Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2016/0581/з |
Дугаар | 221/МА2016/0740 |
Огноо | 2016-11-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2016/0740
Н.Энхчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.Энхчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 755 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Энхчимэгийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 755 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр сарын 11.4, 21 дүгээр зүйлийн 21.2, 17 дугаар зүйлийн 17.4, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Энхчимэгийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Энхчимэг давж заалдах гомдолдоо: “Миний бие Н.Энхчимэг нь 2007 оноос хойш Ашигт малтмал, газрын тосны газарт Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байгаад 2011 оны 09 дүгээр сарын 09-нд хоёр дахь хүүхдээ төрүүлж жирэмсний амралттай байсан. Жирэмсний амралттай байх хугацаандаа Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж суралцах эхний шатны шатны шалгалтад тэнцсэн. Уг тэтгэлгийн шаардлага нь ажлаасаа 6 сараас чөлөөлөгдсөн байх, үүнийгээ тушаалаар баталгаажуулсан байх шаардлагатай гэснээр ажилдаа орсон. Ингээд холбогдох тушаал гарч тэтгэлгийнхээ 2 дахь шатны шалгуурыг хангахын тулд 6 сарын сургалтад хамрагдсан. Уг сургалтаа амжилттай дуусгаж 2 дахь шатны шалгуурт тэнцэж “Сиднейн Их Сургууль”-д магистрт суралцах эрхтэй болсон. Энэ талаар байгууллагад мэдэгдэж 2013 оны 06 дугаар сарын 18-ны 257 тоот тушаал гарч, Ашигт малтмалын газартай /хуучин нэр/ 83 тоот “Гадаадад суралцуулах сургалтын гэрээ” байгуулсан. Уг гэрээ болон тушаалд 2014 оны 10 дугаар сарыг дуустал хүчин төгөлдөр байдаг. Ийнхүү Австрали улсад суралцах хугацаандаа хүүхэд гаргахтай холбоотой суралцах хугацаагаа 2 сараар сунгах хүсэлт гарган Ашигт малтмалын газрын даргаас албан бичиг авч баталгаажуулсан. Уг албан бичигт Н.Энхчимэгийг 2014 оны 12 сарыг дуустал суралцуулахад татгалзах зүйлгүй гэдгийг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн байгууллагад мэдэгдсэн байдаг.
Миний бие гэрээний хугацаа дуусаагүй байхад 2014 оны 03 дугаар сарын 13-нд Австрали улсад өөрийн 3 дахь хүүхдээ төрүүлсэн. Энэ үед миний 2 дахь хүүхэд 2 нас 6 сартай байсан. Төрөх дөхөж байгаа Ашигт малтмалын газрын тухайн үеийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга П.Болормаад “нүүр ном”-оор ярилцаж жирэмсний болон хүүхэд төрүүлсэн тэтгэмжээ авч болох талаар асуухад лавлахад “чи жирэмсний болон хүүхэд төрүүлсний тэтгэмжээ авч болох юм байна” гэдэг хариу өгсөн. Иймд Австрали улсын эмнэлэгийн хяналтад байсан материалаа и-мэйлээр эгч рүүгээ явуулж харьяа өрхийн эмнэлгээс лист бичүүлж Ашигт малтмалын газар хүргүүлсэн. Уг листэнд үндэслэн нягтлан бодогч У.Цэвэлмаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу бодож олгосон. Энэ тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд У.Цэвэлмааг гэрчийн мэдүүлэг авч Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчийн шимтгэл төлөх үүрэг дуусгавар болоогүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэн холбогдох тэтгэмжийг бодон нийгмийн даатгалын сангаас гаргуулсан байдаг. 2014 оны 12 дугаар сард сургуулиа төгсөж ирэхэд хүүхэд 9 сартай байсан ба өвлийн улиралд байсан тул ажилд орох өргөдлөө гаргаагүй. Мөн нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу амаржсаны болон хүүхэд асрах лист бодуулж аван үүнийгээ хүүхэд асрах, чөлөө авах хүсэлтээ илэрхийлсэн гэж үзсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь хэсгийг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлөгдөнө гэж үзсэн тул энэ хугацаанаас хойш жирэмсний амралт авсан хугацааг жирэмсний амралттай хэмээн тооцох боломжгүй гэсэн байдаг. Гэтэл уг хуульд төрийн албан хаагчийн суралцах хугацааны нийгмийн даатгал, суралцаж байх хугацаанд амаржсаны тэтгэмжийг зохицуулах тусгайлан заалт байхгүй тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх хуулийн 11 зүйлийн 11.6 дахь хэсэгт зааснаар Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасан байна. Уг хэсэгт заасан үүргийг мөн 83 тоот гэрээний 4-т “Агентлагийн эрх, үүргийн 4.3 дахь хэсэгт суралцагчийг сургуулиа төгсөөд ирэхэд суралцсан чиглэлийн дагуу ажил, эсхүл өмнө нь ажиллаж байсан ажлын байраар хангана гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нэмэгдэл баталгаагаар хангагддаг бөгөөд үүнийг уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт зааснаар “26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” хэмээн заасан байдаг. Иймд төрийн албанаас халагдахгүй, суралцах хугацаанд төрийн жинхэнэ албан хаагч мөн байсан гэдэг үндэслэлээр амаржсаны тэтгэмжийг төрийн албан хаагч гэдэг статусаар бодуулж Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогч төлсөн гэж үзэж байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ ажил олгогчид мэдэгдээгүй гэдэг тайлбарыг хийсэн бөгөөд энэ тухай ажил олгогчид заавал бичгээр мэдэгдэх үүрэг байхгүй. Харьяа өрхийн эмнэлгээс амаржих тухай лист бичүүлж Ашигт малтмалын газарт хүргүүлсэн нь хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн баримт болно гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасан байна. Уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт заасан хамтын гэрээ буюу Н.Энхчимэг миний бие, Ашигт малтмалын газрын хооронд “Гадаадад суралцуулах сургалтын гэрээ”-г байгуулж ажлын байраар хангах үүрэгтэй болохыг тусгасан болно. Дээрх хуулийн заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй гэж үзэн байна. Хариуцагч тал уг үүргээ биелүүлээгүй, хуульд байгаа өөрт хэрэгтэй зүйл заалтыг ашиглан намайг түр чөлөөлсөн өдрийн маргааш буюу 2013 оны 06 дугаар сарын 19-нд миний ажлын байрыг дараагийн хүнд шилжүүлж Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны 755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулах” тухай Н.Энхчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах” шаардлагын тухайд:
Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар тушаалаар Н.Энхчимэгийг тус газрын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилжээ.
Харин Н.Энхчимэг нь 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин А.Эрдэмтөгсийг төрүүлсэн бөгөөд хүүхэд асарч байх хугацаандаа Австрали улсын Сиднейн их сургуульд суралцах тэтгэлэгт хамрагдахаар болсон тул Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 189 дүгээр тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн захиргаа, хамтын ажиллагааны тасгийн мэргэжилтэн Н.Энхчимэгт 3 сарын цалинтай чөлөө олгосон байна. Мөн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 441 дүгээр тушаал, 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн захиргаа, хамтын ажиллагааны тасгийн мэргэжилтэн Н.Энхчимэгийг төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд бүртгэсэн байна.
Улмаар Н.Энхчимэг нь сургуульд үргэлжлүүлэн суралцах болсон тул “гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгож, гэрээг суралцагч сургалтаа дүүргэж ирснээс хойш ажлын 15 хоногийн дотор багтаан дүгнэх” нөхцөлтэй “Гадаадад суралцуулах сургалтын гэрээ”-г Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Алтанцогтой 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, уг гэрээг Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх баталжээ.
Нэхэмжлэгч нь гадаадад суралцуулах сургалтын гэрээний хугацаанд буюу Австрали улсад суралцаж байхдаа 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүүхэд төрүүлж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Австрали улсаас Монгол Улсад ирсэн болох нь түүний хүү А.Мөнхбаясгалангийн төрсний гэрчилгээ, Н.Энхчимэгийн гадаад паспортын хуулбараар нотлогдож байна.
Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагчтай байгуулсан “Гадаадад суралцуулах сургалтын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “суралцагчийг сургуулиа төгсөж ирэхэд суралцсан чиглэлийн дагуух ажил, эсвэл өмнө ажиллаж байсан ажлын байраар хангана” гэж заасан байх бөгөөд уг гэрээний хүчинтэй хугацаанд 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Мөнхбаясгаланг төрүүлсэн байна.
Үүнээс үзвэл хариуцагчтай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байхдаа дахин хүүхэд төрүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Энхчимэгийг хүүхэд асрах чөлөө эдлэх эрхтэй гэж үзэхээр байна.
Хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2/7135 дугаар албан бичгээр “Газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн б/72 дугаар тушаал гарч шинэ бүтэц, орон тоог баталж 20 албан хаагчийн орон тоог цомхотгосон тул одоогоор сул орон тоо байхгүй байна” гэсэн үндэслэлээр Н.Энхчимэгийг ажилд томилоогүй байх бөгөөд хариуцагчийн эс үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 36 дугаар зүйлийн 36.2-д “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй”, 106 дугаар зүйлийн 106.2-д “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд өмнө ажиллаж байсан орон тоо нь хасагдсан нь тогтоогдож байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хариуцагч нь түүнд өөр ажил олж өгөх үүрэгтэй байжээ.
Мөн хариуцагч “...хүүхэд асрах чөлөөний талаар хүсэлт гаргаагүй, гэрээний хугацаа дуусахад ирээгүй, ажлын байрыг хадгалах үүрэггүй...” гэх боловч Н.Энхчимэг нь тухайн үед 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүүхэд төрүүлсэн гэдгээ хариуцагч байгууллагын холбогдох хүмүүст мэдэгдсэнээр хуулийн дагуу жирэмсний тэтгэмж тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байснаас гадна Н.Энхчимэгийг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад хандаж ажилд орох хүсэлт гаргах үед түүний хүү А.Мөнхбаясгалан нь 1 нас 5 сартай байсан байх тул хариуцагчийг дээрх хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.
Иймд Н.Энхчимэгийг адил ажил, албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Энхчимэгийг зохих өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн “2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Н.Энхчимэг нь 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш одоог хүртэл ажил, албан тушаал эрхлээгүй, мөн нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа ажилд орох хүсэлтээ 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргаснаас хойшхи хугацаанд ажил эрхлээгүй байх тул хуульд зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэж Н.Энхчимэгт 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалинг олгох үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч Н.Энхчимэгийн “2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхчимэгийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР