох нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тогтоогдсон боловч шүүх үнэлээгүй. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш байтал 2012 онд эрүүгийн хэргийг шалгах явцад гарсан галын шинжээчийн дүгнэлт болон иргэний хэрэг дэх шинжээч нарын зөвхөн эрүүгийн хэргийг шалгах явцад авагдсан зөрүүтэй, тодорхой бус хохирогчийн мэдүүлэг болон иргэдийн таамаг ярианд үндэслэн гаргасан дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн 2012.04.17-23-ны өдрүүдэд Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Чойбалсан сумдад хээрийн түймэртэй байсан. УБТЗ-ын Баянтүмэн тасаг энэхүү хээрийн түймрээс төмөр замын дэр мод, холбооны шугам зэргийг хамгаалах зорилгоор гарцаагүй байдлын улмаас цурав тавих хамгаалалтын ажил хийж байсан болохыг, мөн зэргэлдээ сумдад галтай байсан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор тогтоогдоогүй эрүүгийн хэргийн шинжээчийн дүгнэлтийг иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй байтал үндэслэх хэсэгтээ гэм буруутай нь нотлогдоогүй хэргийн шинжээчийн дүгнэлтийг дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд талууд тэгш эрхтэй оролцдог бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар цугларсан нотлох баримтыг иргэний хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын эх сурвалж шууд болгон дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Иргэний хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч нар “...төмөр замын тавьсан гал нэхэмжлэгч нарын гэр, хороонд түрүүлж хүрсэн” гэсэн дүгнэлт гаргахдаа ямар баримтад тулгуурлаж гаргасан нь тодорхойгүй байдаг. Хоёр эх үүсвэртэй түймэр нийлсэн ба нийлээд Д.Одсүрэнгийн гал нь унтарч, төмөр замын ажилчдын гал нэхэмжлэгчийнд түрүүлж хүрсэн байна гэдгийг ямар баримт, тооцоололд тулгуурлан хэрхэн тодорхойлж гаргасан нь ойлгомжгүй дүгнэлт хийдэг. Хоёр түймэр хоорондын зайг харахад иргэн Д.Одсүрэнгийн тавьсан гал нэхэмжлэгчийн байршлаас 50 км-ийн зайд, харин УБТЗ-ын алдсан гэх гал 120 км-ийн зайтай бөгөөд зөвхөн түймэр эхэлсэн байршлаас харахад УБТЗ-ын алдсан гэх түймэр түрүүлж хүрэх боломжгүй юм.

4. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч нар оролцох үед шинжээчид тавьсан асуултад бүрэн хариулаагүй болох нь, газар орны байршлыг тогтоогоогүй болох нь, галын эхлэлийн цэгийг харьцуулсан зураглалтай харьцуулаагүй, галын эхлэлийн цэгээс нэхэмжлэгч Д.Эын хашаа, хороо байрлаж байсан газар зайг хэмжихгүйгээр дүгнэлтээ гаргасан болох нь тус тус тогтоогддог. Шинжээч нар дүгнэлтээ гаргахдаа тухайн газар дээр нь очоогүй, зөвхөн эрүүгийн болон иргэний хэргийн материалд үндэслэн гаргасан гэсэн боловч эрүүгийн болон иргэний хэрэгт гал гарсан эхлэлийн цэгийн зураглалыг хараагүй, танилцаагүй талаар мэдүүлдэг. Мөн Д.Одсүрэнгийн хэргийн материалтай танилцаагүй гэж мэдүүлдэг зэргээр нэхэмжлэгчид Д.Одсүрэнгийн гал бус УБТЗ-ын галын улмаас гэм хор учирсан болохыг шинжээч нар хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, эргэлзээтэй, бүрэн нотлогдохгүй байхад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

5. Хоёр түймэр нийлсэн, төмөр замын алдсан гал түрүүлж хүрсэн гэж дүгнэсэн нь алдаатай, нийлсэн галыг хэрхэн ялгаад буй нь ойлгомжгүй байхад шийдвэрийн үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй. Мөн иргэн Д.Одсүрэнгийн тавьсан түймэр дахин дэгдэж шатлагын талбай нь аль сумдыг хамарсан талаар тайлбарлаагүй, энэ талаар огт судлаагүй байдаг бөгөөд дүгнэлтдээ тусгаагүй, хоёр түймрийн шатлагын талбайг тус тусад нь нарийвчлан тогтоогоогүй бөгөөд сансрын зургаас харж Чойбалсан сумын Хавирга өртөөнөөс баруун тийш 145 дугаар км-т үүссэн гал Чулуунхороот сум руу тархсан байдал илүү харагдсан гэх таамгаар галыг нийлсэн дүгнэсэн. Тухайлбал шүүх хуралдааны хурлын тэмдэглэлийн 9 дүгээр талд шинжээч П.Мөнхбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...цаг уур шинжилгээний агентлагт хүсэлт тавьж 2012.04.17-оос хойших сансрын өнгөт зураг авсан. Сансрын зургаас харахад Сэргэлэн сумын нутаг руу гал тархсан, Чойбалсан сум руу орсон байдаг. 4 сарын 17-ны өдрөөс хойш гал унтраах ажил явагдаж 4 сарын 22-ны өдөр төмөр замын түймэр гарч 2 түймэр Дашбалбар суманд нийлсэн харагддаг. Төмөр замын 4 сарын 22-ны өдөр алдсан түймэр 17, 18-ны өдрүүдэд гарсан түймрийн шаталтан дээр очиж, цаашаа тарах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан” гэсэн байдаг. Өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа тэрээр төмөр замын гал иргэн Д.Одсүрэнгийн галын шаталтан дээр очиж цааш тарах боломжгүй гэж хэлсэн нь төмөр замын алдсан гэх гал нь өмнөх өдрүүдэд гарсан түймэрт очиж унтарсан гэдэг ойлголтыг төрүүлж байна. Мөн 2 галын эх үүсвэр болон нэхэмжлэгч нарын амьдарч байсан газар хоорондын зайг км-ээр нарийн тогтоогоогүй юмаа гэж мэдүүлсэн байдаг. /ХХ-ийн 110 дахь талд/

6. Мөн иргэний хэргийн ажиллагаанд ОХУ-ын гал түймрийн мэдээлэл бүхий хиймэл дагуулын fires.ru цахим сайтад үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр 2 эх үүсвэртэй хээрийн түймэр нийлсэн бөгөөд тийнхүү нэхэмжлэгч нарын амьдарч байсан байршил руу шилжсэн нь илэрхий харагдаж байхад шинжээч болон шүүхээс энэ талаар харьцуулж судлаагүй, дүгнэлгүй орхигдуулсан. Бид тухайн газарт үзлэг хийж, галын эх үүсвэр, нэхэмжлэгчийн амьдарч байгаа газар гал гарсан цэгээс хэдэн километр зайтай байсан, салхины чиглэл, өвч, ургамлын гарц, 2 түймрийн шатлагын талбай зэргийг тодорхойлуулахаар шинжээч томилуулсан байтал шинжээчийн дүгнэлтэд дээрх ажиллагааг огт хийгээгүй байна. Иймд шүүх эргэлзээтэй олон асуудлыг орхигдуулсан шинжээчийн дүгнэлтүүдэд тулгуурлаж шийдвэрээ гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

7. Хариуцагч УБТЗ-ын Баянтүмэн тасгийн ажилчдын хээрийн түймрээс хамгаалах цурав тавих ажиллагаа, улмаар гал алдсан гэх гэм буруутай үйлдэл нь гэмт хэрэг болох нь шүүхээр тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах шаардлага гэж үзэхгүй бөгөөд гэм хорын хохирлын шаардлагад хамаарна. Гэм хорын хохирол шаардах тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байхыг шаарддаг. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр зохицуулсан. Хэрэв Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тохиолдолд нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөхөөс чөлөөлдөг байтал энэ тухай нэхэмжлэгч нараас чөлөөлөгдөх тухай хүсэлт, бичмэл нотлох баримт байхгүй байхад шүүх санаачилгаараа тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх, хойшлуулах, хэсэгчлэн төлүүлэх талаар хүсэлт гаргавал түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд өгөх учиртай бөгөөд шүүх уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэдэг зохицуулалттай.

8. Хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх явцад прокурорын 2017.05.05-ны өдрийн №5/38 тогтоолоор УБТЗ-ын ажилчид гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, тогтоогдохгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл төмөр замын алдсан гэх галыг хэн гэдэг ажилтан ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр тавьсан болох нь эргэлзээгүйгээр нотлогдоогүй.

9. Нэхэмжлэгч нарын галд шатсан гэх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ үндэслэлтэй гарсан эсэхэд эргэлзээтэй байдаг. Нэхэмжлэгч Д.Э болон Д.Э нарын ижил насны мал болох ямааг нь үнэлэхдээ 43,000 болон 60,000 төгрөг гэж 2 өөр үнэлэгдсэн.

4.2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШтХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянана гэсэн заалтыг зөрчсөн. Тухайлбал давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороогийн хэргийн нотлох баримттай холбоотой хэсэгт гаргасан гомдол тайлбарыг хүлээж авахаас татгалзаж гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс үндэслэлгүй чөлөөлсөн тухай гомдлыг хүлээн авсан бөгөөд тийнхүү ИХШХШтХ-ийг зөрчсөн байна гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх журам буюу ИХШХШтХ-ийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрдсэн нөхцөлд нэхэмжлэлийг хүлээн авахаар зохицуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь хэсгийн нэхэмжлэлийн үнэ огт төлөгдөөгүй, энэ талаар баримт, хүсэлт байхгүй байхад иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхнаасаа хууль зөрчсөн, шаардлага хангаагүй байсныг анхаарч үзэлгүй, өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

Ингэхдээ ИХШХШтХ-ийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар нөхөн гаргуулж шийдвэрлэсэн. Тус заалт нь нэхэмжлэлийн үнийг шууд тогтооход бэрхшээлтэй тохиолдолд хэрэглэх зохицуулалт байтал нэхэмжлэлийн шаардлага, хохирлын хэмжээ нэгэнт тодорхой байгаа хэрэгт хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд хуульд заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гарсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч Д.Э, Д.Э нар хариуцагч МОХННУБТЗд холбогдуулан анх 14,169,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,973,500 төгрөг болгож багасган үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагч байгууллагын ажилчдын буруугаас гарсан түймрийн улмаас хашаа саравч, мал шатаж учирсан гэм хорд Д.Эд 7,778,500 төгрөг, Д.Эод 5,195,000 төгрөг тус тус гаргуулна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн, хэзээ, хаана, ямар үйлдлээр гал тавьсан нь тогтоогдоогүй тул хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, 2012.04.17-18-ны өдрүүдэд Дорнод аймгийн Дашбалбар суманд иргэн Д.Одсүрэнгийн үйлдлээс шалтгаалан түймэр гарсан, эдгээр 2 түймрийн алинаас нь нэхэмжлэгч нарт хохирол учирсан нь тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хохирлын үнэлгээ зөрүүтэй, нэхэмжлэгч нар галаас урьдчилан сэргийлж хамгаалалтын зурвас хийгээгүй буруутай” гэж маргасан байна.

7.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хууль хэрэглэх болон улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад шийдлийг хэвээр үлдээжээ.

8.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9.Хэргийн баримтаас үзвэл, МОХННУБТЗын Баянтүмэн тасгийн даргын 2012.04.04-ний өдрийн А-16 тушаалаар хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан Эрээнцав Баянтүмэн хоорондын замыг хээрийн түймрээс хамгаалах зорилгоор замын хоёр талаар хамгаалалтын зурвас хагалж цурав тавих ажлыг зохион байгуулахаар болж, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэст зөвшөөрөл хүссэний дагуу тус хэлтэс 2012.04.19-ний өдөр Баянтүмэн тасгийг мөн оны 04.18-аас 04.25-ны хооронд Хөхнуураас Чингис бал, 103 дугаар км-ээс Хавирга, Хавиргаас 180 дугаар км хүртэл цурав тавих ажил явуулах зөвшөөрөл олгосон байна.

Дээрх зөвшөөрлийн дагуу цурав тавих ажиллагаа явуулах үед буюу 2012.04.22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутагт байрлах Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 дахь км-ын 7 дугаар зуут орчмоос хээрийн түймэр гарсан болон 2012.04.23-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэн Д.Э, Д.Э нарын эд хөрөнгө гал түймрийн улмаас шатаж, гэм хор учирсан үйл баримт тус тус тогтоогджээ.

10.Хоёр шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан бүхий л баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч МОХННУБТЗын харьяа Баянтүмэн тасгийн ажилчдын болгоомжгүй үйлдлийн улмаас түймэр гарсан, уг түймрээс нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан, эдгээр нь шалтгаант холбоотой гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

11.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулгаас үзэхэд МОХННУБТЗын ажилчдын (Баянтүмэн тасгийн) буруутай үйлдлээс эд хөрөнгөд гэм хор учирсан гэж хариуцагчаар байгууллагыг татсаныг анхан шатны шүүх анхаарч шаардах эрхийн үндэслэлийг оновчтой зөв тогтоогоогүй, мөн нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь учир дутагдалтай болжээ.

Эдгээр зөрчил нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасантай нийцсэн байна.

12.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасан, иймээс хариуцагч нь нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

13.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна. Энэхүү түймрийн улмаас нэхэмжлэгч Д.Эы хашаа, саравч, 25 толгой мал, нэхэмжлэгч Д.Эын хашаа, 55 толгой мал тус тус шатсан үйл баримт тогтоогджээ.

Гал түймрийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг талуудын хүсэлтээр шүүх шинжээч томилж тогтоолгосон, шинжээч дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг баримталсан, уг дүгнэлтүүдийг үндэслэн шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

14.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдаж буй “шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй, тухайлбал, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, өөр этгээдийн үйлдлээс үүссэн галаас нэхэмжлэгч нарт гэм хор үүссэн байх магадлалтай, эрүүгийн хэрэг шалгасан боловч гэм бурууг тогтоогоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй буюу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй атал шүүх иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заасан байна.

14.1.2012.04.17-18-ны өдрүүдэд иргэн Д.Одсүрэнгийн үйлдлийн улмаас Дорнод аймгийн Чойбалсан суманд гал гарч, 04.22-ны өдөр дахин дэгдсэн үйл баримт нотлогдсон хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтаар Баянтүмэн тасгийн ажилчдыг эрүүгийн хэрэгт шалгасан баримт, уг хэргийн явцад гал гарсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчийн хүсэлтээр гарсан шинжээчийн нэмэлт дүгнэлт, гал гарсан эхлэлийн цэг тогтоосон баримт, цаг агаарын мэдээ, fires.ru сайтад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч нарын амьдарч байсан байршилд хариуцагч МОХННУБТЗын харьяа Баянтүмэн тасгийн ажилчдын үйлдлээс гарсан гал түрүүлж хүрсэн нь тогтоогдсон энэ үйл баримтыг үгүйсгэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гал аль түймрээс гарсан нь тодорхой бус гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

14.2.Баянтүмэн тасгийн дарга Л.Энхболд, Ш.Энхтүвшин нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан, энэ хэрэгт Улаанбаатар төмөр зам иргэний хариуцагчаар татагдсан байх бөгөөд хүндэвтэр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж холбогдох хэргийг Дорнод аймгийн прокурорын газрын 2017.05.05-ны өдрийн 05/91 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь хэргийн баримтад авагдсан байна.

Дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зохигчийн хооронд үүссэн маргааныг иргэний хэргийн журмаар шийдвэрлэхэд саад болохгүй, өөрөөр хэлбэл, маргааны зүйл болж буй хариуцагч байгууллагын ажилчдын үйлдлээс гарсан гал, нэхэмжлэгч нарт учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх, хариуцагчийн гэм буруу, улмаар нэхэмжлэгч нар хохирол шаардах эрхтэй эсэхийг иргэний хэргийн явцад бүрдсэн баримтын хэмжээнд шүүх хянан шийдвэрлэхэд аливаа хориглолт, хязгаарлалт байхгүй юм. Иймээс “эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон, гэм бурууг тогтоогоогүй атал иргэний журмаар гэм хор гаргуулж шийдвэрлэсэн” гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай.

14.3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлүүлэх агуулгатай гэж үзэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн нь буруу байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ алдааг залруулж, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нараас нөхөн гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг зөрчөөгүй байна.

15.Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1760 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч МОХННУБТЗ /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, Н.Болороо нар/-ын 2020.09.17-ны өдөр 222,526 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД