Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 1329

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Ц /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гэрч О.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 “Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00609 тоот шүүгчийн захирамжаар Т.Ц ээс зээлийн гэрээний төлбөрт 57 427 798 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 258 816 төгрөгийг гаргуулж, Х инд олгохоор эвлэрснийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны эд хөрөнгө болох Т.Ц ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах ******* дугаартай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжлэн, хураан авч, шинжээчээр үнэлгээ тогтоох ажиллагаа хийсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанаас “В ” ХХК-иар үнэлгээ тогтоох ажиллагааг хийлгүүлсэн байх бөгөөд шинжээч нь миний орон сууцыг 51 582 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон байна. Миний бие анх Х наас зээл авах үед уг орон сууцыг барьцаанд тавьсан бөгөөд шүүхийн шийдвэрт заасны дагуу уг барьцааны эд хөрөнгөөс төлбөрийг бүрэн барагдуулахаар шийдвэрлэсэн. Миний бие шийдвэр гүйцэтгэх албанд үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа уг орон сууцыг 150 000 000  төгрөгөөр худалдан борлуулахаар саналаа өгсөн байтал шинжээч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн хэмжээнээс хэт доогуур буюу зах зээлийн үнэ ханшнаас хямдханаар үнэлсэн нь миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчин, хохироож байна. Зах зээлийн бодит үнэ ханшаар дуудлага худалдаанд оруулж, төлбөрийг барагдуулах хуулийн зохицуулалттай. Шинжээчийн дүгнэлт гаргасан 51 582 000 төгрөг нь шүүхийн шийдвэрийн үнэнд хүрэхгүй, шүүхийн шийдвэрт заагдсанаас багаар үнэлэгдсэн. Банк зээл олгохдоо барьцааны эд хөрөнгөөр 100 хувь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 40-50 хувьд нь зах зээлийн үнийг тогтоож зээлийн хэмжээг тогтоодог. Гэтэл банкны үнэлснээс доогуур үнэлсэнээр нэхэмжлэгчийн эрх ашиг хохирч байна. Шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх бичиг баримтанд дуудлага худалдааны гол баримтлах эх баримт болдог. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоолд зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор даалгаагүй, үнийг л тогтооно гэж байгаа. Шинжээч аливаа эд хөрөнгийн үнийг 3 төрлийн үнээр харьцуулан үзэж, зах зээлийн ханшийг тогтоодог гэж ярьсан. Яг аль үнэлгээг тогтоох гээд байгааг тогтоолд заасны дагуу шинжээч нь ажиллагаа хийх ёстой байсан. Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоол нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үндэслээд шинжээч гаргасан дүгнэлтдээ тухайн барилгын 1 давхрын орон сууцанд үнэлгээ хийсэн гээд тайлан дээрээ бичсэн байгаа. 1 давхар гэдгээ алдаатай бичсэн үү, 43 тоот гэдгээ алдаатай бичсэн үү. Энэ нь барьцааны эд хөрөнгөд үнэлгээ хийгдсэн эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм. Үнэлгээ тогтоосон аргачлалаараа нөгөө ижил 2 байрыг зөвхөн 30 м.кв талбайгаар нь үнэлгээ тогтоож, тэрийгээ зах зээл дээр зарагдаж байгаа жишиг үнэ гэж тавьсан. Ашигтай болон ашиггүй талбай гэдгийг МNS2009 гарахаас өмнө тогтоодог байсан стандартаар тайлбарлаад байгаа нь шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан гэхэд эргэлзээтэй байгаа. Тухайн нутаг дэвсгэр дээр 1 м.кв талбайн үнэ нь 1 600 000-1 700 000 төгрөгөөр зарагдаж байгаа нь үнэн. Шинжээчийн 1 м.кв-ын нэгж талбайг худалдах бодит үнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин шинжээчийн дүгнэлт дээр м.кв-ыг буруу тавьснаар зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо 1 м.кв-ынхаа үнийг шууд м.кв-д нь үржүүлээд тогтоосон байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн байранд MNS2009 стандартаар хэмжилт хийгээд үзэхэд 52,6 м.кв болох нь тогтоогдсон. Уг м.кв-ыг зах зээлийн үнэ буюу 1 796 000 төгрөгөөр үржүүлэхэд 94 522 000 төгрөг болоод, жишиг үнэлгээгээр бодохоор 90 210 000 төгрөг болж байгаа. Тэгэхээр 40 000 000 - 50 000 000 төгрөгийн зөрүүтэй үнэлгээ тогтоож байгаа нь илтэд хүний өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Шинжээчийг томилсон тогтоол болон үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт дээр зөрүүтэй мэдээлэл байна. Шинжээч ашигтай болон ашиггүй талбай гэдгийг тайлбарлаж байгаа боловч дүгнэлтэнд тусгагдаагүй, баримт материалаар нотлогдоогүй байгаа учраас уг дүгнэлт нь үндэслэлгүй гарсан байна. Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 02 сарын 18-ны өдөр гэрт авчирч орхисон байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйлд заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна Дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж хөрөнгийн үнэлгээний тайлан буюу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч НШШГГ рын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 609 дугаартай захирамжаар Т.Ц ээс 57 427 798 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 258 816 төгрөгийг гаргуулж “Х ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 10 сарын 18-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Шүүгчийн захирамж болон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Т.Ц эд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Ц ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын ус *******, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 01 сарын 09-ний өдөр 19261940/05 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 01 сарын 23-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 19261940/07 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 108 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж, “В ” ХХК-аар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. “Виннер  вэй” ХХК нь тухайн хөрөнгийг 51 582 000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайланг 2020 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авсан. Үнэлгээний тайлан болон үнэлгээг талуудад 2020 оны 02 сарын 18-ны өдрийн албан бичгээр мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Шинжээч томилох тогтоол нь хууль ёсны шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг мэргэжлийн шинжээч томилж, мэргэжлийн үнэлгээчин стандартын дагуу үнэлсэн, “В ” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ц  нь хариуцагч НШШГГ арт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын ус 15 гудамж, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “В ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан.

Хариуцагч НШШГГ ар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00609 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч Т.Ц ээс 57 887 664.17 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 258 794 төгрөгийг “Х ” ХХК-д төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталгаажуулжээ. Төлбөр төлөгч нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

НШШГГ ар захирамжийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байх бөгөөд 2019 оны 10 сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 19261940/05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор төлбөр төлөгч Т.Ц ийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын ус 15 гудамж, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2020 оны 01 сарын 28-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлджээ.

2020 оны 01 сарын 29-ний өдөр 19261940/07 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” үйлдэж, 2020 оны 02 сарын 03-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан орон сууцны үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Т.Ц  нь орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлэх саналыг хүргүүлсэн байна. Төлбөр авагч “Х ” ХХК нь уг үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлт хүргүүлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар НШШГГ ар 2020 оны 02 сарын 12-ны өдрийн тогтоолоор “В ” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Т.Ц ийн өмчлөлийн орон сууцны үнэлгээг тогтоохыг даалгажээ.

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул НШШГГ раас битүүмжлэн хураагдсан орон сууцны үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч Т.Ц  нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч нь тогтоолын дагуу тухайн орон сууцыг үнэлэн, хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 02 сарын 17-ны өдөр гаргаж “...эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын ус 15 гудамж, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 51 582 000 төгрөг” гэж  үнэлсэн байна.

НШШГГ ар нь төлбөр төлөгч Т.Ц эд 2020 оны 02 сарын 18-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлжээ.

Төлбөр төлөгч Т.Ц  хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч үнэлгээг хийхдээ орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэж үзэн, үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020 оны 02 сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэмжилтээр 52,6 м.кв талбайтай орон сууц гэдэг нь тогтоогдсон байхад улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх 30 м.кв талбайгаар тооцон үнэлгээг тогтоосон бөгөөд зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, шинжээч нь орон сууцны зах зээлийн үнэ ханшийг бодитой тогтоогоогүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Хариуцагч НШШГГ рын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна.

Хэрэгт авагдсан “В ” ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд үнэлгээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ нь улсын бүртгэлийн гэрчилгээнд 30 м.кв гэж бүртгэгдсэн, MNS6058:2009 стандартын дагуу хийсэн хэмжилтээр 52,6 м.кв байна. Шинжээч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...хуучны орон сууцнуудын хэмжээ ашигт талбайгаараа байдаг тул жишилтийн нэгжийг сонгохдоо ашигт талбайг сонгосон. Ашигт талбайгаар бүртгэгдсэн байрыг заавал нийт талбайгаар нь үнэлж, хэмжилт хийх шаардлага байхгүй. Үнэлгээг нотлогдох эх сурвалжийн дагуу хийдэг болохоор улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хэмжээсээр хийх ёстой. Үнэлгээчний хувьд улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа м.кв буюу ашигт талбайгаар гаргахаас өөр ямар ч аргагүй...” мэдүүлсэн.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд гийцүүлэн тодорхойлно гэж заасан. Мөн тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байхаар заасан.

Монгол улсад орон сууцны талбайн хэмжилтийг Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартын дагуу хийж байгаа бөгөөд шинжээч нь тус стандартын дагуу үнэлгээний зүйл болох орон сууцны талбайг хэмжиж дүгнэлтдээ тусгасан байх боловч уг хэмжилтээр тогтоогдсон талбайн хэмжээг үнэлгээ гаргахдаа харгалзсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулах ёстой боловч өртгийн хандлагын аргыг ямар үндэслэлээр хэрэглээгүй, жишиг үнийн болон орлогын аргыг ямар үндэслэлээр зөв гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан арга аргачлалын дагуу хөрөнгийн үнэлгээ хийхдээ тухайн орон сууцны давхрын байршил, талбайн хэмжээ, ашиглалт, засвар үйлчилгээ хийгдсэн байдал зэрэг шинж байдал, онцлогийг харгалзсан эсэх нь тодорхойгүй, хөрөнгийн үнэлгээний тайландаа энэ талаар тодорхой тусгаагүй байх тул хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын ус 15 гудамж, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “В ” ХХК-ийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:                                                                                             

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан, Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын ус 15 гудамж, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “В ” ХХК-ийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ раас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ц эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР