Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2020/03128

 

2020 10 14 184/ШШ2020/03128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн, Өвөр монголын өөртөө засах орон, Шилийн гол аймаг, ******* ******* оршин суух, эмэгтэй ******* /*******, паспортын дугаар: *******/

  Хариуцагч: ******* дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:/

Зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн үүрэгт 286 539 юань буюу 109 970 802 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т. нь БНХАУ-ын Эрээн хот барилгын зах Тун хуа /Нараа/ G-6, 7 тоот барилгын дэлгүүр, овогтой Цолмонцэцэгээс 2013 оны 12 сарын 22-ны өдөр 286 539 юань буюу 109 970 802 төгрөгийн үнэ бүхий барилгын материалын бараа материалыг 4 сарын хугацаанд буцааж төлөхөөр тохиролцон зээлээр авсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй арга саам хийсээр ирсэн. Энэ талаар удаа дараа шаардлага гаргаж байсан ба энэ шаардлагын дагуу 2015 оны 06 дугаар сард төлж барагдуулахаа илэрхийлэн өөрийн гараар бичгээр үйлдэж өгсөн баримт байдаг. Төлөх байх гэж итгэж хүлээсээр аргаа бараад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тогтоосон журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох заалтад хамаарч байна. Иймд Т.аас зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн үүрэгт 286 539 юань буюу 109 970 802 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгч *******тэй 2010 оноос хойш барилгын материал зээлээр худалдах, худалдан авах бизнесийн харилцаатай явж ирсэн. ******* нь ХХК-аас авсан барилгын материалыг хариуцагчийн 4 дүгээр цахилгаан станцын урд байрлах агуулахад хадгалж байсан. Тэр хадгалж байсан бараа бүтээгдэхүүнээс нь хариуцагч барилгадаа хэрэгтэй материалаа /хэрэглэсэн бараа материал нь 63 954 юань/ хэрэглэсэн. Буцаагаад агуулахад байсан бараанаас 18 590 юанийн бараа материалыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн байдаг. Дараа нь 2013 оны 08 сард хариуцагч Эрээн хотод очоод бараа материал худалдаж авсан, авсан материал нь 385 685 юанийн бараа материал үүн дотор гаалийн зардал, тээврийн зардал, ачилтын зардал, гаалийн бүрдүүлэлтийн зардал, бичиг баримт бүрдүүлэлтийн зардал өөрийнх нь зээлж авсан 4 500 юань зэрэг багтаад 385 685 юанийн өр төлбөртэй үлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа юм. 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тооцоо нийлээд Т. нь нэхэмжлэгчид 188 400 юанийг буцаан төлсөн. Энэ нь хэдийгээр баримтгүй боловч нэхэмжлэгч 188 400 юанийг хүлээн авсан гэдгээ шударгаар хүлээн зөвшөөрч байгаа. Энэ 188 400 юаниасаа хариуцагч буцаагаад 20 300 юанийг нь зээлж аваад явсан. Энэ мөнгийг хасахаар 168 100 юанийг буцаан төлсөн гэж үзэж байгаа юм. Ингээд 385 685 юаниас 168 100 юанийг хасахаар 217 585 юань болох ба үүн дээр 5000 юанийн барилгын каркас нэхэмжлэгчид байхгүй байсан учраас өөр газраас авсан түүний урьдчилгаа төлбөрт 5000 юанийг нэхэмжлэгч Т.ын өмнөөс төлсөн байдаг. Ингээд Хятадад очиж авсан 222 585 юанийн бараа дээр Улаанбаатарт өөрийнх нь агуулахад хадгалагдаж байсан бараанаас 63 954 юань, нийт 286 539 юанийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Хариуцагч түрээсийн гэрээ яриад байна, түрээсийн гэрээтэй холбоотой асуудлын талаар тусдаа нэхэмжлэл гаргаад явах боломжтой бөгөөд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой нэхэмжлэлд хамааралгүй зүйл байна гэж үзэж байна. Хариуцагч 63 954 юанийн бараа авснаа хүлээн зөвшөөрч байна. 222 585 юанийн барааг аваагүй гэх боловч 222 585 юанийн барааг гаалиар оруулж ирсэн баримтыг хариуцагч тал шүүхэд шинээр гаргаж өгөх шиг боллоо. Үүнийг нотлох баримт шинжлэн судлах явцад дахин сайн харах боломжоор хангаж өгөөч гэж хүсэж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Худалдах-худалдан авах гэрээний үүргээ худалдагч тал бүрэн биелүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагч өөрөө бараа материал хүлээж авсан үнийн дүнг хүлээж авсан, гарын үсэг, хурууны хээ зэрэг баримтаар нотлогдоно. Хариуцагч тал доголдолтой бараа нийлүүлсэн гэж ярьж байна. Доголдолтой барааны хувьд шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2013 оны дүгнэлт байх шиг байна. Хэрэв 2013 онд доголдолтой байсан юм бол барааг хүлээн авснаас хойш 6 сарын дотор доголдлын талаар шаардлага гаргах эрх байсан. Гэтэл энэ талаар шаардлага гаргаагүй, агуулахдаа хадгалж бай гэсэн ямар ч үндэслэлгүй тайлбар өгч байна. Доголдолтой талаар, шаардлага гаргаж байсан талаар нотлох үүргээ өөрсдөө хэрэгжүүлээгүй байна. Хэрэв 2013 онд доголдолтой бараа авсан юм бол яагаад 2014 онд хариуцагч би энэ мөнгийг төлнө гээд гарын үсгээ зураад хурууны хээгээ дарсан юм бэ. 222 585 юанийг нэмж бичсэн байна гэж өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч өөрийн биеэр оролцохдоо хэлж байсан. Хэрэгт авагдсан 2 баримтаар 63 954 юань дээр нэмэх нь 222 585 гэсэн тоонуудаас харах юм бол 5 тоо 3 удаа давхацсан байгаа. Энэ тоог энгийн нүдээр харах юм бол хариуцагчийн өөрийнх нь бичсэн бичиглэлтэй яг адилхан таарна. Сүүлд шинжээч томилуулах зорилгоор бичиж өгч байсан өөрийнх нь бичгүүдээс харахад 5-ын тоо яг энэ бичиглэлтэй давхцаж байгаа учраас өөрийнх нь бичиг гэж үзэх үндэслэлтэй. Мөн гарын үсэг биш гэж маргадаг боловч сүүлд шүүгчийн туслахад миний гарын үсэг мөн юм гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэрэгт авагдсан шүүгчийн дуудан ирүүлэх хуудас, хэргийн материалтай танилцах баримт дээр гарын үсэг зурсан бичиглэлээс энгийн нүдээр харах юм бол энэхүү нэхэмжлэлийн үнийн дүнг төлөхөө хүлээн зөвшөөрч байсан баримт дээрх гарын үсэгтэй таарч байгаа юм. Хэрэв энэ миний гарын үсэг биш, хуурамчаар нэмж бичсэн байна гэж үзэж байгаа бол хариуцагч өөрийгөө компанийн захирал байсан хүн маш олон баримт бичиг дээр гарын үсэг зурж байсан байх. Шүүхийн шинжээч томилуулах явцад өмнөх гарын үсэг зурж байсан баримтуудыг авчирч өгөөч гэж хэлэхэд огт авчирч өгөхгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Хэрэв үнэхээр өөрийнх нь гарын үсэг биш, 222 585 юанийг нэмж бичсэн байна гэж үзэж байгаа бол хариуцагч өөрөө миний гарын үсэг биш гээд нотлуулах гээд хүсэлт тавиад бүх баримтаа гаргаад гүйж байх байсан. Гэтэл ийм үйлдэл хийхгүй байгаа нь хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэхэд хүргэж байна.

Хариуцагчийн өөрийнх нь гаргаж өгсөн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар нь зөрүүтэй байна. Хариуцагч гаргасан тайлбартаа 4603 улсын дугаартай машиныг өр төлбөртөө тооцож өгсөн гэсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн гэрээ байгуулсан гэж илт зөрүүтэй тайлбар өгч байна. Нотлох баримт шинжлэн судлахад хариуцагчийн төлбөртөө тооцож өгсөн гээд байгаа машинаар өөрсдөө бараагаа ачаад оруулж ирсэн болох нь харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн тайлбар огт үндэслэлгүй байна. Мөн нотлох баримт гэж өгсөн гаалийн баримт дээр дандаа насос, төмөр каркас, тулгуур төмөр, сэндвич хавтан гэсэн байна. Энэ нь манай нэхэмжилж байгаа бараан дотор огт байхгүй. Би нэхэмжлэлээ тайлбарлаж байхдаа төмөр каркасыг өөр компаниас авсан, түүний урьдчилгааг манайх төлсөн гэж ярьсан. Тэгэхээр өөр газраас авсан бараа бүтээгдэхүүнийхээ мэдүүлгийг аваад ирсэн байна. Өөрөөр хэлбэл *******ээс авсан бараа бүтээгдэхүүнтэй таарахгүй байна. Нэхэмжилж байгаа барааны төлбөрт насос гэж байхгүй, бид дандаа кабелийн утас, цахилгааны утас гэсэн барааны мөнгийг нэхэмжилж байгаа. Өөр газраас авсан чанарын шаардлага хангахгүй, акталсан байгаа бараагаа *******ийн бараа мэтээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хариуцагч өөрөө татгалзлынхаа үндэслэлийг нотлох үүрэгтэй. Гарын үсгийг хүчээр зуруулсан гэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. Мөн Хятад хэл дээр бичсэнийг ойлгоогүй гэж байна. Хариуцагч өөрөө монгол хэл дээр би 63 954 юань тэд тэдэн төгрөгийг 2015 оны 6 дугаар сард төлж барагдуулах нь үнэн гэж бичсэн, тиймээс ойлгоогүй, хүчээр бичүүлсэн, мэдэхгүй байна гэж тайлбарлах нь үндэслэлгүй байна. Мөн нотлох баримт шинжлэн судалж байхад *******ийг Батхишиг гэж дууддаг байсан гэж огт үндэслэлгүй тайлбар хэлж байна. Хариуцагчийн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн тайлбарыг шинжлэн судлах явцад Цолмонцэцэг гэдэг хүнийг танихгүй, Нараа гэдэг хүнийг танина, *******ийг Нараа гэж дууддаг гэсэн байсан. *******ийг ер нь монголчууд Нараа гэдэг дэлгүүртэй болохоор Нараа гэж дууддаг, Батхишиг гэдэг нэр огт байгаагүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа, хоёрдугаарт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т хөөн хэлэлцэх хугацаа тасалдах талаар зохицуулсан. Энэ заалтад тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол тасалдана гэсэн болохоос иргэний хэрэг үүсгэсэн бол тасалдана гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа. Хоёр хуудасны нэгэн дээр нь гарын үсэг зурсан, нөгөө дээр нь зураагүй гэж маргаж байна. Хоёр хуудсыг хамт танилцуулж байхад аль нэгэн дээр нь л гарын үсэг зуруулах нь ойлгомжтой, салгаж зуруулна гэсэн асуудал байхгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т. миний бие БНХАУ-ын иргэн Цолмонцэцэгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би Цолмонцэцэг гэж хүн танихгүй харин Нараа гэж хүнийг танина. Миний бие барилгын компани ажиллуулдаг байсан бөгөөд 2013 оны 08 сарын 01-ний өдөр Нараагаас буюу Эрээн хотоос барилгын материал худалдан авсан. Намайг бараа материал авах үеэр сайн чанарын бараа үзүүлээд араас ачаа бараа явуулахдаа маш чанаргүй муу бараа явуулсан байсан. Би энэ барилгын материалыг 2013 оны 08 сарын 15-ны өдөр Монгол улсад хүлээн авч гаалийн барааны төлбөр хийсэн баримт байгаа. Шүүхэд өгсөн нэхэмжлэлтэй хавсаргасан баримтууд нь тооны хувьд надад байгаа гаалийн төлбөр хийсэн баримтаас зөрүүтэй байна. 2013 оны 11 сард Цолмонцэцэг Монгол улсад ирсэн ба намайг барилгын ажилтай байхад ирээд хятад бичгээр бичсэн баримтад надад дуудаж өгч бичүүлсэн бөгөөд гарын үсэг зураагүй юм. Би хятад хэл мэдэхгүй, тухайн үед Цолмонцэцэг орчуулагчгүй ирсэн. Намайг гарын үсэг зурахгүй гэхэд чи надад гарын үсэг зураад өгчих, би хүмүүст үзүүлэх гэсэн юм чамд хамаагүй дараа 2-улаа болно гэж хэлсэн. Мөн би чиний машиныг авчихсан байгаа юм чинь хоёулаа тооцоогоо дараа хийчхэж болно. Манайх танай машинаар тээвэр хийгээд ашиг орлого сайн хийж байгаа гэж хэлж байсан. Мөн ХХК-аас очиж зарим бараа материалаа аваарай гэсэн бөгөөд би ойлгохдоо миний үлдэгдэл барааг эдний бараатай хамт явуулсан гэж ойлгож очиход компанийн захирал зарлагын баримтаар надад хүлээлгэн өгсөн баримтууд нь надад байгаа. Надад Цолмонцэцэг нь компаниас чанарын шаардлага хангахгүй чанаргүй хуучин бараа өгсөн учраас манай компаниас комисс томилогдон акталсан баримтууд нь мөн байгаа болно. Дараа нь би Цолмонцэцэгт чиний явуулсан бараа материал шаардлага хангахгүй, чанаргүй байна гэхэд Складандаа хадгалж бай, би очиж авна гээд өнөөдрийг хүртэл ирээгүй бараанууд нь хадгалаастай байгаа. Цолмонцэцэг бидний дунд өглөг авлагын олон асуудал байгаа бөгөөд надаас гологдсон бараагаа ирж авахгүй алга болсон байснаа шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Миний бие нэхэмжлэгчид өглөг байхгүй, харин авлага байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж өөрийн хохирол төлбөрөө нэхэмжилнэ. Ингэхдээ бидний дунд хийгдсэн наймаатай холбоотой баримтуудыг гаргаж өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч, нэхэмжлэгч нар 2012 оноос хойш хамтын ажиллагаатай байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас уншихаар он, сарын зөрүүтэй зүйл харагдаж байна. Гаалийн бүрдүүлэлт болон өнөөдөр шүүх дээр гаргаж өгсөн баримтаас харахад 2013 оны 08 сарын 01, 2013 оны 08 сарын 15-ны өдөр гэсэн хоёр л баримт байгаа. 08 сарын 01-ний баримтын хувьд ХХК-аас үлдсэн буюу чанарын шаардлага хангаагүй агуулахад хадгалагдсан 63 954 юанийн барааг яриад байгаа юм. Тийм учраас хариуцагч Т. ХХК-тай ийм маягаар холбогдож байна гэж яриад байгаа юм. 08 сарын 15-ны өдрийн баримт буюу 222 585 юанийн бараа нь манайхаас өгсөн гаалийн мэдүүлгээр нотлогдоогүй. Харин шүүхэд гаргасан баримт дээр тэмдэглэсэн байгаа 4 баримт бол 08 сарын 15-ны өдөр орж ирсэн, бусад бараа материалууд нь орж ирээгүй юм байна. Яагаад энэ 4 бараа бүтээгдэхүүнийг орж ирсэн гээд байгаа вэ гэхээр Вайт мүүн лайт ХХК-ийн чанарын комиссын шийдвэр, ТГД ХХК-ийн тодруулга хийсэн баримтаар сургууль барих явцад чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнүүд байна гээд Мэргэжлийн хяналтын газар болон Вайт мүүн лайт ХХК-ийн комисс, ТГД ХХК-ийн шийдвэрүүд ирсний дагуу эдгээр бараа бүтээгдэхүүнийг агуулахдаа хадгалсан. Хадгалсан бараа материалууд нь нэхэмжлэгчийн хэлээд байгаа агуулахад үлдсэн бараа материалууд буюу үзлэг хийлгэе гэсэн бараа материалууд юм. 2013 оны 08 сарын 15-ны өдөр ирсэн бараа материал дээр орж ирсэн зүйл ч байхгүй, хариуцагч Т. нь гардаж авлаа гэсэн гарын үсэгтэй ч зүйл байхгүй. 08 сарын 01-ний өдрийн баримт дээр Т.ын гарын үсэг байдаг. Энэ гарын үсгийг яагаад зурсан бэ гэвэл Т.ыг ******* барилгын ажилтай байхад нь дуудаад хятад хэлтэй материал дээр гарын үсгээ зураад өгчих гэж хэлсэн, тиймээс Т. гарын үсэг зурсан. Ингэхдээ хадгалагдсан гээд байгаа 63 954 юань дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, харин 08 сарын 15-ны өдрийн жагсаалт дээр хүлээж авлаа гэсэн ямар нэгэн гарын үсэг байдаггүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгөн дүн нь худлаа, 08 сарын 15-ны өдрийн орж ирсэн бараа материалууд алдаатай, ямар ч үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, гарын үсэг ч үгүй ийм баримт байна. Хариуцагч, нэхэмжлэгч нар хоорондоо гэрээ байгуулсан байдаг. Ямар гэрээ байгуулсан бэ гэхээр хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан автомашин түрээсийн гэрээ байгуулагдсан. Автомашин түрээсийн гэрээ байгуулаад 63 954 юанийнхаа зөрүү, барааныхаа мөнгөн дүнд сард 7 500 000 төгрөгийн төлбөртэйгөөр энэхүү гэрээг байгуулсан. 4 сар 14 өдрийн хугацаанд автомашиныг ашиглачхаад Баянзүрхийн товчоон дээр хаяад явсан байдаг. Энэхүү машиныг засуулах мөнгөн дүн хүчин төгөлдөр эх хувиараа падан дээр байж байгаа, 63 954 юанийг ийм маягаар төлөх байсан боловч өнөөдөр үндэслэлгүйгээр нэхэмжлээд байна. Мөн 222 000 юанийг хариуцагч тал мэдэхгүй байгаа бөгөөд үндэслэлгүйгээр ийм юм гаргаж ирээд нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч 222 585 юанийг нэмээд бичсэн байдаг, хариуцагч болохоор доор нь 63 954 юань гэж бичээд ард нь гарын үсэг зурсан байгаа. Үүнийг харах юм бол Хятад бичиг дээр нь гарын үсэг зурсан. Харин 08 сарын 15-ны өдөр орж ирсэн бараа материал яг Т.ад ирсэн юм уу, эсвэл өөр хүнд очсон юм уу гэдэг нь мэдэгдэхгүй, нэг жагсаалт л бичсэн байгаа. Энэ барааг Т. авсан юм уу, өөр хүн авсан юм уу 222 585 юанийг хэн хаанаасаа гаргаж ирээд биччихсэн юм. 8 дугаар сарын 01-ний өдрийн бараа ч гэсэн гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт нь байхгүй. Нэхэмжлэгч ******* нь эхлээд үзүүлэхдээ сайн чанарын бараа үзүүлчхээд араас нь чанарын шаардлага хангахгүй бараа явуулдаг зүйл маш их байгаа. Энэ талаар өөр шүүхүүдээр нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлсэн тохиолдлууд ч гэсэн байгаа. Үүнээс харах юм бол 222 585 юанийг хаанаас хэн рүү орсон бараа материалыг нэмээд бичсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хохирлоо шаардаад байгаа юм уу, гэрээний дагуу шаардаад байгаа юм уу гэж асуухад гэрээний дагуу шаардаж байна гэж хэлсэн. Гэрээ амаар байгуулагдсан гэж үзэж байгаа бол гэрээгээр талууд ямар ямар үүрэг хүлээсэн, хэзээ мөнгийг шилжүүлнэ гэсэн, ямар бараа материалуудыг шилжүүлнэ гэсэн талаар амаар ч тохиролцсон зүйл байхгүй, үүнийг нэхэмжлэгч тал өөрсдөө нотолж чадахгүй, ганц нотлоод байгаа зүйл нь гарын үсэгтэй цаас байдаг.

Нэхэмжлэгчийг 08 сарын 01-ний өдрийн гарын үсэгтэй цаасыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байна гэж үзэж байна. Гэтэл 08 сарын 15-ны өдрийн актын дүн нь яахаараа 08 сарын 01-ний өдрийн акт дээр ороод ирдэг юм. 08 сарын 15-ны өдрийн тооцоо нийлээд 222 585 юань гэсэн дээр гарын үсгээ зураагүй, зөвхөн он, сар тавьж бичээд бодчихсон байгаа. Т. нь зөвхөн 08 сарын 01-ний өдрийн бүгд 63 954 юань гэсэн баримт дээр л хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Харин 08 сарын 15-ны өдрийн акт дээр огт гарын үсэг зурсан зүйл байхгүй бөгөөд 222 585 юанийг гарын үсэг зурсных нь дараа нэмээд биччихсэн. Нэхэмжлэгч тал 2013 оны 08 сард гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гэрээний дагуу шаардаж байна гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Тэгэхээр 2016 оны 08 сарын 01-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2015 оны 06 сарын 01-ний өдөр Т. нь 63 954 юань дээрээ баталгаа гаргаснаар хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад шинээр тоологдож эхэлнэ. Тэгэхээр 2016 оны 06 сарын 01-ээс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл тоологдох ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар нэхэмжлэлдээ дурдаж өгсөн байдаг. Гэтэл тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан, хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэл дээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй. Гэтэл хамгийн сүүлд баталгаа гаргаж өгсөн хугацаа нь 2015 оны 06 сарын 01-ний өдөр байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* /*******/ нь зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн үүрэгт 286 539 юань буюу 109 970 802 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Т. хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ... Т. нь ... *******ээс 2013.12.22-ны өдөр 286 539 юань буюу 109 970 802 төгрөгийн үнэ бүхий барилгын материал ... 4 сарын хугацаанд буцааж төлөхөөр тохиролцон зээлээр авсан ... нь 63 954 юань дээр нэмэх нь 222 585 юань нийт 286 539 юанийг төлнө гээд гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж ... Т. нь зөвхөн 08 сарын 01-ний өдрийн 63 954 юань гэсэн баримт ... хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, ... 08 сарын 15-ны өдрийн баримт дээр огт гарын үсэг зурсан зүйл байхгүй ... 222 585 юанийг гарын үсэг зурсных нь дараа нэмж бичсэн, ... гэрээ байгуулсан гэх баримт байхгүй, ... ирүүлсэн бараа нь доголдолтой байсан, ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... гэж тус тус тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нь нэхэмжлэгч *******тэй 2010 оноос хойш барилгын материал зээлээр худалдах, худалдан авах бизнесийн харилцаатай явж ирсэн /хх-141/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Хариуцагч, нэхэмжлэгч нар 2012 оноос хойш хамтын ажиллагаатай байсан /хх-141/ гэх тайлбараар зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хэлцэл буюу нэхэмжлэгч, хариуцагч нар иргэний эрх, үүргийг үүсгэх зорилгоор хүсэл, зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж үзлээ. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болох ба нэхэмжлэгчийн барилгын материал зээлээр худалдах хэлцлийг хариуцагчтай амаар тохиролцож хийсэн, үүнийгээ зөвшөөрч барилгын материалын жагсаалт гэх баримтад /хх-92/ гарын үсэг зурсан гэх тайлбарыг хариуцагч няцаахгүй байна. Нэхэмжлэгчийн ХХК-ийн агуулахад хадгалдагдаж байсан бараа, материалаас 63 954 юанийн барааг зээлээр авснаа хариуцагч хүлээн зөвшөөрдөг /хх-141/ боловч үлдэх 222 585 юанийн барааг аваагүй, ийм бараа хилээр орж ирээгүй гэх тайлбараа нотолсон баримтыг /хх-123-137/, нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримт /хх-91, 92/, түүний орчуулгатай /хх-9, 11/ тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Барилгын зураг төслийн ТГТ ХХК-ийн 2013 оны 09 сарын 17-ны өдрийн 27 дугаар албан бичигт ... төмөр дам нуруу ... /хх-123/, 2013 оны 08 сарын 14-ний өдрийн амьтан, ургамал, бодис, бараа, бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтад хамруулсан мэдэгдэлд насос, фанер, дүүжин тааз, ... /хх-124/, 2013 оны 08 сарын 15-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт гэр ахуйн, 1 боодол 1.8м* 25 м, артай нимгэн, хуйлмал //хх-125/, Вайтмүүд лайт ХХК-ийн чанар аюулгүй байдал стандарт техник аюулгүй байдал материалын чанарын албаны комиссын 2013 оны 09 сарын 19-ний өдрийн акт тогтоох нь баримтад ... цахилгаан бетон насос ... /хх-129/ гэж тус тус дурдсан нь Энхээ Улаанбаатар 2013 оны 8-р сарын 1 өдөр 91916714 гэх баримт /хх-9/, Эрээнээс бараа материал татсан үнийн жагсаалт Энхээ 2013 оны 8-р сарын 15 өдөр гэх баримтад /хх-11/ дурдсан бараа, бүтээгдэхүүний жагсаалттай таарахгүй, зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн баримтыг тухайн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой гэж дүгнэх үндэсгүйгээс гадна хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримтыг өөрөө гаргаж, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь ердийн худалдах-худалдан авах гэрээнээс худалдсан зүйлийн үнийг уг зүйлийг хүлээн авсан даруйдаа бус, харин хожим хэсэгчлэн эсхүл бүрэн төлдгөөрөө ялгаатай. Нэхэмжлэгч, хариуцагч нар барилгын материалын үнийг тэр даруй бус 4 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тохирсноос гадна нэг талаар барилгын материал буюу эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн, нөгөө талаар нэхэмжлэгч хүү нэхээгүй, эд хөрөнгийн үнийг нэхэмжилсэн тул зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ эд хөрөнгө доголдолтой байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хоёр өөрөөр тайлбарлажээ. Худалдан авагч буюу хариуцагч эд хөрөнгийн /барилгын материал/ өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бол доголдолгүй өөр эд хөрөнгөөр солиулах, гэрээг цуцлахаар шаардах эрхтэй бөгөөд 2013 онд эд хөрөнгө шилжүүлэн авснаас хойш 2020 онд эд хөрөнгийн доголдлын тухай ярьж буй нь хуулийн үндэслэлгүй болно. Мөн хариуцагч нь 2014 оны 11 сарын 12-ны өдөр Хятад иргэн *******т ... 2015 оны 06 сарын 01-ний өдөр төлж барагдуулах болно /хх-92/ гэж шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч 2017 оны 12 сарын 11-ний өдөр /хх-13/, 2019 оны 08 сарын 23-ны өдөр /хх-1/ тус тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг дахин шинээр тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар нотлогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухай үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, ... тооцно гэж заасан бөгөөд тухайн үеийн ханш гэдэг нь нэхэмжлэл гаргах үе буюу 2020 оны 08 сарын 23-ны өдөр БНХАУ-ын 1 юань 376.98 төгрөгтэй тэнцэж байжээ. Хариуцагч Т. төлбөр төлнө гэх агуулга бүхий бичвэр дэх гарын хээг хүлээн зөвшөөрөхгүй гэсний дагуу шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 3065 дугаар шинжээчийн дүгнэлтээр бичвэрт дарагдсан гарын хээ нь хариуцагчийн гарын хээ мөн гэж тогтоосныг /хх-87/ дурдах нь зүйтэй.

Иймд шүүх хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбарыг дотоод итгэлээр үнэлж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Т.аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 108 019 472 төгрөг /286 539 юань x 376.98 төгрөг = 108 019 472/ гаргуулан нэхэмжлэгч ******* /*******/-т олгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас 108 019 472 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 698 047 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Т.аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 108 019 472 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* /*******/-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас 698 047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* /*******/-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР