| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0050/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 34
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: А.Амгалан,
Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.М, Х.О нарт холбогдох 2028000410024 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ам бүл 2, эхийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй,
Шүүгдэгч Х.О нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд үйл ажиллагаа явуулдаг Х.Б гадна талд Б.М-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд үйл ажиллагаа явуулдаг Х.Б гадна талд Х.О нөхөртэйгөө хардан маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь шүүгдэгч Б.М, Х.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Х.О нь шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 190100 төгрөг гаргуулан хохирогч Х.О олгох шийдвэрийг шүүгдэгч Б.М биелүүлсэн, шүүгдэгч Х.О-аас 621400 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д олгох шийдвэрийг шүүгдэгч Х.О 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээ илэрхийлсэн болохыг дурдаж, шүүгдэгч Б.М-ын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 187140 төгрөгийг, хохирогч Х.О-ын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 42333 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.О нь өвчтэй байсан хугацааны цалин 1284031 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Х.О, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Хэрэг учрал болсон нөхцөл байдалд бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Х.О-ын үйлдэл холбогдлыг дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй, хэргийн бодит нөхцөл байдалтай уялдаагүй учир шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт:.... Х.Оын үйлдлийг гэм буруутайд тооцохдоо “шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан камерын бичлэгээс үзэхэд Х.Б урд талын машины зогсоол дээр Б.М нар нь уулзалдаж, улмаар харилцан маргалдаж байгаа байдалтай дохио зангаа хэрэглэсэн дүрс харагдах бөгөөд эхлээд Б.М-ыг түлхэх үйлдэл хийж байгаа, түүний дараа Б.М нь Х.О-ын үснээс зулгааж, улмаар харилцан үснээсээ зулгаах үйлдэл хийж, хөндлөнгийн этгээдийн тусламжтайгаар зодооныг зогсоож байгаа үйл явдал бичигджээ. Энэхүү үйл явдлын дараагаар Х.О нь Б.М-ын машины хаалгыг нээж, улмаар түүний үснээс зулгаасан талаар гэрч, хохирогч нар мэдүүлдэг гэх байдлыг тодорхойлон дурдаж гэм буруутай болохыг дүгнэсэн. Энэхүү шүүхийн дүгнэлтээс Х.О зодоон эхлүүлсэн мэтээр ойлгогдож, улмаар харилцан зодолдсон байхаар байна” гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Камерын бичлэгт эхлээд Б.М нь өөрийн машинаасаа буугаад шууд Х.О-ын машин руу явж очоод хэрүүл маргаан үүсгэж байх ба удалгүй Х.О машинаас буун харилцан маргалдаж байх үед Б.М нь миний үйлчлүүлэгч Х.О руу урагшаа алхаж дайрах үйлдэл хийх үед түүнийг өөрөөсөө зайлуулах үйлдэл хийж байгаа харагддаг.
Гэтэл шүүх эхлээд Х.О, Б.М-ыг түлхсэн мэтээр дүгнэлт хийсэн. Камерын бичлэгээс гадна хавтаст хэрэгт Х.О-ын гэрчийн мэдүүлэгт: /хх-16/, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр .....М над руу залгаад баахан доромжилсон тэгэхээр нь хэрүүл хийлгүй утсыг нь таслаад орхисон байсан. Тэгээд өнөөдөр Х.Б гадаа..... Мөнхтуул миний үснээс зулгаагаад доош нь дарсан, /'хх-ийн 14/ 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр авсан мэдүүлэгт:...М машинаасаа бууж ирээд миний машины хажууд ирээд....янхан, гичий гээд шууд намайг үсдэж авсан.....миний нүүрний баруун тал духнаас доош эрүү хүртэл самардсан, бас уруул сэтэрсэн, ... шүүх хуралдаан дээр өгч байгаа мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн хэргийг Х.О нь эхлүүлээгүй, Б.М нь эхэлж түүний эрх чөлөөнд халдсаныг нотолно. Шүүх Х.О-ын үйлдлүүдээс яг хаана үйлдэгдсэн үйлдэл нь гэм буруутайг ялган зааглаж дүгнэлт хийж чадаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг хаана, хэзээ үйлдэгдсэнийг тогтоох ёстой. Тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, камерын бичлэгээс үзвэл Х.О-ын машины хажууд нэг үйлдэл, Б.М-ын машин дотор, цагдаагийн машин болон цагдаа дээр маргалдсан цохих үйлдэл болсон нь хэн бүхэнд тодорхой маргах зүйлгүй, дээрх хуулийн заалт хэрэгжсэн, нотлогдсон байна.
Харин Х.О нь өөрийнхөө машины дэргэд Б.М-д зодуулж, улмаар түүний үснээс зулгаагаад доош дарахад түүний үснээс барьж болиулах, өөрийгөө хамгаалах үйлдэл хийж байх хугацаанд хх-ийн 41 дүгээр талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.М-д учирсан хөнгөн гэмтлийг учруулсан байдаг. Үүнээс үзвэл Х.О нь бусдын хууль бус довтолгооны үед хариу үйлдэл хийснээс болж бусдын биед гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:..өөрийн.....эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байна. Энэхүү хуулийн заалттай Х.О-ын үйлдлийг холбон авч үзвэл Б.М нь эхлээд түүний эрх чөлөөнд халдаж үснээс зулгаан доош дарсан үед мөн түүний үснээс зулгаан болиулах үйлдэл хийх гэж оролдож, өөрийгөө хамгаалж үйлдэл хийсэн нь энэ зүйл хэсгээр гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй байгааг шүүгч та бүхэн анхааран үзнэ үү.
Нөгөөтээгүүр бусдын тусламжтайгаар Б.М-аас салсны дараа түүний биед халдсан үйлдлийг дээрх дурдсан үйлдлийг ялган зааглах нь чухал байна. Х.О, Б.М нарыг салгасны дараа Х.О нь бусдын эрх чөлөөнд халдсан гэх цаг хугацаанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг Х.О учруулаагүй болохыг шүүхээр тогтоолгох гэсэн боловч шүүхээс өмгөөлөгч миний маргаж буй уйл баримтыг ялган зааглаж бодитой, үндэслэлтэй, эрх зүйн дүгнэлтийг хийж чадсангүй. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн анхааран үзнэ үү.
Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хохирогч Х.О-ын өвчтэй байсан хугацааны цалин 1284031 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэхээр заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанаар олох ёстой байсан орлого болох цалинг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзнэ. Хохирогчийн зүгээс Б.М-аас цалингийн 1326364 төгрөгийг нэхэмжилснийг тогтоох хэсэгт зөрүүтэй байдлаар бичигдсэн. Х.О-ын зүгээс цалингийн тодорхойлолтыг байгууллагынхаа ерөнхий нягтлан бодогч болон цалин хөлсний нягтлан бодогч нараар тодорхойлуулан нотлох баримтын шаардлага хангасан хэмжээгээр гарган өгсөн.
Уг гарган өгсөн баримтыг няцаах үгүйсгэх зорилгоор Б.М-ын зүгээс мөн тухайн байгууллагын цалингийн тооцооллыг гарган ирүүлсэн боловч уг нотлох баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх нотлох баримтаар үнэлэн шийдвэрлэсэн нь хууль бус. Өөрөөр хэлбэл хх-ийн 164, 165 дугаар талд авагдсан цалингийн тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангасан.
Харин хх-ийн 170 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтад цалин хөлсний нягтлан бодогч гарын үсэг зураагүй, нэг хүний гарын үсэгтэй, тамга тэмдэггүй баримтыг шүүх үнэлсэнд оршино. Хэрэв шүүх уг нотлох баримтыг үнэлж байгаа бол шүүх хуралдаан дээр Х.О-ын үгээс би заавал өөрийн нэхэмжилж буй цалин болох 1326364 төгрөгийг авна, зөрүү гаргасан тооцооллоор 1284031 төгрөгийг авахгүй гэж маргаж мэтгэлцсэн зүйл байхгүй.
Б.М-ын зүгээс Х.О нь дутуу авсан цалин нь 1284031 төгрөг болно гэж нотлох баримт гаргасан. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн зөрүү 42333 төгрөгийг заавал авна гэж бидний зүгээс маргаж мэтгэлцээгүй.
Иймд дутуу авсан цалин хөлсийг нь гэм буруутай Б.М-аас гаргуулж өгнө үү. Дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Х.О холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.М-аас 1326364 төгрөгийг гаргуулан хохирогч Х.О олгох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаа нь өөрийн үйлчлүүлэгч Х.О-ын үйлдлийг “аргагүй хамгаалалт” өөрийгөө хамгаалахын тулд Б.М-ын бие эрх чөлөөнд халдсан гэсэн тайлбарыг хийдэг боловч энэ нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилсан байдаг. Гэтэл Х.О нь Б.М-аас довтолгоо эхлэхээс өмнө өөрөө түрүүлж Б.М-ыг түлхэж биед нь түрүүлж хүрснээс шалтгаалж тухайн хоёр хүний хооронд харилцан бие бие рүүгээ довтлох үйлдэл хийгдсэн. /камерын бичлэгээс тодорхой харагдана/
Улмаар Х.О нь түрүүлж буюу харилцан зодооныг хөндлөнгийн хүмүүс салгаснаас хойш Б.М-ын бие эрх чөлөөнд 3 удаагийн үйлдлээр халдсан байдаг. /1. Б.М-ыг машиндаа сууж байхад, 2. Цагдаагийн машин дотор, 3. Цагдаагийн байгууллагын коридорт энэ үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр батлагддаг. Х.О нь өвчтэй байсан хугацааны цалин 1326364 төгрөгийг манай үйлчлүүлэгч Б.М-аас нэхэмжилдэг. Гэтэл Х.О-ын гаргаж өгсөн өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү нэхэмжилсэн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь “Үйлдвэр техникийн хэлтсийн 2020 оны 01 сарын цалингийн баланс”-аар 2020 оны 01 сард ажиллавал зохих 22 хоног гээд ажлын хоногийг тооцсон атлаа ажиллаагүй өвчтэй байсан 10 хоногт нь амралтын өдрийг оруулж тооцож цалин бодсон. Мөн 2020 оны 2 сард өвчтэй 4 хоног гэж цалин бодсон уг 4 хоногийн 2 өдөр нь ажлын, 2 өдөр нь амралтын өдөр байхад амралтын өдөрт нь цалин бодсон, нийт 14 хоногийн өвчтэй байх хугацаанд нь 4 хоногийн амралтын өдөр таарсан байхад амралтын хоногийг хасалгүй 14 хоногоор цалинг нь бодож баримт гаргаж өгч байгаа нь эргэлзээтэй байна. Түүнчлэн сарын үндсэн цалингаас өвчтэй байсан хугацааны цалинг бодох атал өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүүг хэрхэн тооцож бодсон нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл нэг хоногийн цалинг хэрхэн бодож гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Дахин Х.О-ын цалинг ерөнхий нягтлан бодогчоор нь бодуулахад өмнө нь бодож нотлох баримтаар гаргаж өгсөн баримтаасаа зөрүүтэй бодож тодорхойлсон зэрэг нь тухайн цалингийн талаарх нотлох баримт нь үндэслэлтэй гэдэгт эргэлзэх үндэслэл болж байгаа учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Мөн “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт ”ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЗААВАР”-ын 3 дугаар зүйл “Эмнэлгийн хуудас бичих хугацаа” 3.6-д “Эмчлэгч их эмч амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид эмнэлгийн хуудсыг нэг удаад 5 хүртэл хоног, нийтдээ 14 хоногоос илүүгүй хугацаагаар олгоно." гэж заасан байхад нэг удаа дээд хэмжээгээр нь эмнэлгийн хуудсыг бичиж олгосон нь хууль бус гэж үзэж байна. Миний ойлгож байгаагаар нэг удаа эмнэлгийн хуудсыг 5 хоногоор бичиж олгоод дахин сунгах шаардлагатай гэж үзвэл дахин эмнэлгийн хуудас бичиж олгох журмаар хугацааг сунгах байсан. Х.О нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, гэрээр өвчтэй байсан, биедээ авсан гэмтэл шарх нь ажил хөдөлмөр хийхэд саад болохоор гэмтэл шарх байгаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл олон хоногийн эмнэлгийн хуудас авах шаардлагагүй байсан, эмнэлгийн хуудсыг танил талаараа үндэслэлгүйгээр дээд хэмжээгээр нь бичүүлж авсан гэж үзэж байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.О нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нарын хэн хэнийх нь үйлдлийн хувьд үйлдлүүд нь үргэлжилсэн, салгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл нэг үйлдэл нь бүрэн төгсөөгүй байхад дахиад үргэлжилсэн харилцан бие биеийнхээ эрх чөлөөний эсрэг хийсэн ийм үйлдлүүд байдаг. Энэ үйлдлийнхээ улмаас хэн хэн нь хохирсон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн төгс агуулсан ийм гэмт хэрэг байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон байна гэж үзэж байна. Шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой энэ хэрэгт хамааралтай талаас шинжлэн судалж шийдвэрлэсэн байгаа талаар дурдах нь зүйтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ц.Баярмаа өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Энэ хохирол төлбөртэй холбоотой гаргасан нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй ийм баримтууд байгаа учраас энэ тал дээр ач холбогдол өгч нотлох баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь зөв үндэслэлтэй гарсан гэж үзэж шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
“Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд
Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х.Б гадна талд Х.О нөхөртэйгөө хардан маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.О нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х.Б гадна талд Б.М-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 114, 115 дугаартай дүгнэлтүүд /1 хх-39, 41/, камерын бичлэг болон дээрх бичлэгийг давхар нотолсон хохирогч Б.М /1 хх-10-11/, хохирогч Х.О/1 хх-14-15/, гэрч О.Б /1 хх-32-33/ нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдолд заасан үндэслэлүүд нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...машинаасаа буугаад банк руу орох гэсэн чинь банкны үүдэнд О машин зогсож байсан. Дотор нь О сууж байхаар нь би ...чи яахаараа миний нөхөр лүү мессеж бичсэн юм бэ одоо больчих, надад хэцүү байна гэж хэлсэн чинь өөдөөс дайраад давшлаад хаана юу ярихаа мэдэхгүй авгай гэх мэтээр хэлж элдвээр хараагаад хэрүүл болсон, ...өмнөөс учиргүй загинаад ...нулимаад байхаар нь хоромхон зуур уур хүрээд үсдэлцээд авсан байсан, ...хамт явсан хүмүүс салгасан. Тэгээд би машиндаа ороод суучихсан чинь О гадаа орилоод дайраад намайг зодох гээд байсан. Тэгж байгаад миний машины арын хаалгаар шагайгаад миний араас үснээс зулгаагаад татаад намайг арагш нь машины хажуу тал руу толгой цохиод үснээс татсан. Тэгэхэд хажууд байсан хүмүүс бас салгасан” /1 хх-11/ гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.О-ын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...шууд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би өөрийг нь зөрүүлээд үсэдсэн, “...би машиных нь арын хаалгыг нээгээд зууралдсан” /1 хх-14-15/ гэх, гэрч О.Б-н 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би тэр хоёр эмэгтэйг албаны машины хойд талын суудалд голд нь хүнтэй байсан. Түүний хоёр талд суулгасан чинь тэр хоёр хэрэлдэж байгаад бие биеэ үсдэж зууралдахаар нь би буулгаад өөрсдийнх нь машинд суулгасан юм” /1 хх-33/ гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.
“Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.О нь довтолгоо төгссөн хойно Б.М-ын эрүүл мэндэд удаа дараа халдсан үйлдэл хийсэн байх тул Х.О-ын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй” гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэв.
Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.О-ын дутуу авсан цалин хөлсийг гаргуулан авахтай холбоотой шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүх харьцуулан шинжлэн судлаад “нотлох баримтаар үнэлж болохгүй, нотлох баримт нь эргэлзээ төрүүлэхүйц, Х.О өвчтэй хугацааны олговор олгогдсон эсэх, энэхүү олговрыг аваагүй бол Б.М-ын үйлдэлтэй холбогдолтой эсэх асуудлыг тодруулсны дараа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв” гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх нь “шүүгдэгч Х.О-аас 621400 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д олгох шийдвэрийг шүүгдэгч Х.О 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээ илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв” гэж шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” гэсэн заалтуудыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Цаашид анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан дарааллын дагуу бичиж байхыг дурдах нь зүйтэй.
Иймд хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “Х.О холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Б.М-аас 1326364 төгрөгийг гаргуулан хохирогч Х.О олгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “Х.О холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Б.М-аас 1326364 төгрөгийг гаргуулан хохирогч Х.О олгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь заалтын “шүүгдэгч Х.О-аас 621400 төгрөг гаргуулж хохирогч Б.М-д олгох шийдвэрийг шүүгдэгч Х.О 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээ илэрхийлсэн болохыг дурдаж” гэснийг “шүүгдэгч Х.О-аас 621400 төгрөг гаргуулж хохирогч Б.М-д олгож” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР