Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00932

 

П.Баярнэмэхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2020/00623 дугаар шийдвэр, 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 213/МА2020/00017 дугаар магадлалтай,  

П.Баярнэмэхийн нэхэмжлэлтэй

Баянхонгортээвэрчин ХХК-д холбогдох 

Баянхонгортээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч Баянхонгортээвэрчин ХХК-ийн төлөөлөгч О.Бат-Ирээдүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч П.Баярнэмэх хариуцагч Баянхонгор тээвэрчин ХХК-д холбогдуулан Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, компанийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2020/00623 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч П.Баярнэмэхийн Баянхонгор тээвэрчин ХХК-д холбогдуулан гаргасан Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 213/МА2020/00017 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2020/00623 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ... Нэхэмжлэгч П.Баярнэмэхийн Баянхонгор тээвэрчин ХХК-д холбогдуулан гаргасан Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг даалгахыг тус тус хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 84 дүгээр зүйлийн 84.4.2-т зааснаар Пүрэвдаваагийн Баярнэмэхтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээ байгуулахыг, П.Баярнэмэхийг Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд буюу зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулж ажиллуулахыг Баянхонгор тээвэрчин ХХК-ийн удирдлагад үүрэг болгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Баярнэмэх нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж П.Баярнэмэхэд буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагч Баянхонгор тээвэрчин ХХК-ийн төлөөлөгч О.Бат-Ирээдүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1 Магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад: ... Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9, Компанийн тухай хуулийн 9.3, 84.4.2-т зааснаар П.Баярнэмэхтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээ байгуулахыг, П.Баярнэмэхийг Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд буюу зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулж ажиллуулахыг Баянхонгор тээвэрчин ХХК-ийн удирдлагад үүрэг болгосугай.. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. гэж шүүх хууль хэрэглээний зөрчил буюу хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байгаа болно. Нэхэмжлэгч П.Баярнэмэх нь Баянхонгор тээвэрчин ХХК-д холбогдуулан

-Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочоор ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах

-Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох

-Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагын хуваарьт зохих журмын дагуу оруулах гэсэн үндсэн гурван шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Баянхонгор тээвэрчин ХХК 2018.03.11-ний өдөр хоршооны хэлбэрээс компани болон өөрчлөгдөн байгуулагдаж, хоршооны гишүүдийг компанийн хувьцаа эзэмшигч болгон нийт 26 гишүүдэд тэнцүү хэмжээгээр хувьцаа эзэмшүүлэхэд компанийн хувьцаа эзэмшигчээр П.Баярнэмэхийг бүртгүүлсэн, компанийн хувьцаа эзэмшигч мөн эсэх, тал дээр маргадаггүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг тодорхойлсон байдаг. Баянхонгор тээвэрчин ХХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж П.Баярнэмэхтэй хөдөлмөрийн болон бусад төрлийн харилцаа үүсээгүй юм. П.Баярнэмэхтэй дунд том оврын автобусаар тээвэр хийх эсэх дээр ямар нэгэн амаар болон бичгээр хийсэн хэлцэл байхгүй, гэм хор учруулсан, захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон, компанийн гишүүний хуулиар болон дүрмээр олгогдсон эрх ашиг сонирхлыг хууль бусаар хохироосон зэрэг хууль зүйн болон бусад үйл явдал болоогүй юм. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа Компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үндсэн үйл ажиллагаанд биечлэн оролцох, тус компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрлөх эрхтэй гэж тайлбарлан шаардаж байгаа ч энэ эрх нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, хувьцааны ноогдол ашиг авах зэрэг хуулиар олгогдсон хэм хэмжээнд хамааралгүй юм.

4.2 Түүнчлэн компанийн захирал, Төлөөлөн Удирдах зөвлөл нь эрх хэмжээгээ хэтрүүлж нэхэмжлэгчид том оврын автобусаар зорчигч тээвэрлэх эрх олгож, цагийн хуваарьт оруулахгүй хууль зөрчиж байна гэх боловч энэ асуудал нь тухайн компанийн дүрэм болон Компанийн тухай хуулиар зохицуулагдсан, компанийн дотоод асуудал тул шүүх хөндлөнгөөс оролцох эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна. П.Баярнэмэхийн хүсэлтээр Баянхонгор тээвэрчин хоршооны даргын 2011.10.20-ны өдрийн 09 дүгээр тушаалаар түүнд УАЗ-2206 Фургон маркийн жижиг оврын автобусаар зорчигч тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын дунд хийсэн хэлцэл дуусгавар болсон талаар баримт хавтаст хэрэгт байгаа болно. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9д заасан хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл гэж үзэж шийдвэрлэсэн байна. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн харилцааг зохицуулдаг. П.Баярнэмэх болон Баянхонгор тээвэрчин ХХК-тай ямар нэгэн байдлаар Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй юм.

4.3 Мөн Компанийн тухай хуулийн 9-д Компанийн болон хувьцаа эзэмшигчийн хариуцлагын асуудлыг зохицуулсан байдаг ба 9.3-р Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 84-р Компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний үүрэг-ийг зохицуулсан байдаг ба 84.4 Компанийн эрх бүхий албан тушаалтан нь дараах үүрэгтэй 84.4.2 үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх; гэсэн заалтуудыг үндэслэл болгон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн төлөөлөгч О.Бат-Ирээдүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон нарын хяналт журмаар гаргасан гомдлыг хангахгүй үлдээв.  

6. Нэхэмжлэгч П.Баярнэмэх нь хариуцагч Баянхонгор тээвэрчин ХХК-д холбогдуулан зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, зорчигч тээврийн жолоочоор ажиллахтай холбоотой бусад гэрээ байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

7. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...анх хоршоо байх үед болон компани болоход ч би зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлнэ гэсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулна гэсэн итгэл үнэмшилтэй орсон. ...зорчигч тээврийн үйл ажиллагаанд 20 жолоочийг явуулсан байтал хувьцаа, шимтгэлийг төлж, үйл ажиллагаанд нь тухай бүр оролцож байгаа намайг зорчигч тээврийн үйл ажиллагаанд оролцуулахгүй, ажиллуулахгүй байгаа нь хууль бус юм. ... компанийн дүрэм ёсоор компанийн гишүүд тэгш эрхтэйгээр ажиллах ёстой гэж тайлбарлаж байх бол хариуцагч татгалзлын үндэслэлээ ...хоршооны гишүүд тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Компанийн хувьцаа эзэмшигч, бусад этгээдүүд компанийн үндсэн болон дотоод үйл ажиллагаанд гагцхүү хуульд заасан эрх, үүргийн дагуу оролцох эрхтэй. ...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй. гэж мэтгэлцжээ.  

8. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ П.Баярнэмэхийн иргэний эрхэд Баянхонгор тээвэрчин ХХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж хөдөлмөрийн болон иргэний эрх зүйн эрхийн зөрчил үүсээгүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх П.Баярнэмэх нь Баянхонгор тээвэрчин нэртэй хоршоонд зорчигч тээврийн үйл ажиллагааг Пургон автомашинаар гүйцэтгэж байсан, хоршоо өөрчлөгдөхөд хувьцаа эзэмшигч болсон, зорчигч тээвэрлэх шаардлагаар том оврын автобус худалдан авсан, цаашид компанид зорчигч тээврийн үйл ажиллагааг үргэжлүүлэн гүйцэтгэх эрхтэй, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчиж үйл ажиллагааг нь хязгаарласан гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.9, Компанийн тухай хуулийн 9.3, 84.4.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.  

9. Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын үндэслэл нэхэмжлэлийн шаардлага нь хувьцаа эзэмшигчийн эрхэд хамааралгүй, том оврын автобусаар зорчигч тээвэрлэх эрх олгох эсэх нь компанийн дотоод асуудал, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, Компанийн тухай хуулийн 9.3, 84 дүгээр зүйлүүд хамааралгүй гэж үзэн гомдлоо тайлбарлаж байна.  

10. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангасан шийдлийн агуулгыг хөндөлгүйгээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

11. Зохигч нэр бүхий 26 жолооч, гишүүдийнхээ орлогын эх үүсвэрийг хангаж байнгын ажлын байртай байлгах, тэдний эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 2012 онд Баянхонгор тээвэрчин хоршоог анх үүсгэн байгуулсан, улмаар тус хоршоог 2018 онд зохион байгуулалт-эрх зүйн хэлбэрийн хувьд өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож, хоршооны гишүүн бүр компанийн хувьцаа эзэмшигч болж өөрчлөгдсөн үйл баримтын тухайд тус тус маргаагүй. Түүнчлэн энэ бүх хугацаанд нэхэмжлэгч П.Баярнэмэх холбогдох журмын дагуу шимтгэл, хураамжийг төлж хоршооны гишүүн байсны зэрэгцээ ХХК хэлбэртэй болон өөрчлөгдөхөд ч хувьцаа эзэмшигч болсон үйл баримтын талаар талууд адил тайлбар гаргаж байна.  

12. Хавтаст хэргийн 162 дугаар талд авагдсан Баянхонгор тээвэрчин ХХК-ийн том оврын автобусны 04 дүгээр сард явах хуваарь гэх баримтад нэр дурдагдсан 20 нэр бүхий жолоочийн 19 нь тус ХХК-ийн хувьцаа эзэмшигч жолооч нар байх бөгөөд энэ нь хэргийн 47, 48 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанд дурдагдсан идэвхитэй төлөв бүхий хувьцаа эзэмшигчийн бүртгэлээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, бодит байдалд тус компанийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг хувьцаа эзэмшигч жолооч нар хуваарийн дагуу эрхэлсээр байгаа нөхцөл байдал болон нэхэмжлэгч П.Баярнэмэх том оврын автобус худалдан авч холбогдох хүсэлтийг Баянхонгор тээвэрчин ХХК-ийн эрх бүхий этгээдэд гаргасан боловч тодорхойгүй байдлаар зорчигч тээвэрлэх тухай түүний хүсэлтийг эс зөвшөөрч, үүсгэн байгуулагч-хувьцаа эзэмшигчдэдээ тэгш бус хандсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож байна.

 

13. Компанийн тухай хуулийн 13.3-т Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг ... зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана гэж заажээ. Хавтаст хэргийн 55-61 дүгээр талд Баянхонгор тээвэрчин хоршооны гишүүд компани болон өөрчлөн зохион байгуулагдах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тэмдэглэл нотлох баримтаар авагджээ. Тус тэмдэглэлд хоршооны гишүүдийн хооронд өрнөсөн компани болох үед хэрхэн ажиллах талаар хэлэлцсэн байдал туссан байх ба н.Өлзийтөмөр гэх гишүүн ...Одоо нэг дэх өдөр Ирээдүй очоод 15, 20 цагийн хоёр өдөр гэрээ хийх юм уу үгүй юм уу гэдгийг шийдэх хэрэгтэй, өдрөө авахдаа хүрэх юм бол 5, 7, 3 дахь өдрийг авах хэрэгтэй гэж, н.Бат-Ирээдүй замын хуудасны орлого бол үйлчилгээний үнэ, ... хоршоо жижиг байгаа тул компани болох шаардлагатай гэх зэрэг хэлэлцүүлэг өрнөсөн байдал нь хоршооны анхны жолооч-гишүүдийн хөдөлмөрийн оролцоо компани хэлбэрээр өөрчлөгдсөн үед ч хөндөгдөхгүй байх, адил ур чадвар бүхий гишүүд хоршоог компани болгон өөрчилснөөр энэ асуудлаар тэгш боломж олгогдсоор байна гэх итгэл үнэмшилтэй хэвээр үлдсэнийг илтгэж байна.

Тодруулбал, хоршоог компани болгон өөрчлөх зорилгын хүрээнд хувьцаа эзэмшигч гишүүдийн хөдөлмөрийн оролцоо хөндөгдөхгүй хуучин хэвээр үргэлжлэх талаарх үндсэн тохиролцоо компанийн хувьцаа эзэмшигч-үүсгэн байгуулагчдын хооронд аман хэлбэрээр бий болсон, энэ нь Компанийн тухай хуулийн 13.3-т заасан эрх зүйн харилцааг үүсгэж, зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллууллахыг хариуцагчид даалгах, хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, зорчигч тээврийн жолоочоор ажиллахтай холбоотой бусад гэрээ байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг даалгуулахаар шаардлага гаргах эрхийг бий болгоно гэж үзлээ.  

14. Хариуцагч Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зүгээс дээрх шаардлагыг татгалзах үндэслэл буюу үүсгэн байгуулагч-хувьцаа эзэмшигчдийнхээ дунд тэгш бус байдал үүсгэсэн, ялгавартай харилцах болсон үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, энэ талаарх үндэслэлээ нотлох үүргээ биелүүлсэнгүй.  

15. Энэ үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хувьцаа эзэмшигчийн эрхэд хамааралгүй, том оврын автобусаар зорчигч тээвэрлэх эрх олгох эсэх нь компанийн дотоод асуудал, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 213/МА2020/00017 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 84 дүгээр зүйлийн 84.4.2-т гэснийг Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                          Г.БАНЗРАГЧ

                                                           Н.БАЯРМАА

                                                            П.ЗОЛЗАЯА

                                                            Х.ЭРДЭНЭСУВД