Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00983

 

“СП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01843 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1977 дугаар магадлалтай,

“СП” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“СБ” ХХК, “ЭЗ” ХХК, Ч.А нарт холбогдох,

Цэвэр, бохир ус болон халаалтын ашиглалтын зардалд нийт 23,601,913.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “СП” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхрын Ү1 тоот орон сууцны 2015 оны 12 дугаар сараас 2020.05.30-ны өдөр хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12,025,019.82 төгрөгийг Ч.А, “СБ” ХХК нараас, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхрын Ү2 тоот орон сууцны 2015 оны 12 дугаар сараас 2019.02.28-ны өдрийг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11,576,893.75 төгрөгийг “ЭЗ” ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01843 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч “СБ” ХХК-д холбогдох 12,025,019.82 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Ааас халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12,025,019.82 төгрөг, “ЭЗ” ХХК-аас халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11,576,893.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “СП” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 309,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Ааас 207,350 төгрөгийг, хариуцагч “ЭЗ” ХХК-аас 200,180 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “СП” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1977 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “СБ” ХХК-д холбогдох 12,025,019.82 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Ааас халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12,025,019.82 төгрөг, “ЭЗ” ХХК-аас халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11,576,893.75 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “СП” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Ч.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тус хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрлэж 183/ШШ2020/01843 дугаар шийдвэр гаргасан ба тус шийдвэртээ “1. ...Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгааны, холбооны зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ... тус тус төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Ч.А, “ЭЗ” ХХК-аас тус тус шаардах эрхтэй” хэмээн дүгнэн хариуцагч “ЭЗ” ХХК-аас 11,576,893.75 төгрөг, Ч.Ааас 12,025,019.82 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “СП” ХХК-д олгож, “СБ” ХХК-ийн 12,025,019.82 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1977 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01843 дугаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, 1. “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 48 байрны зоорийн давхарт байрлах 16а, 8а тоот хаягт байршилтай авто зогсоолын өмчлөгчөөр Аюуш овогтой Батсүрэн, 14 тоот хаягт байршилтай авто зогсоолын өмчлөгчөөр Ганбат овогтой Жаргалчулуун нь улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх боловч тухайн авто зогсоолуудыг өмчлөгч нар нь хариуцагч “СБ” ХХК-д хамааралгүй этгээдүүд гэх нөхцөл байдлыг няцаасан баримтыг ирүүлээгүй байна” хэмээн дүгнэж, 1,202,256 төгрөгийг Ч.Ааас гаргуулсанд, 2. Хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсан 12,025,019.82 төгрөгийг бүхэлд нь Ч.Ааас гаргуулахаар шийдвэрлэсэнд тус тус гомдолтой байна.

4.1.Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 48 байрны зоорийн давхарт байрлах 16а, 8а, 14 тоот хаягт байршилтай авто зогсоолуудын дулааны төлбөр болох 1,202,256 төгрөгийг Ч.Ааас гаргуулсан тухайд: Нэхэмжлэгч “СП” ХХК нь “ЭЗ” ХХК-аас 11,576,893.75 төгрөг, Ч.А, “СБ” ХХК-уудаас 12,025,019.82 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсан байдаг. Ийнхүү шаардахдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 48 байрны зоорийн давхарт байрлах 16а, 8а, 14 тоот хаягт байршилтай авто зогсоолуудыг СБ” ХХК-ийн өмчлөлд байдаг үндэслэлээр 1,202,256 төгрөгийг Ч.А, “СБ” ХХК-уудаас шаардсан шаардлагадаа оруулан нэхэмжилсэн. Нэхэмжлэгч “СП” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор уг 3 авто зогсоолыг “СБ” ХХК-ийн өмчлөлийнх болохыг нотлохоор шүүхийн журмаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа гаргуулан авсан боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 48 байрны зоорийн давхарт байрлах 16а, 8а тоот хаягт байршилтай авто зогсоолын өмчлөгчөөр Аюушийн Батсүрэн, 14 тоот хаягт байршилтай авто зогсоолын өмчлөгчөөр Ганбатын Жаргалчулуун нар тус тус бүртгэлтэй байгаа талаарх лавлагаа, баримтууд шүүхэд ирсэн байдаг. Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болоод Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “СБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон мөртлөө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 48 байрны зоорийн давхарт байрлах 16а, 8а, 14 тоот хаягт байршилтай авто зогсоолуудын өмчлөгч нар нь “СБ” ХХК-д хамааралгүй этгээдүүд гэх нөхцөл байдлыг няцаасан баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр 1,202,256 төгрөгийг хариуцагч Ч.Ааас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 48 байрны зоорийн давхарт байрлах 16а, 8а, 14 тоот хаягт байршилтай авто зогсоолуудын өмчлөгч нар нь өөрсдийн авто зогсоолын төлбөрийг бусдаар төлүүлж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодит нөхцөл байдлыг шүүхийн шийдвэр болон магадлалын дагуу олж авч байгаа тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.2.Ч.Ааас 12,025,019.82 төгрөгийг бүхэлд нь гаргуулсан тухайд: Нэхэмжлэгч “СП” ХХК нь 2020.03.24-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ЭЗ” ХХК-аас 11,576,893.75 төгрөг, “СБ” ХХК, Ч.А нараас 10,379,635.02 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “СП” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2020.05.19-ний өдөр 1,645,387 төгрөгөөр нэмэгдүүлж, 12,025,019.82 төгрөгийг “СБ” ХХК, Ч.А нараас мөн л хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч “СП” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд 12,025,019.82 төгрөгийн 50 хувь болох 6,012,509.91 төгрөгийг “СБ” ХХК-аас, 6,012,509.91 төгрөгийг Ч.А нараас шаардаж байсан нь тодорхой харагдаж байх боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ч.Ааас 12,025,019.82 төгрөгийг бүхэлд нь гаргуулж “СП” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Энэ нь анхан болоод давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэлийн шаардлагыг хэтрүүлэн шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасны дагуу хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж, “СБ” ХХК-аас шаардсан 6,012,509.91 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 48 байрны зоорийн давхарт байрлах 16а, 8а, 14 тоот хаягт байршилтай авто зогсоолуудын дулааны төлбөр 1,202,256 төгрөг нийт 7,214,765.91 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ч.Ааас гаргуулсан 12,025,019.82 төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагч Ч.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч “СП” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхрын Ү1 тоот орон сууцны 2015.12 дугаар сараас 2020.05.30-ны өдөр хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12,025,019.82 төгрөгийг “СБ” ХХК, Ч.А нараас, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхрын Ү2 тоот орон сууцны 2015.12 дугаар сараас 2019.02.28-ны өдрийг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11,576,893.75 төгрөгийг “ЭЗ” ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...тухайн орон сууцны өмчлөгч мөн боловч хэрэглэгч биш, гэрээг хариуцагч нартай байгуулаагүй тул хэрэглэгч болоогүй, Ч.Аын өмчлөлийн орон сууц нь гадагшаа хаалга гаргасанд маргахгүй гэхдээ аж ахуй нэгжийн тарифаар тооцож төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлгүй байх хугацаанд үйлчилгээний төлбөрийг шаардсаныг зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж маргажээ.

7.Анхан шатны шүүх хариуцагч “СБ” ХХК-д холбогдох 12,025,019 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, Ч.Ааас 12,025,019 төгрөг, “ЭЗ” ХХК-аас 11,576,893 төгрөгийг тус тус гаргуулах шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

8.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “СП” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг явуулж байгаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020.06.10-ны өдрийн 01/434 тоот албан бичиг, Дулаан түгээх эрхийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан 2014.05.01, 2016.09.08-ны өдөр байгуулсан гэрээ, 26/2017, 27/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020.06.09-ний өдрийн 2/800 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Ч.А эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040779 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхрын Ү1 тоот, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, хариуцагч “ЭЗ” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032406 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхрын Ү2 тоот, 256 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох талаар зохигч маргаагүй байна.

9.Анхан шатны шүүх Ч.А болон “ЭЗ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хангахдаа шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх болгон өөрчилжээ.

10.Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т зааснаас үзэхэд хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг тухайн хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулахаар, хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулахаар журамласан байна.

Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч нар ус, дулаан ашигласан нь тогтоогдсон тул тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар бодит үйлдлээр гэрээ байгуулагдсан гэж хоёр шатны шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй, төлбөрийн хэмжээг эрх бүхий байгууллагын тогтоосон тарифын дагуу нэхэмжлэгч тооцоолсныг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

11. Нэхэмжлэгч анх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхрын Ү1 тоот орон сууцны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12,025,019.82 төгрөгийг “СБ” ХХК-аас (1-р хх-1-2-р тал) шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Аыг хамтран хариуцагчаар татаж, уг мөнгийг тэдгээрээс адил тэнцүү хэмжээгээр гаргуулахаар (1-р хх-108, 162-р тал) нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн боловч хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөнгийг хамтран хариуцуулахаар шаардаж байгаагаа илэрхийлсэн нь хуралдааны тэмдэглэлд (2-р хх-43-р тал) тусгагдсан байна. Иймд шүүх тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь авсан үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэн мөнгийг Ч.Ааас гаргуулж, “СБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Мөн хэргийн баримтаар 48а байрны Ү1 тоотод Ч.Аын (1 гишүүнтэй) “СБ” ХХК үйл ажиллагаа явуулдгаас гадна уг байрны зоорийн давхрын 8а, 16а, 14 тоотод байршилтай автомашины зогсоолуудын өмчлөгч нар тус компанид хамааралгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул эдгээр нийт талбайн төлбөрийг өмчлөгч Ч.Ааас гаргуулсан нь хууль зөрчихгүй.

12.Иймд хариуцагч Ч.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1977 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.А /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан/-ын 2020.10.13-ны өдөр 130,387 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН