Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01108

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/02656 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2336 дугаар магадлалтай,

Б.Оийн нэхэмжлэлтэй,

Д.Бд холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Засварын зардал 6,100,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Түрээсийн төлбөр 9,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.Бд холбогдуулан материалын зардал 5,000,000 төгрөг, засварын ажлын хөлс 1,100,000 төгрөг, нийт 6,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөр 9,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/02656 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бд холбогдох 6,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн дагуу Б.Оээс 4,933,333 төгрөг гаргуулж Д.Бд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,866,667 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 112,550 төгрөг, хариуцагчаас төлсөн 171,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Н.Одгэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 93,883 төгрөг гаргуулж Д.Бд олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2336 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/02656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бгаас 6,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Оээс 2,666,650 төгрөг гаргуулан, хариуцагч Д.Бд олгож, сөрөг нэхэмжлэлээс 7,133,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 112,550 төгрөг, хариуцагчаас төлсөн 171,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Оээс 57,616 төгрөг гаргуулан, хариуцагч Д.Бд олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,433 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Булган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2020.09.02-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон бөгөөд шүүгчийн шийдвэр нь шударга бус, хэт 1 талын эрх ашигт тулгуурласан шударга бус гарсанд гомдолтой байгаа юм. Шүүгч нь бодит байдлыг авч үзээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн. Миний хувьд энэхүү шийдвэрээс зөвшөөрөхгүй байгаа зүйлс:

4.1.“Нэхэмжлэгч гэрээний төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй асуудлаар маргаан гарч, энэ үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тодорхой дурдсан байдаг. Хариуцагч Д.Б нь гэрээ байгуулахгүй байгаа болон анх тохирсноос илүү мөнгө нэхэх болсон зэргээс шалтгаалан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэтэл шүүгч хариуцагч тал түрээсийн төлбөрөө нэхэн гэрээг цуцалсан хэмээн хэт нэг талыг барин дүгнэсэн нь шударга бус байна.

4.2.Мөн гэрээ байгуулсан болон цуцлагдсан хугацааг нэхэмжлэгч тал гэрээ 2020.02.28-ны өдөр байгуулагдсан гэж маргадаг гэжээ. Бидний зүгээс 2020.02.28-ны өдөр түрээсийн мөнгөний урьдчилгаа хийсэн ба хариуцагчтай 15 хоногийг засварын хоногт тооцохоор харилцан тохиролцсон бөгөөд засвар үйлчилгээ дуусаж үйл ажиллагаа эхэлсэн талаар хэлдэг. Гэтэл шүүгч өөрийн үзэмжээр 2020.02.28-ны өдөр гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэж буй нь учир дутагдалтай байна.

4.3.Хариуцагчийн зүгээс хууль гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөнөөс маргаан гарч, гэрээ цуцлагдсан байна гэж шүүгч дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Хариуцагчийн анх тохирсон гэрээний дүнгээс давсан түрээсийн төлбөр буюу 4,000,000 төгрөгөөр тохирчхоод 6,000,000 төгрөг нэхэмжилсэн, үйл ажиллагаа эрхлэх боломжийг хязгаарлан хаалга үүд хаалгасан, үйл ажиллагаа зогсоосон зэрэг үйлдлүүдийг огт харж үзэлгүй дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэнд ихэд гайхаж байна.

4.4.Мөн хөлсөлж авсан эд хөрөнгийг засаж сайжруулахдаа түрээслүүлэгчээс зөвшөөрөл авсан нь тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Гэтэл үүн дээр зөвхөн хариуцагч Д.Бгийн надаас зөвшөөрөл аваагүй гэх үгээр л дүгнэлт хийсэн нь хэргийн нөхцөл байдлыг бодитоор харах боломжгүй болгосон. Үүнээс үүдэн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар нэхэмжлэх боломжийг хязгаарласан дүгнэлт гэж үзэж байна.

4.5.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...анх ямар байдалтай байсныг засвар хийж өөрчилсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна” гэж дүгнэсэн нь гэж анхан шатны шүүхийн нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасныг маань хэвээр үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авч хуульд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Д.Бгийн зүгээс давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрийг хууль зүйн хийгээд бодит үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байна.

5.1.Гэрээ байгуулсан болон цуцалсан гэх хугацааны талаар: Анхан шатны шүүх тус хэрэг маргааныг шийдвэрлэхэд талуудын хооронд хийгдсэн тохиролцоог “Эд хөрөнгө хөлслөх гэрээ” гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс тус тохиролцоог “Түрээсийн гэрээ”-ний үндсэн шинжийг агуулсан боловч 56.1.8-д заасан хэлбэрийг зөрчиж хийсэн учир хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дугаар хуудасны эхний цогцолборт “...Хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн баримт болон гэрэл зургууд нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна...гэж, харин тус хуудасны хоёр дахь цогцолборт “...Сөрөг нэхэмжлэлийн тухайд түрээсийн гэрээ байгуулагдсан болон цуцлагдсан цаг хугацааны талаар талууд маргаж байх боловч 2020.03.15-ны өдрөөс түрээсийн төлбөрийг тооцохоор тохиролцож, 2020.05.03-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэлийн тайлбарыг няцаасан баримтыг хариуцагч нь шүүхэд гаргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч нь Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түрээсийн гэрээ байгуулсан болон цуцалсан цаг хугацааг дээрх хугацаагаар тогтоох нь зүйтэйгэж дүгнэсэн байна.

Гэвч давж заалдах шатны шүүхээс тус гэрээг анхнаасаа байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа яагаад гэрээ байгуулсан, цуцалсан талаар ийнхүү дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа гэрээ байгуулсан хугацааг 2020.03.15-ны өдрөөр, гэрээг цуцалсан хугацааг 2020.05.03-ны өдрөөс тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд гэрээг цуцлах асуудал нь өөрөө гагцхүү хүчин төгөлдөр гэрээний хувьд л яригдах боломжтой юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ийнхүү дүгнэж байгаа нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн атлаа хариуцагчийг нэхэмжлэгчийн тайлбарыг няцаасан баримтаа шүүхэд гаргаагүй, ИХШХШТх-ийн 25.2.2, 38.1-т зааснаар өөрийн татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дан ганц нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал: Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргасан байдаг. ИХШХШТх-ийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38.1-тЗохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болгож байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан нь хэргийн оролцогч буюу зохигчдод хамааралтай заалт. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийг харахад дан ганц хариуцагчид хамааралтай мэт тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс нэхэмжлэгч өөрийн тайлбар, шаардлагыг баримтаар нотолсон эсэх талаар дүгнэлт хийлгүй дан ганц хариуцагч өөрийн шаардлага, тайлбар, эсрэг талын тайлбарыг баримтаар нотолсон, няцаасан талаар нэхэмжлэгчийн нотлох баримтгүй дан ганц тайлбарыг үндэслэж маргаан бүхий талбайг түрээсэлж эхэлсэн болон үйл ажиллагаа зогссон хугацааг 2020.03.15-аас 2020.05.03 гэж дүгнэж байгаа нь нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

5.2.Хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар: Дээр дурдсанаар ийнхүү дүгнэж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дор дурдсан заалтыг зөрчиж байна. Үүнд:ИХШХШТх-ийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 116.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Иймд ИХШХШТх-ийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэгсийн 1 дэх заалтын “Б.Оээс 2,666,650 төгрөг гаргуулан хариуцагч Д.Бд олгож, сөрөг нэхэмжлэлээс 7,133,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон” хэсгийг хүчингүй болгож, Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Зохигчийн хэн алины хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.Бд холбогдуулан засварын зардалд нийт 6,100,000 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан түрээсийн төлбөрт 9,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг тус тус зөвшөөрөөгүй маргажээ.

8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 4,933,333 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ “зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр ба гэрээгээр тохирсон эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвийн 1 давхарт байрлах талбайг хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, нэхэмжлэгч нь тухайн талбайг өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн засан сайжруулж нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болж хөлсөнд нийт 4,000,000 төгрөг төлсөн, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй асуудлаар зохигч маргаж, улмаар гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна, зохигч гэрээний дагуу сар бүрийн төлөх хөлсний хэмжээ, гэрээ хэрэгжсэн цаг хугацааны талаар өөр өөр тайлбар гаргаж байгаа боловч хэргийн баримтаар гэрээний хугацаа 2020.02.28-ны өдрөөс эхэлж 2020.05.07-ны өдөр цуцлагдсан, сар бүр төлөх хөлсийг талууд 4,000,000 төгрөг гэж тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд 8,933,333 төгрөгийн хөлс төлөхөөс 4,000,000 төгрөг төлсөн тул үлдэх 4,933,333 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангана, харин нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрөл аваагүй тул засвар хийсэн зардлыг шаардах эрхгүй” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан бөгөөд үндэслэлээ “зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх бус түрээсийн гэрээний харилцаа үүссэн, талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар, буцаан шаардах эрхэд хамаарах түрээсийн гэрээний зүйл болсон эд хөрөнгийг засварлах зардлыг шаардах эрхтэй боловч эд зүйлийг хүлээн авахад анх ямар байдалтай байсныг засвар хийж өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан төлбөрийн баримт, гэрэл зургууд нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна, эдгээр баримтад үндэслэн 5,000,000 төгрөгийн засвар хийж, бусдад 1,100,000 төгрөгийн хөлс төлсөн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй, иймээс анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн тухайд талууд гэрээ байгуулагдсан болон цуцлагдсан цаг хугацааны талаар маргаж байгаа боловч 2020.03.15-ны өдрөөс төлбөрийг тооцохоор тохиролцож, 2020.05.03-ны өдөр байрыг хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаасан баримт гаргаагүй, иймд энэ хугацаанд төлбөрт 6,666,650 төгрөг төлөхөөс 4,000,000 төгрөг төлсөн байх тул зөрүү 2,666,650 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй” гэсэн байна.

9.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, зохигчийн гаргасан үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрийн үндэслэлийн талаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хуульд нийцсэн гэж үзэв.

10.Хэргийн баримт, зохигчийн тайлбараар, хариуцагч нь Драгон худалдааны төвийн 1 дүгээр давхрын хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр, нэхэмжлэгч нь тухайн байранд зоогийн газар ажиллуулж сар бүр төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогдсон, энэ харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний шинжтэй байна. Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн бол гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, энэ шаардлагыг зохигч хангаагүйгээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

11.Гэрээ хүчин төгөлдөр бус болсон бол талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаахыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан, энэ агуулга мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тусгагдсанаас гадна буцаан шаардах шаардлагад юу хамаарч болохыг хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д тодорхойлон заасан байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн эд хөрөнгөд засан сайжруулалт хийсэн гэж нийт 6,100,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн энэ шаардлагаа эргэлзээгүй баримтаар нотлоогүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй, иймээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

12.Гэрээ хүчин төгөлдөр бус боловч шилжүүлэн авсан эд хөрөнгийг ашигласан хугацаагаар нэхэмжлэгч мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй, давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа тухайн байрыг нэхэмжлэгч нь 2020.03.15-ны өдрөөс 2020.05.03-ны өдрийн хооронд үйл ажиллагаа явуулж эзэмшил, ашиглалтад байлгасан гэж дүгнэн зохигчийн хоорондох тохиролцоогоор нэхэмжлэгч нь сар бүр 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож байсан нөхцөлийг харгалзан энэ хэмжээгээр буцаан гаргуулах шаардлагын хэмжээг тодорхойлж, 2,666,650 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг үгүйсгэх үндэслэлгүй.

13.Дээр дурдсан үндэслэлээр “сөрөг нэхэмжлэлийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээхийг хүссэн” хариуцагч Д.Бгийн, “гэрээний зүйлийг засаж сайжруулахдаа хариуцагчаас зөвшөөрөл аваагүй, засвар хийснээ нотлоогүй гэснийг хянаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай нэхэмжлэгч Б.Оийн аль алины гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2336 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.О /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Булган/-ийн 2021.01.19-ний өдөр 206,433 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 57,617 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлого болгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД