Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 01282

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00862 дугаар шийдвэртэй, Ж.М-ын нэхэмжлэлтэй, “Б” СӨХ-д холбогдох

“Б” СӨХ-ны 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөн өдрийн хурлаас гарсан 01, 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Ц.Э, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Б” СӨХ нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сууц өмчлөгчдийн хурал хийж нийт 330 өрхөөс 70 орчим хүн хуралд оролцож, өөрийн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг сонгох сонгууль болсон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй хурлаас удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг хууль бусаар сонгож, М.Б-ыг томилж хууль бус үйл ажиллагаа явуулсан юм. Энэ талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Дээд зөвлөлөөс “Б” СӨХ нь хууль зөрчсөн байна гэсэн хариу өгсөн юм.

       Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Б” СӨХ-ны 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр буvд тооцож, хурлаас гарсан 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай, “Б” СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай “Б” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” СӨХ нь 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8, 9, 10 дугаар заалтыг үндэслэн нөхөн сонгуулийг хоёр удаа зохион байгуулан явуулсан байна. Тус сууц өмчлөгчдийн холбооны захирал асан Т.Д 2016 оны 12 дугаар сард хүнд өвчний улмаас нас барсан. Иймээс “Б” СӨХ болон Удирдах зөвлөл нь удаа дараа нөхөн сонгуулийг зарласан боловч ирц хүрэхгүй хойшилж, улмаар 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион явуулахаар болж, оршин суугчдын ирц 75 хүн ирсэн боловч ирц хүрээгүйд тооцож “Б” СӨХ-ны захирлын түр орлон гүйцэтгэгч Н.Э түүний удирдлагын баг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

        “Б” СӨХ-ны захирлыг нөхөн сонгох 2 дахь удаагийн хурлыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс зарлаж, нэр дэвшигч болох М.Б, Ж.М нарыг тодруулж хуульд заасан ёсоор оршин суугчдын дунд 14 хоногийн хугацаанд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажлыг эхэлсэн. Тус СӨХ-ны захирлыг нөхөн сонгох хурлыг хуульд зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт Улаанбаатар их сургуулийн хурлын танхимд явуулахад нийт 300 гишүүнээс биеэр 93 хүн, өмнөх 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралд биеэр ирж бэлнээр саналаа өгсөн 30 хүн, 04 дүгээр сарын 01-ний хуралд биеэр оролцох боломжгүй бичгээр саналаа ирүүлсэн 30 хүн бүгд 153 хүн хуралд оролцож, хуульд заасны дагуу 50+1 хувьд хүрсэн тул хүчинтэйд тооцож хурал эхэлсэн.

        Тус холбооны захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч М.Б, Ж.М нар 14 хоногийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан гэж үзээд санал асуулт явуулж, сонгон шалгаруулалтыг нууцаар явуулж саналын хуудсыг тоолоход нэр дэвшигч М.Б 53 хүний санал, нэр дэвшигч Ж.М 32 хүний санал авч, нэр дэвшигч М.Б ялалт байгуулсан. “Б” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгон шалгаруулалт явуулахад байр бүрээс нэг хүн дэвшүүлэхэд М.Г /15 байр/, Л.Э/ 202 байр/, А.Ц /203 байр/, С.З /203 байр/, Д.М /205 байр/ нарыг оршин суугчид санал нэгтэй баталж, удирдах зөвлөлийн гишүүдээс удирдах зөвлөлийн даргыг сонгоход Л.Э-ыг 100 хувийн саналаар баталсан. Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дүрэмд заасан ёсоор анхны хурлаа 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр СӨХ-ны даргын өрөөнд зохион байгуулж, хурлыг дэгийн дагуу удирдах зөвлөлийн дарга Л.Э удирдан тус сууц өмчлөгчдийн холбооны захиралд нэр дэвшин ялалт байгуулсан М.Б-тай гэрээ байгуулж, 2017 онд хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэн баталж, удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, ажил хийх нөхцөл бололцоог хангаж өгсөн. Энэ хурлын үеэр шинээр томилогдсон гишүүдийг ажлаа мэдэхгүйг овжин ашиглан нягтлан бодогч Н.Ч би энэ хурлын протоколыг сууц өмчлөгчдийн дээд зөвлөлд даруй очиж танилцуулна гэж хэлээд гишүүд гарын үсгээ бүгд зураагүй байхад авч яваад Сууц өмчлөгчдийн Дээд зөвлөлийн удирдлагын гишүүд, дарга н.Г-д буруу ташаа мэдээлэл өгч “Б” СӨХ-ны захирлын нөхөн сонгон шалгаруулалтын хурал ирц хүрээгүй хүчин төгөлдөр бус болсон гэж ойлгуулан албан бичиг шүүхэд хүргүүлэн хууль бус ашиг сонирхлын улмаас Ж.М-ын талд үйлчилсэн нь тодорхой болсон. СӨХ-ны захирал агсныг 12 сард нас барсны дараахан Ж.М айл өрх оршин суугчидтай уулзаж, СӨХ-ны даргад намайг дэмжээрэй гэж гарын үсэг зуруулж байсан тухай “Б” СӨХ-ны захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Э бидэнд энэ тухай хэлсэн юм.

    Иймд удирдах зөвлөл хэлэлцээд Ж.М-ыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, ашиг сонирхлын зөрчилтэй нягтлан бодогч Н.Ч нартай холбоотой гэж үзэж байна. “Б” СӨХ-ны оршин суугчдын олонхийн саналыг хүндэтгэн үзэж хуулийн хүрээнд шударга үнэн зөв шийдвэр гаргана гэж итгэж байна гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тус хурлаар 2016 оны тайлан, СӨХ-ны гүйцэтгэх захирал томилох асуудлыг хэлэлцэх зарыг тараасан. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуралд 93 хүн ирж, 32 хүн бичгээр санал илэрхийлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц, байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-т заасны дагуу бичгээр санал ирсэн. Хэлэлцэх асуудал өөрчлөгдөөгүй тул санал нь хүчинтэй. Б СӨХ нь 300 гишүүнтэй ба бичгэр 63 хүн саналаа өгснөөс 3 хүнийг хасч 60 хүний санал, биеэр 93 хүн оролцсон тул хүчинтэйд тооцох боломжтой. Нэхэмжлэгч ирцэндээ хүрээгүй гэж маргаж байгаа.СӨХ-д 341 гишүүн байхгүй. Иймд хурал хуульд заасан шаардлага хангасан. Ирц хүрсэн удирдах зөвлөлийн хурал хүчин төгөлдөр байна. Бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүнийг томилж, тус хурлын шийдвэрх хуулийн шаардлага хангасан. Нэхэмжлэгч өмнө нь удирдах зөвлөлд ажиллаж байгаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан, “Б” СӨХ-ны 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоож, дээрх хурлаас гарсан 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай, “Б” СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай “Б” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М-т олгож шийдвэрлэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо:

      1. Шүүх нотлох баримтыг тал бурээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолпюй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. “Б" СӨХ нь нийт 300 гишүүнтэй бөгөөд бүх гишүүдийн хурал 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болж хуралдаанд 93 гишүүн биеэр оролцож 63 гишүүн бичгээр урьдчилан саналаа өгч гишүүдийн ирц 156 болж хурал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дуидын өмчлөлийн эд хөрөнгийн тухай Монгол улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно" гэж заасны дагуу хүчин төгөлдөр болсон. Гэтэл тус холбооны 63 гишүүн мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт "...эсхүл хэлэлцэх асуудлын талаарх саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна" гэж заасны дагуу саналаа санал авах хуудсаар өгснийг тухайн үеийн удирдах зөвлөлийи гишүүн Н.Ч бүртгэсэн тухай бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байтал шүүхээс өөрөө гарын үсэг зураагүй гэж дүгнэн, дээрх заалтыг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Дээрх хуулийн заалтаас  үзвэл "санал авах хуудсаар урьдчилаи өгч болно" гэсэн болохоос санал өгөх хэлбэр, шаардлагыг нарийвчлан зохицуулаагүй, заавал гарын үсэг зурсан байхыг шаардахгүй гэж үзэж байна. Нөгөө талаас нэхэмжлэгч талаас дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж, үгүйсгэж чадаагүй.

    "Б” СӨХ-ны бүх гишүүдийн хурал 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуралл 205 дугаар байрны 72 оршин суугчаас 26 гишүүн, 203 дугаар байрнаас 25 гишүүн, 202 дугаар байрнаас 20 гишүүн 15 дугаар байрнаас 22 гишүүн нийт 93 гишүүн хуралд оролцож ирц бүртгүүлсэн тухай 9 хуудас бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл шүүх хэн хэн хүрэлцэн ирсэн нь тодорхойгүй гэсэн эргэлзээтэй дүгнэлт өгсөн. Тодруулбал бүртгэлийн хуудасны "нэр" гэсэн хэсэгт оролцох ёстой гишүүдийн нэрсийг жагсааж бичээд хоёр дахь хүснэгтэд "ирсэн хүний нэр'"-ийг тодорхой тэмдэглэсэн байтал шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд "70 орчим хүн хуралд оролцсон" гэснийг хариуцагч талаас биеэр 93 хүн, бичгээр 63 хүн саналаа өгсөн гэж маргадаг. Гэтэл шүүх тухайн хуралд нэг ч хүн ирээгүй гэж дүгнэсэн нь тус СӨХ-ны олонх 156 гишүүний эрх ашгийг хөндөж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна. Хариуцагч талын нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэх замаар хэргийг шийдвэрлэж нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагчийг хууль зөрчсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй. Талууд хурлын ирц дээр маргаж байхад шүүх тус СӨХ нь нийт хэдэн гишүүнтэй болох хэдэн гишүүн оролцсоноор хурлын ирц хуулийн дагуу хүчинтэй болох асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа ирц бүрдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

  СӨХ-ны 15 дугаар байрны оршин суугчдийн тоог гаргуулсан Төрийн банк болон Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн тодорхойлолт түүнд хавсаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан боловч шүүхээс үнэнэлт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч Ж.М-ын ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шүүхээс тодруулаагүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан сууц өмчлөгч гэдгийг нотлох үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, сууц өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс тодруулж, дүгнээгүй байна.

   2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д "... нэг удаа хойшлуулах" гэж заасныг ноцтой зөрчиж, хоёр удаа нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан "Мэтгэлцэх зарчим"-ыг алдагдуулсан.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх ёстой.

Гэтэл тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Б” СӨХ-ны захирлыг томилох тухай, мөн өдрийн 02 дугаартай “Б” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай тогтоол гараагүй болох нь хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн “Б” СӨХ-ны удирдах зөвлөлийн 01, 02 дугаар тогтоолуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, бүх гишуудийн хурлаас 01, 02 дугаар тогтоол гараагүй байхад түүнийг хүчингүй болгон шийдвэрлэсэн, ийм тогтоол буюу маргааны зүйл байхгүй тохиолдолд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

      Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч ”Б” СӨХ-д холбогдуулан “Б” СӨХ-ны 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцож, СӨХ-ны удирдах зөвлөлийн мөн өдрийн 01 тоот “Захирлыг томилох тухай”, 02 тоот “Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

      Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 15, 202, 203, 205 дугаар байрны оршин суугчид “Б” СӨХ-г үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан ба тус холбооны захирал Т.Д нь 2016 оны 12 дугаар сард өвчний улмаас нас барсан тул 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр товлон зарласан бүх гишүүдийг хурал ирц хүрээгүй үндэслэлээр хойшлогдож, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр товлон зарлагдсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. 

       Сууц өмчлөгчдын холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар холбооны эрх бүхий дээд байгуулага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд хурал нь ээлжит, ээлжит бус байхаар зохицуулжээ. Тус “Б” СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хуралдсан талаар тус хурлын тэмдэглэлд тусгагдсан ба нэхэмжлэгч тал уг ээлжит бус хурал болон хурлаас гарсан эрхийн актуудыг хүчинтэй гэж, харин хариуцагч тал уг ээлжит бус хурлыг хууль зөрчөөгүй тул шийдвэрүүд хүчинтэй гэж маргасан байна.

      Нэхэмжлэгч Ж.М нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 205 дугаар байрны 67 тоотод оршин суудаг болох нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шилжин ирсэн тухай тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг хариуцагч “Б” СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж үзэж болох тул Ж.М нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

     “Б” СӨХ-ны 15, 202, 2003, 205 дугаар байрнуудын оршин суугчдын бүх гишүүдийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын ирцийн талаарх баримтуудад  оршин суугчдын зурсан гарын үсэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаагаас гадна нэг хүний гараар хөтөлсөн баримтыг үндэслэн тухайн оршин суугч бүр энэ хуралд эчнээгээр оролцож олонхийг дэмжсэн гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, “Б” СӨХ-ны бүх гишүүдийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. 

     Хариуцагч “Б” СӨХ нь ээлжит бус хурал хийхдээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан ирц бүрдүүлсэн байх шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хяналтын зөвлөлд саналыг танилцуулсан гэх нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

    Бүх гишүүдийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурал, хурлаас гарсан 01, 02 тоот тогтоолуудыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

        Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах байтал 2 удаа хойшлуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00862 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                            Д.БАЙГАЛМАА