Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2021/0053/З |
Дугаар | 109/ШШ2021/0045 |
Огноо | 2021-12-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 109/ШШ2021/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.М
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Ц.Мыг ажлаас чөлөөлөх тухай " Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М миний бие 2004-2006 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуульд түүх, нийгмийн ухааны багш, 2007-2008 онд Ихтамир сумын Засаг даргын Тамгын газарт түшмэл, 2008-2012 онд Ихтамир сумын Засаг дарга, 2014-2016 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр сургуульд түүх, нийгмийн ухааны багш 2016 оноос Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 1 сараас Боловсрол, соёл урлагийн газрын даргаар тус тус ажиллаж ирсэн.
Миний бие 2016 оны 12 дугаар сард болсон Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн улмаар аймгийн Засаг даргын 2017 оны 1 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар томилогдсон, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн.
2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр томилогдсон Архангай аймгийн Засаг дарга Д.З нь 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б/09 дүгээр захирамж гарган ажлаас чөлөөлсөн боловч, 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/13 дугаар захирамж гарган хууль бус захирамжаа хүчингүй болгосон. Гэвч мөн тухайн өдрөө буюу 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр мөн Б/14 дүгээр захирамжаар тухайн албан тушаалын чиг үүрэг байсаар байтал бүтэц орон тоо өөрчлөгдсөн хэмээн хууль бусаар миний биеийг ажлаас чөлөөлж шийдвэр гаргасан. Энэхүү захирамжийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.
Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс уг тогтоолоор хүлээсэн үүргээ үл биелүүлэн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Б/30 дугаартай захирамж гарган ажил, албан тушаалын чиг үүрэг бүтцийн өөрчлөлтөөр алга болоогүй байхад бүтцийн өөрчлөлт нэрээр ахин ажлаас чөлөөлсөн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/1971 дүгээр албан тоотоор шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх хариу ирүүлсэн.
Иймд Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Ц.Мыг ажлаас чөлөөлөх тухай " Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Соёлын яам байгуулагдсантай холбоотойгоор бүтцийн өөрчлөлт шинээр хийгдсэн, үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын Тамгын газарт соёлын хэлтэс салж холбогдох Засгийн газрын тогтоолын дагуу хоёр салсан учраас энэ бүтцийн өөрчлөлтийн дагуу холбогдох томилгоо хийгдсэн гэж ойлгож байгаа. Би ажлаа аваад 2 сар гаруй болж байна, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 9 дүгээр сард иж бүрэн шалгалт хийсэн. Энэ хүрээнд томилгоотой холбоотой хууль зөрчсөн асуудлыг аймгийн Засаг даргад ирүүлсэн, энэ асуудал дээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Мын асуудал ирээгүй. Энэ маргаан үүсгээд нэхэмжлэл гаргаад явж байгаа Ц.М нь намайг томилоодох гэж өргөдөл барьж тулган шаардах байдлаар надтай хоёр удаа уулзсан. Би хариуг нь өгсөн, шүүхэд эрх зөрчигдсөн гэж үзэх хуулийн хугацаа нь хэд хоног байдгийг би мэдэхгүй байна. Би төрийн албаны залгамж чанараар аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг хамгаалж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Мын нэхэмжлэлтэй танилцлаа. 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Боловсролын газрын бүтэц, орон тоо, дүрмийг шинэчилсэнтэй холбогдуулан ажлаас чөлөөлсөн. Ц.М нь аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны гүйцэтгэлийн үнэлгээ хангалтгүй буюу F үнэлгээгээр үнэлэгдсэн байна. Иймд Ц.Мын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд иргэн Ц.М-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Ц.М-ыг ажлаас чөлөөлөх тухай " Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж ихэсгэсэн байна.[1]
Иймд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага болох “ Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Ц.М-ыг ажлаас чөлөөлөх тухай " Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Учир нь:
Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:
Архангай аймгийн Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/107 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Архангай аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан А.Амгаланбаатарыг ажлаас чөлөөлж[2] мөн өдрийн Б/108 дугаар тушаалаар Ц.М-ыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Иргэн Ц.М нь Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын сонгон шалгаруулалтад оролцож 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 85.5 оноо авсан болохыг сонгон шалгаруулалтын дүнгийн хуудсаар баталгаажуулжээ.[3]
Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.6., Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол, Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 05/236 дугаар албан бичиг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсгийг үндэслэн Ц.М-ыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ.[4]
Монгол Улсын Засаг газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Боловсрол, соёл, урлагийн газартай байхаар тогтоож, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоолоор "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтын "-Боловсрол, соёл, урлагийн газар" гэснийг "-Боловсролын газар; -Соёлын хэлтэс" гэж өөрчлөн, Соёлын хэлтсийг байгуулахдаа Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд одоо ажиллаж байгаа "Боловсрол, соёл, урлагийн газар"-аас холбогдох чиг үүрэг, орон тоог цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Б.Ж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э нарт, орон нутгийн төсөвтөө зохицуулалт хийж, тус хэлтсийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.[5]
Архангай аймгийн Засаг дарга 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/169 дүгээр захирамжаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ажиллах журам, бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан байх бөгөөд “Боловсрол, соёл, урлагийн газрын дарга” /нэг/ байхаар, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/150 дугаар захирамжаар Боловсролын газрын бүтэц, орон тоо, дүрмийг шинэчлэн баталсан байх бөгөөд “Боловсрол, соёл, урлагийн газрын дарга” /нэг/ байхаар баталсан байх бөгөөд Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоол гарснаас хойш аймгийн Боловсролын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөөгүй, Боловсролын газрын даргын албан тушаалын тодорхойлолт шинээр батлагдаагүй, тавигдах шаардлага өөрчлөгдөөгүй байна.[6]
Иргэн Ц.М-ын тухайд, Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4., Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журмыг үндэслэн Ц.М-ыг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлж, уг захирамжийг аймгийн Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.[7]
Мөн Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5., 62 дугаар зүйлийн 62.1.4., Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журмыг үндэслэн Ц.М-ыг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ажлаас чөлөөлсөн байна. Уг захирамжийг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож, Ц.М-ыг өмнө ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг үүрэг болгожээ.[8]
Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 164 дүгээр тогтоолыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгосон боловч мөн өдрийн буюу 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар Ц.Мыг ажлаас чөлөөлсөн байна.[9]
Иргэн Ц.Маас дээрх Б/30 дугаар захирамжид холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/1971 дүгээр албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн байна.[10] Ийнхүү иргэн Ц.Маас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхэд маргаан үүсгэжээ.
Хоёр. Маргаан бүхий Б/30 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Ц.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3., 62.1.4., Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 168 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрыг Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 168 дугаар тогтоолоор аймгийн Боловсролын газар гэж бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдуулан Ц.М-ыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын албан тушаалаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор заажээ. Мөн өдрийн Б/31 дүгээр захирамжаар З.М-г аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.[11]
Нэг. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэг Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.2.-т “төрийн захиргааны алба”, 6.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.”, 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэг Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.8.-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай: -Боловсрол, соёл, урлагийн газар гэж тус тус заасан бөгөөд Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.М нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд буюу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн захиргааны албан тушаалтан мөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны талаар зохицуулсны дотор төрийн байгууллага өөрчлөн байгуулагдах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг 62.1.3-т нарийвчлан зохицуулсан байна. Тухайлбал, мөн зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна … ” гэж заажээ.
Дээрх заалтын төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэдгийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсаныг, тодруулбал нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдах нь нэг байгууллагын үйл ажиллагаа чиг үүрэг хэвээр байхад түүн дээр өөр байгууллагын зарим болон бүх чиг үүрэг нэгтгэгдэхийг ойлгох бөгөөд нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдахад шинэ байгууллага үүсэхгүй юм.
Мөн энэ заалтын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэдэгт зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд өөрчлөгдөж, чиг үүргүүд хоорондоо шилжин зохион байгуулагдсаныг хамааруулан ойлгох ба төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэдгийг өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг ойлгоно.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар “Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллана” гээд үүнд “Боловсрол, соёл, урлагийн газар” гэж заасан.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоолын 1. "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтын "-Боловсрол, соёл, урлагийн газар" гэснийг "-Боловсролын газар; -Соёлын хэлтэс" гэж өөрчилсөн. Мөн тогтоолын 2 дахь хэсэгт “Энэ тогтоолын 1-д заасан Соёлын хэлтсийг байгуулахдаа Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд одоо ажиллаж байгаа "Боловсрол, соёл, урлагийн газар"-аас холбогдох чиг үүрэг, орон тоог цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг ... аймгийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл "-Боловсрол, соёл, урлагийн газар" гэснийг "-Боловсролын газар; -Соёлын хэлтэс" гэж өөрчилснөөр тухайн газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд өөрчлөгдөж, чиг үүргүүд хоорондоо шилжин зохион байгуулагдсан байх бөгөөд тус газрын даргын албан тушаалын нэр нь Боловсрол, соёл, урлагийн газар байсан нь Боловсролын газар болж өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, нэр томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга, чиг үүрэг нь хэвээр байна.
Тодруулбал, дээрх тогтоолын улмаас Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасан аймаг, нийслэлийн боловсролын газар бүрэн эрх өөрчлөгдөөгүй, аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалын тодорхойлолт шинээр батлагдаагүй, тавигдах шаардлага өөрчлөгдөөгүй байна.
Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар “Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрыг Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоолоор аймгийн Боловсролын газар гэж бүтцийн өөрчлөлт орсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Мыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид олгосон хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх баталгааг зөрчсөний дээр “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах” төрийн албаны зарчим алдагджээ.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно.”49.2.Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно.” гэсэн хуулийн зохицуулалт зөрчигдсөн байна.
Нөгөөтээгүүр, Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан байна. Харин аймгийн Боловсрол, соёл урлагийн газрыг Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоолоор аймгийн Боловсролын газар гэж өөрчилсөнтэй холбоотойгоор тус газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй байна[12].
Нэгэнт албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй нөхцөлд төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн гэж үзэхгүй. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Боловсрол, соёл урлагийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилго хэсэгт: “Боловсрол, соёл урлагийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, аймгийн Засаг дарга болон нутгийн захиргааны байгууллагуудыг бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангаж, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх, агентлагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын өмнө хариуцан тайлагнана” гэж заасан байх бөгөөд тус газрыг Боловсролын газар-соёлын хэлтэстэй гэж өөрчилснөөр энэ тодорхойлолтод заасан даргын гүйцэтгэх чиг үүрэг, үндсэн зорилго, зорилт өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх нөхцөлийг шаарддаг.
Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх нөхцөл байдал бодит байдалд бий болоогүй байхад маргаан бүхий Б/30 дугаар захирамжийг хариуцагч гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.5. дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.”, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.” гэж тус тус заасан.
Маргаан бүхий энэ хэргийн тухайд, Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар Ц.М-ыг ажлаас чөлөөлөхдөө дээрх хуульд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, өмнө гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаа 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар хүчингүй болгосон боловч мөн өдрийн буюу 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар Ц.М-ыг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.
Гурав. Хариуцагч маргаан бүхий Б/30 дугаартай захирамжийг гаргахдаа Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр томилох, чөлөөлөх” гэж зааснаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.М-ыг ажлаас чөлөөлөхдөө боловсролын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөөгүй, ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байна. Энэ нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 03/1438 дугаартай албан бичигт дурдсанаар тогтоогдож байна.[13]
Дөрөв. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбарын үндэслэлдээ “... Ц.М нь 2020 оны гүйцэтгэлийн үнэлгээ хангалтгүй буюу F үнэлгээгээр үнэлэгдсэн ...” авсан гэсэн үндэслэлийг дурдаж тайлбар ирүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч Ц.М нь 2020 онд гүйцэтгэлийн тайлангийн үнэлгээ 59.3 үнэлэгдсэн[14] байх бөгөөд уг үнэлгээтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол гаргаж, тус газраас Архангай аймгийн Засаг даргад 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ХЭГ/1264 дугаартай албан бичиг хүргүүлжээ.[15] Нэхэмжлэгч Ц.М нь 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн үнэлгээнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, маргаан үүсгээгүй болно.
Гэвч хариуцагчийн гаргасан эл татгалзлын үндэслэл нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй бөгөөд төсвийн шууд захирагч гүйцэтгэлийн тайлан /үр дүнгийн гэрээ/-аар хангалтгүй үнэлэгдсэн тохиолдол цаашид авах арга хэмжээний талаар холбогдох журмаар нарийвчлан зохицуулсан бөгөөд мөн энэ үндэслэл нь түүнийг албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлд хамааралгүй байна.
Тодруулбал, гүйцэтгэлийн төлөвлөгөө /үр дүнгийн гэрээ/ -гөөр хангалтгүй үнэлэгдэх нь тухайн албан хаагчид хариуцлага хүлээлгэх /сахилгын шийтгэл/ үндэслэл болдог бол албан тушаалаас чөлөөлөх нь хуульд тусгайлан заасан төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон, бий болсон тохиолдолд хэрэгжих зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, дээрх ялгаатай ойлголт нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн харилцан адилгүй үр дагавар үүсгэдэг байна.
Хариуцагчаас гаргаж буй Ц.М нь 2020 оны гүйцэтгэлийн үнэлгээ хангалтгүй буюу “F” үнэлгээгээр үнэлэгдсэн гэх тайлбар нь түүнийг албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээс гадна маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангаагүй, хуульд зааснаар зөвшилцөх ажиллагааг явуулаагүй байх тул маргаан бүхий Б/30 дугаар захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт заасан “хууль тогтоомжид нийцсэн” байх шалгуурыг хангахгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/31 дүгээр захирамжаар З.М-ыг аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй, хэн нэгэн этгээдийг жинхлэн томилоогүй байна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 307 дугаар тогтоолоор Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/31 дүгээр захирамжаар З.М-ыг аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүхээс нэгэнт дээрх хууль зүйн үндэслэлээр Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Ц.М-ыг ажлаас чөлөөлөх тухай " Б/30 дугаартай захирамжийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн тул уг захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.М-ыг урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа албан тушаал болох Архангай аймгийн Боловсролын газрын даргаар томилох нь зүйтэй гэж үзлээ.
Тав. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагын тухайд,
Нэхэмжлэгч Ц.М нь сард 1.611.212 /нэг сая зураан зуун арван нэгэн мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийн цалинтай болох нь Архангай аймгийн Боловсролын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/287 дугаар албан бичгийн хавсралтаар тогтоогдож байна.[16]
Шүүх нэхэмжлэгч Ц.М-ын шүүхэд гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Ц.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” батлах тухай 55 дугаар тушаал, уг тушаалын хавсралтын 7 дахь хэсгийн а/-д заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх олговор болох 7.963.717 төгрөгийг /2021 оны 7 сар- ажлын 15 хоног-1.098.553 төгрөг, 2021 оны 8 сар-1.611.212 төгрөг, 2021 оны 9 сар-1.611.212 төгрөг, 2021 оны 10 сар-1.611.212 төгрөг, 2021 оны 11 сар-1.611.212 төгрөг, 2021 оны 12 сар ажлын 6 хоног-420.316 төгрөг/-ийг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., 4.2.6., Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Ц.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ын урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж буй албан тушаал болох Архангай аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ын ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 7.963.717 (долоон сая есөн зуун жаран гурван мянга долоон зуун арван долоон) төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Ц.М--д олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга /Тамгын газар/-д даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
[1] 2-р хавтаст хэргийн 15 дахь тал
[2] 1-р хавтаст хэргийн 74, 75 дахь тал
[3] 1-р хавтаст хэргийн 75 дахь тал
[4] 1-р хавтаст хэргийн 77 дахь тал
[5] 1-р хавтаст хэргийн 66-69 дэх тал
[6] 1-р хавтаст хэргийн 71 дэх тал
[7] 1-р хавтаст хэргийн 6-7 дахь тал
[8] 1-р хавтаст хэргийн 8-9 дахь тал
[9] 1-р хавтаст хэргийн 5, 41 дэх тал
[10] 1-р хавтаст хэргийн 3 дахь тал
[11] 1-р хавтаст хэргийн 23 дахь тал
[12] 1-р хавтаст хэргийн 71 дэх тал
[13] 2-р хавтаст хэргийн 19 дэх тал
[14] 2-р хавтаст хэргийн 6 дахь тал
[15] 2-р хавтаст хэргийн 37 дахь тал
[16] 1-р хавтаст хэргийн 26-27 дахь тал