Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00853

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01582 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1869 дүгээр магадлалтай,

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******ад холбогдох

 Автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, гэрээнээс татгалзсантай холбогдуулан олох байсан орлого, хохиролд 50,441,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, гэрээнээс татгалзсантай холбогдуулан орох байсан орлого, хохиролд нийт 50,441,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 183/ШШ2020/01582 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 47,300,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, 25-53 УНӨ улсын дугаартай, цистерн маркийн автомашиныг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч *******ад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,141,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 394,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн 1869 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 183/ШШ2020/01582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 25-53 УНӨ улсын дугаартай, Цистерн маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэхийг хариуцагч *******ад даалгаж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлээс 50,441,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 464,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн 1869 дугаар магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна. Маргаж буй 1869 дугаар магадлалыг ИХШХШТХ-н 176.2.3-д зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 183/ШШ2020/01582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

4.1 Магадлалын Хянавал хэсэгт: Гэвч нэхэмжлэгч ******* ХХК нь 2014.03.25-ны өдөр автомашиныг буцаан авснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогджээ гээд ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж хохиролд 47,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон байна. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь ******* ХХК 2014.03.25-ны өдөр автомашинаа буцаан авсан бөгөөд *******аас үлдэгдэл төлбөрөө төлөөд машинаа аваарай гэхэд ******* өнөө маргааш гэж хойшлуулсаар байгаад 2017.05.03-ны өдөр шүүхэд урьдчилгаанд төлсөн 24 сая төгрөгөө буцаан гаргуулах шаардлага гаргасан байдаг. Тухайн үед ******* ХХК үлдэгдэл төлбөр төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа нь гэрээнээс татгалзсанаа мэдээгүй байсныг нотолж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх 2018.05 дугаар сарын 547 дугаар магадлалдаа гэрээнээс татгалзсан гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Улмаар сөрөг нэхэмжлэлээ дэмжин 2018.06 сард хяналтын шатны журмаар гомдол гаргасан нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар Гэрээнээс татгалзсан тухай 2018.05 дугаар сард мэдсэнийг илтгэнэ. Иргэний хуулийн 76.4-д зааснаар хяналтын шатны журмаар гомдол гаргах эрхтэй тул энэ үйлдлээ хийснээс хойш хөөн хэлэлцэх хугацааг эхлэн тоолох байсан. Эдгээр нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй үндэслэлээ дурдалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчсөн, мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 76.4-д заасныг хэрэглээгүй тул ******* ХХК-ийн эрх ашгийг давхар хохироосон байна.

4.2 Мөн тус магадлалын 7 дахь нүүрт: Анхан шатны шүүх 25-53 УНӨ улсын дугаартай, Цистерн маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч *******ад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж хохиролд 47,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон байна гэж үндэслэлгүй дүгнэсэн. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн Иргэний хуулийн 205.1-ээр шаардсан гэрээ биелснээс олсон ашиг 47,300,000 төгрөг шаардсаныг үндэслэлгүй гэсэн атлаа 205.1-ээр шаардсан автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж байгаа нь яагаад үндэслэлтэй болох талаар тайлбарлаагүй, Иргэний хуулийн нэг заалтаар шаардсан хоёр өөр шаардлагын нэгийг хангаж, нөгөөг хангалгүй шийдсэн хоёрдмол утгатай, эргэлзээтэй ойлгомжгүй шийдвэр болсон байна

4.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн гомдлыг заалт тус бүрээр няцааж, бусдын итгэл эвдэн, эд хөрөнгийг нь аваад 7 cap 26 хоног үнэ төлбөргүй ашиглан, бусдад түрээслүүлэн өдрийн 275,000 төгрөг, нийт 47,300,000 төгрөгийн ашиг олчихоод эцэст нь урьдчилгаанд өгсөн 24 сая төгрөгөө шүүхээр буцаан гаргуулж, давхар хохироож байгаа шударга бус үйлдэл нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцээгүй талаар мэтгэлцэж оролцсон байхад давж заалдах шатны шүүх энэ талаар огт дурдалгүйгээр, зөвхөн хариуцагч өөрийгөө хохирсон гэх тайлбарыг дурдаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо гэж үзэж байна.

Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, орох байсан орлого, учирсан хохиролд 50,441,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрөн маргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч бодитой эзэмшиж байгаа боловч тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх бүртгэл өнөөдрийг хүртэл хариуцагч *******ын нэр дээр байгаа, ...тээврийн хэрэгслийг хариуцагч эзэмшиж байсан 7 сар 26 хоногийн хугацаанд нэхэмжлэгчид орох байсан орлого 47,300,000 төгрөг, энэ хугацаанд тоног төхөөрөмжид бий болсон элэгдэл, хорогдол 3,141,666 төгрөгийг автомашины өмчлөгч шаардах эрхтэй гэж тайлбарласан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэгэнт шүүхийн шийдвэрээр гэрээнээс татгалзаж, талууд өгсөн авснаа буцаахаар тогтоосон тул энэ тухай шүүхийн шийдвэрээ хавсарган Автотээврийн үндэсний төвд өмчлөх эрхээ шилжүүлэх бүрэн боломжтой, ... 2013.07 сард гэрээний урьдчилгаанд миний төлсөн 24,000,000 төгрөгийг эргэлтэд оруулж ашиг олж байгаа, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2020.02.07-ны өдөр нэхэмжлэл гаргасан, ...дурдсан хугацаанд тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгасан боловч гэрээний зүйл доголдолтой байснаас өдөр бүр ашиглаж чадаагүй. гэж тайлбарласан.  

7. Анхан шатны шүүх зохигч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан нь тогтоогдож байх ба шүүх өмнө нь энэ асуудлыг шийдвэрлэхдээ маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөлийг буцаан шилжүүлээгүй байх тул ийнхүү шилжүүлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ гэж, түүнчлэн автомашин хариуцагчийн эзэмшилд байсан 7 сар 26 хоногийн хугацаанд нэхэмжлэгч тээврийн хэрэгслээ ашигласан бол өдөрт 275,000 төгрөгийг олох нь баримтаар тогтоогдсон тул тус мөнгөн дүнг гаргуулах нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлтэй нийцнэ гэж дүгнэн орох байсан орлого 47,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлагыг хангаж, элэгдэл хорогдлын улмаас учирсан хохиролд 3,141,666 төгрөг гаргуулахаас татгалзаж шийдвэрлэснийг үндэслэл бүхий гэж үзсэн боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 47,300,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.  

9. Зохигчийн хооронд 2013.07.29-ний өдөр 25-23 УНӨ улсын дугаартай DONG FAN цистерн маркийн бохир соруулах зориулалттай тээврийн хэрэгслийг 48,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 24,000,000 төгрөгийг худалдан авагч Р.Очирбат худалдагч ******* ХХК-д төлсөн, автомашиныг 2013.08.02-ны өдөр Р.Очирбатад шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас 2014.03.25-ны өдөр автомашинаа худалдагч ******* ХХК буцаан авсан үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. Түүнчлэн автомашин болон автомашины техникийн гэрчилгээ 2014.03.25-с өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч талд байгаа талаар зохигч маргаагүй бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр (2017.12.25-ны өдрийн 184/ШШ2018/00015, 2018.02.23-ны өдрийн 547, 2018.06.19-ны өдрийн 001/ХТ2018/001014) талууд дээр дурдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 24,000,000 төгрөгийг худалдагчаас буцаан гаргуулж худалдан авагч Р.Очирбатад олгохоор шийдсэн байна.  

10. Нэхэмжлэгч, хариуцагч нар дээр дурдсанчлан тэдгээрийн хооронд 2013.07.29-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзан нэг тал урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 24,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу буцаан гаргуулахаар болж, нөгөө тал тээврийн хэрэгслээ бодит эзэмшилдээ шилжүүлэн авсан байна. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д заасны дагуу хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх уг эрхийг олж авч байгаа этгээдийн эзэмшилд эд хөрөнгө шилжсэнээр үүсэж болно. Эд хөрөнгийг ийнхүү бодит эзэмшилдээ шилжүүлэн авсан үйл баримтыг шүүхийн шийдвэрт дурдаж зохигчид гэрээнээс татгалзсан талаар тэмдэглэсэн байх тул маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нэхэмжлэгч ******* ХХК-д шилжсэн гэж үзэх нь зүйтэй.  

11. Харин өмчлөх эрх шилжсэн нөхцөл байдлыг тээврийн хэрэгслийн төрөлжсөн бүртгэлд бүртгэх ажиллагааг хийлгэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгуулах нь өмчлөгчийн эрх бөгөөд ийм шаардлага гаргах өмчлөгчийн эрхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан. Иймд анхан ба давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг буруу тайлбарлан тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх гэж шийдвэрлэснийг залруулан тээврийн хэрэгслийн бүртгэлийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, энэ талаар шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.  

12. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.23-ны өдрийн 547 дугаартай магадлалд ...[худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр] 24,000,000 төгрөгийг 2013.10.05-ны өдөр төлөх үүргээ [худалдан авагч] биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч тал 2014.03.25-ны өдөр автомашиныг буцаан авснаар талуудын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй... гэж дүгнэснийг хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь 2014.03.25-ны өдөр маргаан бүхий тээврийн хэрэгслийг буцаан авснаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэр гарснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх, улмаар энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолох тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч ийнхүү гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол гэдэгт автомашин хариуцагчийн өмчлөлд байх хугацаанд нэхэмжлэгчид орох байсан орлогыг тооцож 47,300,000 төгрөгийг нэхэмжилснийг давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.  

13. Түүнчлэн талууд тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаагүй байх хугацаанд буюу 2013.07.29-с 2014.03.25-г хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд байсныг шударга бус эзэмшил гэж дүгнэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасны дагуу гагцхүү шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаас үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй. Хэдийгээр талууд хожим гэрээнээс татгалзаж гэрээ байгуулахаас өмнөх байдалд үр дагаврыг харилцан буцаасан боловч энэ нь дээр дурдсан хугацаанд хариуцагч ******* автомашиныг шударга бусаар эзэмшиж байсан гэж дүгнэх үндэслэл болохгүй.  

14. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж хохиролд 47,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон, нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу 47,300,000 төгрөг шаардсаныг үндэслэлгүй гэсэн атлаа 205.1-ээр шаардсан автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж байгааг үндэслэлтэй гэж үзсэн шалтгааныг тайлбарлаагүй, Иргэний хуулийн нэг заалтаар шаардсан хоёр өөр шаардлагын нэгийг хангаж, нөгөөг хангалгүй шийдсэн нь хоёрдмол утгатай, эргэлзээтэй, ойлгомжгүй гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1869 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 25-53 УНӨ улсын дугаартай, цистерн маркийн автомашины бүртгэлийг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэхийг хариуцагч *******ад даалгаж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлээс 50,441,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад 394,450 төгрөгийг гэснийг 70,200 төгрөгийг гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 410,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                                                     ДАРГАЛАГЧ,

                                                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ 

                       ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                             Н.БАЯРМАА 

                                                                                                                                                   Б.МӨНХТУЯА 

                                                                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ