Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/11

 

 

Ч.О-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Шүүгдэгч Ч.О-,

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолтой Ч.О-од холбогдох 1834007660477 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг хохирогч Б.Банзрагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Хатгин овгийн Чадраагийн О-, 1968 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамтаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо 27-31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ____________.

                        Шүүгдэгч Ч.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 4786 УБЗ улсын дугаартай Х.Юньверси маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.3-б дэх заалтыг зөрчиж хурд сааруулагч дээр донсолсны улмаас хохирогч Б.Банзрагчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Хатгин овогт Чадраагийн О-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

              Шүүгдэгч Хатгин овогт Чадраагийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

              Шүүгдэгч Ч.О-од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

              Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.О-оос хохирлын 1.157.397 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Банзрагчид, иргэний хариуцагч “Тээвэр ачлал” ХК-аас 866.306 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжинд тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжингийн нотлох баримтын шаардлага хангаагүй 4.331.530 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалагийн гаргаж өгсөн плаш 1 ширхэг, 1 ширхэг зураг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Банзрагч давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019-06-04-ны өдрийн 2019/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг 2019-06-28-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаа буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж, оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Миний бие 2018-09-26-ны өдөр Улаанбаатараас Багануур чиглэлд үйлчилгээ үзүүлдэг Тээвэр ачлал" ХХК-ий 47-86 УБЗ дугаарын тээврийн хэрэгсэлд зорчих тасалбараа үзүүлэн суусан. Тээврийн хэрэгсэл хөдлөхийн өмнө жолооч нь нэг ч хүнд бүсээ бүслэхийг сануулаагүй ба зөвхөн билетийг шалгаад л хөдөлсөн. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хамгаалах бүс зүүгээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байхыг жолоочид үүрэг болгосон байдаг. Жолооч О- нь анх удаа энэ замаар явж байгаа биш байх, жолооч хүн нэг явсан замаараа дахин явахад хаана бартаа саад байгааг мэдэж байдаг. Хурд хэтрүүлж явсаны улмаас хурд сааруулагч дээгүүр харайлгаж, үүний улмаас ганц би биш зорчиж явсан олон хүн унах нь унаж, ойх нь ойж байсан. Би 39 жил жолооч хийж байна. Миний хувьд унаж бэртээгүй бөгөөд өндөрт ойсноос нуруу хугарсан байсан. Жолооч хүний нүнжиггүй загнаж О- нь намайг Эрдэнэ сумын эмнэлэгт орхичихоод яваад өгсөн Түүнээс хойш нэг ч удаа надтай яриагүй, харин манай эхнэр утсаар ярьж "хүн гэмтээчихээд яаж байгааг асуух сэтгэл байдаггүй, ямар сонин хүн бэ" гэдгийг хэлж “Тээвэр ачлал” компани дээр нь очиж болсон асуудлыг хэлж цагдаагийн байгууллагад хандсан.

Тогтоолд дурьдсан шиг би хүний асаргаа шаардлагатай, хэвтрийн хүн биш, тулгуур ясны хугарлаас болж эхний нэг cap хэвтрийн дэглэмд байж эмчийн зөвлөснөөр бага багаap дасгаж 3 сарын хугацаанд ойр зуур явдаг болсон. 2019 оны 05 сараас таяг тулж явж байгаа. Би насаараа жолооч хийсэн хүн. Одоо би машин барьж чадахгүй, удаан хугацаагаар зогсох, суух үйлдэл хийж чаддаггүй. Би Дорноговь аймгийн харъяат биш, эхнэрийгээ дагаж албан ажлын шаардлагаар ирсэн болохоор харъяаллын бус гээд эмнэлэг нь хүлээж авдаггүй. Манай гэр бүлийн хүн ажилтай болохоор намайг харж хандах боломж байхгүй, би ганц хүүтэй хүн болохоор намайг хэвтрийн дэглэмтэй байхад буюу 2019-09-27-ны өдөр ажлаасаа гарч эмнэлэгт хэвтэж байхад ирсэн Түүнээс хойш байнга цуг байж асарсаны хүчинд өдий зэрэгтэй болоод байна. Харин манай хүү ажилгүйчүүдийн эгнээнд шилжээд хохирч байна. Энэ жолоочийн буруутай үйлдлээс болж би эрүүл мэндээрээ хохирч, миний ажилгүй болсон. Гэтэл анхан шатны шүүх намайг байнгын асаргаа шаардлагатай, нийгмийн халамжийн туслалцаа авах иргэн мэтээр буруу ойлгож байгаад гомдолтой байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О- нь “Тээвэр ачлал” компанийн тээврийн хэрэгслийг хувьдаа ашиглаж байгаа бус хөдөлмөрийн гэрээний дагуу энэ рмпанид ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан болохыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн байна. Тийм ч учраас Иргэний хуулийн 498 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт "ажиллагсад хөдөлмөрийн гэрээний... дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" гэж заасан байна. Түүнээс биш хохирогчийн гэм хорын хариуцлагыг шүүгдэгч хүлээж, иргэний нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хариуцлагыг иргэний хариуцагч хүлээнэ гэсэн зохицуулалт биш байна. Иймээс миний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжингийн хохирлыг буруу тооцсон гэж үзэж байна. Миний хүү Тэмүжин одоо ч ажилгүй, миний хажууд байж ээжээсээ тусламж авч, ар гэрээ тэжээн тэтгэж байна. Тэмүжингийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан. Хүүгийн авч байсан цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаарт тушаалаар баталсан хавсралтын дагуу дундаж цалинг бодож гаргасан. Хэдийгээр би 1 жилээс 1 жил 6 сарын хугацаанд машинаар явах, машин барих боломжгүй ч гэсэн хүүхдийнхээ ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулахыг хүсэж байна. Учир нь: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт хүндэвтэр гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсныг ойлгохоор заасан байна. Шинжээч ч энэ талаар шүүх хуралдаанд танилцуулсан байна. Гэтэл шүүх 4 долоо хоног болоод эдгэрэх ёстой гэж үзсэн бололтой нэг сарын дундаж цалинг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Удаан хугацаагаар гэдгийг шүүх тайлбарлаж иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон үндэслэлээ заагаагүй, харин намайг "байнгын асаргаа шаардлагатай иргэн" гэж үзсэнд гомдолтой байна.

Шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7-д заасан: "иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно" гэсэн эрхийг заагаагүй учраас иргэний нзхэмжлэгч нь гомдлоо гаргах эрхгүй байгаа тул хохирогчийн хувьд энэ талаар гомдол гаргасан болно.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж хохирлыг зөв шийдэж, гэм хорын хохирлыг хариуцах этгээдийг зөв тогтоож гомдлыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтэндээ: Ч.О- нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хохирол, төлбөрийн хувьд “Тээвэр ачлал” ХК-аас гаргуулах үндэслэлтэй байна. Хохирлыг “Тээвэр ачлал” ХК-аас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль гаргасан тайлбартаа: Хохирогч Б.Банзрагч нь 2 үндэслэлээр гомдол гаргасан. Хэрэгт авагдсаг баримтаас харахад тээврийн хэрэгсэл нь “Тээвэр ачлал” ХК-ийх болох нь тогтооддог. Гэтэл хохирлыг шүүгдэгчээс гаргуулсан нь буруу байна. Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4.331.530 төгрөгийг гаргуулаагүйд гомдол гаргасан. Хохирогч нь байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хүн биш учраас ийм дүгнэлт гарах боломжгүй. Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжингийн цалинга гаргах боломжтой. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О- гаргасан тайлбартаа: Энэ хүн суудалдаа суугаагүй, бүсээ бүслээгүй явсан. Хэзээ тэр хойно очоод суусныг мэдэхгүй. Эрдэнэ суман дээр хүн буулгах үед гэмтчихлээ гээд хойноос яваад ирсэн. Анх хөдлөхөд зорчигчдыг заавал бүсийг нь бүслүүлж, хөдөлгөөн эхлүүлдэг. Иймд хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.О-од холбогдох эрүүгийн 1834007660477 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

          Шүүгдэгч Ч.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 47-86 УБЗ улсын дугаартай Х.Юньверси маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.3.б дэх заалтыг зөрчиж хурд сааруулагч дээр донсолгосны улмаас хохирогч Б.Банзрагчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

                Хохирогч Б.Банзрагч /хх-ийн 22-24 тал/, гэрч Л.Сарнаа /хх-ийн 28 тал/, Б.Төмөртогоо /хх-ийн 29 тал/, Н.Шинэбат /хх-ийн 30 тал/, Б.Ням-Очир /хх-ийн 31 тал/, М.Батгэрэл /хх-ийн 112 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүжин /хх-ийн 110-111 тал/ нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Ч.О-ын хавтаст хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг/хх-ийн 25 тал/,

  • Төв аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №644 /хх-ийн 35 тал/,
  • Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №10 /хх-ийн 116 тал/ дүгнэлтүүд,
  • Шинжээч эмч Э.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт 3 давхар 301 тоотод Б.Банзрагчид гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Тухайн үзлэг хийх үед бие хэвийн, ухаан санаа саруул, ил харагдах гэмтэлгүй, хэвтрийн байдалтай байсан. Тэгээд томограф хийсэн зурагтай танилцахад бүсэлхий L2 нугалам их бие шахагдсан хугаралтай. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэж дүгнэлт гаргасан... L2 нугалам... гадны хүчин зүйл нөлөөлж цохигдох юм уу, дарагдах, шахагдах үед хугарал үүсэж байдаг... Бүсэлхийн L2 нугалмаас өөр эд эрхтэн гэмтээгүй байсан... Тухайн автобус донслох үед автобусны эд ангиар цохигдох боломжтой гэмтэл... Шахагдсан хугарал гэдэг нь юманд цохигдсон тохиолдолд юм уу, дарагдах үед үүсдэг. Тухайн үед хохирогч бүс зүүгээгүйн улмаас юманд цохигдсон байх боломжтой...” гэв.
  •   Шинжээч Х.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...уг автобус нь 2 тэнхлэгтэй, хохирогч тухайн автобусны хамгийн ард сууж явсан. Хурд сааруулагчаар гарах үед автобусны хамгийн арын суудал дээшээ доошоо болох магадлалтай тул жолооч тухайн тээврийн хэрэгслийн онцлогт тохируулаад замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хурдыг сонгож явах ёстой. Энэ заалтыг жолооч зөрчсөн. Суурин газар нийтийн тээвэр 50 км цагийн хурдтай явах ёстой. Ийм учраас хурд сааруулагчаар гарахдаа 50 км дотроо өөрийн тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалж хурдаа сонгож 5 км юм уу 10 км цагийн хурдтай явах боломжтой байсан. Хурд сааруулагчийн өмнө 5 км цагийн хурдтай явна гэсэн тэмдэг тэмдэглэгээ байдаг... Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр заалт бол хурд хэтрүүлсэн гэсэн утгатай заалт биш юм. Зөвхөн тээврийн хэрэгслийн онцлог, замын нөхцөл байдал, хөдөлгөөний нөхцөлийг тааруулан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явна гэсэн заалт юм... Жолооч хурдаа сонгож байж хурд сааруулагч дээр гарахдаа өөрийн тээврийн хэрэгслийн онцлогийг тооцож гарахад савлагаа үүсэхгүй байх боломжтой...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 206 тал/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 тал/, хохирогч Б.Банзрагчийн хохирлын баримтууд /хх-ийн 73-99, 137-138 тал/, “Тээвэр ачлал” ХК-ны шүүгдэгч Ч.О-той хийсэн хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 214 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Ч.О-од холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хохирогч Б.Банзрагч нь “...эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжингийн хохирлыг буруу тооцсон гэж үзэж байна. Иймд хохирлыг зөв шийдэж, гэм хорын хохирлыг хариуцах этгээдийг зөв тогтоож өгнө үү.” гэсэн гомдлыг гаргасан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргаж байгаа иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжин өөрөө бие даан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Ч.О- нь “Тээвэр Ачлал” ХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тус компанийн Х.Юньверси маркийн 47-86 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан бөгөөд зам тээврийн осол гаргасны улмаас Б.Банзрагчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хариуцлагыг “Тээвэр ачлал” ХК нь Иргэний Хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хүлээхээр байхад шүүгдэгч Ч.О- нь хохирогч Б.Банзрагчид учирсан хохирол 1.157.397 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг үндэслэлээр хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулсан нь буруу байна.

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжингийн гаргасан иргэний нэхэмжлэлийн нотлогдсон байдлыг харгалзан 866.306 төгрөгийг иргэний хариуцагч “Тээвэр ачлал” ХК-аас гаргуулж, нотлох баримтын шаардлага хангаагүй 4.331.530 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэхээр заасан нь үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад иргэний хариуцагч “Тээвэр ачлал” ХК-аас 1.157.397 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Банзрагчид олгуулахаар өөрчлөлт оруулав.

Мөн Ч.О-од холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед гэмт хэрэг үлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Ч.О-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 5 дугаар заалтын “шүүгдэгч Ч.О-оос хохирлын 1.157.397 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Банзрагчид, иргэний хариуцагч “Тээвэр ачлал” ХК-аас 866.306 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжинд тус тус олгож,” гэснийг “, иргэний хариуцагч “Тээвэр ачлал” ХК-аас хохирлын 1.157.397 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Банзрагчид, 866.306 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжинд тус тус олгож,” гэж өөрчилсүгэй.

2. Мөн шийтгэх тогтоолд “Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.О-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ч.О-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧИД                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ