Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00849

 

*******ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01813 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1865 дугаар магадлалтай,

 *******ны нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, бусдын хууль бус эзэмшлээс уг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай үндсэн, тус амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан, Ж.Эрхбилгүүн, хариуцагч *******, өмгөөлөгч М.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, *******гийн хууль бус эзэмшлээс уг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасны хариуцагч эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргажээ.

 2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.30-ны өдрийн 183/ШШ2020/01813 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206019778 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах 537,84 м.кв талбайтай, хоёр давхар амралтын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ийг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* /РД:КЮ58052776/-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206019778 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,588,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,334,253 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн 1865 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.30-ны өдрийн 183/ШШ2020/01813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,588,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал тус бүрийг эс зөвшөөрч 167.5, 172.2.1-д заасныг үндэслэн ... шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр доорх гомдлыг гаргаж байна.

4.1 Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2, 116.3-т заасныг зөрчиж хэргийн бодит байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн шүүх нь Банкны тухай хуулийн 69.1.1, 69.1.7, Төв банкны тухай хуулийн 23.2.1 заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хариуцагчид Иргэний хуулийн 105-р зүйл 105.1, мөн хуулийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй гэж дүгнэсэн ч үндэслэлгүй болно.

4.2 Шүүх нь нэхэмжлэгчийн банк хоорондын эрх шилжүүлсэн гэрээг үндэслэн маргааны зүйлийг тодорхойлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий орон сууц нь дан ганц банкны хөрөнгөөр бий болоогүй талаарх нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн. Энэ талаар хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаж холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх эд хөрөнгө нийлсэн, холилдсон талаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

4.3 Бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж 76А байр нь банкны болон хариуцагч ******* түүний гэр бүлийн хөрөнгөөр боссон байхад шүүх нь шударга өмчлөгчийг тогтоож, зохигчдын аль нэгийг өмчлөгчөөр тогтоож, нөгөө тал болох банкинд эсвэл *******д гаргасан мөнгөн хөрөнгийг гаргаж шийдвэрлэх боломж байтал хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4 Шүүх нь ******* маргаан бүхий орон сууцанд 15 жил амьдарсан Иргэний хуулийн 105-р зүйлд заасан уг орон сууцыг өмчлөх давуу эрхтэйг огт харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.5 2008 онд Монгол банк нь Анод банкинд бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч томилсон тухайн үеэс Анод банкны хөрөнгүүдийг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйл үйлчлэх үндэслэл болох байтал шүүх мөн хугацаа үйлчлэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болно.

4.6 Нэхэмжлэгч нь зөвхөн Анод банкны шийдвэрүүдийг үндэслэн орон сууцанд орсон мөнгөн хөрөнгийг тооцсон байдаг. Бодит байдал дээр санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд гарган өгөөгүй, анхан шатны шүүх нь маргаан бүхий орон сууцыг үнэлгээ хийлгэх хариуцагчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй зэргийг давж заалдах шатны шүүх нь анхаарч үзэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй болно.

4.7 Шүүх нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг мөн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг хуульд заасан журмаар шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019778 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь ******* ба Анод банк ХК дахь эрх хүлээн авагчийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 0214/313 дугаартай Актив хөрөнгө шилжүүлэх гэрээний үндсэн дээр маргаан бүхий сууцны өмчлөх эрхийг олж авах учиртай гэж үзсэн бол хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг барихад гарсан зардлын тодорхой хэсгийг хувийн хөрөнгөөсөө гаргасан, Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрх олж авах давуу эрхтэй, ******* маргаан бүхий сууцыг өмчлөх эрхдээ олж авахаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ******* нь тус хувийн сууцны өмчлөгч байх нийтийн эрх зүйн боломжгүй гэх үндэслэлийг дурдаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн дээрх үндэслэлд суурилан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019778 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 7. Анхан шатны шүүх маргаан бүхий хувийн сууцыг Анод банк ХК-ийн зардлаар барьсан бөгөөд энэ үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийг олж авсан, улмаар Анод банк ХК нь *******наас авсан зээлийн буцаан төлөлтийн үлдэгдэл төлбөрт тооцон зарим хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл байгуулж, сууцны өмчлөх эрхийг *******инд шилжүүлэх үүрэг хүлээсэн, ******* сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.7, Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д заасан хязгаарлалтад хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хангаж, хариуцагч *******гийн эзэмшил Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан хууль ёсны эзэмшилд тооцогдохгүй байх тул сууцыг чөлөөлөхийг хариуцагчид даалган, эдгээр үндэслэлээр сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээг үндэслэл бүхий болсон гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 8. Хариуцагчийн өмгөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

 9. Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах амралтын байрны зориулалттай, 537,84 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Анод банк ХК-ийг бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019778 дугаар олгосон байх ба уг бүртгэлийг үнэн зөв гэж үзэн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Актив хөрөнгө шилжүүлэх гэрээг Анод банк ХК-ийн эрх хүлээн авагчтай байгуулан ******* өмчлөх эрх олж авахаар тохирсон нь хуульд нийцсэн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 10. ******* Актив хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олж авах нь Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т заасан хязгаарлалт буюу ашиг олох зорилгоор хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Тодруулбал, Анод банк ХК-ний эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.7-д заасны дагуу банкны хөрөнгийг хуульд заасан зорилгоор захиран зарцуулах эрхтэй бол Төв банк нь Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д заасны дагуу авлага барагдуулах зорилгоор боломжтой хугацааны дотор худалдах нөхцөлтэйгөөр хөрөнгө олж авах эрхтэй байна. Төв банк хадгаламж эзэмшигчдийн авлагыг барагдуулах банкны эрх хүлээн авах ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор олгосон зээлийнхээ эргэн төлөлтөд тооцож Анод банк ХК-ийн өмчлөлийн хөрөнгийг олж авсан нь дээр дурдсан хязгаарлалтад хамаарахгүй. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 11. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж босгосон тул өмчлөх эрхийг анхдагч аргаар олж авах үндэстэй гэх татгалзлаа хариуцагч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлсэнгүй. Түүнчлэн хариуцагч ******* нь 2004-2008 онд Анод банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан талаараа хариу тайлбартаа дурдсан байх ба энэ хугацаанд Анод банк ХК-ийн санхүүжилтээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө баригдаж байгаа талаар компанийн бүртгэл, тооцооллын баримт бичигт тусгагдаж байгааг мэдэх боломжтой байжээ. Гэвч хариуцагч ******* компани уг сууцыг барих санхүүжилтгүйн улмаас хувийн хөрөнгөөр үргэлжлүүлэн барьж байгаа талаараа компанид мэдэгдсэн, уг сууцыг өмчлөх эрх үүсэх боломжтой талаар санал, хүсэлт гаргаж байсан тухай аливаа баримт хэрэгт авагдаагүй байна.

 12. Түүнчлэн хариуцагч Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан үндэслэлээр өмчлөх эрх олж авах үндэстэй гэж маргасныг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан давуу эрхийн зохицуулалт хариуцагчид үйлчлэхгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг нь эд хөрөнгийн өмчлөгч өмчлөх эрхээ сайн дурын үндсэн дээр бусдад шилжүүлэх үед уг эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн хугацаанд хууль ёсоор эзэмшил, ашиглалтдаа байлгасан этгээд өмчлөгчөөс бусад этгээдэд санал болгох нөхцөлийг хүлээн зөвшөөрөх замаар өмчлөх эрх олж авах давуу эрхтэйг зохицуулсан бөгөөд дан ганц эзэмшлийг үндэслэн эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр шууд шилжүүлэн авах давуу эрхийн тухай ойлголт биш. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 13. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* маргаан бүхий сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргадаг бөгөөд давж заалдах шатны шүүхээс ... тухайн маргаан нь өмчлөх эрхийн маргаан тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй ... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаагаар татгалзах, зөвшөөрөх асуудал гагцхүү гэрээ байгуулсан талуудын хооронд үйлчлэх бөгөөд хариуцагч ******* нь Актив хөрөнгө шилжүүлэх гэрээний аль нэг тал биш, тус гэрээний талууд нь ******* ба Анод банк ХК-ний эрх хүлээн авагч нар болно. Улмаар уг гэрээний дагуу хөөн хэлэлцэх хугацааны татгалзлыг гаргах эсэх нь хариуцагчийн бус Анод банк ХК-ийн эрх хүлээн авагчийн эрхийн асуудал юм. Маргаан бүхий тохиолдолд зохигчдын хооронд гэрээний бус эдийн баялгийн эрх зүйн харилцаа үүсэж буй тул гэрээний эрх зүйн хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхгүй.

 14. Дээр дурдсан үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019778 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ийг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01813 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1865 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 2,588,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

                                                                     ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                                                                     Б.МӨНХТУЯА

                                                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД