| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2020/00506/И |
| Дугаар | 001/ХТ2022/00899 |
| Огноо | 2022-10-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2022/00899
*******, Б.Гэрэлтуяа, *******
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01524 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1781 дүгээр магадлалтай,
*******, Б.Гэрэлтуяа, ******* нарын нэхэмжлэлтэй
*******д холбогдох
Гэм хорын хохиролд 6,909,463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрахын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч *******, Б.Гэрэлтуяа, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 6,909,463 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.04-ний өдрийн 101/ШШ2020/01524 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч *******аас 5,420,463 төгрөгийг буюу 3,316,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, 935,863 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т, 1,168,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гэрэлтуяад тус тус олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 1,489,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******н улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 125,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 101,678 төгрөг гаргуулан *******д олгохоор шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1781 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01524 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 44,354 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
4.1 Хариуцагч ******* нь 2019.08.08-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Тоёота приус маркийн 0289 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т заасныг зөрчсөний улмаас *******гийн жолоодож явсан Тоёота приус маркийн 06-53 улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан буруутай гэж тогтоосон зам тээврийн ослын актыг хүлээн зөвшөөрч, энэхүү ослын улмаас бусдад учруулсан хохирлыг өөрийн боломжийн хэрээр өөрөөсөө, даатгалын байгууллагаас төлж барагдуулсан болно. Мөн тухайн автомашинд учирсан болон автомашинд зорчиж явсан зорчигч нарын зайлшгүй хийх шаардлагатай шинжилгээ, эмчлүүлсэн төлбөрийг хариуцахыг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн төлбөр бүрийг ослын улмаас учирсан шууд хариуцах ёстой төлбөр гэж үзэхгүй байна. Гэтэл шүүхээс хохирогч нарт гэмтэл учирсан бол эмнэлгийн байгууллагаас оношилж тогтоосны үндсэн дээр эмчийн заавар, зөвлөмжийн дагуу холбогдох эмчилгээг хийлгэсэн эсэхийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгч *******, Б.Гэрэлтуяа, Б.Мөнхзул нарын Ли Жин Жи эмнэлэгт сайн дурын үндсэн дээр хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөрийг бүгдийг нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал: охин Б.Мөнхзулын Ли Жин Жи эмнэлэгт хүзүүний усан эмчилгээний төлбөр 100,000 төгрөг, хүзүүний зөөлөн эдийн эмчилгээ 90,000 төгрөг, нийт 190,000 төгрөг, *******ийн Ли Жин Жи эмнэлэгт тархины хаван буулгах дусал хийлгэсэн 140,000 төгрөг, цус хуралт шимэгдүүлэх, судас бэхжүүлэх дусал хийлгэсэн 350,000 төгрөг, толгойн өвдөлт намдаах тариа хийлгэсэн 70,000 төгрөг, нийт 560,000 төгрөг, Б.Гэрэлтуяагийн Ли Жин Жи эмнэлэгт үрэвслийн дусал хийлгэсэн 245,000 төгрөг, усан зүүн эмчилгээ хийлгэсэн 400,000 төгрөг, зөөлөн эдийн гэмтэлд уусан 4 хайрцаг эмний 120,000 төгрөг, цус хуралтыг шимэгдүүлэх дусал 245,000 төгрөг, бүгд 1,760,000 төгрөгийн төлбөр нь гэм хорын хохиролд хамаарахгүй, ослын улмаас учирсан гэмтлийг эмчлүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаарх эмчийн зөвлөгөө, зөвлөмж байхгүй, эмчлүүлэгчийн картад энэ талаар дурдаагүй байна. Иймд дээрх зардлууд нь осолтой шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 5,419,863 төгрөгөөс 1,760,000 төгрөгийг хасч, үлдэх 3,659,863 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.
4.2 Шүүхээс нэхэмжлэгч *******д 3,316,000 төгрөг, нэхэмжлэгч *******т 935,863 төгрөг, нэхэмжлэгч Б.Гэрэлтуяад 1,168,000 төгрөг, нийт 5,419,863 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж байгаа талаар дурдсан боловч тооцооллын алдаа гарган 600 төгрөгийг нэмж нийт 5,420,463 төгрөг гаргуулсан байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан байхад давж заалдах шатны шүүх уг 600 төгрөгийг орхиж тооцсон гэж буруу дүгнэж, энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагчаас өөрийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа 1,760,000 төгрөгийг хасч 3,659,863 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах, энэ хэмжээгээр нэхэмжлэгч нартай эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэсэн байна.
6. Нэхэмжлэгч *******, *******, Б.Гэрэлтуяа нар нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 6,783,863 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол 2,766,000 төгрөг, эмчилгээний зардал 58,000 төгрөг, хүү Б.Мөнхтөр, охин Б.Мөнхзул нарын эмчилгээний зардал 622,000 төгрөг, нийт 3,446,000 төгрөг; нэхэмжлэгч ******* нь эмчилгээний зардалд 935,863 төгрөг; нэхэмжлэгч Б.Гэрэлтуяа нь эмчилгээний зардалд 2,401,400 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь осол болсон үйл баримт, уг осолд гэм буруутай нөхцөл байдалд маргаагүй, ослоос болж нэхэмжлэгчдэд эргэлзээгүй учирсан хохирлыг арилгахыг зөвшөөрөн тайлбар гаргах боловч хохирогч нарт гэмтэл учирсан бол эмнэлгийн байгууллагаас оношилж тогтоосны үндсэн дээр эмчийн заавар, зөвлөмжийн дагуу холбогдох эмчилгээг хийлгэсэн эсэхийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгч *******, Б.Гэрэлтуяа, Б.Мөнхзул нарын Ли Жин Жи эмнэлэгт сайн дурын үндсэн дээр хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр бүгдийг нь хангахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
7. Анхан шатны шүүх нийт 5,419,863 төгрөгийг хангахдаа шаардлага тус бүрийг нэхэмжлэгчид дараах байдлаар хуваарилжээ. Үүнд:
7.1. Нэхэмжлэгч *******н гаргасан шаардлагаас 3,316,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 2019.08.9-ний өдрөөс 11 сарын 20-ны өдрийн хугацаанд Төв аймагт ирж, очсон бензины зардал гэх 130,000 төгрөгийг зам тээврийн ослын улмаас зарцуулагдсан гэж үзэх боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож,
7.2. Нэхэмжлэгч Б.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,168,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн 45,000 төгрөг, шүдний эмчилгээний 1,188,400 төгрөг, нийт 1,233,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож
7.3. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага 935,863 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэн хэвээр үлдээсэн байна.
8. Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...тухайн автомашинд учирсан болон автомашинд зорчиж явсан зорчигч нарын зайлшгүй хийх шаардлагатай шинжилгээ, эмчлүүлсэн төлбөрийг хариуцахыг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн төлбөр бүрийг ослын улмаас учирсан шууд хариуцах ёстой төлбөр гэж үзэхгүй гэж тайлбарлан нэхэмжлэгч *******н нэхэмжлэлээс охин Б.Мөнхзулын эмчилгээний зардалд хамаарах, хүзүүний усан эмчилгээний төлбөр 100,000 төгрөг, хүзүүний зөөлөн эдийн эмчилгээний төлбөр 90,000 төгрөг, нийт 190,000 төгрөг; нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ли Жин Жи эмнэлэгт хаван буулгах дусал хийлгэсэн 140,000 төгрөг, цус хуралт шимэгдүүлэх, судас бэхжүүлэх дусал хийлгэсэн 350,000 төгрөг, толгойн өвдөлт намдаах тариа 70,000 төгрөг, нийт 560,000 төгрөг; Б.Гэрэлтуяагийн шаардлагаас мөн Ли Жин Жи эмнэлэгт хийлгэсэн эмчилгээнүүд болох 1,010,000 төгрөг; нийт 1,760,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргажээ.
9. Давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан асуудлаар уг ослын улмаас Б.Мөнхзулын биед хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, *******ийн биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун зүүн шилбэнд цус хуралт, Б.Мөнхтөрийн биед уруулын салстанд шарх, зүүн чамархайд зулгаралт, Б.Гэрэлтуяагийн биед хүзүү, цээж, баруун хөх, хэвлий, баруун өгзгөнд цас хуралт гэмтлүүд тогтоогдон уг гэмтлийг эмчлүүлсэн нь баримтаар тогтоогдсоноос гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, эмчлүүлэх, эмнэлгээ өөрөө сонгох нь тухайн иргэний эрх ... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
10. Гэвч анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргаж 600 төгрөгийг орхиж тооцсоныг шийдэлд нөлөөлөхгүй гэж дүгнэн давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байх ба энэ талаар хариуцагч хяналтын гомдолдоо дурдсан байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авч шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
11. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1781 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01524 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5,420,463 төгрөгийг гэснийг 5,419,863 төгрөгийг гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагчаас 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД