Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 01300

 

 “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00658 дугаар шийдвэртэй, “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б, Д.А нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагч нарын өмгөөлөгч Ү.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “Р” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-гээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б, Д.А нар манай компанитай 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 22 000 000 төгрөгийг, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан ба хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 41 дүгээр байрны 155 тоот хаягт байрлалтай нэг өрөө орон сууц барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч нар үндсэн зээл, зээлийн хүүд нийт 19 710 000 төгрөг төлсөн. Хариуцагч А.Б-аас манай компанид үндсэн зээл, хүү, алданги нийт 34 364 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бүрэн барагдуулахаар баталгаа гаргасан. Тиймээс энэ баримтыг үндэслэж үндсэн зээл 22 000 000 төгрөг, зээлийн хүү 6 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 33 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн хариуцагч нар 22 000 000 төгрөгийн зээл авдаг өдөр амаар тохиролцож 3 000 000 төгрөг нэмж авсан. Тухайн үед уг 3 000 000 төгрөгийн зээлийг бид сарын 5 хүүтэй, 3 сарын хугацаатай нэмэлтээр зээлдүүлсэн ба энэ талаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, харилцан итгэлцлийн журмаар зээлдүүлсэн. Иймд нийт 36 000 000 төгрөгийг хариуцагч А.Б, Д.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч А.Б, Д.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Р” ХХК-тай А.Б, Д.А нар зээлийн гэрээ байгуулж, 22 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Гэхдээ уг мөнгөнөөс тодорхой хэсгийг бэлнээр авсан бөгөөд үлдэх хэсгийн зээлийг зуучилж өгсөн С.Г бэлэн авсан. Бид уг зээлийн төлбөрт 19 710 000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч гэрээгээр тохирсоноос гадна нэмж хүү нэхэмжилж, үндсэн төлбөрт өгсөн мөнгийг хүүндээ тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бичгээр гэрээ байгуулж хүү авах эрх үүсэх учраас хүүгийн хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнийг харгалзан үзэж шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б, Д.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулахад “Р” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр” буюу 15.3.4-т “банкнаас бусад этгээд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл аваагүй байна. Тусгай зөвшөөрөл аваагүй этгээд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхгүй бөгөөд энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, мөн зүйлийн 56.1.8, 56.1.9-д заасныг тус тус зөрчиж хийсэн хэлцэл байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан учир 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу А.Б, Д.А нартай зээлийн гэрээг, Иргэний хуулийн 153, 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээг тус тус байгуулсан. Иргэний хуульд заасан дээрх зээл, барьцааны гэрээг байгуулахад тусгай зөвшөөрөл авах зохицуулалт хуульд байхгүй. Иймд тусгай зөвшөөрөл аваагүй этгээд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан гэдэг нь үндэслэлгүй. Манай компани 2009 онд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа чиглэлийг “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” байхаар тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгуулсан. Зээлийн гэрээ байгуулахдаа тодорхой нөхцлүүдийг зааж, бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн тул хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б, Д.А нараас 8 385 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 615 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК, хариуцагч А.Б, Д.А нарын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 323 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 267 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б, Д.А нараас 149 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Р” ХХК-иас давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч А.Б, Д.А нараас үндсэн зээлийн төлбөрт 5 590 000 төгрөг, алданги 2 795 000 төгрөг нийт 8 385 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 27 615 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэргийн үйл баримтыг дутуу дүгнэсэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн байна. Хариуцагч нар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 22 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж, зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусахад хариуцагч нь үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үндсэн зээлд 15 000 000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, үүргийн зөрчил 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 4 cap үргэлжилсэн тул энэ хугацаанд үндсэн зээл 22 000 000 төгрөгөөс алданги бодогдох учиртай. Гэтэл шүүх хариуцагчийн төлсөн нийт 19 710 000 төгрөгийг буюу 2017 оны 02 дугаар сарын 21-нд төлсөн 15 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн төлбөр 5 590 000 төгрөгөөс алданги тооцсон. Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтэрүүлсэн байхад энэ хугацаанд анз тооцоогүйд гомдолтой байна.

Хариуцагч нь харилцан өөр өөр хугацаанд зээлийн төлбөрийг төлж байсан байхад шүүх энэхуү хугацааг анхааралгүйгээр зээлийн төлбөрийг нэгтгэн тооцсонд гомдолтой байна. Хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 27-нд 780 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-нд 300 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-нд 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-нд 1 800 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-нд 15 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-нд 300 000 төгрөг нийт 19 710 000 төгрөг төлсөн. Гэтэл шүүх дээрх төлбөрийг нэгтгэн тооцож, үндсэн зээлээс хасч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс алданги тооцсон байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байхад 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн анз тооцсон нь үндэслэлгүй.

  Зээлийн гэрээний үүргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар тооцоход үндсэн зээл 21 000 000 төгрөг, алдангид 10 500 000 төгрөг тус тус зээлийн үүрэг бий болсон. Хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөг төлсөн тул үндсэн зээлд 21 000 000-15 000 000=6 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл өмнөх хугацааны бодогдсон алданги 10 500 000 төгрөг тус тус болох учиртай. Энэхүү 10 500 000 төгрөгийн алданги нь хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөг төлөхөөс өмнө бодогдсон юм. Алданги хуримтлагдах үед үндсэн үүрэг буюу үндсэн зээл 21 000 000 төгрөг байсан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн гэж үзэхгүй. Харин 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөг төлж, үндсэн үүрэг 6 000 000 төгрөг болсон нь өмнөх үүргийн зөрчилд тооцогдсон алдангийг хасах үндэслэл болохгүй юм.

Хариуцагчийн зээл, хүүгийн тооцооллыг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу 4 сарын дараа үндсэн зээлээс төлөлт хийж эхэлсэн. Энэ 4 сарын хугацаа хэтрэлтийн хувьд алданги тооцох ёстой байсан. Гэтэл шүүх анз тооцоогүй. Өөрөөр хэлбэл, гэрээний үүрэгт зөрчигдөж байсны сүүлд төлсөн мөнгөн дүнг нэгтгээд зээлээс хасч тооцсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үндсэн зээлээс 15 000 000 төгрөг төлөх үед зээлийн үндсэн үүрэг 21 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг байсан бөгөөд 15 000 000 төгрөг төлснөөр үндсэн зээлд 6 000 000 төгрөг, алдангид 10 500 000 төгрөг үлдсэн байна. Харин 2017 оны 08 дугаар сарын 22-ны 300 000 төгрөг төлснийг үндсэн зээл 6 000 000 төгрөгөөс хасч тооцоход 5 700 000 төгрөг үлдэнэ. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5 700 000 төгрөг, алдангид 10 500 000 төгрөг тус тус бодогдсон байна. Иймд хариуцагчид үндсэн зээл 5 700 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг нийт 16 200 000 төгрөг болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын 16 200 000 төгрөгийн хүрээнд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар, нотлох баримтуудыг Иргэний хуулийн зохих зохицуулалтад тулгуурлан зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч А.Б, Д.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Нэхэмжлэгч “Р” ХХК, хариуцагч А.Б, Д.А нар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасныг үндэслэн, 22 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэхэр зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлд  хариуцагч А.Б-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 41 дүгээр байрны 155 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг барьцаалсан, хариуцагч зээлийн төлбөрт нийт 19 710 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. 

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 22 000 000 төгрөг, 3 сарын хүү 3 300 000 төгрөг, нийт 25 300 000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 19 710 000 төгрөгийг хасч тооцон зээлийн үндсэн үүргийг 5 590 000 төгрөгөөр тодорхойлж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангид 2 795 000 төгрөг нийт 8 385 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зээлийн гэрээний хугацааны үүрэг гүйцэтгэх дарааллыг  тодорхойлохдоо Иргэнийи хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу үндсэн үүрэг, хүү, бусад үүрэг төлөх дараалалаар тооцсон нь үндэслэлтэй.

Мөн хариуцагч нарт 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх нэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  баримтаар нотлооогүй бөгөөд энэ талаар гомдол гаргаагүй болно.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаардаг. Иймд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг шаардлага гэж тодорхойлсон нь буруу бөгөөд харин уг хэлцлийн үр дагаврыг арилгуулах нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар үр дагаврыг шаардсан шаардлага гаргасныг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хуулиар тогтоосон учраас шүүх дахин хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй юм. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.НАРАНЦЭЦЭГ

                ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА