Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 744

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00515

 

 

 

“ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00189 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч УНБДСьд холбогдох

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69 718 567 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 67 062 950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч УНБДСийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭТ” ХХК нь хариуцагч УНБДСьтай 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь 1151 м.кв талбайг түрээслэхээр тохирсон боловч хариуцагч тал санхүүгийн байдал хүндрэлтэй болсон тул эхний ээлжид жижиг талбай түрээсэлэх санал тавьсан. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж 562 м.кв талбайг 1 сарын 12 645 000 төгрөгөөр төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр төлөхөөр тохиролцож, түрээсийн байрыг акт үйлдэн хариуцагч талд хүлээлгэн өгсөн.

Хариуцагч эхний төлбөрийг хугацаандаа төлсөн, түүнээс хойш төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж хугацаа хожимдуулан, төлж байсан. Хариуцагч тал 2015 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх талаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр амлалт өгсөн боловч  төлбөрөө төлөхгүй байсаар 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5 290 000 төгрөгийг, мөн сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр түрээсийн байрыг хүлээлгэж өгсөн.

Иймд хариуцагчаас 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 49 315 500 төгрөг, алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу 50 хувиар тооцон 24 657 750 төгрөгийг болон түрээсийн гэрээний 2.3-т зааснаар ашиглалтын зардал 245 317 төгрөгийн хамт нийт 74 218 567 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнээс барьцаа 3 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцон 69 718 567 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч М.Ганцэцэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

      

Хариуцагч УНБДСь, М.Ганцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулах үед манай байгууллага санхүүгийн хүндрэлтэй байсан. Түрээсийн байрыг сургалтын үйл ажиллагааны зориулалтаар ашиглахын тулд байранд засан сайжруулалт хийх, анги танхим бий болгох шаардлага гарч ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болсон тул түрээслэх талбайг багасгасан. Түрээсийн төлбөрийг багасгасан тохиолдол байдаг. Хэрэв 9 дүгээр сарын 01-нээс хойш үйл ажиллагаагаа эхлэх юм бол 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд зааснаар 1 м.кв-ийг нь 17.500 төгрөгөөр түрээслэнэ гэсэн аман тохиролцоо хийгдсэн. Хичээлийн жил эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэхэмжлэгч байгууллага түрээсийн байрны талбайн 1 м.кв-ыг 22 500 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнээс болж талуудын хооронд үл ойлголцол гарсан. 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжилж байгаа 74 218 567 төгрөгөөс манай төлсөн 3 000 000 төгрөгийг хасаж тооцоогүй байна. 3 000 000 төгрөгийг үндсэн төлбөр болох 49 315 500 төгрөгөөс хасаад түүний 50 хувийн алданги, ашиглалтын төлбөрийг нэмээд нийт 69 718 567 төгрөг болно гэжээ.

      

Хариуцагч УНБДСь, М.Ганцэцэг нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус. Анхнаасаа 1151 м.кв талбай түрээслэхээр нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу барилгад засан сайжруулалт хийсэн. Гэтэл хүчин төгөлдөр бус гэрээний дагуу талбайг багасган, төлбөрийг нэмсэн гэрээ байгуулсан, тог цахилгаан тасалж сургуулийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулсанаар их хэмжээний хохирол учирсан. Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн түрээсийн байранд засан сайжруулалт хийсэн зардалд 66 162 950 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 900 000 төгрөг нийт 67 062 950 төгрөгийг “ЭТ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Хариуцагч түрээсийн гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн боловч хариуцагч биелүүлээгүй. Түрээсийн гэрээг бүртгүүлээгүйгээр хүчин төгөлдөр бус болно гэж байхгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, төсөв зардал хоёр нь өөр байна. Хариуцагч өөрөө сайн дураараа засан сайжруулалт хийж, гэрээний дагуу түрээслээгүй нь үндсэлэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Мөн манай байр нийт 2380 м.кв талбайтай бөгөөд хариуцагч тал нийт байрыг түрээслээгүй зөвхөн 562 м.кв талбайг хэсэгчлэн түрээслэн тул бүртгэлд хэсэгчлэн бүртгүүлэх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч УНБДСиас 69 473 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭТ” ХХК-д олгож, үлдэх 245 317 төгрөгийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ганцэцэгээс 69 718 567 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар нэхэмжлэгч “ЭТ” ХХК-аас 38 626 850 төгрөгийг гаргуулан, хариуцагч УНБДСьд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 28 436 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529 060 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 505 316 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 351 084 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч УНБДСийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "үл хөдлөх эд хөрөнгийн нийт талбай 2380 м.кв бөгөөд 562 м.кв талбайг түрээсэлсэн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийг газар бүртгүүлэх боломжгүй тул түрээсийн гэрээг байгуулагдсан" гэж дүгнэсэн боловч хууль зүйн ямар үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээсэлсэн түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллага бүртгэх боломжгүй нь ойлгомжгүй.

            Хариуцагч УНБДСиас түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг удаа дараа түрээслүүлэгчид гаргасан боловч түрээслүүлэгч нь хуулийн этгээдийн гэрчилгээний эх хувь, түрээслэх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг гаргаж өгөхгүй түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээс санаатайгаар зайлсхийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломж олгоогүй.

Тухайн сургууль өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаггүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлага тавьдаг нь Нийслэлийн боловсролын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1326 тоот албан бичгээр нотлогддог. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь түрээслэгчид ач холбогдолтой. Түрээслүүлэгчийн буруугаас улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус зарим хэсгийг нь түрээслэхээр гэрээ байгуулагдсан тохиолдолд гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн тохиолдолд уг түрээсийн гэрээ хэзээ дуусгавар болсон талаар дүгнэлт хийх байсан.

Нэхэмжлэгч "ЭТ" ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 24/15 тоот албан бичгээр түрээсийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар цуцалж түрээсийн төлбөр 53 991 935 төгрөг, алданги 15 930 700 төгрөг төлөхийг мэдэгдэн, гэрээг цуцалснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон.

Нэхэмжлэгч өөрөө түрээсийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр цуцалж дуусгавар болгосон тул уг өдрөөс хойшхи хугацаанд түрээсийн гэрээ буюу үүргийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Гэрээг цуцласнаар үүргийн харилцаа дуусгавар болох тул үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болох бөгөөд түрээсийн төлбөр, алдангийн хувьд дараах тооцоотой болно. Хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн бөгөөд үүний 17 000 000 төгрөг нь өмнөх саруудын төлбөрт тооцогдож, харин 3 000 000 төгрөгийн төлбөр нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 21-ний түрээсийн төлбөрт тооцогдож орсон. "ЭТ" ХХК нь гэрээг цуцлах мэдэгдэл өгөхдөө 15 930 700 төгрөгийн алданги төлөхийг мэдэгдсэн бөгөөд энэ дүнгээр алдангийн тооцоход түрээсийн төлбөр, алданги нь нийт 46 950 946 төгрөг болж байна. Шүүх түрээсийн байрыг хүлээлцсэн буюу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ цуцлагдсан мэт дүгнэн төлбөрийг тооцож гаргуулсан нь үндэслэлгүй.

Шинжээч 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээнд заасан болон бусад талбайд УНБДСиас хийсэн засан сайжруулалтын зардлыг 66 162 950 төгрөг гэж тогтоосон. Шүүх хариуцагчийн гаргасан шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13.1, 14.1 дэх хэсэгт заасан эрх үүргийг танилцуулж, холбогдох этгээдээр баримтад гарын үсэг зуруулан, шинжээч томилсон ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах" хүсэлтийг ханган, шинжээч нарт эрх, үүрэг тайлбарлан, гарын үсэг зуруулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргасан байхад шүүх хариуцагчаас баримт гаргуулан авсан гэсэн нь үндэслэлгүй, шүүх өөрийн ажиллагааг үгүйсгэсэн.

2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээнд заагдсан урд талын хэсгийн 2, 3-р давхар буюу 562 м.кв хэмжээтэй хэсэгт хариуцагч тал "гипсэн хамар хана, хаалга заслын" засан сайжруулалтын ажлыг хийхдээ өөрсдийн зүгээс материалын болон зөөж тээвэрлэх бүхий л зардлыг гаргасан. Гэтэл шүүх ажлын хөлсөнд бараа материалын үнэ орсон байна гэж, 562 м.кв хэмжээтэй зааланд 3 544 800 төгрөгийн зардлаар "гипсэн хамар хана, хаалга заслын ажил"-ыг хийлгүүлсэн гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй, эдийн засгийн тооцооллын хувьд боломжгүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "ЭТ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэн М.Ганцэцэгийг хариуцагч биш гэсэн үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох ба уг зохицуулалтад мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан зохицуулалт хамааралтай тул анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэртээ нэхэмжлэгчийн татгалзлыг батлах байтал М.Ганцэцэгт холбогдох нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс, 23 157 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч УНБДСиас гаргасан нэхэмжлэгч "ЭТ" ХХК-аас 67 062 950 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хангах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч "ЭТ" ХХК нь “Ургах наран” бүрэн дунд сургууль, М.Ганцэцэг нарыг хариуцагчаар татан, тэдгээрээс түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69 718 567 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ургах наран” бүрэн дунд сургуулийг хариуцагчаар тодорхойлон дээрх үүргийг шаарджээ.

Хариуцагч “Ургах наран” бүрэн дунд сургууль нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, үндэслэлгүй хөрөнгөжсөн 67 062 950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.

Талууд анх 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч "ЭТ" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, 36/1 хаягт байрлах 2380 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьектоос 1151 м.кв талбайг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай, 1 м.кв-ыг сарын 17 500 төгрөгөөр тооцон, түрээсийн төлбөрт сар бүр 20 142 500 төгрөг төлөх, зуны /6-8/ саруудад түрээсийн төлбөрийг 1 м.кв-ыг сарын 15 500 төгрөгөөр тооцож, 6-8 сарын төлбөрийг 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2 хувааж төлөхөөр тохиролцсон байжээ. /1хх 30-32 дахь тал/ Энэ гэрээний нөхцлийг талууд өөрчлөн, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дахин гэрээ байгуулж, гэрээгээр түрээслэгч “Ургах наран” бүрэн дунд сургууль нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс 562 м.кв талбайг 1 м.кв-ыг сарын 22 500 төгрөгөөр 5 жилийн хугацаатай түрээслэхээр, түрээсийн төлбөрт сард 12 645 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1 хх 10-14, 2хх 150-151 дэх тал/

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч, түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй гэж маргадаг боловч “Ургах наран” бүрэн дунд сургууль нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 2380 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 562 м.кв талбайг хэсэгчлэн түрээслэсэн байх бөгөөд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлэх эсэх нь талуудын өөрсдийн эрх учир түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзэхгүй. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн тул гэрээнд заасан үүргээ зохигчид биелүүлэх, үүргээ гүйцэтгэхийг хэн аль нь шаардах эрхтэй.

Маргалдагч талууд гэрээгээр түрээсийн төлбөрийг сар бүрийн 30-ны дотор бэлэн болон бэлэн бусаар төлөх, тохирсон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтад нийцэж байна.

Хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 37 935 000 төгрөг төлөхдөө гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн, мөн уг хугацаанаас хойш үүргээ биелүүлээгүй гэдэгт маргаагүй.  Харин үүргээ биелүүлээгүй шалтгаанаа “...17 500 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байсныг 22 500 төгрөг болгон нэмэгдүүлсэн, түрээсийн төлбөрөөс хасч тооцуулна, түрээсийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цуцалсан” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд өмнөх гэрээний нөхцлөө өөрчилж 1 м.кв талбайг 22 500 төгрөгөөр түрээслэхээр тохирч дахин гэрээ байгуулснаас гадна түрээсийн үнийг 17 500  төгрөгөөр тооцохоор аман тохиролцоо хийсэн гэх тайлбараа хариуцагч нотлоогүй байна.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр зохицуулсан ба мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт “гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй” гэж заасан. Түрээсийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цуцлах мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч түрээсийн зүйлийг хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч тал уг хугацааны түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасны дагуу, мөн үүргээ хугацаандаа биелүүлээгүйн хариуцлага болох алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч тал, хариуцагчийг 245 317 төгрөгийн цахилгаан хэрэглэсэн гэдгийг баримтаар нотлоогүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр нэхэмжилсэн хэсгийг хангаж, цахилгааны төлбөр нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэнийг хариуцагчаар татах нь нэхэмжлэгчийн эдлэх эрх бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч “ЭТ” ХХК нь “Урган наран” бүрэн дунд сургуулийг жинхэнэ хариуцагчаар тодорхойлон хариуцагч М.Ганцэцэгээс татгалзан  нэхэмжлэлээ өөрчилсөн. Энэ тохиолдолд “Ургах наран” бүрэн дунд сургуульд холбогдох маргааныг шүүх хянан шийдвэрлэх ёстой. Анхан шатны шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ганцэцэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь оновчгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс энэ заалтыг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, М.Ганцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон  буруу” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “Ургах наран” бүрэн дунд сургууль нь нэхэмжлэгч "ЭТ" ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, засан сайжруулалтын зардал 66 162 950 төгрөгийг шинжээчийн зардал 900 000 төгрөг, нийт 67 062 950 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна.

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч “Ургах наран” бүрэн дунд сургууль нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн н.Нацагтай гипсэн хана угсралтын болон эмульс, замаскны ажил хийлгэх 2 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ, мөн оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Гэрэлтжин” ХХК-тай шилэн хаалга, хана угсрах суурилуулах ажил гүйцэтгүүлэх 25 859 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Нандин мөрөн” ХХК-тай гипсэн хана хийлгэхээр 3 544 800 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг тус тус байгуулсан байна. /хх-1хх-240-247/ Хариуцагч “Ургах наран” бүрэн дунд сургууль нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түрээсийн эд хөрөнгөд засан сайжруулалт хийсэн, мөн шилэн хаалга хийхэд 25 859 000 төгрөгийн зардал гарсан, 562 м.кв талбайд гипсэн хана босгосон үйл баримтад зохигчид хэн аль нь маргаангүй. /1хх 147-149, 2хх 11 дэх тал/

Талууд түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түрээсийн эд хөрөнгийг засан сайжруулахад гаргасан зайлшгүй зардлаа нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийг үнэлэн нэхэмжлэгчээс засан сайжруулалтын зардалд 38 626 850 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдоогүй учир энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

Харин эд хөрөнгийг засан сайжруулахад гаргасан материалын зардлыг тооцохдоо 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Нандин мөрөн” ХХК-тай хийсэн гэрээний дүнгээр тодорхойлон үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн гэж үзэхээргүй байна.

Учир нь гипсэн хана хийлгэх ажил гүйцэтгэх гэрээний 10 дахь хэсэгт заасан нэмэлт нөхцөлд гэрээгээр тохирсон ажил гүйцэтгэхэд ямар материал орсон талаар тусгасан байхад зөвхөн ажлын хөлсийг гаргуулсан нь учир дутагдалтай болжээ. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн зарлагын баримтаар түрээсийн обьектын засан сайжруулалтад гарсан материалын үнийг тооцоход эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл худалдан авагчийн нэр тодорхойгүй, хүлээн авсан этгээдийн гарын үсэггүй байх тул хэргийн 2 дугаар хавтасны 142 дахь талд авагдсан шинжээч “Лэндс” ХХК-ийн хийсэн үнэлгээний заслын ажлын төсөвт тусгасан зардлыг үнэлэн материалын зардлыг 12 753 457 төгрөгөөр тооцох боломжтой гэж үзлээ.

Иймээс анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэг болох 38 626 850 төгрөг дээр материалын зардал болох 12 753 457 төгрөгийг нэмж тооцон, нийт 51 380 307 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийг ханган, үлдэх 18 338 260 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч өөрөө нотлоогүй учир хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасанд нийцэж байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00189 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч “Ургах наран” бүрэн дунд сургуулиас 69 473 250 /жаран есөн сая дөрвөн зуун далан гурван мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭТ” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу нэхэмжлэгч “ЭТ” ХХК-аас 51 380 307 /тавин нэгэн сая гурван зуун наян мянга гурван зуун долоо/ төгрөг гаргуулан хариуцагч “Ургах наран” бүрэн дунд сургуульд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 338 260 /арван найман сая гурван зуун гучин найман мянга хоёр зуун жар/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “351 084” гэснийг “414 852” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415 920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                  

                              ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                   

                                                                                    Ч.ЦЭНД