Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00920

 

Д.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01951 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2129 дүгээр магадлалтай,

Д.Нын нэхэмжлэлтэй,

Б.Б, Э.Бнарт холбогдох,

2014.10.03-ны өдрийн болон  2015.04.13-ны өдрийн бичгийн хэлбэрээр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г, 2017.05.08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан авах, газрын хамтран эзэмшигчээс хариуцагч Б.Бг хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандуул, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Б.Б, Э.Бнарт холбогдуулан 2014.10.03, 2015.04.13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г, 2017.05.08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан авах, газрын хамтран эзэмшигчээс хариуцагч Б.Бг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01951 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.3, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Б.Б нарын 2014.10.03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2015.04.13-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017.05.08-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Б.Бд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 151/008118643311012234 дугаар бүхий 109 метр квадрат газрыг нэхэмжлэгч Д.Нт буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгах, хариуцагч Э.Батхүүд холбогдох Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 151/008118643311012234 нэгж талбарын дугаар бүхий 109 метр квадрат хэмжээтэй газрыг буцаан шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,056,300 төгрөгөөс 656,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 1,400,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгож, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 328,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2129 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01951 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Нын хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 2014.10.03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2015.04.13-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017.05.08-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Б.Бд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 151/008118643311012234 дугаар бүхий 109 метр квадрат газрыг нэхэмжлэгч Д.Нт буцаан шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгаж, хариуцагч Э.Батхүүд холбогдох Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 151/008118643311012234 нэгж талбарын дугаар бүхий 109 метр квадрат хэмжээтэй газрыг буцаан шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,056,300 төгрөгөөс 1,728,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 328,150 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгож, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 1,728,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, өмгөөлөгч С.Эрдэнэбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйл 172.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Маргааны агуулга:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Б.Б, Э.Бнарт холбогдуулан 2014 оны 10 дугаар сард Б.Бтай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулж уг гэрээгээр Чингэлтэй дүүрэг 1-р хороо Бага тойруу /15160/, жуулчны гудамж 12/2 гэсэн хаягт байршилтай Оффис үйлчилгээний зориулалтын 123.7 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхрын 90 м.кв бүхий талбайтай үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын газарт Б.Бг хамтран эзэмшигчээр нэмж оруулахаар харилцан тохирч дээрх тохиролцооны дагуу Б.Б, Э.Бнар Д.Нт 300,000,000 төгрөгийг урьдчилгаа 100,000,000 төгрөг үлдэгдэл 200,000,000 төгрөгийг хувааж төлөх үүргийг хүлээсэн бөгөөд худалдан авагч тал хэлэлцэн тохирсон дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тул “Монгол улсын иргэний хууль”-ийн 204 дүгээр зүйл 204.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, шилжүүлэн авсан Үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгаж иргэн миний хохирсон эрх ашгийг сэргээн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талууд маргасан болно,

4.1.Анхан шатны шүүх 2020.07.28-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд Д.Н хариуцагч Б.Б нарын 2014.10.03-ны өдрийн, 2015.04.13-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон 2017.05.08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Б.Бд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 109 м.кв газрыг нэхэмжлэгч Д.Нт буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу /15160/ Жуулчны гудамж, 12/2 тоот хаягт байршилтай Оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх дээрх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нар 2014.10.03-ний өдрийн болон 2015.04.13-ны өдрийн амаар байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, хүчин төгөлдөр гэрээнүүд байх тул зохигчид уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гэрээнээс татгалзаж буй хэсгийг буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйл 204.1-д заасан шаардлага гаргасаар байтал түүнийг огт шийдвэрлэхгүй үлдээн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулсан халхавчлах зорилгоор байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, амаар байгуулсан гэрээний үүргээ Б.Б өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй гэрээний үүргийн зөрчил бий болсон тул уг амаар байгуулсан хэлцлээс хуульд заасан журмын дагуу татгалзаж, түүнээс гарах үр дагаврыг хамтад нь шийдүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Анхан шатны шүүх талууд 300,000,000 төгрөгийн Худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулсан, 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг төлөөгүй байна гэж дүгнэсэн хэдий ч 100,000,000 сая төгрөг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, энэ шаардлагыг шийдээгүй гэж шүүх хуралдааны дараа шийдвэрийн агуулгыг тайлбарлахдаа тайлбарлан хэлсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаагүй бөгөөд харин 2019.11.20-ны өдрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Нэхэмжлэлийн утга хэсэгтээ: 2014.10.03-ны өдөр Б.Наранбаяр, Б.Б нарын байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу /15160/ Жуулчны гудамж, 12/2 тоот хаягт байршилтай Оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй 151/008118643311012234 нэгж талбайн дугаар бүхий 109 м.кв хэмжээтэй газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа маш тодорхой тодорхойлсон байдаг.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдалд шүүх зохих эрх зүйн дүгнэлтийг хуульд нийцүүлэн хийсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь шийдвэрлээд зарим хэсгийг нь шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хэргийг нэг мөр бүрэн гүйцэд хууль ёсны шийдвэрлэж чадаагүй гэж харагдаж байгаа бөгөөд шүүх юуны өмнө нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгааг шийдвэртээ тусгана, шаардлага тус бүрийг шийдвэрлэхээс гадна тус бүрийг нь зохицуулсан хуулийн зүйл заалтыг баримтална гэсэнтэй нийцэхгүй байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 182/ШШ2020/01951 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн Монгол улсын “Иргэний хууль”-ийн 204 дүгээр зүйл 204.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, түүнээс гарах үр дагаврыг арилгуулах зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргасныг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж байна.

4.2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2129 дугаар магадлалаараа “Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйл 172.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэсэн хэдий ч өмчийн хэлцэл үүргийн хэлцлийг ялгаж талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхдээ үл хөдлөх хөрөнгө худалдсанаас авдаг татвараас зайлсхийх зорилгоор байгуулсан 10 сая төгрөгийн үнийн дүн бүхий бичгээр байгуулсан хэлцлийг “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь уг хэлцлээр хэлцэл хийгч түүнийг хэрэгжүүлэх, эрх үүрэг үүсгэх зорилгогүй байдаг” гэсэн үндэслэл зааж Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэжээ.

“Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байна.” гэдэг нь хэлцэл хийгч тал халхавч хэлцлийн ямарваа үр дагаврыг бий болгохыг зорихгүй. Өөрөөр хэлбэл худалдагч тал өөрийн үл хөдлөх хөрөнгийг 10 сая төгрөгт худалдах хүсэл зориг байхгүй гэсэн агуулга бөгөөд харин халхавчлагдсан хэлцлийн тухайд талуудын уг хэлцлээр хүлээх эрх, үүрэг хүлээж, хэрэгжүүлэх хүсэл зориг бодитой байж болно. Өөрөөр хэлбэл “талууд санал нэгдэж дэмжиж, хүчин төгөлдөр байх бүх нөхцөл өгөгдсөн тохиолдолд халхавч хэлцэл хүчин төгөлдөр байж болно.” гэсэн агуулгаар хууль тогтоогч хуульчилсан бөгөөд маргалдагч талууд далдлагдсан хэлцлийн агуулга, түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар маргаж байгаа тохиолдолд халхавч хэлцэл ямар ч тохиолдолд хүчин төгөлдөр бус хэлцэл байх юм. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байна. Харин далдлагдсан хэлцэл хүчин төгөлдөр байж болох юм. Харин давж заалдах шатны шүүх дээрх далдлагдсан хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнээд харин хэлцлийн үнийн дүнг талууд 200 сая төгрөгөөр тохирсон байна.

Анхан шатны шүүхийн “...талуудын хооронд байгуулсан хэлцлүүдийг гэрчийн мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний “Дельтамон” ХХК-ийн үнэлгээний тайланг” үндэслэн хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзнэ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйл 42.11 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байгаа бөгөөд Үл хөдлөх хөрөнгө бусдад бүр мөсөн шилжүүлэх бол үүргийн хэлцлийг нотариатаар батлуулах хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 109.2-д зохицуулсан байна.

Иргэний хуулийн 42.11 “Иргэний хуулийн 42.10-т зааснаас бусад бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар талууд маргасан тохиолдолд тэдгээр нь уг хэлцэл хийснээ гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.” гэсэн заалт нь Талууд гагцхүү хэлцэл хийсэн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд гэрчээр нотлуулах эрхээ алддаг бөгөөд харин хэлцлийн агуулга, түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар маргаж байгаа тохиолдолд нотолгооны бүхий л хэрэгслээр, тухайлбал гэрчээр нотлох эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл талууд хэлцэл хийсэн гэдгээ хэн аль нь хүлээн зөвшөөрдөг харин хэлцлийн үнийн дүнг зөрүүтэй тайлбарлан үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэсэн үйл баримтын талаар хууль бус болсон цаг хугацааны ялгавартай гүйцэтгэсэн гэж маргадаг.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч тал дээрх маргаан бүхий үнийн дүнг зөвхөн гэрчээр нотлоод зогсохгүй өөр бусад нотолгооны хэрэгслээр давхар давхар нотолдог бөгөөд нотолгооны бусад хэрэгсэл гэдэгт эд мөрийн бичгийн нотлох баримт, талуудын үндэслэл бүхий тайлбар, шинжээчийн дүгнэлт гэх мэт нотлох баримтуудыг нэрлэж болно.

Хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлгээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл бүхий тайлбар “Б.Бгийн төрсөн эгч нотариатч Тунгалаг нь нэхэмжлэгч өөрийн төрсөн дүүдээ “та нар тэр Д.Нын 100 сая төгрөгийг нь өгчихөөч дээ” гэж хэлсэн гэх шүүх хуралдаан дээр хэлсэн шүүгчийн асуултад хариулсан хариулт, шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа, Д.Нын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, 2015 онд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авахдаа Д.Нын гарын үсгийг хуурамчаар зурсан талаар шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаан дээр хариуцагч шүүгчийн газрын эрхийг хамтран эзэмшигч нэмж оруулах талаар анх хэлцэл хийхдээ цуг тохирсон уу гэсэн асуултад хариулахдаа “тийм анх хэлцэл хийхдээ тохирсон” гэж хариулсан тайлбар, нэхэмжлэгчийн цаг хугацааны хувьд хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ хувааж төлөхөөр тохирсон дагуу урьдчилгаа аваад эхний үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн дараагийн төлбөрөө аваад хоёр дахь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн үлдэгдэл төлбөрөө өгөөгүй учир газрын эрхийг хамтран эзэмшигчээр нэмж оруулахаас татгалзсан талаарх үндэслэл бүхий тайлбарыг хийгээд байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай уялдан нийцэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдсоор байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 25.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 40.1 дэх хэсгийн “хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан 300 сая төгрөгийн хэлцлийг байгуулсан талаар маргасан тохиолдолд гэрчээр нотолсон нь Иргэний хуулийн 42 дугаар зүйл 42.11 дэх хэсэгт нийцэхгүй гэсэн үндэслэл зааж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан мөртлөө мөн хуулийн 42.10 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцаан өгнө” гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүй орхигдуулсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарласан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг бүрэн шийдвэрлээгүй, зарим хэсгийг шийдвэрлэж, заримд нь эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Э.Батхүү, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Б.Бд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын ... 109 м.кв газрыг нэхэмжлэгч Д.Нт буцаан шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгаж ...” гэснийг тус тус дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч Д.Н нь 2017 онд өөрийн хүсэлтээр газар эзэмших эрх шилжүүлэх буюу хамтран эзэмших гэрээг өөрийн сайн дураар байгуулсан, хамтран эзэмших тухай хүсэлтээ газрын албанд гаргаж өгсөн, газрыг хамтран эзэмших тухай гэрээг байгуулан гардаж авсан, мөн газар хамтран эзэмших гэрчилгээг хүлээн авсан зэрэг түүний үйлдлээс газар хамтран эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоох үндэслэл байхгүй байна.

5.2.Түүнчлэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгоогүй хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2129 дүгээр магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 181/Ш32019/13966 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Зохигчийн хэн алины гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

7.Нэхэмжлэгч Д.Н анх хариуцагч Б.Бд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу (15160) Жуулчны гудамж, 12/2 тоот хаягт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2 давхрын 123,7 м.кв ба зоорийн давхрын 90 м.кв талбайг тус тус, мөн хаягт байрлах 109 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “2014.10.03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 2 дугаар давхрын болон зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийг 300,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч мөнгийг дутуу өгсөн тул гэрээнээс татгалзаж байна, намайг байлцуулахгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг өөрийн эгч болох нотариатчаар гэрчлүүлж хамтран эзэмших эрхтэй болсон нь хууль зөрчсөн” гэжээ. (1-р хх 1-2-р тал)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хамтран хариуцагчаар Э.Батхүүг татаж, “2014.10.03-ны өдөр Э.Батхүүтэй амаар тохирч ...2 давхрын 123,7 м.кв болон зоорийн давхрын 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 300,000,000 төгрөгөөр худалдахаар болсон, дээрх хөрөнгийг Э.Батхүүгийн эхнэр Б.Бгийн нэр дээр шилжүүлэхээр 2014.10.03, 2015.04.13-ны өдрүүдэд тус тус худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, энэ гэрээний дагуу өмчлөх эрхийг улсын бүртгэлд шилжүүлж бүртгүүлсэн боловч гэрээнд худалдаж буй хөрөнгийн үнийг тус бүр 10,000,000 төгрөг гэж тусгасан нь бодит бус, өмнө нь Э.Батхүүтэй амаар байгуулсан 300,000,000 төгрөгийн гэрээг халхавчлах зорилгоор бичгийн хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр бус, иймээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж, Б.Бгийн нэр дээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулж өгнө үү, 2017.05.08-ны өдөр 109 м.кв газрыг Б.Бтай хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан боловч нотариатч гэрээг гэрчлэхдээ намайг байлцуулаагүй, хүсэл зориг сонсоогүй тул хүчин төгөлдөр бус, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж өгнө үү” гэжээ.(2-р хх 47-48-р тал)

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Авто машины гарааш байсан 109 м.кв газар дээр барилга барихаар Д.Нтай тохиролцож, барилга барьж дууссаны дараа зарцуулсан мөнгийг төлөөд талбай авахаар тохирсон, барилга боссон үнээр авах байсан ч 100,000,000 төгрөгийг шилжүүлж 2 дугаар давхрын 123.7 м.кв талбайг авч, мөнгийг төлснөөр 2 тал гэрээний үүргээ биелүүлсэн,...2015 онд зоорийн давхрыг 100,000,000 төгрөгөөр авахаар болж мөнгийг шилжүүлж, гэрчилгээг Б.Бгийн нэр дээр авсан, энэ гэрээний үүрэг харилцан биелэгдсэнээр дуусгавар болсон, нийт 200,000,000 төгрөгөөр 2 үл хөдлөх эд хөрөнгө авсан, харин гэрээнд үнийг 10,000,000 төгрөгөөр бичье гэж нэхэмжлэгч гуйсан, одоо өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн хэлцэл гэснийг зөвшөөрөхгүй, 109 м.кв газрыг хамтран эзэмших гэрээ байгуулахад Д.Н нь манай эгч нотариатч Тунгалаг дээр дараа нь очоод гарын үсэг зурчихъя гэсэн атлаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бусдыг төөрөгдөлд оруулсан гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргасан байна.

7.Анхан шатны шүүх, хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Э.Батхүүд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8.Анхан шатны шүүх хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлийн талаар “...Нэхэмжлэгч Д.Н өөрийн өмчлөлд бүртгэгдсэн 480 м.кв талбай бүхий 2 давхар барилгын 2 давхрын 123.7 м.кв болон зоорийн давхрын 90 м.кв талбайг хариуцагч Э.Байгалмаад 2014.10.03-ны өдрийн болон 2015.04.13-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр, мөн 109 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмших эрхийг 2017.05.09-ний өдрийн гэрээгээр тус тус шилжүүлсэн, эдгээр гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх ба эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, 123.7 болон 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 300,000,000 төгрөгөөр худалдсан болох нь гэрч, болон үнэлгээний тайлангаар тогтоогдсон, хариуцагч нь 200,000,000 төгрөг төлсөн, бичгийн гэрээнд татварын хэмжээг багасгах зорилгоор гэрээ тус бүрийн үнийг 10,000,000 төгрөг гэж бичсэн, нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Б.Б нарын амаар байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн, харин энэхүү гэрээг халхавчлах зорилгоор 2 удаагийн бичгийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр бус хэлцлээс талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээх боловч, амаар байгуулсан гэрээ хүчин төгөлдөр учир үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэг хариуцагчид үүсэхгүй, иймд 123.7 болон 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж буцаан шилжүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй. Харин 2017.05.09-ний өдрийн гэрээний дагуу ...109 м.кв талбай бүхий газрыг хамтран эзэмшигчээр Б.Б бүртгэгдсэн боловч уг гэрээг нотариатчаар гэрчлүүлэхэд нэхэмжлэгч Д.Н байгаагүй нь тогтоогдсон, нотариатч гэрээг гэрчлэхдээ холбогдох хуулийг зөрчсөн, иймээс газрын эрх шилжүүлэх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус тул газар эзэмших эрхийг Б.Бгаас Д.Нт шилжүүлэх шаардлагыг хангана.” гэсэн дүгнэлт,

хариуцагч Э.Батхүүд холбогдох 123.7 болон 90 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг болон 109 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх Д.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...хариуцагч Э.Бнь гэрээнд оролцогч тал биш” гэсэн дүгнэлтийг тус тус хийжээ.

9.Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, “анхан шатны шүүх Д.Н, Э.Байгалмаа нарын хооронд байгуулагдсан 2014.10.03-ны өдрийн болон 2015.04.13-ны өдрийн бичгийн хэлбэртэй худалдах-худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь, түүнчлэн эдгээр гэрээгээр зохигч үл хөдлөх эд хөрөнгийг 300,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн нь үндэслэлгүй болсон, учир нь тус шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа амаар байгуулагдсан гэрээг халхавчилж бичгээр гэрээ байгуулсан гэсэн нь буруу, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол уг хэлцэл хийгч нь түүнийг хэрэгжүүлэх, эрх үүрэг үүсгэх зорилгогүй байдаг, талууд худалдах- худалдан авах гэрээг байгуулж, гэрээний үнийн дүнг 10,000,000 төгрөг гэж бичсэнийг өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл гэж үзэхгүй, “...Д.Н татвар их төлөх гээд байна гэж үнийг багаар бичсэн...” гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй байна, нэхэмжлэгч нийт 300,000,000 төгрөгөөр худалдсан гэх үндэслэлээ нотлоогүй, гэрээний агуулга, хэрэгжилтээс үзэхэд 200,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан гэж үзнэ, иймд нэхэмжлэгч 123.7 ба 90 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардах эрх үүсэхгүй, харин анхан шатны шүүх газрын эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээний хүчин төгөлдөр байдал болон Э.Батхүүд холбогдох нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн” гэжээ.

10.Давж заалдах шатны шүүх Д.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2 удаагийн бичгийн хэлбэртэй худалдах-худалдан авах гэрээний талаарх анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг хэргийн баримтад үндэслэн залруулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн уг хэлцлээс үүссэн үр дагаврыг шийдвэрлэсэн нь зөв байх боловч тухайн хэлцэл нь “хууль зөрчсөн”-өөс хүчин төгөлдөр бус гэсэн нь оновчтой болоогүй байна.

Иймээс энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар өөрийнх нь үйлчлүүлэгч болох нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Э.Батхүү, Б.Б нартай тусдаа бие даасан 2 төрлийн гэрээ тухайлбал, 2014.10.03-ны өдөр Д.Н болон Э.Бнарын хооронд 123.7 м.кв болон 90 м.кв талбай бүхий (тусдаа бүртгэлтэй) 2 үл хөдлөх хөрөнгийг 300,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар амаар тохиролцсон гэрээ, 2014.10.03-ны өдөр Б.Бтай 123.7 м.кв талбай бүхий 2 давхрын үл хөдлөх хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр, 2015.04.13-ны өдөр 90 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр тус тус худалдах бичгийн хэлбэртэй гэрээ байгуулагдсан, Б.Бтай байгуулсан 2 удаагийн бичгийн гэрээ нь Э.Батхүүтэй байгуулсан аман гэрээг халхавчилсан гэсэн агуулгаар бичгийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутайг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.

12.Хэргийн баримт, зохигчийн тайлбараар гэр бүл болох Э.Батхүү, Б.Б нар Д.Нын өмчлөлд бүртгэлтэй 480 м.кв талбай бүхий 2 давхар барилгын 2 давхрын хэсгийг худалдан авахаар 2014.10.03-ны өдөр, зоорийн 90 м.кв талбайг худалдан авахаар 2015.04.03-ны өдөр тус тус бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд үнийг тус бүр 10,000,000 төгрөг гэж заасан боловч энэ нь төлөх татвараас зайлсхийх зорилготой байсан нь тогтоогджээ.

Аливаа гэрээ байгуулахаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцох бөгөөд зохигч хэн аль нь 2 тусдаа бүртгэл бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хүсэл зорилгоо харилцан илэрхийлсэн, улмаар гэрээг биежүүлж бичгээр байгуулсан, хуулиар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийг нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигддагаас нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр Д.Нын өмчлөх эрх дуусгавар болж, Б.Бгийн өмчлөх эрх үүссэн үйл баримт нотлогдсон байна.

Талуудын хооронд өөр утга агуулга бүхий аман болоод бичгийн 2 тусдаа гэрээ байгуулагдсан, тодруулбал, нэг хүсэл зоригийг тусгаарлаж, амаар болон бичгийн хэлбэрээр нэг нь нөгөөгөө халхавчилсан бие даасан 2 хэлцэл байгуулагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Бичгийн гэрээнд худалдаж буй эд хөрөнгийн үнийн дүнг багасгаж тусгасан нөхцөл дангаараа гэрээг халхавчилсан гэж үзэх хэлцлийн шинжийг агуулахгүй байгаа, эдгээр үндэслэлийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь дээр дурдсан 2 тусдаа бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нийтдээ 300,000,000 төгрөгөөр худалдсан гэх үндэслэлээ хангалттай баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагчийн “2 удаагийн гэрээгээр тус бүр 100,000,000 төгрөг төлөхөөр тохирсны дагуу тухайн цаг хугацаанд нийт 200,000,000 төгрөг төлсөн” гэх тайлбар, мөнгө шилжүүлсэн тухай баримтаар гэрээний үнэ тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэх тухай давж заалдах шатны шүүх магадлалд заасныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

13.Хоёр шатны шүүх Э.Батхүүд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо гэрээний тал биш гэж үзсэн нь буруу биш байна.

14.Дурдсан үндэслэлээр 123.7 ба 90 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах бичгийн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, аман гэх хэлцлээр тохиролцсон мөнгөн төлбөрөө хариуцагч бүрэн төлөөгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэнээс үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах гэсэн агуулгатай гомдлыг хангахгүй орхино.

15.109 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг хамтран эзэмшихээр Д.Н, Б.Б нар 2017.05.08-ны өдөр гэрээг бичгээр байгуулсан хэдий ч тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлэх үйлдэл хийх явцад нэхэмжлэгч байгаагүй болох нь тогтоогдсон байна. Хоёр шатны шүүх энэ үйл баримтын талаар хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг шийдвэрлэн газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүргийг хариуцагч Б.Бд даалгасан байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх тухайн гэрээг нотариатч гэрчлэхдээ гэрээний нэг талыг байлцуулалгүйгээр үйлдэл хийсэн нь холбогдох хууль журмыг зөрчсөн, иймээс уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргахдаа нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргахыг шаардсан байна. Гэрээг нотариатч хэлбэрийн хувьд гэрчилсэн байх боловч гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Д.Н гэрээг гэрчлэхэд байлцаж хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр нотариатч нь тухайн гэрээнээс үүсэх үр дагаврыг тайлбарлан зөвлөсөн гэж үзэх буюу нотариатч гэрээг гэрчлэх үйлдлийг хийхийг шаардсан хуулийн агуулга, зорилго биелэгдээгүй, иймээс энэхүү гэрээг талууд байгуулахдаа хэлбэрийн шаардлага хангаагүй буюу нотариатчаар гэрчлүүлээгүй гэх үндэслэлийг үүсгэсэн байх тул газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл болно.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “...бичгийн хэлцэл өөр хэлцлийг халхавчилж байгуулагдсан, гэрээний үнэ 300,000,000 төгрөг атал 200,000,000 төгрөг гэж давж заалдах шатны шүүх тодорхойлсон нь буруу” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн, “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатч гэрчилсэн, нэхэмжлэгч нь хожим нь гарын үсэг зурахаа зөвшөөрсөн атал шүүх хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй болсон” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль алины гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ :

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2129 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01951 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Нын хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 2014.10.03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2015.04.13-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу (15160), Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 м.кв болон зоорийн давхрын Ү-2202023356 дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбай бүхий хөрөнгийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар Д.Н, Б.Б нарын хооронд 2017.05.08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Б.Бгаас гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 151/008118643311012234 дугаар бүхий 109 м.кв газрыг нэхэмжлэгч Д.Нт буцаан шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгаж, хариуцагч Э.Батхүүд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,056,300 төгрөгөөс 1,728,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 328,150 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгож, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Н /итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, өмгөөлөгч С.Эрдэнэбат нар/-ын 2020.11.09-ний өдөр төлсөн 2,056,300 төгрөг, хариуцагч Б.Б, Э.Бнар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт/-ын 2020.11.13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД