Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 112/2017/0003/З |
Дугаар | 386 |
Огноо | 2017-10-18 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 386
Ц.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ц.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0473 дугаар магадлалтай, Ц.Г-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Г-ийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Ц.Г-ийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 76 хоногийн олговор 3424484 /гурван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун наян дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0473 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан Ц.Г-ийн “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийн шаардлага хангаагүй гомдлыг хүлээн авч хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлнө гэсэн байх бөгөөд хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх субьект биш бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар чөлөөлөгдөөгүй атлаа давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна.
Учир нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар төрийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаар орж байгаа байгууллагын давж заалдсан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байхад гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.
Харин нэхэмжлэгчийн хувьд шүүхэд төрийн албаны болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол гаргаж байгаагийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар чөлөөлөгдөх үндэслэлтэй болно.
Аймгийн Засаг дарга хууль зөрчиж үндэслэлгүй захирамж гаргасан байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийн нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Хөхморьт сумын сургуульд ажилласан ажлын хэсэг болон улсын байцаагч нарын шалгалт нь 2016 оны 08-10 саруудад хийгдэж дээрх зөрчлүүдийг илрүүлсэн гэдэг боловч Ц.Г 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу 2-4 сарын дараа ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Учир нь Төрийн албан хаагчид сахилгын арга хэмжээ ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэр бөгөөд уг шийдвэрийг хууль зөрчөөгүй үндэслэлтэй гэж дүгнэж байгаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийг нь ажлаас халсан аймгийн Засаг даргын захирамж хууль бус болохыг тогтоолгож ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх захирамжид дурдагдаагүй асуудлыг хөндөж илт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх санхүүгийн аудит дотоод хяналтын улсын байцаагчийн акт болоод Санхүү аудитын хэлтсийн албан бичгийн талаар аймгийн Засаг даргын захирамжид огт дурдагдаагүй байхад уг нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Уг актаар илрүүлсэн зөрчил нь ч үндэслэлгүй нотлогдоогүй болно.
Мөн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргаж өгсөн үр дүнгийн гэрээ дүгнэсэн гэх хүснэгт бүхий хуудсыг үр дүнгийн гэрээний үнэлгээ F байна гэж үзэж шүүх хурал дээр тодруулж байсан нь өрөөсгөл юм. Учир нь төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх стандарт бүхий загвар байдаг бөгөөд уг үнэлгээ дүнгээ төрийн албан хаагчид танилцуулж баталгаажуулдаг билээ. Говь-Алтай аймагт сургуулийн захирлуудын 2016 оны үр дүнгийн гэрээг нийтэд нь албан ёсоор хууль журамд заасны дагуу үнэлж дүгнээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл нотлох баримтаар гаргаж өгөлгүй үр дүнгийн гэрээний биелэлт гэх 1 хуудас бүхий хүснэгтийг хавтаст хэрэгт өгснөөс харагдаж байна. Харин Боловсрол Соёлын газраас нийт захирлуудын 2016 оны ажилд үнэлэлт дүгнэлтээ өгөөд холбогдох урамшууллыг олгосон болох нь хавтаст хэрэгт байгаа болно.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд хэргийг 46 хоногийн дараа анхан шатны шүүхэд ирүүлж байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/117 дугаар захирамжаар “Хөхморьт сумын сургуулийн захирал Ц.Г-ийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд байна.
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-д “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх”, 20.2.4-д “сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээлэх”, 20.2.13-д “сургуулийн орчин дахь хоол, хүнс, ундны цэвэр ус, бие засах газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангах ажлыг зохион байгуулах, хяналт тавих” гэж сургуулийн захирлын бүрэн эрхийг тодорхой заасан.
Гэтэл нэхэмжлэгч Ц.Г нь дээрх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлж, сургуулийн захирлын албан үүргийг гүйцэтгэх шаардлага хангахгүй болох нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон талаар давж заалдах шатны шүүх тодорхой зөв дүгнэжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 9 жилийн сургуулийн багш, ажилчдаас гаргасан гомдлын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/320 захирамжаар томилогдсон ажлын хэсэг аймгийн Боловсрол соёлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Боловсролын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн албан шаардлагын хүрээнд Хөхморьт сумын сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөвлөн тусалсан ажлын дүгнэлт, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр хариуцуулах тухай” 21-03/10/26 дугаар актаар нэхэмжлэгч Ц.Г-ийн гаргасан зөрчил тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь сургуулийн захирал буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн тул тухайн маргаан бүхий харилцаанд Төрийн албаны тухай хуулийн сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй, үүнээс гадна үр дүнгийн гэрээг ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэл болгоогүй болно.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн..., ...үр дүнгийн гэрээг дүгнээгүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллага буюу хариуцагч захиргааны байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлгүй...” гэх гомдол мөн үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0473 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ