Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00010

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдаа, А.Хандмаа, Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Батболд, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Байндаа нарт холбогдох 201618020145 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Жаргалант суманд 1980 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Сансарын гудамжны ¹ 51 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 3 удаагийн шийтгэлтэй

- 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 80000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 06 сарын баривчлах ялаар

- 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хорих ялаар 

- 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн ¹ 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Валькагийн Батболд. /РД:НМ80082915/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 2001 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 15 нас, 06 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Рашаантын ¹ 35 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Зүүнхараа политехникийн коллежийн хүнд машин механизмын 1а ангид суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Цог-Эрдэнэ. /РД: МЗ01271251/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн задгайд оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Об капитал ХХК-д малчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 6 удаагийн шийтгэлтэй

-1992 онд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 06 жилийн хорих ялаар

- 1993 онд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 11 жилийн хорих ялаар

- 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 06 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд зааснаар 06 сарын хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жил 06 сарын хорих ялаар

- 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн ¹ 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон зүйлчилж эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 06 сарын хорих ял болгон өөрчилсөн

- 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн ¹ 103/а шитйгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар

- 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ¹ 71/а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 04 сар 02 хоногийг нэмж нэгтгэн бүгд 03 жил 04 сар 02 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чумуугийн Байндаа.  /Ваня/ /РД: УА71032936/

 

Шүүгдэгч В.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөрийн голын урд талд оршин суух иргэн С.Баасандоржийн гэрийн гадна аргамжаатай байсан хохирогч Ч.Батаагийн хар зүсмийн 6 настай морийг хулгайлан авч 1000000 төгрөгийн, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны намаг гэх газарт бэлчиж байсан адуунаас иргэн Д.Даянбуугийн хээр зүсмийн 6 настай хавчиг морийг хулгайлж 800000 төгрөгийн, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11900000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр зүсмийн азаргатай 18 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө В.Батболдтой бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11900000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Байндаа нь шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэж бусдын 18 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Батболдын өгсөн ......... 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн гол гэх газраас хар зүсмийн морийг хулгайлан авсан. Дараа нь 2016 оны 07 дугаар сарын эхээр Мандал сумын Хэрх тосгоны намаг гэх газраас хээр зүсмийн морийг хулгайлсан. Үүний дараа 2016 оны 07 дугаар сарын 05, 06-ны үед Түнхэл тосгоны Алтны ам гэх газраас 18 тооны адууг хулгайлсан. Тухайн үед Цог-Эрдэнэтэй явсан боловч Цог-Эрдэнэ хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би түүнд өөрийн адуу гэж хэлсэн байсан юм гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнийн өгсөн ..... 2016 оны 07 дугаар сарын эхээр өдрөө сайн санахгүй байна. Би Батболд ахын эхнэрийн дүүтэй найзалдаг юм. Тэгээд би Батболд ахын эхнэрийнд нь байж байтал Батболд ах орж ирээд танилцсан. Тэгтэл нэг өдөр Батболд ах ах нь дүүгээ хувцаслаж өгье ахдаа морины ажил хийгээд өг гэхээр нь би моринд дуртай болохоор зөвшөөрөөд хамт явсан. Батболд ах хээр зүсмийн морь унаад би хар зүсмийн морь унаад Түнхэл тосгон луу явсан.  Түнхэлийн Алтны ам гэх газар очоод модон дунд байж байгаад нүүр гараа угаах гэж гол руу очоод Батболд ах өө энэ мөн байна ш дээ гээд хэсэг адууг хөөсөн. Яг яах гээд байгаа юм бэ гэж Батболд ахаас асуухад дүү очоод мэднэ гэсэн. Тэгээд бид хоёр адууг тууж Чумуугийн Байндаагийнд очсон. Шөнө очсон болохоор унтаад өглөө сэрэхэд Байндаа ах 3 морь эмээллэсэн байсан. Тэгээд бид 3 тэр эмээллэсэн моринд мордоод өвөлжөөн дээр нь очиход бид хоёрын тууж ирсэн адууг хашсан байсан. Тэгтэл Байндаа, Батболд нарын нэг нь адууг тамгалах гэж байснаа болиод нэг адуун дээр нь хайчин тамга тавьсан. Тэгснээ хайчин тамга тавихаа болиод дэлийг нь зассан. Өдөр нь би унтаж байгаад сэрэхэд Батболд баахан наймаа хйисэн байсан. Мотоцикль хүртэл авсан байсан. Тэгээд Налайхад очоод цагдаад баригдаад наашаа ирсэн гэх мэдүүлэг

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Байндаагийн өгсөн ……… 2016 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн үүрийн 04-05 цагийн хооронд Батболд гэх залуу Цог-Эрдэнийн хамт манайд орж ирсэн. Би босоод хоол хийж өгөхөд идчихээд унтсан. Өглөө нь 06 цаг өнгөрч байхад би адуундаа мордож адуугаа бөөгнүүлж хурааж байхад хээр азаргатай 16-17 тооны адуу байсан. Батболд үүрээр манайд ирэхдээ би хэдэн адуу авч яваа танай адууны захад байгаа шүү гэж хэлж байсан болохоор би тэр адуунуудыг өөрийн адуутай хамт өвөлжөөнд хашаад уяа морьдоо барьж аваад гэрт ирсэн. Батболд босоод Налайх явна гээд Цог-Эрдэнийг аваад явсан. Энэ хоёрыг Налайх явсан хойгуур цагдаа нар ирээд хулгайн адуу байна гэсэн. Батболд өдөр 15 цагийн үед манайд ирэхэд цагдаа нар барьж авсан гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Эрдэнэцэцэгийн өгсөн ….… Би хоёр хүүхэдтэй. Э.Цог-Эрдэнэ бол миний 2 дахь хүүхэд байгаа юм. Дээрээ нэг эгчтэй. Эгч нь оюутан. Миний хүү Цог-Эрдэнэ жаахан хөнгөн хийсвэр зантай. Харин худлаа ярьж үзээгүй. Надад тухайн үед хэлэхдээ нэг ах морины ажил хийж өг гэж байна надад хувцас авч өгнө гэж байна гэхээр нь би явуулсан. Гэтэл тэр хүн нь энэ Батболд байсан юм байна. Батболд хувцас авч өгнө гэж хууран мэхэлж авч явснаас хулгайн хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа. Тэрнээс өмнө нь ямар ч хулгай хийж байгаагүй хүүхэд. Одоо хараа хяналтдаа байлгаж хэрэгт оруулахгүй байж чадна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч А.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн …... Би Мандал сумын Түнхэл тосгонд ээжийнхээ хамт 20 гаран жил мал маллаж амьдарч байна. Манайх хувьдаа 600 гаран бог малтай, 80 гаран үхэртэй, 100 гаран адуутай айл байгаа юм. Манай унаган нэмэх туухай /+/ тамгатай хээр азаргатай 5 унагатай гүүтэй нийт 18 тооны адуу Гацууртын алтны уурхайн аманд зусдаг адуу байгаа юм. Гацууртын алтны уурхайн амнаас огт гардаггүй адуу 2016.07.05-аас 06-нд шилжих шөнө алга болсон тул хулгайд алдлаа гэж бодоод Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм. Хээр азарга 2011 онд Түнхэл тосгоны наадамд соёолон насандаа аман хүзүүнд хурдалж байсан, үүлэн бор угшилтай адуу 2 сая төгрөгөөр үнэлж байна. Халиун гүү унагатай 1200000 төгрөг, халиун байдас унагатай уядаг адууны удмын гүү тул 1300000 төгрөг, хонгор гүү унагатай хурдан удмын адуу 2 сая төгрөг, хээр гүү унагатай 1200000 төгрөг, халтар гүү унагатай хурдан удмын адуу 2 сая төгрөг, хээр гүү хусран, сартай хүрэн охин даагатай 1500000 төгрөг, шарга шүдлэн байдас хурдан удмын адуу 2 сая төгрөг, хул хязаалан байдас 800000 төгрөг, хээр шүдлэн байдас 800000 төгрөг, хул эр даага хурдан удмын адуу 1 сая төгрөг, хээр эр даага хурдан удмын 800000 төгрөг, нийт 16600000 төгрөгний үнэлгээтэй адуунууд. Мөн дээр нь манай азаргыг барьж унаад гүүнүүдийг өөр азарганд хураалгасан байсан тул гүү хээлгүй болсон байх магадлалтай байна. ….. Би хулгайд алдсан 18 тооны адуугаа олж авсан хэдий ч гомдолтой байна. Адуугаа хайж цагдаа нартай явахад зуун мянган төгрөгөөр түлш хийсэн энэ мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 35 дугаар хуудас/

Хохирогч  Д.Даянбуугийн мөрдөн байцаалтад өгсөн…. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 08 цагийн үед би адуугаа татаж бүртгэхээр намгийн тийшээ очтол манай адуу ногооны талбайны баруун талд бэлчиж байсан. Тэгээд бүртгэтэл 1 тооны хээр зүсмийн 6 настай хавчиг морь алга байсан. Хамгийн сүүлд би 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед харахад хашааны гадаа сүүдэрт зогсож байсан. Тэгээд би ойн сан руу явсан юм. Миний бодлоор 2016 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө алга болсон болов уу гэж бодоод байна. Би 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр цагдаагаас хээр зүсмийн 6 настай хавчиг морио хүлээн авсан. Адууны дэлийг би хавар авсан тэгсэн хүлээн авахад дэлийг шинэ засмал шөвгөн хөхөлтэй болгосон байсан гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/

Хохирогч Ч.Батаагийн мөрдөн байцаалтад өгсөн ….… Би Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг, Сөгнөгөрийн голын ойролцоо үнээний ферм ажиллуулдаг юм. Тэгсэн манай малчин болох Баасандоржийн унаж байсан миний эзэмшлийн зөв талын гуян дээрээ сартай чандмань тамгатай буруу талынхаа хаан дээр чандмань тамгатай 6 настай засмал дэлтэй хар зүсмийн морь хулгайд алдагдсан юм. Тэгсэн хулгайд алдагдснаас хойш нэг сар гарны дараа Зүүнхараагийн цагдаагийн хэлтсээс морио ирж ав олсон гэхээр нь би малчнаа машинтай явуулж морио авахуулсан гэх мэдүүлэг /Хх-н 43 дугаар хуудас/

Гэрч Д.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн.... 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нутгийн дүү Байндаа мотоцикльтой хүнтэй ирээд та бор морио зарах хэвээрээ юу энэ залуу адуу тууж яваад морь нь суучхаад байна нэг мориор бор морио солих уу гэхээр нь миний бор морь азаргасаад азаргатай ноцолдоод уруулчхаад байдаг болохоор за тэгвэл тэгье гээд бор морио уг танихгүй залуугийн хээр мориор солиод наймаа хийсэн юм. Тэгтэл уг хээр морь хулгайн адуу байсан байна. Би хээр морийг буцааж өгөөд бор морио буцаагаад авлаа Ямар нэгэн гомдол нэхэмжолэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 51 дүгээр хуудас/

Гэрч А.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн… Би Налайх дүүргийн мал нядалгааны газарт мал, махны ченж хийгээд 10 дахь жилдээ ажиллаж байна. 2016.07.08-ны өдөр 13 цагийн орчим нядалгааны газар байж байхад Налайх дүүрэгт оршин суудаг Бухандай гэх залуу үл таних нэг залуугийн хамт бойн дээр бор морь, хээр азарга хоёрыг нэг нэгээр нь уначихсан хар морь хөтөлчихсөн орж ирээд миний хүнээс худалдаж авсан эмнэг хар хязаалан насны үрээг хараад энэ үрээний эзэн хэн бэ хаана байна гэхээр нь би байна гэсэн чинь Бухандай гэх залуу хамт явсан залуугаа заагаад энэ залуу хар мориор үрээгээ солих уу гэж байна гэхээр нь хар морь чинь туранхай морь байна ийм адуугаар солихгүй гэсэн чинь тэгвэл хар морь хээр азарга хоёрыг өгье та хэдэн төгрөгний зөрүү өгөх юм бэ гэхээр нь 350000 төгрөг өгье наад хоёр адууны чинь бичиг баримт хаана байна гэсэн чинь Бухандай нь бичиг баримт байхгүй манай энэ найзын өөрийнх нь адуу найдвартай, асуудал гарахгүй гэхээр нь би хар үрээн дээрээ 350000 төгрөг өгөөд хар морь хээр азарга хоёрыг нь худалдаж авсан. .. Ингээд би гэртээ хариад байж байтал 18 цагийн орчим малын эмч Золжаргал над руу утасдаад өдөр худалдаж авсан хоёр адууныхаа учрыг ол цагдаа нар ирчихсэн таныг дуудаж байна гэхээр нь би нядалгааны төв дээр яваад очтол цагдаа нар ирчихсэн байсан. Би цагдаа нарт үнэн учраа хэлсэн… Би хар үрээгээ буцаагаад авсан. 350000 төгрөгийн зөрүү өгснөөс В.Батболдоос хураан авсан 261250 төгрөгийг хүлээж авсан. Одоо хоригдож байгаа хүнээс хэзээ яаж 90000 төгрөг авах билээ нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /Хх-н 55 дугаар хуудас/

Гэрч Х.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн........ 2015 оны 09 дүгээр сараас Э.Цог-Эрдэнийн ангийг дааж авч байсан юм. Намайг багшаар ажиллах хугацаанд Э.Цог-Эрдэнийг ажиглаад байхад хөнгөн, бусдын үгэнд хурдан орчихдог, олон нийтийн ажилд сайн оролцдог, бусдад туслах дуртай тийм хүүхэд. Хувийн амьдралын хувьд ээжтэйгээ хоёулаа амьдардаг ээж нь анхаарал халамж сайн тавьдаг. Ээжтэйгээ байдаг болохоор ээжийгээ жоохон элэг бариад байх шиг байдаг юм байна лээ. Цог-Эрдэнэ D түвшинд суралцдаг гэх мэдүүлэг /Хх-н 64 дүгээр хуудас/

Гэрч С.Дамдиндоржийн мөрдөн байцаалтад өгсөн…. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед манайхтай ойролцоо байдаг Ваня гэдэг залуу нэг хүнтэй хамт манайд орж ирсэн. Ваня би танд өртэй өрөө дарах гэж ирлээ гэж хэлээд шарга зүсмийн эмнэг гүүг авчирснаа заасан. Тэгээд та мотоциклио надад зарчихаач би мотоциклыг чинь гүү даага хоёроор сольж авъя гэхээр нь зөвшөөрч наймаа хийсэн. Ваняг хулгайч гэдгийг мэддэг болохоор манай эхнэр Даваацэрэн түүнээс энэ 3 адуу чинь хулгайн юм биш биз дээ гэхэд Ваня тас тас инээгээд юу гэж хулгайн юм байхав дээ харваас ижилхэн тамгатай адуунууд байгаа биз дээ гээд байсан. Ингээд Ваняд нэг жилийн өмнө шинээр худалдаж авч байсан Хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн мотоциклио өгсөн. Түүнтэй хамт ирсэн залууг танихгүй. Бодвол Батболд гэдэг нь юм байгаа биз гэх мэдүүлэг /хх-н 65 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /Хх-н 04-08 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 15-18 дугаар хуудас/

Хар зүсмийн морийг С.Баасандоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 30-31 дүгээр хуудас/

Хохирогч А.Наранбаатарын хулгайд алдсан 18 тооны адууг 11900000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 73 дугаар хуудас/

Хохирогч Д.Даянбуугийн хээр зүсмийн хулгайд алдсан морийг 800000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 75 дугаар хуудас/

Хохирогч Ч.Батаагийн хулгайд алдсан хар зүсмийн морийг нэг сая төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 77 дугаар хуудас/

Насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнийн сэтгэл зүйн болон гэр бүлийн нөхцөл байдлын талаарх Зүүнхараа хүүхдийн ордны дүгнэлт /Хх-н 129 дүгээр хуудас/

В.Батболдын зан байдлын талаарх хорих 413 дугаар ангийн тодорхойлолт /Хх-н 136дугаар хуудас/

Э.Цог-Эрдэнэ нь Рашаантын 35 тоотод оршин суудаг гэсэн багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 142 дугаар хуудас/

Э.Цог-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /Хх-н 143 дугаар хуудас/

Э.Цог-Эрдэнэ нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 144 дүгээр хуудас/

Сурагчийн /Э.Цог-Эрдэнийн/ хувийн хэрэг /Хх-н 145-150 дугаар хуудас/

Ч.Байндаагийн төрсний гэрчилгээний хуулбар /Хх-н 155 дугаар хуудас/

Ч.Байндаагийн засрал хүмүүжлийн талаарх хорих ангийн тодорхойлолт /Хх-н 179 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч В.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөрийн голын урд талд оршин суух иргэн С.Баасандоржийн гэрийн гадна аргамжаатай байсан хохирогч Ч.Батаагийн хар зүсмийн 6 настай морийг хулгайлан авч 1000000 төгрөгийн, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны намаг гэх газарт бэлчиж байсан адуунаас иргэн Д.Даянбуугийн хээр зүсмийн 6 настай хавчиг морийг хулгайлж 800000 төгрөгийн, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11900000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр зүсмийн азаргатай 18 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө В.Батболдтой бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11900000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Байндаа нь шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэж бусдын 18 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч В.Батболдыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, мөн насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнийг бусдын эд хөрөнг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Ч.Байндааг шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нар нь иргэн А.Наранбаатарын 18 тооны адууг хулгайлах талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ санаатай хамтран оролцсон болох нь нотлогдон тогтоогдож байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзсэн болно.

Шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, бүлэглэж үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, мөн шүүгдэгч В.Батболд нь Э.Цог-Эрдэнийг насанд хүрээгүй  гэдгийг мэдсээр байж хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ татан оруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, шүүгдэгч Ч.Байндаа нь шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нарыг бусдын 18 тооны адууг бүлэглэж хулгайлсан гэдгийг лавтай сайн мэдсэн боловч зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиудаар зүйлчлэн яллах дүгэнлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Гэвч шүүгдэгч В.Батболдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө иргэн А.Наранбаатарын адууг насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэж хулгайлахад насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Ч.Байндаагийн шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэж бусдын 18 тооны адууг хулгайлсан гэдгийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр лавтай сайн мэдсэн мөртлөө зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул В.Батболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан хэрэг, Ч.Байндаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, уг зүйл ангиар шийтгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Байндаад өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар  ял оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч В.Батболд нь өмнө нь энэ төрлийн хэргээр 3 удаа ял шийтгэгдэж шүүхээр шийтгүүлж байсан боловч хуульд зааснаар ялгүйд тооцогдох болсон бөгөөд гэм буруугийн болон хувийн байдлыг нь харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс дээгүүр хорих ял оногдуулах, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг нь харгалзан хуульд заасан доод хэмжээний хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Харин насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, арван найман насанд хүрээгүй, эцэг, эхийн асрамж, хараа хяналт дутагдалтай байдлаас болон бусдын буруутай үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл бий болсон, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой ба уг хугацаанд түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Н.Эрдэнэцэцэгийн хүссэнээр буюу зөвшөөрснөөр хариуцуулж даалгах нь зүйтэй байна.

 

Хохирогч А.Наранбаатар нь адуугаа эрж хайхад гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нар нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн дрожон гөлөмтэй, шар өнгийн будагтай, хар төмөр дөрөөтэй монгол эмээл 1 ширхэг, олсоор сүлжсэн хазаар 3 ширхэг, олсон ногт 1 ширхэг, олсон бугуйл 1 ширхэг зэргийг хураан авч улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, шүүгдэгч В.Батболдын цагдан хоригдсон 193 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, Ч.Байндаа нь 01 хоног цагдан хоригдсон, В.Батболд, Э.Цог-Эрдэнэ, Ч.Байндаа нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Валькагийн Батболдыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, мөн насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Цог-Эрдэнийг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Чумуугийн Байндааг бусдыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  В.Батболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг, Ч.Байндаад холбогдох Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Батболд, Ч.Байндаа нарыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр В.Батболдыг 04 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр Э.Цог-Эрдэнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.8 дах хэсэгт заасныг баримтлан В.Батболдод оногдуулсан 04 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнэд оногдуулсан 02 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэх ногоон өнгийн дрожон гөлөмтэй, шар өнгийн будагтай, хар төмөр дөрөөтэй монгол эмээл 1 ширхэг, олсоор сүлжсэн хазаар 3 ширхэг, олсон ногт 1 ширхэг, олсон бугуйл 1 ширхэг зэргийг хураан авч улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Батболдын цагдан хоригдсон 193 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Байндаа нь 01 хоног цагдан хоригдсон, В.Батболд, насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнэ, Ч.Байндаа нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дах хэсэгт заасныг баримтлан Э.Цог-Эрдэнэд эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Н.Эрдэнэцэцэгийн хүссэнээр буюу зөвшөөрснөөр хариуцуулж даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол В.Батболдод өмнө авсан цагдан хорих, насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнэд өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Ч.Байндаад өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

9. В.Батболдын эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.