Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/01843

 

           2020        07          01                                         183/ШШ2020/01843

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Хан-Уул дүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 000/0, Зоорийн давхар, 00-П тоотод байрлах, С. п ХХК /РД:000000/-ын нэхэмжлэлтэй

       Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 00а байр, 0 давхарын Ү0 тоот давхарт байрлах, С. Б ХХК /РД:0000000/,

       Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 00а байр,  давхарын Ү0 тоот давхарт байрлах, Э ХХК /РД:0000000/,

        Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, туул гол гудамж, 00А байрны 00 тоотод оршин суух Ц овогт Ч.А /РД:ЧЛ00000000/ нарт холбогдох,

         Цэвэр, бохир ус болон халаалтын ашиглалтын зардалд нийт 23,601,913.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Сарангуа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч С.п ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхарын Ү0 тоотын өмчлөгч нь Ч.А бөгөөд Сайхан Булган ХХК-ийн захирал билээ. Иймээс тус Ү0 тоотын төлбөрийг тус компани болон Ч.А нараас 2015.12 - 2020.05.30-ны өдөр хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөр 12,025,019.82 төгрөгийг төлөөгүй. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхарын Ү0 тоотын орон сууцны өмчлөгч нь Эрхэт заяа ХХК нь 2015 оны 12 -2019.02.28-ныг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөр 11,576,893.75 төгрөгийг төлөөгүй. Иймд дээрх компани болон иргэнээс ашиглалтын зардалд нийт 23,601,913.57 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

       Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нар нь тухайн орон сууцны өмчлөгч мөн боловч хэрэглэгч биш. Учир нь ус дулаанаар хангах гэрээг хариуцагч нартаа байгуулаагүй тул хэрэглэгч болоогүй юм. Амгаланбаатарын өмчлөлийн орон сууц нь гадагшаа хаалга гаргасанд маргахгүй гэхдээ аж ахуй нэгжийн тарифаар тооцож төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлгүй байх хугацаанд үйлчилгээ үзүүлсэн гэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч С.п ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхарын Ү1 тоот орон сууцны 2015.12 - 2020.05.30-ны өдөр хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12,025,019.82 төгрөгийг Ч.А, Сайхан Булган ХХК нараас, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхарын Ү2 тоот орон сууцны 2015 .12 -2019.02.28-ныг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11,576,893.75 төгрөгийг Э ХХК-иас тус тус нэхэмжилж байна.

          Хариуцагч Ч.А, Э ХХК нар 2020.03.24-ны өдөр, хариуцагч Сайхан Булган ХХК 2020.02.06-ны өдөр иргэн Б.Л тус тус итгэмжлэл олгож, Б.Л нь хариуцагч нарыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /хх-93,110,111/

           Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхарын Ү0 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ч.А /РД:ЧЛ0000000/-ын нэг иргэний өмч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байр, 1 давхарын Ү0 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 256 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Э ХХК /РД:0000000/ нар болох нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч С.п ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан болох нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 00/000 тоот албан бичгээр, Дулаан түгээх эрхийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан 2014.05.01, 2016.09.08-ны өдөр байгуулсан тус тус гэрээ, 26/2017, 27/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 2/800 тоот албан бичгээр тус тус нэхэмжлэгч С. п ХХК үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байна.

        Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгааны, холбооны зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, тус тус төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Ч.А, Э ХХК-иас тус тус шаардах эрхтэй байна.

        Нэхэмжлэгч С.п ХХК нь анх 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

          Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд 2018 оны 2 сарын 15-нд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын ашиглатын төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ./хх-75/

        Нэхэмжлэгч С.п ХХК нь ус, дулаан нийлүүлэхээр хариуцагч нартай байгуулсан бичгийн гэрээ байхгүй байна.

          Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, мөн хуулийн 148.3-д Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заажээ.

         Нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлээр дамжуулж ус, дулааны үйлчилгээг авч ашиглаж байгаа бөгөөд гэрээ байгуулаагүй үндэслэлээр ашиглалтын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

         Түүнчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 42.8-д Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заажээ.

         Ус, дулаан нийлүүлэх гэрээ байгуулах хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул амаар гэрээ хийж болох бөгөөд үйлчилгээ авч буй иргэн, аж ахуй нэгж тухайн үйлчилгээг авч, ус дулаанаар хангуулсан нь өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

            Нэхэмжлэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 44 дүгээр тогтоол, хавсралтын хамт, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 50 дугаар тогтоол, хавсралтын хамт, 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 94 дүгээр тогтоол, хавсралтын хамт, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 91 дүгээр тогтоол, хавмралтын хамт, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 32 дугаар тогтоол, хавсралтын хамт, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 23 дугаар тогтоол, хавсралтын хамт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 194 дүгээр тогтоол, хавсралтын хамт, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 204 дүгээр тогтоол, хавсралтын хамт, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 214 дүгээр тогтоол, хавсралтын хамт, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар тогтоол, хавсралтын дагуу тус тус батлагдсан үнэ тарифаар ашиглалтын төлбөрийг тооцож нэхэмжилсэн байна.

          Хариуцагч нь Ү1 тоотын өмчлөгч Ч.А аж ахуй нэгжээр тооцож төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолын дагуу батлагдсан Аж ахуйн харилцааны дүрмийн 5.3.9-д Орон сууцны барилгын зориулалтыг өөрчлөн тусгайлан хаалга гадагш гаргаж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа тайлбайгаас эзлэхүүнээр, бусад хүн амьдарч байгаа талбайгаас талбайн хэмжигдэхүүнээр тооцно гэж заасны дагуу Ү1 тоотын ашиглалтын зардлыг талбайн эзлэхүүнээр тооцож төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Мөн Ү1 тоот нь хаалга гадагш гаргасан талаар зохигчид маргаагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбараар уг үл хөдлөх хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байх тул төлбөрийг эзлэхүүнээр тооцсон нь холбогдох журмыг зөрчөөгүй байна.

         Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхарын Ү1 тоот орон сууцны өмчлөгч Ч.А 2015.12 - 2020.05.30-ны өдөр хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12,025,019.82 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 48а байрны 1 давхарын Ү2 тоот орон сууцны өмчлөгч Э ХХК-иас 2015.12-2019.02.28-ныг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11,576,893.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.п ХХК-нд олгож, хариуцагч Сайхан булган ХХК-иас нэхэмжилсэн ус, дулааны төлбөр 12,025,019.82 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /хх 191-198/

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Сайхан булган ХХК-нд холбогдох 12,025,019.82 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.А халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 12,025,019.82 төгрөг, Эрхэт заяа ХХК-иас халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11,576,893.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.п ХХК-нд олгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 309,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.А 207,350 төгрөгийг, хариуцагч Э ХХК-иас 200,180 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С. п ХХК-нд олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                            Ц.ОЮУНБИЛЭГ