Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0749

 

                                                        С.Нарангэрэл, Ж.Сайнзаяа, Б.Баттогтох,

                                     Ц.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнэ, гуравдагч этгээд Т.Лхагвацэрэн, Т.Тэгшбаяр нарын өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын    20-ны өдрийн 681 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Нарангэрэл, Ж.Сайнзаяа, Б.Баттогтох, Ц.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 681 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 13 дугаар зүйлийн 13.5, 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Нарангэрэл, Ж.Сайнзаяа, Б.Баттогтох, Ц.Алтанцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэлийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-2202013169 улсын бүртгэлийн дугаарт Чингэлтэй дүүргийн 23/3 дугаар байрны 13 дугаар /техникийн/ давхарт иргэн Т.Тэгшбаяр, Т.Лхагвацэрэн нарт орон сууцны зориулалтаар бүртгэж, гэрчилгээ олгосныг хүчингүй болгож техникийн өрөөг Хүрээ хотхон СӨХ-ийн мэдэлд шилжүүлж, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд үлдээх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгч С.Нарангэрэл, Ж.Сайнзаяа, Б.Баттогтох, Ц.Алтанцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэл давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 681 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр үндэслэлээ тайлбарлах болно”  гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хавтас хэрэгт авагдсан үйл баримт болон нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Нарангэрэл, Ж.Сайнзаяа, Б.Баттогтох, Ц.Алтанцэцэг нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэлтэй маргаагүй, харин уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг эхлээд иргэн Т.Тэгшбаярт, дараа нь Т.Тэгшбаяр, Т.Лхагвацэрэн нарт шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, түүнтэй холбоотой улсын бүртгэлийн үйл ажиллагаатай маргаж байгаа бөгөөд хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар иргэн Т.Тэгшбаяр, Т.Лхагвацэрэн нарт орон сууцны хэмжээг 69.09 м.кв болгон өөрчлөн бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 325171 дугаартай гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй...”, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн энэхүү үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй юм.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 23/3 дугаар байрны 68 тоот байрыг иргэн Т.Тэгшбаяр, Т.Лхагвацэрэн нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон эрхийн улсын бүртгэл нь нэхэмжлэгч С.Нарангэрэл, Ж.Сайнзаяа, Б.Баттогтох, Ц.Алтанцэцэг нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Харин Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 23/3 дугаар байрны 68 тоот байрыг иргэн Д.Гурвансайханы өмчлөлд бүртгэсэн бүртгэлтэй нэхэмжлэгч нар маргахад хязгаарлалт болохгүйг  дурдах  нь  зүйтэй.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Түвшинжаргалын “иргэн Т.Тэгшбаяр, Т.Лхагвацэрэн нарын нэр дээрх маргаан бүхий орон сууцыг бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгосноор анхны бүртгэл хүчингүй болох юм” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                           ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                  ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН

                  ШҮҮГЧ                                                             Э.ХАЛИУНБАЯР