Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01033

 

М.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2020/00013 дугаар магадлалтай,

М.Нийн нэхэмжлэлтэй,

Д.Пд холбогдох,

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч М.Н болон түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Д.Пд холбогдуулан “ХБ” ХХК-ийн зээлийн барьцаанд Сүмбэр сум 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Энэ хэрэгт “ХБ” ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргажээ.

2.Говь-сүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасныг баримтлан М.Нийн нэхэмжлэлтэй Д.Пд холбогдох “ХБ” ХХК-ийн зээлийн барьцаанд Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Говь-сүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2020/00013 дугаар магадлалаар: Говь-сүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Н болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч М.Нийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч М.Н, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг хэрэглээгүй гэж хяналтын шатны гомдол гаргаж байна. Магадлалд:

...хариуцагч Д.П нь барьцааны зүйл болох орон сууцыг хууль бусаар олж авсан, хууль ёсны өмчлөгч нь уг үл хөдлөх эд хөрөнгөө түүний хууль бус эзэмшлээс гаргуулан авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь,

Барьцаалагч “ХБ” нь барьцаалуулагч Д.Пг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол тэрээр Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар шударга эзэмшигч болно гэсэн нь тус тус үндэслэлгүй хуульд нийцэхгүй байна. Үндэслэл нь:

4.1.Хариуцагч Д.Пг барьцааны зүйл буюу маргаан бүхий орон сууцыг хууль бусаар дүр үзүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгө олж авсныг Улсын дээд шүүхийн Иргэний танхимын 2017.09.19-ний өдрийн 0011ХТ2017100978 дугаар тогтоолоор тогтоож мөн тогтоолоор тус орон сууцны өмчлөгчөөр Д.Пгаас Г.Янжинсүрэнд шилжүүлэхээр хянан шийдвэрлэсэн. Говь-сүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.22-ны өдрийн 121 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч М.Нийн шаардлагын дагуу Г.Янжинсүрэнгийн өмчлөлд байсан маргаан бүхий орон сууцыг М.Нийг өмчлөгчөөр тогтоосон.

4.2.Барьцаалагч “ХБ” нь барьцаалуулагч Д.Пг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Барьцааны зүйлийн чанар байдлыг шалгаж барьцаалах эрхгүйг мэдэх, мэдэх боломжтой байсан болно. Өөрөөр хэлбэл тухайн маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч М.Нийн төрсөн хүү Э.Ууганбаатар гэр бүлийн хамт 2010 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ба барьцаалагч “ХБ” нь хуулийн дагуу барьцааны чанар байдлыг шалгасан бол хариуцагч Д.Пг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхгүй гэдгийг мэдэх боломжтой байсан.

Иймд эрхэм шүүх бүрэлдэхүүн барьцаалагч “ХБ” ХХК барьцаалуулагч Д.П нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар дуусгавар болгож нэхэмжлэгч М.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6.Нэхэмжлэгч М.Н хариуцагч Д.Пд холбогдуулан түүний “ХБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж үндэслэлээ тайлбарлахдаа, “бусдаас Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг худалдан авч, улмаар банкнаас зээл авах зорилгоор Г.Янжинсүрэнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, Г.Янжинсүрэн өмчлөх эрхийг авсан үедээ орон сууцыг Д.Пд худалдсан, Д.П нь “ХБ” ХХК-аас зээл авч зээлийн барьцаанд орон сууцыг тавьсан байна, шүүхийн шийдвэрээр худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөгч миний эрхийг сэргээсэн, иймээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч эс зөвшөөрч “орон сууцыг бусдаас худалдан авсан боловч байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны гэрээний нэг тал болох “ХБ” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, “барьцааны эрхийг шударгаар олж авсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн тайлбарыг гаргасан байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хийвэл зохих дүгнэлтийг хийж, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 183 дугаар зүйлийн 183.1, 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

8.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, “шүүхийн шийдвэрээр М.Н болон Г.Янжинсүрэн нарын, Г.Янжинсүрэн болон Д.П нарын хооронд байгуулагдсан Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот орон сууцтай холбоотой бэлэглэлийн ба худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн, нэхэмжлэгч М.Нийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь Д.П болон “ХБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

9.Д.П орон сууцыг өмчлөх эрхтэй байхдаа “ХБ” ХХК-аас зээл авч, уг гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд талууд гэрээ байгуулах үед хэн аль нь өмнөх өмчлөгчид болох Г.Янжинсүрэн М.Н нарын хооронд дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрх М.Нээс Г.Янжинсүрэнд шилжсэн болохыг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан, иймд хүчин төгөлдөр бус худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

11.М.Н шүүхийн шийдвэрийн дагуу барьцаанд байгаа орон сууцны өмчлөгч болсон нь “ХБ” ХХК-ийн барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй, тухайлбал, тус банкийг барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэх нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасантай нийцэхийг өмнө гарсан шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсан байна.

12.Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын шатны гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2020/00150 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 216/МА2020/00013 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.Нийн 2020.10.27-ны өдөр 280,450 төгрөг төлснийг улсын орлогод оруулсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД