| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00305/И |
| Дугаар | 138/ШШ2020/01143 |
| Огноо | 2020-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2020/01143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоот хаягт байрлах, 5341469 тоот регистрийн дугаартай, Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 28-47 тоотод оршин суух, ЖЮ42082530 регистрийн дугаартай, Боржигин овогт Сүрэнгийн Дугарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15 451 379.73 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 261500626062 дугаартай Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Өнөрцэцэг, хариуцагч С.Дугар, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, гэрч Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дугарын Батцэнгэл, Сүрэнгийн Дугар нар нь Төрийн банкны Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвөөс 2018 оны 08 сарын 16-ны өдөр 15 523 196.21 төгрөгийн зээлийг 261500626062 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Д.Батцэнгэл нь 2019 оны 6 дугаар сард нас барснаас хойш одоог хүртэл зээлийн төлбөр огт төлөгдөөгүй. Үндсэн зээлийн 13 665 555.73 төгрөг, хуримтлагдсан хүү 1 769 131.24 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 16 692.76 төгрөг, нийт 15 451 379.73 төгрөгийн зээлийг төлөөгүй 225 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлийг төлүүлэх бүх талын арга хэмжээг авсан болно. Зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4, 3.2.5, 3.2.6, 3.2.7, 3.2.8, 3.3-р заалтуудыг үндэслэн зээлийг бүрэн барагдуулахыг шаардаж байна. Иймд зээлдэгч иргэн С.Дугартай байгуулсан 261500626062 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийн дагуу ...нийт 15 451 379.73 төгрөгийг гаргуулан өгч Банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Өнөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Батцэнгэл, хамтран зээлдэгч С.Дугар нар нь Төрийн банкнаас зээл авсан байгаа. Батцэнгэлийн ажилладаг газар нь Хаан банктай харилцдаг байсан боловч өөрөө хүсэлтээр Төрийн банктай харилцаж зээл авах хүсэлт гаргасан. Тухайн үед манайхаас авсан зээлээрээ Хаан банкны зээлийг дарсан байгаа. Хоёр удаагийн зээлийн гэрээ байгуулсан. Ингэхэд хамтран зээлдэгч С.Дугар гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймээс зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. 2020 оны 02 сарын 13-ны өдрийн байдлаар нийт 15 451 379 төгрөг 73 мөнгийг хариуцагч С.Дугараас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Энэ зээлийг Батцэнгэл авсан. Дугар гуай аваагүй байж болно. Гэхдээ мөнгийг хэрэглэсэн хүн нь Батцэнгэл байгаа. Өөрөө хувийн хэрэгцээ ч бай аль нэг өр зээл ч бай ямартай ч мөнгийг хэрэглэсэн нь үнэн байдаг. Банкнаас зээл авсан нь үнэн. Банкинд зээл төлөгдөхгүй байгаа нь үнэн гэв.
Хариуцагч С.Дугар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжилсэн мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ...Би охиноо дуудсаных нь дагуу Төрийн банкин дээр очсон. Намайг очиход банкны эдийн засагч болон охин Батцэнгэл нар намайг нэг бичгэн дээр гарын үсгээ зурчих гэж хэлсэн. Би ямар учиртай бичиг вэ, яах гэж байгаа юм бэ гэж асуухад манай охин багахан хэмжээний зээл байгаа юм аа гэсэн, тэгэхэд нь би ийм юм мэдэхгүй ээ, зээлэнд ороход хүсэхгүй байна, чи ах, дүү нараасаа дууд, эсвэл өөр хүн олохгүй юу даа гэж хэлсэн. Тэгэхэд охин хоёрхон сая төгрөгийн зээл байгаа юм аа, би өөрөө удаахгүй төлчихнө, би юу гэж танаар төлүүлэх вэ дээ, та зүгээр л гарын үсгээ зурчих гэж гомдоллоод байсан. Банкны эдийн засагч надад ямар учиртай, хэдэн төгрөг өгч, авч байгаа талаар надад хэлээгүй, огт юм тайлбарлаагүй, чимээгүй байгаад байсан. Миний нүдний хараа олон жилийн өмнөөс муудаж, ном сонин, бичиг уншиж чадахаа байсан, нүдний шил зүүдэг боловч том зүйлийг л багцаа, таамгаар харж явдаг. Нарийн ширийн зүйлийг бол огт хардаггүй учир би тухайн үед тэр бичгийг нь уншаагүй бөгөөд зур гэсэн газар нь заалгаж байгаад гарын үсгээ зурсан. Ингээд охин маань 2019 оны 06 сард хүнд өвчний улмаас нас барж, 2 охин нь над дээр өнчирч үлдсэн. Төрийн банкнаас танай шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцахад охин Батцэнгэл өмнө нь 15 сая төгрөгийн зээл авсан байсан бөгөөд сүүлд 2 сая гаран төгрөг нэмж авахдаа надаар гарын үсэг зуруулсан гэдгийг тайлбарлуулж ойлгосон. Би гарын үсэг зурах үед 15 сая төгрөгийн зээл гэдгийг мэдсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. ...Манай охин намайг бичиг уншиж чадахгүй, хараа муутайг далимдуулж, хуурч гарын үсэг зуруулсан байна. Охиныг тэгж худал хэлж байхад хажууд нь байсан эдийн засагч хүн сонссоор, мэдсээр байж надад залруулж ойлгуулаагүй нь хачин санагдаж байна. Уг нь надад манай охин биш, зээл олгох гэж байгаа хүн нь тайлбарлан өгч, миний зөвшөөрлийг авах ёстой биздээ. ...би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тийм их мөнгийг зээлж авсан талаар мэдэхгүй байна. Би 8 дугаар сард буюу намар нэг л удаа банкин дээр очсон. Би ер нь банкнаас зээл ч авж үзээгүй. Өөрийн байгаа бололцооны хэрээр л амьдардаг хүн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч С.Дугар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Миний нас барсан охин Батцэнгэл нь нэг удаа намайг Төрийн банкин дээр хүрээд ир гэж дуудаад байхаар нь очсон. Тэгсэн чинь надад хандаж Би 2 сая төгрөгийн зээл авах гэж байгаа юм аа. Та гарын үсэг зураад өгчих гэж хэлсэн. ...Тэгээд намайг үүдний сандал дээр суулгаж орхиод цаашаа явсан. Хэсэг байж байгаад над дээр ирээд энэ гэрээн дээр гарын үсэг зурчих гэж хэлээд гуйгаад байхаар нь би 2 сая төгрөгийн гэрээ юм байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. Би тэр гэрээг уншаагүй, би уншиж чадахгүй. Олон жилийн өмнөөс нүд маань муудаж эхэлсэн. Ойрын юм хардаггүй. Миний нүдэнд таарах харааны шил ч олддоггүй юм. Нэг ёсондоо би хүний бараа дүрсийг харах болохоос нүүр царайг нь нарийвчлан харж чаддаггүй. Тэр тусмаа бичиг үсэг ч хардаггүй, ном, сонин уншиж чаддаггүй юм. Тиймээс тухайн гэрээн дээр юу бичсэн болохыг уншаагүй, мэдээгүй. Банкны ажилтан хүн нь ч надтай уулзаж, хэлж тайлбарлаж өгөөгүй. Сүүлд нэхэмжлэл гаргасны дараа манай охин Батцэнгэл тус банкнаас 2018.05.23-ны өдөр 13 500 000 төгрөг зээлж авсан бөгөөд намайг хамтран зээлдэгчээр оруулсан байсан. Би 13 500 000 төгрөгиийн зээл авсан болохыг огт мэдээгүй, гарын үсэг ч зураагүй. Дараа нь 2018.08.16-ны өдөр өмнөх зээлийн 13 223 196 төгрөг дээр нэмж 2 300 000 төгрөг буюу нийт 15 523 196.21 төгрөгийн зээл авсан болохыг мэдсэн. Энэ гэрээн дээр надад худлаа хэлж гарын үсэг зуруулсан байна. Нэмэлт 2 300 000 төгрөг авахдаа надад 2 сая төгрөгийн зээл авч байгаа юм гэж хэлсэн бололтой. Би 15 523 196.21 төгрөгийн зээл авна гэдгийг мэдсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй байсан. ...Банкны ажилтан ч надтай уулзаагүй. Надад тайлбарлаж өгөөгүй. Өндөр настай, хараа муутай, тэтгэврээс өөр орлогогүй намайг тийм их зээлийн хамтран хариуцагчаар оролцуулсаныг маш их гайхаж байна. Би гарын үсэг зурахдаа хүнээр заалгаж, чиглүүлж байгаад зурдаг. ...Иймд Төрийн банк ХХК-ийн Дорнод салбартай 2018.08.16-ны өдөр байгуулсан 261500626062 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Дугар, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагтай холбогдуулан гаргасан тайлбартаа: 2018 оны 08 сарын 16-ны өдрийн 261500626062 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн. Гэрээ байгуулахад талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байх учиртай. Гэтэл талуудын гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нь нэгдсэн гэж үзэх боломжгүй. Уг хэлцэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншлын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хуульд заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй. Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан тохиолдолд шаардах эрх үүснэ. Гэтэл тийм зүйл энэ хэрэгт байхгүй. Гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэдэгт миний хувьд эргэлзэж байна. Гэрээ байгуулж байгаа талууд чөлөөт эрхийн хэмжээнд шийдвэрлэх ёстой. Дугар гуай хэлэхдээ надад эдийн засагч нь зээлийн хэмжээ, сарын төлөлтийн талаар тайлбарласан бол би гарын үсэг зурахгүй байсан гэж хэлдэг. Банкны ажилтан гэрээний нөгөө тал болох хамтран зээлдэгчид энэ талаар тайлбарлаагүй нь чөлөөт эрхийн хэм хэмжээнд халдсан үйлдэл болж байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд харшилсан үйлдэл гаргасан байна. Мөн маш өндөр настай хүнийг хамтран зээлдэгчээр оруулсан. Дугар гуай гэрээ хийгдэх үед 76 настай байсан ба одоо 81 настай. Гэтэл ямар хэмжээтэй зээл олгож байгаа гэрээнд түүнийг гарын үсэг зурах гэж байгаа талаар тайлбарлаагүй атлаа сард 300 гаран мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүнийг тус гэрээний дагуу сар бүр 411 000 төгрөгийн төлөх гэрээнд хамтран зээлдэгчээр оруулж, үүрэг хүлээлгэсэн байгаа нь үндэслэлгүй. Хамтран зээлдэгч төлөх чадвартай эсэхийг нь ч судлаагүй, орлогыг нарийн тогтоогоогүй. Нүдний хувьд бэрхшээлтэй, уншиж чадахгүй хүнд банкны зүгээс гэрээний талаар нарийн тайлбарлаж өгөөгүй атлаа гэрээнд гарын үсэг зурсан л учраас үүрэг хүлээх учиртай гэж ийм хэмжээний төлбөрт унагаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үнэхээр бүдүүлэг журмаас болж энд хүмүүсийн эрх ашиг маш ноцтойгоор зөрчигдөж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Өнөрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Буяндэлгэр овогтой Пүрэвсүрэн нь 2018 оны 1-р сараас 2019 оны 5 сар хүртэлх хугацаанд Төрийн банкны Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвд Харилцааны менежерээр ажиллаж байсан. Тухайн үед Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж байсан Дугар овогтой Батцэнгэл нь 13.5 сая төгрөгийн цалингийн зээл авах хүсэлт гаргасан. Ингээд 2018 оны 05 сарын 23-нд 13,5 сая төгрөг, нэмэлтээр 2018 оны 08 сарын 16-нд 2,3 сая төгрөгийн зээл тус тус авсан. Д.Батцэнгэл нь зээлийн хүсэлт гаргахдаа өөрийн төрсөн аав С.Дугарыг хамтран зээлдэгчээр оруулах хүсэлт гаргасны дагуу судалж шийдвэрлэсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зуруулахын өмнө хамтран зээлдэгч болох С.Дугарт зээлийн дүн, бүтээгдэхүүн, нөхцөл хүү, шимтгэлийн талаар танилцуулж, гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгч С.Дугар нь өөрийн биеэр ирж гэрээтэй танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь үнэн болно. Банкны зүгээс зээлийг бүрэн төлүүлэх хүсэлтэй байгаа. Бид сөрөг нэхэмжлэлтэй танилцсан. Эхний зээлэн дээр гарын үсэг зураагүй, дараагийн зээлэн дээр гарын үсэг зурсан гэж хэлдэг боловч баримтаар энэ байдал няцаагддаг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвөөр дамжуулан хариуцагч С.Дугарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 451 379.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,
хариуцагч С.Дугар нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 261500626062 дугаартай Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. (хх 1-2, 134-135 тал)
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ ...Гэрээнд хамтран зээлдэгч С.Дугар нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймээс зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Зээлийн гэрээний 3.2.1-3.2.8, 3.3 дахь заалтуудыг үндэслэн хамтран зээлдэгчээс гэрээний үүргийн дагуу нийт 15 451 379.73 төгрөгийг нэхэмжилж байна. Хамтран зээлдэгч С.Дугар нь өөрийн биеэр ирж зээлийн дүн, бүтээгдэхүүн, нөхцөл хүү, шимтгэлийн талаар танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж,
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би 2018 оны 08 сарын 16-ны өдрийн гэрээг 15 сая төгрөгийн зээл гэдгийг мэдсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй байсан. Зээлийн гэрээний тухай надад манай охин биш, банкны ажилтан нь тайлбарлан өгч, миний зөвшөөрлийг авах ёстой. Нүдний хувьд бэрхшээлтэй, уншиж чадахгүй хүнд Банкны зүгээс гэрээний талаар нарийн тайлбарлаж өгөөгүй атлаа гэрээнд гарын үсэг зурсан л учраас үүрэг хүлээх учиртай гэж, мөн 300 гаран мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүнийг тус гэрээний дагуу сар бүр 411 000 төгрөгийн төлөх гэрээнд хамтран зээлдэгчээр оруулж, үүрэг хүлээлгэсэн байгаа нь үндэслэлгүй. Хамтран зээлдэгчийн орлогыг нарийн тогтоогоогүй, төлбөрийн чадвартай эсэхийг нь судлаагүй. Гэрээ байгуулахад талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байх учиртай. Гэтэл талуудын гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нь нэгдсэн гэж үзэх боломжгүй. Уг хэлцэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншлын хэм хэмжээг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Шүүх, талуудын гаргаж өгсөн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбарын хүрээнд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төв нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч Д.Батцэнгэлд 13 500 000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар олгож 261500626062 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгээр байгуулсан байна. (хх 48-50 тал)
Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон гэрч Б.Пүрэвсүрэн нар нь энэ гэрээний хамтран зээлдэгчээр С.Дугар нь оролцож, гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлах боловч С.Дугар нь тус гэрээнд гарын үсэг зураагүй болох нь хариуцагч талын тайлбар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3451 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Дээрх дүгнэлтээр ...2018 оны 05 сарын 23-ны өдрийн Төрийн банкны Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь С.Дугарын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай тохирохгүй... гэсэн байх тул хариуцагч С.Дугарыг дээрх гэрээний хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнээс гадна нэхэмжлэгч Банк нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч Д.Батцэнгэлд өмнөх зээлийн үлдэгдэл 13 223 196.21 төгрөг дээр нэмж 2 300 000 төгрөгийг олгож, нийт зээлийн үлдэгдэл нь 15 523 196.21 төгрөг болсон байх ба тус мөнгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлдүүлэн 261500626062 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г мөн бичгээр байгуулжээ. Тус гэрээнд хамтран зээлдэгчээр зээлдэгч Д.Батцэнгэлийн төрсөн эцэг С.Дугарыг оруулж, С.Дугар нь гэрээнд гарын үсэг зурсан болох нь зохигчдын тайлбар болон Барьцаат зээлийн гэрээ-гээр тус тус тогтоогдож байна. (хх 1-2, 6-8, 23-24 тал)
Зээлдэгч Д.Батцэнгэл нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Банктай 261500626062 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ 2019 оны 6 сар хүртэл биелүүлж байсан нь нэхэмжлэгч талын тайлбар болон зээлийн дансны хуулга (хх 51-54 тал)-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.
Дээрх бүгдээс үзэхэд Төрийн банк нь зээлдэгч Д.Батцэнгэлтэй 2 удаагийн гэрээг бичгээр байгуулж, тус гэрээнүүдийн дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь гэрээнд заасны дагуу сар бүр мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт 2019 оны 6 сарыг хүртэл төлж байсан болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд Төрийн банк болон зээлдэгч Д.Батцэнгэл нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин зээлдэгч Д.Батцэнгэл нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байх бөгөөд үүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. (хх 141 тал)
Үүнээс үүдэн Банк барьцаат зээлийн гэрээний 3.2.1-3.2.8 болон 3.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу үндсэн зээлийн төлбөрт 13 665 555.73 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 1 769 131.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16 692.76 төгрөг, нийт 15 451 379.73 төгрөгийг хамтран зээлдэгч С.Дугараас шаарджээ. Тодруулбал, хариуцагч С.Дугарыг гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлээ төлөлгүй 225 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төв болон зээлдэгч Д.Батцэнгэл, хамтран зээлдэгч С.Дугар нартай 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 261500626062 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний хамтран зээлдэгч С.Дугартай хийсэн хэлцлийн хэсгийг хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэх үндэслэл дараах үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна. Үүнд:
Нэгдүгээрт: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ...хамтран зээлдэгч С.Дугар нь өөрийн биеэр ирж зээлийн дүн, бүтээгдэхүүн, нөхцөл хүү, шимтгэлийн талаар танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан... гэж,
Хариуцагч тал нь ...Банкны ажилтан энэ зээлийн талаар нэг ч үг тайлбарлаж өгөөгүй, түүний өрөөнд нь ч ороогүй, банкны хүлээлгийн танхимд охиноо хүлээж байгаад охиныхоо авч ирсэн бичгүүдэд түүний заасан газруудад нь гарын үсгээ зурсан. Би нүд юм харах чадвар муу учраас тухайн бичгүүдийг уншиж чадаагүй, охиныхоо хэлснээр 2 сая төгрөгийн гэрээ гэж бодоод гарын үсгээ зурсан. Би 15 сая төгрөгийн зээл авч байгааг огт мэдээгүй, банкны ажилтан энэ талаар тайлбарлаж хэлэх үүргээ биелүүлсэн бол зөвшөөрөхгүй байсан... гэх тайлбаруудаас үзэхэд хариуцагч С.Дугар нь гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагчийн төлөөлөгч С.Дугарын нүдний харааны чадварын талаар дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан /хх 29-30 тал/-ыг хүлээн авч, шүүгчийн захирамжаар Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Нүд судлалын тасгийг шинжээчээр томилсон ба шинжээчээр Нүд судлалын тасгийн нүдний их эмч П.Нямсүрэн ажиллаж, дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн. Тус дүгнэлтэд ...С.Дугар нь 2018 онд БОЭТөв Нүдний амбулаториор 3 удаа үзүүлсэн ба үзлэгээр VOU-0.28 OU -Band keratopathy IV st (2 нүдний харааны чадал 20 хувьтай, эвэрлэг бүрхүүлийн бүдэгшил 4-р зэрэг) шилээр тодрол муутай байсан байна... гэжээ. (хх 38-41 тал)
Эдгээрээс үзэхэд хариуцагч С.Дугар нь нүдний харааны хувьд бичиг үсэг унших чадваргүй байсан, үүнээс шалтгаалж гэрээг уншиж танилцаагүй болох нь, мөн зээлийн ажилтан нь зээлийн гэрээний нөхцөл, зээлийн дүн, төлөх хэмжээ, хүү гэх мэт шаардлагатай мэдээллээр хангах үүргээ нь биелүүлээгүй болох нь тус тус тогтоогдож байна.
Хоёрдугаарт: Хэргийн 62-86 талд авагдсан Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журам-аар зээлийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим, чиглэл, зээл судлах, олгох үйл ажиллагаа, зээлийн эрсдэлийн удирдлага, зээлийн хяналт, зээлийн бүтээгдэхүүний талаар тус тус нарийвчлан зохицуулж өгчээ.
Тус журмын 25.6-д Хамтран зээлдэгчид тавих шаардлага гэж, 25.6.2-т зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үүргийг хамтран хүлээх гэр бүлийн гишүүн эсхүл санхүүгийн чадвар бүхий иргэн байх гэж заасан байна.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж заасан.
Гэвч, хариуцагч С.Дугар нь зээлдэгч Д.Батцэнгэлийн гэр бүлийн гишүүн биш, тэдэнтэй хамт амьдардаггүй болох нь Зээл хүсэгчийн мэдүүлэг-ээс тодорхой харагдаж байна. (хх 9 тал)
Түүнээс гадна хариуцагч С.Дугарыг санхүүгийн чадвар бүхий иргэн гэж үзэхэд учир дутадалтай байх бөгөөд тэрээр зээлийн гэрээ байгуулагдах үед сард 319 798 төгрөгийн өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй байсан нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн Үнэлгээний хуудас зэргээр тогтоогдож байхаас гадна зээлийн ажилтан нь тухайн үед хамтран зээлдэгч С.Дугарын орлогыг судалсан боловч зарлагыг судалж үзээгүй нь гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлгээр тогтоогддог. (хх 10 тал)
Хариуцагч С.Дугар нь 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс Ган Хэрлэн ХХК-ийн орон сууцны зориулалттай 24 м2 нэг өрөө байрыг түрээслэн, түрээсийн төлбөрт сард 142 700 төгрөгийг төлдөг байсан нь хариуцагч талын тайлбар, Ган Хэрлэн ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийг төлж байсан Орлогын ордерын тасалбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 116-117 тал)
Зээлийн гэрээний 3.2.4-т Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу ...хамтран зээлдэгч ...нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж заасан атлаа сард 319 798 төгрөгийн өндөр насны тэтгэвэр авдаг /гэрээ байгуулагдах үед 76 нас байсан/ иргэнийг санхүүгийн чадвар бүхий иргэн гэж үзэж, тус гэрээний Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу сар бүр 411 707.77 төгрөг /хамтран зээлдэгчийн орлогоос давсан дүнгээр/-ийг төлөх гэрээнд хамтран зээлдэгчээр оруулж байгаа нь, мөн зээлдэгчийн гэр бүлийн биш хүнийг хамтран зээлдэгчээр оруулж байгаа зэрэг нь дээрх журмын 25.6.2-т заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...зээлдэгч Д.Батцэнгэл нь өөрийн төрсөн эцгийг хамтран зээлдэгчээр оруулах хүсэлт гаргасны дагуу С.Дугарыг хамтран зээлдэгчээр оруулж, гэрээг байгуулсан... гэж тайлбарладаг. Гэвч зээлдэгчийн санал болгосон хүнийг бус харин Банкны зээлийн үйл ажиллагааны журамд заасан хамтран зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан хүнийг оруулах нь банкны эрх хэмжээний асуудал байх бөгөөд зээлдэгч Д.Батцэнгэлд энэхүү журамд заасан шаардлагаа тавьж, түүнд нэмэлт зээл олгох эсэх асуудлыг хууль журмынхаа дагуу судлах үүрэгтэй байсан гэж үзнэ.
Гуравдугаарт: Дээрх журмын 17-д Зээлийн гэрээ байгуулах, зээл олгох гэж, 17.2.2-т Зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулахдаа Зээлдэгчийн зөвшөөрөл-ийг загвар маягтын дагуу зээлдэгч болон хамтран зээлдэгчээр баталгаажуулан зээлийн хувийн хэрэгт хавсаргана гэж заажээ.
Гэвч хариуцагч С.Дугараас Зээлдэгчийн зөвшөөрөл-ийг авсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар болон гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.
Дөрөвдүгээрт: Дээрх журмын 8.3-т Зээлийн ажилтан, теллерийн үүрэг гэж, 8.3.2-т Зээлийн чанартай багцыг бүрдүүлэн өсөлтийг хангаж, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах, 8.3.3-т Зээлийн судалгаа, шинжилгээг Банкны эрх ашгийг дээдлэн зээлийн бодлого, энэ журмыг баримтлан мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх, 8.3.6-д Харилцагчийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, зээлийн бүтэц хэмжээг зөв тогтоох гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр, зээлдэгч Д.Батцэнгэлд олгосон зээлүүдийг судалж, зээлийн гэрээг байгуулсан Банкны зээлийн ажилтан Б.Пүрэвсүрэнг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулсан. Гэрчийн ...Зээл олгох боломжтой эсэхийг би судалдаг. Зээлийг Тооцооны төвийн захирал зөвшөөрч гарын үсэг зурснаар олгодог. Хамтран зээлдэгчийн орлогыг судалсан, зарлагыг судлаагүй. Хамтран зээлдэгч С.Дугарт гэрээг уншуулаагүй, зээлийн бүтээгдэхүүний хүснэгт дээр тайлбарлаж хэлсэн. Тиймээс гэрээг уншуулах шаардлагагүй гэж үзсэн... гэх мэдүүлгээс харахад банкны зээлийн ажилтан Б.Пүрэвсүрэн нь Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын 8.3.2, 8.3.3, 8.3.6-д заасан үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзэх үндэстэй.
Банкны зээлийн ажилтан нь дээрх журмын 25.6.2-т заасан хамтран зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан иргэнийг хамтран зээлдэгчээр гэрээнд оруулаагүй байхаас гадна нүдний харааны хувьд бэрхшээлтэй буюу унших чадваргүй /гарын үсэг зурахдаа хүнээр чиглүүлэн байж зурдаг/ хамтран зээлдэгч С.Дугарт зээлийн дүн болон хүү, шимтгэл, зээл төлөх нөхцөл гэх мэт шаардлагатай бусад мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, түүнийг дээрх журамд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Тавдугаарт: Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Гэтэл хариуцагч С.Дугарт гэрээний талаар шаардлагатай мэдээллээр хангах үүргээ Банк биелүүлээгүйгээс түүнийг хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхээр хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж, 3.2.4-т Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу ...хамтран зээлдэгч ...нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч С.Дугарын гэрээгээр хүлээсэн үүрэг нь түүний эдийн засгийн байдлыг ихээхэн хэмжээгээр хязгаарласан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хамтран зээлдэгч С.Дугар гэрээнд гарын үсэг зурсан учраас гэрээнд заасны дагуу үүрэг хүлээнэ гэж маргадаг боловч С.Дугартай хэлцэл хийхдээ зөвхөн гарын үсэг зуруулах бус, өөрөөр хэлбэл хэлцлийн зөвхөн бодит агуулга, байгуулагдсан нөхцөл байдал төдий бус харин талуудын субьектив ашиг сонирхол, зорилгыг харгалзах үзэх ёстой байсан гэж үзнэ.
Хэлцэлд оролцогч тал болох С.Дугар нь нүдний харааны хувьд бэрхшээлтэй, өндөр настай иргэн байхад Зээлийн үйл ажиллагааны журмын 8.3.6-д Харилцагчийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах үүргийн дагуу түүнд гэрээний нөхцөл, тодруулбал зээлийн дүн, төлөх нөхцөл, хүү болон зээлийн гэрээний Гурав-т заасан Зээлдэгч, хамтран зээлдэгчийн эрх, үүргийн талаар тодорхой тайлбарлаж өгөөгүйгээс хариуцагч С.Дугарын эдийн засгийн чөлөөт, хараат бус байдлыг үндсэндээ алдахаар хэлцэл хийж байгаа нь зан суртахуунд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл болно.
Дээрх бүгд үндэслэлүүдээр Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төв болон зээлдэгч Д.Батцэнгэл, хамтран зээлдэгч С.Дугар нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн 261500626062 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй тул тус гэрээний хамтран зээлдэгч С.Дугартай хийсэн хэлцлийн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь үндэслэлтэй байна.
Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвийн хамтран зээлдэгч С.Дугартай хийсэн хэлцлийн хэсэг хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хариуцагч С.Дугар нь тус зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээх үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвийн зээлийн гэрээний үүрэгт 15 451 379.73 төгрөгийг хариуцагч С.Дугараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
- Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 207 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. - Харин хариуцагч С.Дугарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх хэлцлийн зөвхөн хамтран зээлдэгч С.Дугартай хийсэн хэлцлийг хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар хуваарилан шийдвэрлэх боломжгүй, мөн тус хэлцлийг бүхэлд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 566 төгрөгийн 235 207 /нэхэмжлэлийн шаардлагад ногдох/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 359 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч С.Дугарт олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Дугараас Зээлийн гэрээний үүрэгт 15 451 379.73 төгрөг гаргуулах тухай Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Төрийн банк ХХК-ийн Дорнод салбарын Хэрлэн тооцооны төв болон Д.Батцэнгэл, С.Дугар нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 261500626062 дугаартай барьцаат зээлийн гэрээний С.Дугартай хийсэн хэлцлийн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын харъяа Хэрлэн тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 207 төгрөгийг, хариуцагч С.Дугараас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 566 төгрөгийн 235 207 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 359 /гурван зуун тавин ес/ төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч С.Дугарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА