Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2019/01441/И |
Дугаар | 001/ХТ2022/01145 |
Огноо | 2022-11-23 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2022/01145
Д.Гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02209 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0038 дугаар магадлалтай,
Д.Гийн нэхэмжлэлтэй,
“ВВ” ХХК-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэл: Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 79,530,915.66 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэл: Засан сайжруулсан ажлын зардалд 19,349,058 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч “ВВ” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө хөлсөлсний төлбөр, алдангийн хамт 73,575,000 төгрөг, ашиглалтын зардал 2,191,069.66 төгрөг, засвар үйлчилгээний зардал 3,764,846 төгрөг, нийт 79,530,915.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч, засан сайжруулалтын зардалд 19,349,058 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02209 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ВВ” ХХК-аас 41,461,069.66 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,069,846.66 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 289.2.2, 289.2.5 дахь хэсэгт зааснаар Д.Гээс 19,349,058 төгрөг гаргуулахыг хүссэн “ВВ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 365,255 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 909,267 /231,450+70,200+70,200+158,000+35,200+269,030+75,187/ төгрөгийг, хариуцагчийн төлсөн 293,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0038 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 327,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
4.1.Анхан шатны шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлоогүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний төрлийг зөв тодорхойлж мөн цаашид зөв жишиг тогтоход шүүх чухал үүрэгтэйг анхаараагүй. 2018.12.02-ны өдрийн иргэн Д.Г болон “Вэллнэс вүмэн” ХХК-ийн хооронд байгуулсан эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад ашиглах зорилготой 179 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлгийн буюу аж ахуйн үйл ажиллагааны зориулалттай болгон аливаа халдвар, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор мэс заслын эмнэлгийн стандартад нийцүүлэн тохижуулж үйл ажиллагаа явуулан ашгаасаа түрээсээ төлөхөөр байгуулсан байтал шүүх Иргэний хуулийн 287.1-д зааснаар “Эд хөрөнгө хөлслөх гэрээ” гэж үзэн 41,461,069.66 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн буюу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 болон 318.4 зөрчиж хийсэн гэрээ хэлцэл байсаар байтал шүүх хуулийг буруу хэрэглэсэн.
Мөн давж заалдах шатны шүүх эмэгтэйчүүдийн эмнэлгийн зориулалтаар аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж хэт өрөөсгөл, буруу дутуу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл талууд эмэгтэйчүүдийн эмнэлгийн буюу аж ахуйн зориулалтаар үйл ажиллагааг явуулж байсан талаар маргадаггүй бөгөөд өвчтөн хэвтэн эмчлүүлэх, эмчилгээ, мэс заслын ажиллагааг хийхэд дулаан хангамж муу байгаа зэргээс л уг маргаан эхэлсэн. Аж ахуйн зөвшөөрөл холбогдох баримтууд ч иргэний хэрэг байгаа болно.
4.2.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8 заасан хүчин төгөлдөр бус учраас тухайн Д.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд засан сайжруулалт буюу мэс заслын эмнэлгийн зориулалтаар засвар хийсэн 19,349,058 төгрөгийн үнийг Иргэний хуулийн 56.5 болон 56.6-д зааснаар иргэн Д.Г хариуцан “ВВ” ХХК-д төлөхөөр хууль зохицуулсан байхад энэ талаар шүүх хуралдаан дээр болон шүүхэд нотлох баримтаар нотлон сөрөг нэхэмжлэл гаргасан ч шүүх сөрөг нэхэмжлэлийг эмнэлгийг үйл ажиллагаандаа зориулж хийсэн засвар гэж үзэн мөн эд хөрөнгө хөлслөх гэрээний заалтаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно.
“ВВ” ХХК-д халаалт доголдсоноос олох ёстой ашиг, түрээсийн төлбөрөө ч олж чадаагүй төдийгүй 19,349,058 төгрөгөөр засвар хийгээд түүнийхээ ашгийг 3 жилийн хугацаанд хүртэх байтал нэг жил ч болоогүй байхад гэрээгээ цуцалснаас хохирч эхэлсэн. Урьд нь компьютер тоглоомын газар ажиллаж байсан том заалыг эмнэлгийн үйл ажиллагааг явуулах шаардлага хангахгүй байсан тул дулаан алдалтыг зогсоох, тусгаарлах, ариутгах, угаалгын, мэс заслын гэх мэт өрөө тасалгаа гаргах зэргээр засан сайжруулж тохижуулсан. Анх ямар байсан байрыг эмнэлгийн болгож засварласан талаар нотлох баримтууд болон үнэлгээний тайлангаар бүрэн нотлогддог. Тэгтэл давж заалдах шатны шүүх доголдолтой холбоотой засвар хийсэн, халаалтын эд зүйлийг засах зайлшгүй шаардлага байсан эсэхээ нотолсон баримтаа шүүхэд гаргаагүй гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас анх хүлээн авсан байрыг эмнэлгийн болгож засварласан, гэрээ цуцалж буцаан хэвийн байдалд нь оруулж өгөхөөр чөлөөлсөн талаар фото зураг бусад нотлох баримтууд болон үнэлгээний тайланг гарган өгсөн байхад уг нотлох баримтуудад ямар ч дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
4.3.Нэхэмжлэгчээс түрээсэлж байсан байрны СӨХ-ны төлбөрт нийт 1,000,000 төгрөгийн төлбөрийг, мөн орон сууцны конторын ашиглалтын зардалд нийт 1,191,069.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч өөрсдөө энэ төлбөрийг холбогдох байгууллагад нь төлөөгүй, манай эмнэлэгт одоо ч гэсэн тус төлбөрүүдийн нэхэмжлэхүүд ирдэг. Өөрөөр хэлбэл нэхэж авах эрхгүй байж давхардуулан нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байгаа тул тус СӨХ-ны төлбөрт 1,000,000 төгрөг, орон сууцны конторын ашиглалтын зардалд 1,191,069.66 төгрөгийг тус тус нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2018 оны 11, 12 сар, 2019 оны 01 дүгээр сарын нийт 3 сарын 12,420,000 төгрөгийг дулаан хангамжийн доголдлоос үүдэн ажиллаагүй тул төлөхгүй. Халаалтыг сайжруулах, дулаан алдалтыг зогсоох зорилгоор тухайн саруудад засвар үйлчилгээг хийсэн. Энэ халаалтын доголдлоос үүдэн талуудын хооронд маргаан үүссэн.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5.Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч “ВВ” ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр, алдангид 73,575,000 төгрөг, ашиглалтын зардал 2,191,069.66 төгрөг, засвар үйлчилгээний зардал 3,764,846 төгрөг, нийт 79,530,915.66 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,
Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан засан сайжруулалтын зардалд 19,349,058 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.
Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
7.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээсэн байна.
8.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “...Д.Г өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21б байрны 16 тоот хаягт байрлах, 179.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “ВВ” ХХК-д хөлслүүлэхээр 2018.12.02-ны өдөр гэрээ 3 жилийн хугацаатай байгуулсан, эхний 6 сарын төлбөрийг 4,140,000 төгрөг, 7 дахь сараас 4,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон, зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хэрэгжихээс өмнө засвар хийх 45 хоногийн хугацаа өгсөн, хөлсийг 2018.11.15-ны өдрөөс эхлэн тооцохоор тохиролцсон, зохигч гэрээгээ цуцалсан, цуцлах хүртэл хөлсөнд 60,690,000 төгрөг төлөх үүргийг хариуцагч хүлээснээс 21,420,000 төгрөг төлсөн, иймээс үлдэх 39,270,000 төгрөг төлнө, мөн ашиглалтын зардал 2,191,069 төгрөг, нийтдээ 41,461,069 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй, сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч нь нийт 26 төрлийн засварын ажлыг хийлгэсэн, байрыг суллаж өгөхдөө салгаж авах боломжгүй 23 төрлийн ажлын зардал нэхэмжилж, засвар хийсэн үндэслэлээ, доголдолтой эд хөрөнгө хөлсөлсөн, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байснаас тухайн 179 м.кв талбайд халаалтын эд зүйлийг зассан гэх ба уг засварыг зайлшгүй шаардлагатай байсан эсэх талаар нотолсон баримтгүй, бусад баримтууд нь эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйл ажиллагаанд нийцүүлэн хийсэн засвар, үйлчилгээнд гарсан зардал тул засварын зардалд 19,349,058 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг зөв гэж үзсэн байна.
9.Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо, 3 үндэслэл заасан байна.
9.1.Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний зүйл юу болох, гэрээний зорилго, гэрээний зүйлийг хариуцагч хэрхэн ашиглаж үйл ажиллагаа явуулсан байдлын буюу зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар хэргийн баримтад нийцсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь 179 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой үл хөдлөх эд хөрөнгө ба гэрээ байгуулагдах үед тухайн байрыг аливаа зориулалтаар засаж тохижуулаагүй байсан, нэхэмжлэгч нь уг талбайд эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулах зорилгоор зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдүүлж, засаж тохижуулан аж ахуйн үйл ажиллагаа явуулж, талбайг ашигласны төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан нь түрээсийн бус эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг илүү агуулжээ. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан “хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх” эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд энэхүү гэрээний гол шинж нь гэрээгээр шилжүүлсэн тодорхой хөрөнгийг түрээслэгч ашиглахаас гадна уг хөрөнгөөс үр шимийг хүртэж ашиг орлого олох явдал байна. Тухайлбал, Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “...эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна” гэж заасан, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл болсон байрыг дангаар нь ашиглан ашиг олох зорилгыг хэрэгжүүлж чадахгүй тул гэрээг “түрээсийн” харилцаа гэх боломжгүй.
Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь түрээсийн гэрээний шинжтэй байгааг хоёр шатны шүүх зөв тодорхойлж чадаагүй гэх гомдлын энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
9.2.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ “...засварыг хийж, үр шимийг хүртэхээр анх 5 жилээр гэрээ байгуулахаар ярилцаж 3 жилийн хугацаатай гэрээг байгуулсан. Халаалтын системээс шалтгаалж эмнэлгийн зориулалтаар 2019 оны 11, 12, 1, 2 саруудад үйл ажиллагаагаа явуулж чадаагүй, биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн, мөн гэрээ цуцлах талаар урьдчилан мэдэгдэнэ гэсэн заалтуудаа зөрчсөн, байранд засвар хийж хохирсон” гэсэн, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төл гэсэн шаардлага тавьсан, төлөөгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчөөд эхэлсэн, хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтын дагуу гэрээг цуцалсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээ хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлж хөлс төлөөгүйтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж, сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байна.
Хариуцагч өөрийн эрхлэх үйл ажиллагаанд зориулж буюу эмэгтэйчүүдийн эмнэлгийн зориулалтаар нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр засвар хийсэн, гэрээ цуцлагдсаны дараа салгаж болох эд зүйлээ авсан талаар зохигч маргаагүй боловч бусад засварын зардлыг хариуцагч төлөх үндэслэл тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Учир нь талуудын байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээ урт хугацаатай бөгөөд энэ хугацаанд хөлслөгч ашиг олж засварын зардлаа олж авах зорилготой байсан нь тайлбарт дурдагдсан байна.
Нөгөө талаар зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нэхэмжлэгчийн буруугаас бус хариуцагчийн сар бүр төлөх хөлсөө төлөөгүйтэй холбоотой цуцлагдсан гэж үзэхээр байна.
Хөлслөгчийн хийсэн засварын зардлыг хөлслүүлэгч төлж болох үндэслэл нь тухайн гэрээний зүйл болсон эд хөрөнгөд хийсэн засвар нь салгаж болохгүй байгаагаас гадна цаашид өмчлөгчид эдийн засгийн хувьд ашигтай байдал үүсгэх нөхцөл хамаарах бөгөөд хариуцагч дулаан алдалтыг зогсоох засвар хийсэн гэх боловч энэ шаардлага нотлоогүй, баримтгүй, бусад засвар нь эмнэлэгийн зориулалтаар ашиглахаар тусгаарлах, ариутгах, угаалгын мэс заслын гэх мэт өрөө гаргаж зассан нь нэхэмжлэгчид ашигтай байдлыг үүсгэсэн гэх боломжгүй юм.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
9.3.СӨХ болон ашиглалтын зардлыг хариуцагч төлөхийг талууд гэрээгээр тохиролцсон байх тул эдгээр зардалд 2,191,069 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй, 289 дүгээр зүйлийн 289.1.6-д зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрснээр эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.
2018 оны 11,12 сар, 2019 оны 01 дүгээр сарын нийт 3 сарын хөлсөнд 12,420,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, тухайн цаг хугацаанд дулаан хангамжийн доголдлоос шалтгаалж ажиллаагүй гэсэн үндэслэлээ нотолсон, нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдсэн тухайгаа хариуцагч нотлоогүй, иймээс 3 сарын хөлсийг хасч тооцох үндэслэл тогтоогдоогүй байна.
10.Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02209 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0038 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ВВ” ХХК /өмгөөлөгч Т.Цэен-Ойдов/-ийн 2021.02.01-ний өдөр 327,751 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД