Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01590

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01840 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ч” ХХК,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 23 306 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Банзрагч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК нь “М” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ВV-RА/16-011 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд гэрээний төлбөрийн үлдэгдэл 15 537 500 төгрөгийг төлөөгүй тул алданги 7 768 750 төгрөгийн хамт нийт 23 306 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5 780 000 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасч гэрээний дагуу алдангийн хамт нийт 14 636 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь “Ч” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ВV-RА/16-011/ дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг Зайсангийн ам, Бэлла Виста таун, 400 дүгээр байрны 1072 тоот орон сууцыг түрээсэлсэн бөгөөд нийт 79 030 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн ба нэхэмжлэгч компани нь НӨАТ-ын буцаан олголт болох 10 хувь буюу 7 903 000 төгрөгийг манай компанид буцааж олгоогүй. 

Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хөлслөгч нь гэрээний тусгай нөхцөлд заасан барьцаа төлбөрийг талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор хөлслүүлэгчийн нэхэмжлэлд заасан дансанд байршуулна гэж заасны дагуу манай компани барьцаа төлбөр 5 780 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Хөлслүүлэгч нь барьцаа төлбөрийг гэрээ дуусгавар болсноос хойш хуанлийн 30 хоногийн дотор, хөлслөгч орон сууцыг чөлөөлсний дараагаар аливаа суутгалыг хасч буцаан огно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь барьцаа төлбөр 5 780 000 төгрөгийг одоог хүртэл манай компанид буцааж олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас 14 636 250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 481 25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 231 131.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит миний бие 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хөлөө гэмтээж 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн. Энэ нь хэргийн 51 дүгээр талд авагдсан эмнэлгийн магадлагаагаар нотлогддог. Түүнчлэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зарлагдсан шүүх хуралд дээрх шалтгаанаар оролцох боломжгүй болж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүгч хүсэлтийг шийдвэрлэж 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулсан. Миний бие 5 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт дахин гаргасан бөгөөд тус хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 15 537 500 төгрөг, алдангид 7 768 750 төгрөг, нийт 23 306 250 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8 670 000 төгрөгөөр багасгаж, 14 636 250 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит хөлөө гэмтээсэн шалтгаанаар оролцох боломжгүй хэмээн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт ирүүлснийг /хх.50-51/ шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулжээ. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит нь эмнэлгийн магадлагаагаар /хх.51/ 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар ажлаас чөлөөлөгдөж хэвтрийн дэглэмтэй байгаа, чөлөөний хугацаа дуусаагүй гэж 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг дахин гаргасан байна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өвчний учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн адил үндэслэлээр гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Учир нь хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтэй байгаагаа баримтаар нотолсон байхад шүүх хуралдаанд оролцуулаагүй нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг хязгаарласан, талуудын мэтгэлцэх боломжийг хангаагүй гэж үзэх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01840 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ