Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01533

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/01052 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК,

Хариуцагч Д.Ж-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4 623 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хохиролд 1 680 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.Ж-тай гэрээ байгуулж түүний эзэмшлийн хашаанд гүний худгийн цооног өрөмдөхөөр тохиролцсон. Д.Ж нь 1 тууш метрийг нь 80 000 төгрөгөөр тооцож 82 метр гүн өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд ажлыг хийж гүний худгийн цооногийг гаргасан. Д.Жгаас 2017 оны 5 дугаар сарын 18-нд гүйцэтгэх ажлын хөлсний 50 хувь болох 3 264 000 төгрөг шилжиж ирсэн ба үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл төлж барагдуулаагүй.

Өрөмдлөг хийсэн цооногт нуралтаас хамгаалсан шүүрийн ПВС хоолойг 82 метрийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулсан ба гүний худгийн насос, ус өргөх хоолой 80 метр, цахилгааны кабель 85 метр, бэхэлгээний тросс 160 метр, худгийн таг зэргийг компани өөрийн хөрөнгөөр худалдан авч Д.Ж-ийн худагт хийж хүлээлгэн өгсөн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3 296 000 төгрөг, 82 метр ПВС хоолойн үнэ 410 000 төгрөг, гүний насос, ус өргөх хоолой, цахилгааны кабель, бэхэлгээний тросс, худгийн таг зэргийн үнэ 917 000 төгрөг, нийт 4 623 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүний худаг гаргахаар тохиролцох үед хажуу айл хамт хэрэглэж болох талаар тодруулахад “болно, нэг удаа гарахдаа 1-2 тонн ус гарна кноп дараад ус гарна, уснаас дээж авч шинжилгээнд өгч хариуг худгийн паспорт дээр бичилт хийлгэж, акт үйлдэн хүлээлгэж өгнө”, мөн худгийн гаднах байдлыг яг газрын гадаргуутай тэгш хийж, бетонон хамгаалалттай байхаар тохирсон ч хэлэлцэж тохирсон ажлаа бүрэн хийж өгөөгүйгээс гадна ажил гүйцэтгэж байхдаа байшинг шавраар будаж үзэмжид нь хохирол учруулсан.

Нэхэмжлэгч компани хийж байсан ажлаа хүлээлгэж өгөлгүй дутуу хаяад явсан тул манай нөхөр хувиараа зохих хөлсийг төлж янзлуулж ашиглалтад оруулсан. Ажил хүлээлцсэн акт хэмээх баримтад гарын үсэг зурсан манаач гэх хүн хэн болох нь тодорхойгүй, манайд манаач гэж хүн байдаггүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч компани нь өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байхдаа манай байшинг шавраар будаж үзэгдэх үзэмжид нь хохирол учруулсан. Байшингийн ханыг бохирдуулсан байдлыг засаж янзлахад 1 680 000 төгрөг шаардлагатай талаар “Мон-үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт гарсан. Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-аас 1 680 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Өрмийн багажны ир мохсон байдлаас байшинг бохирдуулсан гэсэн агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд ир гэх зүйл өрмийн машинд огт байдаггүй, газрын гүнд тусгай зориулалттай алмазан хошуутай цохилтот алхтай багажаар хийн компрессор ашиглан өрөмддөг. Байшиндаа хэт ойр буюу 2 метр орчим зайд өрөмдөх газраа заасан, энэ тухай тодруулахад энд ус гарахаар мэргэжлийн байгууллага тодорхойлсон гэх тайлбарласан бөгөөд бид ямар нэг хохирол учруулаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 2 886 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 737 000 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгчээс 1 680 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 918 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61 126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Талууд гэрээг бичгээр хийгээгүй бөгөөд ярилцаж харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хашаанд худаг гаргаж өгөхөөр болж, хариуцагч нь урьдчилгаа төлбөр 3 264 000 төгрөгийг төлж, ажил бүрэн хийж гүйцэтгэсний дараагаар үлдэх төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүйгээр орхиж явсан. Гэтэл анхан шатны шүүх нь “Э” ХХК-ийг гэрээгээр тохиролцсон ажлаа бүрэн хийж дуусгасан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хоорондын тохиролцоогоор хэвийн үйл ажиллагаатай, ямар нэгэн доголдолгүй худгийг хүлээлгэн өгөх үүргийг ажил гүйцэтгэгч нь хүлээсэн. Хэрэв хөрс нь нуралттай бол түүнийг хамгаалсан хамгаалалтыг ажил гүйцэтгэгч хийх ёстой байсан. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь хариуцагчид танай хөрс нуралттай, хайрган хөрстэй, иймээс нэмэлтээр ПВС хоолой суулгах шаардлагатай гэх тайлбарыг огт хэлж байгаагүй. Мөн нэхэмжлэгч талаас асуулгасан гэрч Н.Батбилэгийн мэдүүлгээр зөвхөн компаниас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн талаар хэлсэн. Нэмэлт ажил хийсэн эсхүл хөрсний онцгой байсан талаар ямар нэг зүйл дурдаагүй байхад анхан шатны шүүх ямар ч нотлох баримтад үндэслээгүй хууль бус дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцсон ажлыг гүйцэтгэж байх явцдаа хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учруулсан. Гэтэл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгчийн эд хөрөнгөд шавар үсэрч болох талаар мэдэгдээгүй. Мөн эд хөрөнгөд хохирол учирсан нь гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зураг, үзлэгийн тэмдэглэлээр тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх хохирол учраагүй мэтээр хэт хийсвэрээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр хариуцагч нь өөрийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгахад хэдэн төгрөг шаардлагатай болох талаар дүгнэлт гаргуулж хэрэгт өгсөн. Түүнчлэн хохирлын хэмжээг тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Д.Жд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4 623 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж марган, эд хөрөнгөд хохирол учруулсан хэмээн 1 680 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх.80/

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Баянголын аманд байрлах хашаанд худаг гаргуулахаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ш.Ганбаттай харилцан тохиролцож, гэрээний урьдчилгаанд 3 264 000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч 82 метр гүн худгийг өрөмдөж хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талууд гэрээний гол нөхцөлийг харилцан амаар тохиролцсоноор ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. Нэхэмжлэгч нь тууш метрийг 80 000 төгрөгөөр өрөмдөхөөр тохиролцсон гэх боловч хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” /хх.6-7/ гэх баримтад хариуцагч Д.Ж гарын үсэг зураагүй байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр хийгдсэн гэрээ гэж үзэхгүй.

“Э” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлыг дутуу орхиж явсан, манайх худгийг хүлээж аваагүй гэж хариуцагч тайлбарласан ч 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Э” ХХК ажлыг хүлээлгэн өгсөн нь гэрч Ц.Эрдэнэ-Очирын мэдүүлгээр болон хариуцагч худгийг ашиглаж байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар талууд ажил гүйцэтгэх гэрээг аман хэлцлээр байгуулжээ. Иймд нэхэмжлэгч “Э” ХХК Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гэрээний төлбөрийг шаардах эрхтэй ба шүүх гэрч Б.Энхтуяагийн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбарыг үндэслэн 82 тууш метр өрөмдлөгийн ажлыг 1 тууш метрийг 70 000 төгрөгөөр тооцож 5 740 000 төгрөгөөс хариуцагчаас гэрээний урьдчилгаанд төлсөн 3 246 000 төгрөгийг хасч, үлдэх 2 476 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс гадна өрөмдлөг хийсэн цооногт нуралтаас хамгаалж суурилуулсан шүүрийн ПВС хоолойны үнэ 410 000 төгрөгийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу “Э” ХХК нь ПВС хоолойг суулгаж захиалагчийн эд хөрөнгөд үлдээсэн тул шүүх хариуцагчаас ПВС хоолойны үнэ 410 000 төгрөгийг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч нь “Э” ХХК-ийг өрөмдлөгийн ажил гүйцэтгэх явцдаа байшингийн ханыг шавраар будаж үзэмжгүй болгосон, шатахуун тослох материал асгаж орчны хөрсийг бохирдуулсан гэж хохиролд 1 680 000 төгрөг гаргуулахаар шаардсантай холбоотойгоор шүүх хариуцагчийн байшинд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр /хх.115-117/ хохирол учирсан талаарх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/01052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                               ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ