Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/02662

 

 

 

 

 

 

 

 

    2020         10          28                                    181/ШШ2020/02662

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Г ХХК-д холбогдох,   

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээг хууль бусаар цуцалсны улмаас учирсан хохирол болон торгуульд нийт 8,822,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

С нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г ХХК-тай Худалдааны талбай түрээсээр ашиглах 65 тоот гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. Уг түрээсийн гэрээний дагуу Гурван гал худалдааны төвийн 3 давхрын 1 тоот 30 м.кв талбайг болор эдлэл, цүнх, гутлын худалдаа эрхлэх зориулалтаар нэг сарын түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр харилцан тохиролцож түрээсэлсэн.

Гэтэл түрээслүүлэгч Г ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш үндэслэлгүйгээр түрээсийн талбайг чөлөөл, түрээсийн гэрээг цуцалсан гэх шаардлагыг удаа дараа тавьсан. Хэрэв заасан хугацаанд түрээсийн талбайг чөлөөлж өгөхгүй бол барьцаа төлбөрийг олгохгүй эсхүл түрээсийн талбайн үнийг 1,000,000 хүртэл төгрөгөөр нэмнэ гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийг нэмсэн ч хамаагүй, гэрээний дагуу тус талбайг түрээслэх гэсэн боловч зай байхгүй байна, гар гэж шаардсаар байгаад 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хөөж гаргасан.

Хариуцагчийн гаргасан уг үйлдлээс нэхэмжлэгч Сд нийт 8,822,000 төгрөгийн бодит хохирол мөн сэтгэл санааны хохирол учирсан.

Учирсан хохирлыг дэлгэрэнгүй тооцоолбол:

-2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны олох ёстой байсан орлого болох 4,000,000 төгрөгөөр хохирсон.

-2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээсийн талбайг 600,000 төгрөгөөр түрээслэхээр байсан боловч хариуцагч тал гэрээг нэг талын санаачилгаар үндэслэлгүйгээр цуцалснаас болж С нь “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-тай шинээр түрээсийн гэрээ байгуулж, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 35 м.кв талбайг 1,162,560 төгрөгөөр түрээсэлсэн. Гэрээг цуцалснаас мөн хугацааны түрээсийн төлбөрийн зөрүү болох 2,812,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан.

-“Гурван гал групп” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний 5.3-т “Энэхүү гэрээний 5.2.4-т заасан нөхцөл байдал үүсвэл түрээслэгч нь барьцаа мөнгөний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль төлнө гэсний дагуу торгууль 300,000 төгрөг шаардах эрхтэй болсон.

-Хариуцагчийн өмчлөлийн түрээсийн талбайд зориулж засан сайжруулалт хийлгэсэн. Хөөгдөж гарах үед хэрэглэх боломжтой хөрөнгийг авсан бөгөөд зөвхөн тухайн талбайд зориулж, 1,320,000 төгрөгийн шилэн модон тавиур, 300,000 төгрөгийн үнэ бүхий тааз, 300,000 төгрөгийн үнэ бүхий шилэн хорго, 160,000 төгрөгийн модон тавиур, 460,000 төгрөгийн цагаан тек зэргийг хийлгэснийг ашиглах боломжгүй бол бүгдийг одоо нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн чингэлэгт хадгалж байгаа. Энэхүү зүйлсийг цаашид ашиглах ямар ч боломжгүй тул уг хөрөнгийг хийлгэхэд гарсан 2,540,000 төгрөгийн зардлаар хохирсон. Уг эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашигласан үндэслэлээр гарсан зардлын 50%-ийг бууруулж, хариуцагчаас 1,270,000 төгрөгийг шаардах эрхтэй болсон.

Мөн нүүлгэх явцад түрээслэгч тал албаар цахилгаан шат зогсоож, гэрэл унтрааж ёс бус үйлдэл гаргасан бөгөөд үүнээс үүдэн 3 давхраас хүнд шилэн болор эдлэлүүд тавилгууд 1 цагийн дотор нүүлгэхэд эвдрэл гэмтэл цөөнгүй гарсан. Үүнд 6 ширхэгтэй 2 хос болор эдлэл тус бүр нь 220,000 төгрөгийн үнэтэй байсан эд зүйлээр хохирсон тул тэдгээрийн үнэ 440,000 төгрөгийг хохиролд тооцож шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Г ХХК-ийн түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар, үндэслэлгүйгээр цуцалсан, хөөж гаргасан үйлдлээс болж Сд нийт дээр дурдсан 8,822,000 төгрөгийн бодит хохирол учирсан тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Гэрээг гэрээний 3 дугаар зүйлд зааснаар аль нэг талын санаачилгаар цуцлах талаар заасан. Компани эд хөрөнгөндөө засвар хийх шаардлага үүссэн тул түрээсийн талбайгаа чөлөөлүүлж авсан байгаа.

Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийг бүхэлд нь авч явсан. Засан сайжруулалт хийгээгүй, үүнтэй холбоотой зардал үндэслэлгүй. Ямар засан сайжруулалт хийгдсэн, хэнээр юу хийлгэсэн нь тодорхойгүй. Манай талбайд ямар ч засвар хийгээгүй. Салгаж болох бүх тавилга, тек зэргээ аваад явсан байгаа. Нүүх явцад өөрсдийн буруугаас эд зүйлээ гэмтээсэн тул манайх үүнийг хариуцахгүй.

Олох байсан орлого 4,000,000 төгрөг шаардсан ч сард хэдэн төгрөгийн орлого олдог байсныг нь нотлох баримт хэрэгт авагдаагүй. Төрийн банкны дансны хуулгаар энэ шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна. 20 хоногийн дотор 4,000,000 төгрөгийн орлого олдог гэх нэхэмжлэлийн үндэслэл баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сарны титэмд түрээсийн талбай авсан гэх боловч гэрээ нь хэрэгжсэн эсэх тодорхойгүй, акт байхгүй, түрээсийн хөлсийг төлсөн гэх баримт хэрэгт байхгүй. Манайхтай байгуулсан гэрээгээ цуцалсан нэхэмжлэгч хэнтэй хаана ямар гэрээгээр юу хөлслөх нь эрхийнх нь асуудал байгаа. Өөрийнх нь асуудлыг бид хариуцах үндэслэлгүй. Дээрх хохирлуудыг гэрээ цуцалсны бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэрээгээр торгууль төлөх үүргийг хүлээсэн тул 300,000 төгрөгт маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгөөс бусад хэсгийг хариуцах үндэслэлгүй, мөн нотлогдохгүй байна гэж үзэж байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С нь хариуцагч Г ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Худалдааны талбай түрээсээр ашиглах гэрээ”-г үндэслэлгүйгээр цуцалсны хохирол, торгууль зэрэгт нийт 8,822,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас торгууль 300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд “Худалдааны талбай түрээсээр ашиглах 5 тоот гэрээ” байгуулагдаж, Г ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 8-1 хаягт байрлах Гурван гал худалдааны төвийн 3 дугаар давхрын 1 тоот 30 м.кв талбайг болор эдлэл, цүнх, гутлын худалдаа эрхлэх зориулалтаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Сд эзэмшүүлэх, С нь 1 сард 600,000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талууд гэрээг түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч худалдаа үйлчилгээний төвийн 3 давхрын 1 хэсэг болох 30 м.кв талбайг ашиглуулахаар тохиролцсоноос үзвэл шүүх уг гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан байна гэж үзлээ.

 

Түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг төрөл учраас шүүх ийнхүү зүйлчлэх нь талуудын хүсэл зориг болон хууль зөрчихгүй гэж дүгнэв.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Хэргийн баримтууд, талуудын маргаагүй тайлбар зэргээр зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 8-1 хаягт байрлах Гурван гал худалдааны төвийн 3 дугаар давхрын 1 тоот 30 м.кв талбайг болор эдлэл, цүнх, гутлын худалдаа эрхлэх зориулалтаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигласан, ашигласан хугацааны хөлс төлөх үүргээ гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр төлж ирсэн, эд хөрөнгө хөлслөх гэрээ хариуцагчийн санаачилгаар цуцлагдсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон.

 

Талуудын маргаагүй дээрх үйл баримтыг шүүх нотлохгүй.

 

Нэхэмжлэгчийн хувьд талбай хөлслөх гэрээг хариуцагч үндэслэлгүйгээр цуцалсан гэж гэрээгээр тохирсон торгууль 300,000 төгрөг, талбайн дотоод тохижилтод зарцуулсан зардлын 50% болох 1,270,000 төгрөг, нүүдэл хийх явцад хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гэмтсэн эд зүйлийн үнэ 440,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлогоо алдсан үндэслэлээр 4,000,000 төгрөг, өөр талбайг өндөр үнээр хөлслөхөд гарсан илүү зардал 2,812,000 төгрөг буюу бүгд 8,822,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан бол хариуцагч нь торгууль 300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ нь хариуцагч 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр цуцалснаар дуусгавар болсон байх бөгөөд талууд гэрээ нэгэнт дуусгавар болсон байдалд хэн аль нь маргаагүй боловч гэрээ цуцлагдсан үндэслэлийн талаар маргасан тул шүүх үүнд дүгнэлт өгөх нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээг хариуцагч нь хөлсөлж буй талбайн зохион байгуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан 1 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийх шаардлагатай үндэслэлээр дангаар цуцалсан нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх тул шүүх хариуцагчийн гэрээ цуцалсан үйлдлийг хуульд нийцээгүй гэж дүгнэв.

 Энэ тохиолдолд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлд хамаарах тул шүүх гэрээ дуусгавар болсны үр дагавар, үүсэх хариуцлагыг талуудын маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтын дагуу дараах байдлаар шийдвэрлэв.

 

1. Торгууль 300,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4 дэх заалтаар “түрээслүүлэгч нь хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээслэгчид барьцаа мөнгөний 50%-тай тэнцэх хэмжээгээр торгууль төлнө” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь зохицуулалтад нийцсэн байна.

 

Талууд энд заасан барьцаа хөрөнгийн 50% нь 300,000 төгрөгтэй тэнцэж байгаа үйл баримтад маргаагүй, хариуцагч торгууль төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх нэхэмжлэгчийг 300,000 төгрөгийн торгууль шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагчаас 300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

2. Засан сайжруулалтын зардалд 1,270,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.2 дахь хэсэгт “гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчийг талбайгаа чөлөөлж өгөхийг шаардсан тохиолдолд тухайн түрээсийн талбайд гарсан тохижилтын зардлыг түрээслэгчид төлнө” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хөлслөн авсан талбайг ашиглахын тулд хийлгэсэн тавиур, тааз, шилэн хорго, текний үнийн 50% болох 1,270,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

 

Нэхэмжлэгч нь хөлслөн авсан талбайд 1,320,000 төгрөгөөр шилэн модон тавиур, 300,000 төгрөгөөр тааз, 300,000 төгрөгөөр шилэн хорго, 160,000 төгрөгөөр модон тавиур, 460,000 төгрөгөөр цагаан тек тус тус хийлгэсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 560,000 төгрөгийг “тавиур” гэж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 900,000 төгрөгийг “лангуу” гэж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 120,000 төгрөгийг “лангуу” гэж, 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 300,000 төгрөгийг “тавиур 2 хэсэг” гэж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 340,000 төгрөгийг “тавиур 3 хэсэг” гэж тус тус шилжүүлсэн Хаан банк дахь Б.Солонгын 5133202932, 5700022364 тоот депозит данснуудын хуулга болон модон тавиур, шилэн лангуу, төмөр сараалжин таазны зураг зэрэг баримтаар нотлохыг зорьсон байна.

 

Эдгээр баримтаас нэр, зураг, гүйлгээний утга давхцаж буй байдлаар нь хянан үзвэл нэхэмжлэгчийг 3 хэсэг тавиур хийлгэхэд 340,000 төгрөг, 2 хэсэг тавиур хийлгэхэд 300,000 төгрөг, шилэн цагаан тек буюу тавиур хийлгэхэд 460,000 төгрөгийг тус тус зарцуулсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

Харин үлдэх хэсгийг бүрэн нотлоогүй гэж үзнэ. Тодруулбал, төмөр сараалжин таазны зураг хэрэгт авагдсан ч мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгад таазны үнэ гэсэн утга байхгүй, дансаар шилжүүлсэн мөнгөөр худалдан авсан гэх бусад эд хөрөнгийн фото зураг хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг хэргийн баримтаар эргэлзээгүй нотлогдсон гэж үзэх боломжгүй юм.

 

Гэхдээ нэхэмжлэлийн нотлогдсон шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь, гэрээний 9.2 дахь заалтад заасан тохижилтын зардал гэх ойлголт нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй” гэж заасан зохицуулалтын хүрээнд тайлбарлагдах зардалд хамаарахаар байна.

 

Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д “хөлслөн авсан эд хөрөнгөнд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй” гэж заасны дагуу 1,100,000 төгрөгийн үнээр хийлгэсэн тавиуруудыг салган авч, одоо өөрийн өмчлөлийн чингэлэгт хураасан талаар маргаагүй байдаг.

 

Салгаж үл болох засан сайжруулалтын улмаас хөлслөгч нь оруулсан хөрөнгөө буцаан авах боломжгүй болж хөлслүүлэгч уг хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдал үүсэх учир хэн ч үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй шударга ёсны зарчмын үүднээс оруулсан зардлаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь заалтаар хөлслөгчид олгосон.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгчээс гарсан 1,100,000 төгрөгийн зардал нь салгаж болох засан сайжруулалтад зарцуулагдсан, нэхэмжлэгч тухайн эд зүйлээ салган авсан тул шүүх нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хуульд нийцээгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Хэрэв нэхэмжлэгчийн салган авсан эд хөрөнгийн үнийн тодорхой хэсгийг шүүх хариуцагчаас гаргуулан шийдвэрлэхэд хүрвэл эсрэгээрээ нэхэмжлэгч тэр хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдалд хүрэхийг дурдах нь зүйтэй.

 

3. Гэмтсэн эд зүйлийн үнэ 440,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

            Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас 440,000 төгрөгийн эд зүйл гэмтсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан шиг шууд бус шалтгаант холбоотой байж болох гэрэл таслах, цахилгаан шат зогсоох гэх мэт үйлдлийг хариуцагч гаргасан гэж үзэх, уг үйлдлийн улмаас 440,000 төгрөгийн эд зүйл гэмтэж, нэхэмжлэгчид тэр хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгчийн энэ шаардлагыг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно.

 

            4. Олох байсан орлого 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.5-д “талууд энэхүү гэрээг гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд гэрээ цуцлах саналаа нөгөө талдаа 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ”, 6.9-д “түрээслэгч тал үл зөвшөөрсөн тохиолдолд түрээслүүлэгч талын зүгээс гэрээг цуцалж, түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг шаардсан бол тухайн үед түрээслэгч талаас нэхэмжилсэн хохирлыг түрээслүүлэгч тал бүрэн төлж барагдуулна” гэж тус тус заасныг нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ болгожээ.

 

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцлагдсанаас хойш нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-тай талбай түрээслэх гэрээг байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

 

Уг 21 хоногт үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй боловч үүний улмаас хохирол учирсан бол нэхэмжлэгч өөр тохиолдол зохицуулсан гэрээний дээрх заалтуудаар бус харин Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэлийн энэ шаардлагаа гаргах нь хууль ёсных болно.

 

Учирсан хохирол гэх ойлголтод үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого хамаарах тул шүүх нэхэмжлэгчийн шаардлага баримтаар нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь энэ шаардлагыг хэрхэн шийдвэрлэх эсэх асуудалд чухал ач холбогдолтой байна.

 

            Төрийн банк дахь Б.Солонгын 340004264703 тоот депозит дансны хуулгаас үзвэл 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 364,850 төгрөгийн орлого, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 7,433,270 төгрөгийн орлого түүнд орсон болох нь тогтоогдож байна.

 

Гэхдээ эдгээр нь болор эдлэл, цүнх, гутал худалдан борлуулсны үнэ мөн эсэх, худалдан борлуулсны орлого мөн бол үүний хэд нь ашиг мөн болох, нэхэмжлэгчээс гарах зайлшгүй зардал /орсон орлогоос хасагдах болор эдлэл, гутал, цүнхийг нэхэмжлэгч өөрөө худалдан авсан үнэ, түүний тээвэрлэлтийн зардал, худалдан борлуулахтай холбоотой гарах түрээсийн төлбөр, худалдагчийн ажлын хөлс зэрэг/-ыг хассан дүн хэд болох нь тодорхойгүй байна.

 

Дансаар орсон орлого бүрийг зайлшгүй орох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг 21 хоногт 4,000,000 төгрөгийн цэвэр ашиг олох боломжоо алдаж хохирсон гэж үзэх боломжгүй юм.

 

            Иймд шүүх нэхэмжлэгчид орох байсан орлогыг 4,000,000 төгрөгөөр тооцох боломжгүйн гадна ямар хэмжээний орлого зайлшгүй орох байсныг өөрөө тооцон гаргах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ баримтаар нотлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд үүргээ хэрэгжүүлээгүй явдал нь нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй буюу хэрэгсэхгүй болгогдох үр дагаварт хүргэдэг тул шүүх ийнхүү шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            5. Өөр талбайг өндөр үнээр түрээсэлсний улмаас 2,812,000 төгрөгийн илүү зардал гаргаж эд хөрөнгийн алдагдал хүлээсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

            С нь “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-тай талбай түрээслэх гэрээг байгуулж, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 34.60 м.кв талбайг хөлсөлсөн болох нь тогтоогдсон, уг гэрээний дагуу 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр барьцаанд 2,422,000 төгрөгийг, 8 сарын түрээсэнд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 805,000 төгрөгийг, 9 сарын түрээсэнд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,152,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь Төрийн банк дахь Б.Солонгын 340004264703 тоот депозит дансны хуулга, “худалдаа, үйлчилгээний талбай түрээслэх 20/60 тоот гэрээ”-ээр тус тус тогтоогдож байна.

 

            Гэрээ /5.1 дэх заалт/-нд сарын хөлсийг 1,162,560 төгрөгөөр тохирсон байх боловч нэхэмжлэгч 2 удаагийн гүйлгээгээр 2 сарын хөлсөнд нийт 1,957,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон, төлсөн 2 сарын хөлсний нийлбэр чухам ямар учраас гэрээнд заасан үнийн дүнд хүрэхгүй байгаа нь ойлгомжгүй байгаа ч нэхэмжлэгчээс 2020 оны 8, 9 дүгээр сарын хөлсөнд дээрх төлбөрийг төлсөн нь тогтоогдсон.

 

            Хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу сард 600,000 төгрөгийн хөлс төлдөг байсан нэхэмжлэгч нь сард 978,500 төгрөг /1,957,000:2/-ийн хөлс буюу илүү өндөр үнэ төлж байгаа нь нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгийн алдагдал хүлээсэн гэж үзэхээс аргагүй.

 

            Барьцаа төлбөр 2,422,000 төгрөг нь эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу төлөгдөж байгаа сарын хөлс биш тул энэ шаардлагын дүнд хамаарахгүй.

 

            Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрөөс гарсан илүү зардал 757,000 төгрөг /(1,957,000:2-600,000)х2/-ийг учирсан хохирол үндэслэлээр хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

 

            Учирсан хохирол шаардах хуулийн зохицуулалтад ирээдүйд учрах хохирол гэх ойлголт хамаарахгүй тул төлөгдөөгүй хөлсийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 2,055,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч Г ХХК-аас 1,057,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,765,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг тус тус баримтлан Г ХХК-аас 1,057,000 төгрөгийг гаргуулж Сд олгож, Б.Солонгын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,765,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                 Ө.УЯНГА