Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 35

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний  өдрийн 2020/ШЗ/110 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.Э-д холбогдох 2029000320048 дугаартай эрүүгийн хэргийг прокурор В.Төгсбаярын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Энь 2020 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг нь шалгах талаар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан улмаар хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж үйлдсэн, мөн хууль сахиулагч, цагдаагийн дэслэгч Д.Б эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийнх нь эрүүл мэндэд баруун хацар, дээд, доод эрүү, 2 гарын сарвууны арьсанд зулгаралт, зүүн чихний дэлбээнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Б.Э холбогдох 2029000320048 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор В.Төгсбаяр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг нь шалгах талаар цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэслэгч Д.Б хууль ёсны тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан улмаар хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдаж үйлдсэн, мөн хууль сахиулагч, цагдаагийн дэслэгч Д.Б эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийнх нь эрүүл мэндэд баруун хацар. дээд, доод эрүү, 2 гарын сарвууны арьсанд зулгаралт, зүүн чихний дэлбээнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Сум дундын Прокурорын газраас Б.Э Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж 2020/ШЗ/110 дугаартай захирамжаар шүүгдэгч Б.Э холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” шаардлага бүрэн хангагдаагүй, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгч захирамждаа: “...хэргийн бодит байдал, яллах дүгнэлтэд дурдагдсан байдал илтэд зөрүүтэй байгаа тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.” гэжээ.

Хэрэгт цугларсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11-рт/ Д.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-рт/, иргэний нэхэмжлэгч Б.Б: “...Тэгээд дэслэгч Д.Б гар чихнээс цус гараад байхаар нь бид хоёр хамт эмнэлэг орж үзүүлээд явж байхад мэдээлэл хүлээн авагч нь жижүүрийн утаснаас залгаад Э гэх залуу сандлын бариулыг хуга өшиглөөд гараад зугтаачихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-рт/, гэрч Х.Б “...Цагдаагийн хэлтэс дээр ирээд хүлээлгийн өрөөнд сандал дээр сууж байтал хажууд Б цагдаагийн албан хаагчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлээд агсраад байсан. Тэгээд Болдоог гавласан. Б удалгүй гарандаа зүүсэн гаваа сандлын бариултай цуг салгаад аваад гараад зугтсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-рт/, гэрч Б.Х: “...Тэгээд бид гурав араас нь очих гэж байгаад хэрүүл маргаан гарна гэж бодоод очоогүй өглөө нь цагдаа дээр очоод Э цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимын сандал эвдсэн гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар цагдаагийн байгууллага доторх сандлыг эвдэж, хууль сахиулах албаны барилгад халдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд яллах дүгнэлтэд “...цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэслэгч Д.Б хууль ёсны тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан улмаар хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдаж үйлдсэн...” гэж бичсэн нь хэргийн бодит байдалтай илтэд зөрсөн зүйл огт байхгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “...барилга байгууламжид халдах” гэдэг ойлголтод хууль сахиулах байгууллагын үл хөдлөх хөрөнгө буюу барилга, байгууламжийг заавал устгасан, гэмтээсэн байхыг огт шаардахгүй бөгөөд барилга байгууламж доторх сандал, ширээ, компьютер гэх мэт эд хөрөнгийг нийтэд нь хамруулж ойлгодог.

Цагдаагийн байгууллага нь хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн тусгай алба бөгөөд хууль сахиулах байгууллагын “тоног төхөөрөмжид халдах” гэдэг ойлголтод тусгай хэрэгсэл буюу агсамж /гав, хүлэг, бороохой, газ, хийн болон галт зэвсэг/, тусгай тоноглосон тээврийн хэрэгсэл, мөрдөх, чагнах төхөөрөмж гэх мэт тэдний албаны тусгай үүргээ хэрэгжүүлэхдээ хэрэглэдэг эд зүйл, тусгай хэрэглэл хамаарахаас сандал, ширээ гэх мэт эд хөрөнгө нь хамаарахгүй юм. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байна.

Мөн шүүгч захирамждаа: “...яллах дүгнэлтийн 2, 3-р хуудас, тогтоох хэсгийн утга бүрэн харагдахгүй байгааг дурдах нь зүйтэй.” гэжээ. Хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны дараа захирамжийн буцаасан үндэслэлийг тайлбарлахдаа дээрх хуудсыг харуулсан бөгөөд уг хэсэг нь принтер буюу хэвлэгч машины хор болон техникийн шинжтэй үг, үсэг бүдэг хэвлэгдсэнтэй холбоотой үүссэн бага хэмжээний техникийн саатал байна. Уг техникийн саатал нь хэрэг шийдвэрлэхэд нөлөөлөхөөр Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил биш байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/110 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Зөрчил гаргасан Э нь эсэргүүцэх явцдаа Цагдаагийн байгууллагын байрны сандлыг эвдлээд хугалаад хөлөөрөө өшиглөөд зугтсан байсан. Тэгээд зөрчил гаргасан этгээдийн араас хөөгөөд барьж байж энэ хэргийг шийдвэрлэсэн. Энэ бүх ажиллагаа хийгдээд энэ хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүгдэгчийн өмгөөлөгчтэй ял тохирч шүүхэд шилжүүлсэн ийм л хэрэг юм. Ингээд энэ хэргийг шүүхээс буцаахдаа хоёрхон үндэслэлээр буцааж байгаа юм. Нэг нь болохоор энэ барилга байгууламжид халдсан, барилга байгууламжийг устгасан нь хаана байна. Ийм асуудал байхгүй байна гэдэг. Хоёр дахь үндэслэл нь болохоор яллах дүгнэлтийн зарим хэсэг  харагдахгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан. Гэтэл энэ барилга байгууламж гэдэгт бол Цагдаагийн албаны үйл ажиллагаагаа явуулж байгаа тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг  байгууллага, түүний дотор байгаа бүхий л эд хөрөнгө Цагдаагийн байгууллагадаа орж байна. Дараагийн нэг асуудал нь яллах дүгнэлтийн зарим хэсэг харагдахгүй байна гэдэг үндэслэл нь болохоор принтерийн хор нь дуусаж байсан юм билээ. Гэхдээ тэр нь хүн уншихад харагдахааргүй болсон, юу юу ч үгүй цайсан юм бол байгаагүй. Би хараад уншаад ойлгоод болж байсан тийм зүйл. Тэгэхээр анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийг буцааж шийдвэрлэж байна. Шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж байгаа. Хэрвээ үнэхээр барилга байгууламжид халдаагүй гэж үзэж байгаа бол хэргийн зүйлчлэлийг өөрчилдөг, хөнгөрүүлдэг ч юм уу энэ эрх нь шүүхэд байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэргийг шийдэх боломжтой асуудал дээр хэргийг буцааж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.   

Б.Э холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл болох хууль хэрэглээний талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тодруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх тухай бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний  өдрийн 2020/ШЗ/110 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Э холбогдох 2029000320048 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Э урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                 Ш.ТӨМӨРБААТАР