Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
Хэргийн индекс | 101/2019/04081/И |
Дугаар | 101/ШШ2020/01548 |
Огноо | 2020-05-05 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2020/01548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,**** тоот хаягт байрлах, БХХК /УБД:*******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах, И.Ү.ЭХХК /УБД:*******, *******/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83.530.660 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 2014/11 2014/40 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149.270.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Х, Л.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ш.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Б нар оролцов.
Шүүх хурал
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Х, Л.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
БХХК нь , И.Ү.ЭХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Их Монгол үйлчилгээний төв, оффис, гаражийн барилгын агаарын дулаан хөшгүүдийг нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгэсэн.
Талуудын хооронд 1. 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 927.485.450 төгрөгийн үнэ бүхий, агаар сэлгэлтийн системийн болон уг системийн хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах №2014/039 тоот Ажил гүйцэтгэх гэрээ,
2. 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 165.856.680 төгрөгийн үнэ бүхий, дулаан хөшиг, нийлүүлж угсрах №2014/11 2014/040 тоот Ажил гүйцэтгэх гэрээ,
3. 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 58.000.000 төгрөгийн үнэ бүхий, гал тогооны агаар сэлгэлт, хөргөлтийн систем угсрах №2015/05 2015/029 тоот Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан.
Дээрх 3 гэрээнд заасны дагуу баталгаат хугацаа 3 жил байхаар заасан, тоног төхөөрөмжийг нийлүүлж угсран 2015 онд ажлыг хүлээлгэн өгсөн.
Дээрх ажил гүйцэтгэх 3 гэрээг дүгнэж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тооцооны үлдэгдлийг шалгаж, тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн актаар дээрх 3 гэрээний үлдэгдэл 183.530.660 төгрөг болохыг харилцан баталсан бөгөөд үүнээс И.Ү.ЭХХК нь 100.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 83.530.660 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, уг баримтад компанийнх нь нягтлан бодогч н.Нансалмаа гарын үсэг зурж баталгаажуулсан.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу ийнхүү тооцоо нийлсэн акт үйлдсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх учраас гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Мөн талуудын хооронд байгуулагдсан 3 ажил гүйцэтгэх гэрээнд баталгаат хугацааг 3 жил байхаар тохиролцсон бөгөөд тоног төхөөрөмжийг 2015 онд хүлээлгэж өгснөөс хойш шүүхэд хандсан.
Гэрээгээр хүү тохирсон боловч хүүг шаардаагүй. Шүүхэд төлөөлөх эрхийг компанийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал нь өөрийн байгууллагын албан ёсны хэвлэмэл хуудас дээр бичиж, компанийн тамга, тэмдэг дарсан байгаа учир итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд хариуцагч И.Ү.ЭХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83.530.660 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч И.Ү.ЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ш.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
И.Ү.ЭХХК-д холбогдох БХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь ойлгомжгүй байдаг бөгөөд агуулгаар нь гэрээний үүрэг шаардсан гэж ойлгохоор байна. Талуудын хооронд 4 гэрээ байгуулагдсан байдаг боловч гэрээ тус бүртээ тусдаа харилцаа бөгөөд тус бүртээ эрх эдэлж, үүрэг хүлээсэн. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо аль гэрээний үүргээс ямар хэмжээний үүрэг шаардаж байгаагаа тодорхойлоогүй.
Хариуцагч И.Ү.ЭХХК нь үйлчилгээний төв, гаражийн барилгад агаарын дулаан хөшиг нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр БХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд эдний нийлүүлсэн агаарын дулаан хөшиг нь ашиглалтын шаардлага хангахгүй, зориулалтын бус байсан тул энэ талаарх санал, шаардлагаа ажил гүйцэтгэгч байгууллагын удирдах болон гүйцэтгэх түвшний бүх хүнд тавьж байсан. Гэсэн ч одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй, ажлаа хүлээлцэж, гэрээгээ дүгнээгүй байгаа тул энэхүү ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой бид үүрэг хүлээхгүй.
Талуудын хооронд 2014, 2015 онуудад гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу 2014.08.17-ны өдөр төлбөр тооцоог дуусгаж, гэрээний үүргийг дуусгасан байх ёстой. Тиймээс энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ.
Мөн гэрээ байгуулагдсанаас хойш 2-3 сарын дотор графикийн дагуу үе шаттайгаар төлбөр мөнгө төлөх үүрэг хүлээсэн. Тиймээс гэрээний хавсралтад заасан төлбөр төлөх графикт заасан хугацаа дууссанаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэх ёстой. 5 жилийн дараа шүүхэд шаардлага гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг харуулж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой аливаа үүргээс манай компани татгалзаж байна.
Түүнчлэн И.Ү.ЭХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн өмнө үүрэг үүсээгүй гэсэн байр суурьтай байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэдэгтэй маргаагүй.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгч, захиалагч нь хэлэлцэж тохирсон төлбөр мөнгийг төлөх үүрэг хүлээнэ. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй. Ийнхүү ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй байж төлбөр төлөх үүрэг биелүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй учир И.Ү.ЭХХК-д төлбөр төлөх үүрэг үүсээгүй.
Талуудын хооронд байгуулагдсан 4 гэрээний нийт үнийн дүн 1.168.142.130 төгрөг, үүнээс гэрээний дагуу гүйцэтгэлийн санхүүжилтийг цаг тухай бүрт нь төлж ирсэн, өнөөдрийн байдлаар 1.084.618.470 төгрөг төлсөн.
Маргаж буй гол асуудал нь гаражид тавьсан дулаан хөшиг хэвийн ашиглах ямар ч боломжгүй байгаагаас одоог хүртэл хэрэглэж чадахгүй байна. Нийт 12 ширхэг дулаан хөшиг байгаа боловч тэдгээр нь ашиглалтын шаардлага хангахгүйгээс ажиллуулаагүй. Уг дулаан хөшиг нь гадна хүйтэн агаар болон өрөөний дулаан агаарыг тусгаарлах үүрэгтэй байх ёстой боловч шууд гаднаас хүйтэн агаар ордог учраас одоо болтол үүнийг хэрэглээгүй байна.
Иймд нэхэмжлэгч БХХК-ийн 83.530.660 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч И.Ү.ЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, Ш.Б******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайрбартаа:
И.Ү.ЭХХК нь БХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2014/11 2014/40 дугаар гэрээ байгуулж, Их Монгол үйлчилгээний төв, оффис, гаражийн барилгын агаарын дулаан хөшгийг нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгүүлсэн.
Ажил гүйцэтгэгч нь дулаан хөшигний тооцоо, зураг, тоног төхөөрөмжийн сонголт, нийлүүлэлт, угсралтыг бүрэн хариуцаж гүйцэтгэсэн ба мэргэжпийн зүгээс зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан. Энэхүү гэрээний төлбөрт И.Ү.ЭХХК нь 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 66.343.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 66.343.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 16.585.000 төгрөг, нийт 149.271.000 төгрөгийг төлсөн.
Улмаар гэрээний хугацаа дуусаж, ажил хүлээлцэх болоход БХХК-ийн гүйцэтгэсэн ажил ашиглалтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл дулаан хөшиг бол хаалгаар алдагдах дулааныг хөшиг хаах зориулалттай, хүйтэн, халуун агаарыг хаалга онгойх явцад тусгаарлаж өгөх үүрэгтэй боловч гүйцэтгэгч талын нийлүүлэн угсарсан дулаан хөшиг нь уг шаардлагад нийцэхгүй, агаарын хүйтэн урсгал байгууламжид шууд ******* ирдэг.
Энэ байдлыг гүйцэтгэгч байгууллагад удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй, хоёр талаас хэд хэдэн удаа уулзсан боловч шийдэлд хүрч чадаагүй тул угсралтын ажлыг хүлээж аваагүй билээ.
Тоног төхөөрөмжийг угсарснаас хойш захиалагч тал ашиглаагүй болно. Суурилуулсан дулаан хөшигнүүдийн 1-ээс бусад нь хэвийн асаж, тодорхой хэмжээний дулаанаар үлээдэг ч хөшигний үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Анх гаражны хоёр талаас 2, 2 хөшиг үлээхээр зурагт тусгасан боловч нийлүүлэлт угсралтын явцад өөрөөр буюу зөвхөн дээрээс үлээдэг байдлаар угсарсан. Үүний улмаас 5 ширхэг хөшиг буюу 25.244.340 төгрөгийн буцаалт гарсан. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д зааснаар гарсан хохирлыг гүйцэтгэгч хариуцна. Гэрээ хэрэгжих эхний үеэс эхлэн эдний компанийг төлөөлсөн хариуцсан инженер нь ажиллаж байсан бөгөөд 7 хоног болгон хурал хийж протокол үйлдэж байсан. Бичгээр гаргасан баримт байхгүй ч утас болон харилцан уулзаж ярилцаж байсан учраас доголдлын талаар мэдэгдэж байсан. Хурлын тэмдэглэл нь байдаг боловч шүүхэд өгөөгүй.
Гэрээ цуцлах хүсэлтийг бичгээр өгч байгаагүй, доголдлыг арилгах талаар нэмэлт хугацаа тогтоож өгч байгаагүй, гомдлын шаардлагыг амаар, утсаар хэлж байсан. Ашиглалтын шаардлага хангаагүйгээс дулаан хөшгийг өдий болтол ашиглаагүй.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээнд хүрээгүй, зурагт тусгаснаас өөр хөшиг буюу марк, зориулалтыг өөрчилж, усан биш цахилгаан суурьтай хөшиг нийлүүлсэн, тогтоох байршлыг өөрчилсөн, чанарын шаардлага хангасан хөшиг нийлүүлээгүй, усан хөшиг биш цахилгаан суурьтай хөшиг нийлүүлсэн,
Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 2014/11 2014/40 дугаартай гэрээг цуцалж, зохих ёсоор гүйцэтгээгүй ажлын төлбөрт төлөгдсөн 149.271.000 төгрөгийн төлбөрийг Бьюлдингстехноложи ХХК-иас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Бьюлдингстехноложи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа, Л.Баасанжав нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И.Ү.ЭХХК-д холбогдох гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 149.721.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх 3 гэрээний үүрэг буюу Тооцоо нийлсэн акт-д дурдсан 1. Агаар сэлгэлт, хөргөлтийн систем угсрах гэрээ, 2. Дулаан хөшиг нийлүүлж угсрах гэрээ, 3. Гал тогооны агаар сэлгэлт, хөргөлтийн систем угсрах гэрээний үлдэгдэл төлбөрийг тус тус нэхэмжилсэн.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас харахад зөвхөн Дулаан хөшиг нийлүүлж, угсрах гэрээтэй холбоотой шаардлага гаргасан гэж ойлгогдохоор байна.
Хариуцагч тал дулаан хөшиг нийлүүлэх, угсрах ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдлын талаар өмнө нэг ч удаа гомдол, шаардлага гаргаж байгаагүй бөгөөд харин ч тооцоо нийлсэн актад дурдсанаар бид тус гэрээнээс 25.244.344 төгрөгийн буцаалтыг хариуцагчид олгосон нь харагдана.
Уг гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сард тоног төхөөрөмжид туршилт хийж, ажиллуулахад бэлэн гэж үзэн хүлээлгэж өгөхөд дулаан хөшигний доголдлын талаар мэдэгдэж байгаагүй.
И.Ү.ЭХХК нь дээрх гэрээг цуцлахыг шаардаж байгаа бол гэрээний үүрэг гүйцэтгэсэн хүртэлх үр дагаврын асуудал яригдахаар, гэтэл шаардлагын агуулга нь өгсөн авснаа буцаах буюу гэрээнээс татгалзаж байна гэж ойлгогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6-д гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэлийг зохицуулсан, 6.2-д гэрээг аль нэг талын санаачлагаар цуцлах бол ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар гэрээ цуцлах талаар бичгээр мэдэгдсэн зүйл огт байхгүй. Мөн гэрээний 6.3-д нэмэлт хугацаанд доголдол арилгаагүй бол гэж заасан боловч доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоосон зүйл байхгүй.
Үүнээс үзвэл И.Ү.ЭХХК нь гэрээнд заасан дуусгавар болгох, цуцлахад баримтлах заалтыг хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 225.1, 226.1-д гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах асуудал байсан бол талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1, 4.1.4-т тус тус зааснаар доголдлын талаар мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож, нэмэлт хугацаанд доголдлыг арилгаагүй бол гэрээг цуцлах байсан. Мөн гэрээний 2.3-т баталгаат хугацаа заасан, энэ хугацаанд ямар нэгэн доголдлын талаар мэдэгдэж байгаагүйгээс гадна уг хугацаа дууссан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүгнэж, талууд ооцоо нийлж акт үйлдсэнээр, ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон. Ийм байтал дуусгавар болсон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах шаардлагыг 5 жилийн дараа гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд И.Ү.ЭХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч И.Ү.ЭХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83.530.660 төгрөг гаргуулах тухай үндсэн,
хариуцагч И.Ү.ЭХХК нь талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 2014/11 2014/40 тоот ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлөгдсөн 149.271.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч БХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн агаар сэлгэлтийн системийн болон уг системийн хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дулаан хөшиг, нийлүүлж угсрах, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гал тогооны агаар сэлгэлт, хөргөлтийн систем угсрах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүгнэж, тооцоо нийлсэн, ийнхүү тооцоо нийлсний үндсэн дээр 83.530.660 төгрөг төлөх үүргээ И.Ү.ЭХХК биелүүлээгүй гэж тайлбарласан.
Хариуцагч И.Ү.ЭХХК нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, ийнхүү хүлээлгэж өгөөгүй мөртлөө үүрэг шаардсан нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй, ашиглах боломжгүй дулаан хөшиг нийлүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талууд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №2014/039 тоот гэрээгээр БХХК нь Баянзүрх дүүрэгт барьж буй И.Ү.ЭХХК-ийн Их монгол үйлчилгээний төв, оффисийн барилгын агаар сэлгэлтийн системийн болон уг системийн хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах, агаар халагч, халаах хэрэгсэл нийлүүлэх, барилгын халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн системийн угсралтын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх,
И.Ү.ЭХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх,
гэрээний нийт үнэ 927.485.450 төгрөг, үүнээс агаар сэлгэлтийн системийн болон уг системийн хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах 793.796.600 төгрөг, агаар халагч, халаах хэрэгсэл нийлүүлэх 133.688.850 төгрөг, гэрээний хавсралтаар санхүүжилт хийх, тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, туршилт тохируулга хийх хугацааг,
-2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №2015/05 №2015/029 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр БХХК нь мөн үйлчилгээний төвийн барилгын 3 дугаар давхрын халуун цехийн агаар сэлгэлтийн системийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах ажлыг хийж гүйцэтгэх, И.Ү.ЭХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх,
Гэрээний нийт үнэ 58.000.000 төгрөг, гэрээний хавсралтаар тоног төхөөрөмжийн тоо, нэг бүрийн үнэ, нийт үнэ, санхүүжилт хийх хуваарийг,
-2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №2014/11 №2014/040 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр БХХК нь дээрх барилгын үйлчилгээний төв, оффис, гаражийн барилгын агаарын дулаан хөшгүүдийг нийлүүлж, угсрах ажлыг хийж гүйцэтгэх, И.Ү.ЭХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх,
Гэрээний үнэ 165.856.680 төгрөг, гэрээний хавсралтаар ажил гүйцэтгэх ба санхүүжилт хийх хуваарийг тус тус тохиролцжээ.
/хх-ийн 19-23, 62-76/
Гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д:Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч БХХК-ийн захирлаар Н******* овогтой Д*******ийг томилсныг 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэсэн байгаагаас үзэхэд уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н*******н Д******* болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
/хх-ийн 7 тал/
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д зааснаар хуулийн этгээд нь хууль болон үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлогдсон удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох учиртай. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-д зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх бөгөөд хувь хүн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.
БХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Д******* нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр И.Ү.ЭХХК-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон нь Иргэний хуулийн 64, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35-д заасантай тус тус нийцсэн байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-д заасан зохигчийн эрх, үүрэг хэрэгжүүлэх хугацааг 3 жил байхаар олгосон байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх 3 гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т: ажил гүйцэтгэгч нь захиалгат ажлыг доголдолтой гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тохиолдолд дараах хариуцлагыг хүлээнэ. Тухайн ажлын онцлогоос хамааран захиалагч дараах хариуцлагаас сонгон оногдуулна. 5.4.1-д: захиалагчийн тогтоон өгсөн хугацаанд доголдолтой ажлыг чанарын шаардлага хангасан байдлаар үнэ төлбөргүй гүйцэтгэн өгөх, 5.4.2-т:цаг хугацаанаас шалтгаалан гэрээний 5.4.1 дэх заалтаар зохицуулах боломжгүй тохиолдолд доголдолтой ажлын үнийн дүнг гүйцэтгэгчид төлөх ажлын хөлснөөс хасаж тооцох эсхүл доголдлыг арилгахад гаргасан зардлаа нөхөн төлүүлэх гэж заасан.
Үүнээс үзэхэд хариуцагч И.Ү.ЭХХК нь ажлын доголдолтой холбогдуулан доголдлыг арилгах хугацаа тогтоож өгөх, уг ажлыг чанарын шаардлага хангасан байдлаар үнэ төлбөргүй хийж гүйцэтгүүлэх, хэрэв боломжгүй бол доголдолтой ажлын үнийн дүнг гүйцэтгэгчид төлөх ажлын хөлснөөс хасаж тооцох, эсхүл доголдлыг арилгахтай холбогдуулан гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь татгалзлын үндэслэл болгосон ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, ашиглах боломжгүй дулаан хөшиг нийлүүлсэн гэх доголдолтой нь холбогдуулан шаардлага гаргаж байсан эсэх, уг доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоож өгсөн эсэх, тогтоосон хугацаанд доголдлыг арилгасан эсэх, баталгаат хугацааны дотор гомдлын шаардлага гаргаж байсан эсэхтэй холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг тодорхойгүй болгожээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Нэхэмжлэгч нь барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт, тоног төхөөрөмжид туршилт хийсэн акт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Их Монгол үйлчилгээний төвд дулаан хөшиг, сэнсний хомут зэрэг тоног төхөөрөмж, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гал тогоонд 16 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт зэргийг ирүүлсэн байх ба эдгээрийг хариуцагч нь баримтаар няцаагаагүй.
/хх-ийн 143-156 тал/
Талууд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлын санхүүжилтээр тооцоо нийлсэн баримт үйлдсэн, уг баримтаар ажил гүйцэтгэх гэрээ тус бүрээр тооцож, нийт дээрх 3 гэрээний дүн 1.151.342.130, хасагдах дүн /ил тод/ 20.904.130, гэрээний эцсийн дүн 1.130.438.000, үүнээс санхүүжилт 1.021.663.000, үлдэгдэл 108.775.000, буцаалт 25.244.340, үлдэгдэл 83.530.660 гэснийг тусгасан байх ба баримтад 2 талын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ.
/хх-ийн 8 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримтаар талууд ажил гүйцэтгэх 3 гэрээний дагуу нэхэмжлэгч нь 1.130.438.000 төгрөгийн ажил гүйцэтгэж, хариуцагч нь ажлын хөлсөнд 1.021.663.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 108.775.000 төгрөг, үүнээс 25.244.340 төгрөгийн буцаалтыг хасч тооцон, үлдэгдэл нь 83.530.660 төгрөг болох талаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан байдлаас үзэхэд талууд ажлын үр дүнг хүлээлцсэн, үүний дагуу гэрээг дүгнэсэн, гэрээг дүгнэсний эцэст тооцоо нийлсэн баримт үйлдэж, уг баримтаа баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.
Талууд гэрээг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүгнэсэн баримт үйлдсэн байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасантай нийцсэн, гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон, гэрээний үүргийг мөн хугацаагаар шаардах эрхтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч И.Ү.ЭХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83.530.660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
И.Ү.ЭХХК нь талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 2014/11 2014/40 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149.270.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг БХХК-д холбогдуулан гаргасан.
БХХК сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ.
Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр №2014/11 №2014/040 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр БХХК нь Баянзүрх дүүрэгт барьж буй И.Ү.ЭХХК-ийн Их монгол үйлчилгээний барилгын үйлчилгээний төв, оффис, гаражийн барилгын агаарын дулаан хөшгүүдийг нийлүүлж угсрах ажлыг хийж гүйцэтгэх, И.Ү.ЭХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх, гэрээний үнэ 165.856.680 төгрөг, гэрээний хавсралтаар ажил гүйцэтгэх ба санхүүжилтийн хуваарийг тохиролцсон байна.
/хх-ийн 19-23 тал/
Тооцоо нийлсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн баримтад дулаан хөшиг гэрээний эцсийн дүн 164.271.000 төгрөг, үүнээс санхүүжилтэд 149.271.000 төгрөг төлж, үлдэгдэл 15.000.000 төгрөг, буцаалт 25.244.340 төгрөг, одоо санхүүжигдэх хэмжээ /10.244.340/ гэж тусгасантай зохигч маргаагүй.
/хх-ин 8 тал/
Зохигч гэрээний талаар маргаагүй тул тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
И.Ү.ЭХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаражийн дулаан хөшиг нийлүүлж суурилуулсан нь ашиглалтын шаардлага хангахгүй, гэрээнд заасан тоо хэмжээнд хүрэхгүй, баталсан зургаас зөрсөн, байрлуулж байгаа байршил, ажиллах горимыг өөрчилж угсарсны улмаас хэвийн ашиглах боломжгүй болсон гэжээ.
Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-д:Захиалгад заасан болон стандартын шаардлага хангаагүй /Захиалагчийн хүсэл, шаардлагын дагуу гэрээний зүйлийг гүйцэтгээгүй, батлагдсан загвараас өөрөөр гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй, материал, тоо хэмжээ зөрсөн г.м/ тохиолдолд хүлээн авахаас татгалзах, дахин гүйцэтгэхийг шаардах, шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх, үүнтэй холбогдон гарсан зардлыг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх/төлөх ёстой төлбөрөөс суутган авах/ эрхтэй. Энэхүү заалт нь баталгаат хугацаанд мөн адил үйлчилнэ.
4.1.4-д:Гүйцэтгэгч нь чанар, стандартын шаардлага хангаагүй гэрээний зүйлийг үнэ төлбөргүй, өөрийн зардлаар дахин гүйцэтгэх, дахин нөхөж гүйцэтгэх боломжгүй буюу гэрээнд заасан хугацаанд амжихгүйгээр хугацаа алдсан тохиолдолд захиалагч төлбөрийг төлөхгүй байх эрхтэй,
6 дугаар зүйлийн 6.2-т:Гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах бол талууд бие биедээ ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ,
6.3.1-д:Гүйцэтгэгч доголдолтой ажил нийлүүлсэн эсхүл гэрээнд заасан нэмэлт хугацаанд ажлын доголдлыг арилгаагүй бол гэрээг цуцлах талаар тус тус тохиролцжээ.
Үүнээс үзэхэд И.Ү.ЭХХК нь ажлын үр дүнг батлагдсан загвараас өөрөөр гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй, материал, тоо хэмжээ зөрсөн тохиолдолд хүлээн авахаас татгалзах, дахин гүйцэтгэхийг шаардах, шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх, үүнтэй холбогдон гарсан зардлыг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх, доголдлыг арилгуулах нэмэлт хугацаа тогтоож өгөх, энэ хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлахаар шаардах эрхтэй байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнгийн талаар харилцан шаардлага гаргаж байсан эсэх, ийнхүү шаардлага гаргасантай холбоотойгоор уг доголдлыг арилгах талаар нэмэлт хугацаа тогтоож өгч, тогтоосон хугацаанд доголдлыг арилгаж байсан эсэх, уг доголдлыг арилгах талаар зардал гаргасан болох нь тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл И.Ү.ЭХХК нь ажил гүйцэтгэх гэрээг ажлын доголдолтой холбогдуулан цуцлахаар шаардсан шаардлагын үндэслэлээ баримтаар нотолсонгүй гэж үзэв.
Иймд БХХК-д холбогдох талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 2014/11 2014/40 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149.270.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч И.Ү.ЭХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч И.Ү.ЭХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 83.530.660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч БХХК-д холбогдох талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 2014/11 2014/40 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149.270.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч И.Ү.ЭХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч И.Ү.ЭХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 575.605 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 575.605 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904.305 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2017/18858 тоот, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2020/05108 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ