Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
Хэргийн индекс | 101/2020/01227/и |
Дугаар | 101/ШШ2020/01547 |
Огноо | 2020-05-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2020/01547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б ХХК /Чингэлтэй дүүрэг, ***, өөрийн байранд байрлах, РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух, Э.Э
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух, П.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 64.500.182,21 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Норихико Като нь тус банкны тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшинд олгосон, тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг надад олгосон учир итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан, итгэмжлэлийг шилжүүлсэн гэж ойлгож болохгүй.
Иргэн Эндээхүү овогтой Энхболд /РД:ЦА68042773/, Пүрэвсүрэн овогтой Бямбасүрэн РД:ХМ62120807/ нар 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ1825114888 тоот зээлийн гэрээг Г.Бтай байгуулж 45,000,000.00 (Дөчин таван сая) төгрөгийн зээлийг жилийн 30 /Гучин/ хувийн хүүтэй, 12 (Арван хоёр) сарын хугацаатайгаар зээлж авсан.
ЗГ1825114888 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, 351825114888 тоот ипотекийн гэрээгээр иргэн П.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204000599 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан болно.
Э.Э, П.Б нар нь ЗГ1825114888 тоот зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2020 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 564 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 42,709,564.58 /Дөчин хоёр сая долоон зуун есөн мянга таван зуун жаран дөрвөн төгрөг тавин найман мөнгө/ төгрөг, зээлийн хүүний төлбөрт 18.841,016.97 /Арван найман сая найман зуун дөчин нэгэн мянга арван зургаан төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,949,600.66 /Хоёр сая есөн зуун дөчин есөн мянга зургаан зуун төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг, нийт 64,500,182.21 Жаран дөрвөн сая таван зуун мянга нэг зуун наян хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг төлөөгүй байна.
Иймд Г.Б нь ЗГ1825114888 тоот зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу Э.Э, П.Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 64,500,182.21 төгрөг гаргуулж, ЗГ1825114888 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ1825114888 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан П.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204000599 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Э, П.Б нарт холбогдох хэрэгт зээлийн гэрээний үүрэгт 64.500.182.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд маргахгүй байна.
Харин нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна. Тодруулбал: Г.Бны гүйцэтгэх захирлаас 2019.12.02-ны өдөр Тусгай активын захирал Б.Энхтүвшинд итгэмжлэл олгосон байдаг. Гэтэл Б.Энхтүвшин нь өөрт олгогдсон уг эрхээ шилжүүлсэн үү, аль эсхүл эрх олгоод байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Тэрээр өөрт олгогдсон итгэмжлэлийг шилжүүлээгүй бол Г.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал нь шүүх хуралдаанд оролцож байгаа төлөөлөгч болох П.Бд дахин итгэмжлэл олгох ёстой байсан. Тусгай активын захирал итгэмжлэл авсан уу, эрх авсан уу гэдэг нь тодорхойгүй байхад өөр этгээдэд хууль бусаар итгэмжлэл олгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Э.Э, П.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64.500.182,21 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргахгүй гэх боловч нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж мэтгэлцсэн.
Г.Б ХХК /РД:2075377/-ийн гүйцэтгэх захиралаар Норихико Като-г томилсныг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д зааснаар хуулийн этгээд нь хууль болон үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлогдсон удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох учиртай.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-д зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх бөгөөд хувь хүн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.
Г.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Норихико Като нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасныг үндэслэн : Монгол улсын бүх шатны шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд банкийг төлөөлөх, нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлэх, энэ эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох, түүнийг томилж оролцуулах, прокурор, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, авилгатай тэмцэх байгууллага болон төрийн бусад байгууллагад банкийг бүрэн төлөөлөх эрхийг Г.Бны Тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшинд 1 жилийн хугацаатай олгожээ.
/хх-ийн 13-15 тал/
Уг баримтаас үзэхэд Г.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Норихико Като нь ... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, ...хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлэх, энэ эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох, түүнийг томилж оролцуулах, ...бүрэн төлөөлөх эрхийг... олгосон нь Иргэний хуулийн 64, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн Тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин нь хариуцагч нарт хологдуулан нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Б, Д.Өсөхбаяр нарыг томилж, тэдэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх олгосон нь дээр дурдсан түүнд олгосон итгэмжлэлд нийцжээ.
Үүнээс үзэхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан :нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон гэж үзэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.
Г.Б ХХК, зээлдэгч Э.Э, П.Б нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 45.000.000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, шуурхай зээл зориулалттай, №ЗГ1825114888 дугаартай шуурхай зээлийн гэрээ байгуулагдсан байна.
/хх-ийн 4-6 тал/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож талууд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №ЗБ1825114888 тоот ипотекийн гэрээгээр хариуцагч П.Бгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204000599 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байршилтай, №000647872 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 42 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалжээ.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Талууд ипотекийн гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.
/хх-ийн 7-10 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд зээлийн болон ипотекийн гэрээ байгуулагдсан, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, ийнхүү бүртгүүлснээр дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан №ЗГ1825114888 тоот шуурхай зээлийн гэрээний дагуу 45.000.000 төгрөгийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч Э.Э, П.Б нар зээлийн гэрээний үүрэгт 2018.07.10-ны өдрөөс 2020.02.05-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 2.290.435,42 төгрөг, хүү 4.735.616,44 төгрөг, нийт 7.026.051,86 төгрөгийг зээлдүүлэгчид эргүүлэн төлсөнтэй зохигч маргаагүй болно.
/хх-ийн 11 тал/
Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу зээлдэгч Э.Э, П.Б нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, 12 сарын хугацаатай байгуулагдсан, шуурхай зээлийн гэрээний хугацаа 2019.04.09-ний өдөр дуусгавар болсон, гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д заасан зээл буцаан төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг эс биелүүлж, зээлдэгч гэрээгээр тохиролцсон үндсэн зээл, түүний хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй 564 хоног хэтэрсэн, 2018.10.20-ны өдрөөс зээлээс эргэн төлөлт хийгээгүй, хасч тооцсон бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар зээлийг ашигласны хариу төлбөр болох үндсэн хүүг зээлийн төлбөр бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаагаар тооцож төлүүлэх, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт: Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч Э.Э, П.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 42,709,564.58 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 18.841,016.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,949,600.66 төгрөг, нийт 64,500,182.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Э.Э, П.Б нараас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 42,709,564.58 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 18.841,016.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,949,600.66 төгрөг, нийт 64,500,182.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох П.Бгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204000599 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 хороолол, 2 байр, 15 тоот хаягт байршилтай, №000647872 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 42 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Э.Э, П.Б нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Э, П.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 42,709,564.58 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 18.841,016.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,949,600.66 төгрөг, нийт 64,500,182.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Э, П.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗБ1825114888 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан П.Бгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204000599 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 хороолол, 2 байр, 15 тоот хаягт байршилтай, №000647872 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 42 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Э, П.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 550.650.91 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550.650.91 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ