Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2020/00416

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................................... тоотод оршин суух, Булчин овогт Д.Б /РД: /-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: .................................... тоотод оршин суух, Чингас овогт Г.Б /РД: /-д холбогдох

12 264 963 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсүрэн,

хариуцагч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г.Бтэй танилцсан. Г.Б надтай хамт амьдарна, сууна гэдэг байсан. Мөн магистрт сурна, байрны түрээс, ломбардад тавьсан  үнэт эдлэлүүд авна гэх зэргээр мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд цалингийн зээл авахыг шаардсан. Би Хаан банк ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 5 700 000 төгрөгийн цалингийн зээл авч, өөрийн Хаан банк ХХК-ийн 5018380032 тоот данснаас 4 600 000 төгрөг, бэлнээр 2 400 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г.Бд өгсөн. Мөн гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл зэргийн үнэ нийт 2 645 000 төгрөг, 2 жилийн хугацаанд банкны хүүд төлсөн 2 462 400 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 87 373 төгрөг, Г.Бийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст Г.Бд залилуулсан талаар өргөдөл, гомдол гаргаж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 1999 дүгээр тогтоолоор иргэний эрх зүйн маргаан болох нь тогтоогдож, хэргийг хаасан. Г.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 7 000 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч уг төлбөрийг төлөх баримт үйлдэж, нотариатаар баталгаажуулсан. Иймд хариуцагчаас 7 000 000 төгрөг, гэрийн тавилга, цахилгаан хэрэгслийн төлбөр 2 645 000 төгрөг, цалингийн зээлийн хүү 2 462 400 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 87 373 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 12 264 973 төгрөгийг гаргуулж өгнө үү.    Өгсөн гэх машин нь манай хашаанд одоо байгаа гэв.

           

          Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Би Д.Б гэх хүнтэй хамт амьдарна гэж огт хэлж байгаагүй. Надтай хамт ажилладаг ах, ажлынхан маань Д.Б ахыг мөнгө зээлдэг гэхээр нь би мөнгө асуусан. Тэгээд би Д.Б ахад “дүү нь машин авах гэсэн юм гэхэд ах нь зээл авах гэж байгаа. Тэгээд аваарай” гэхээр нь би 4 600 000 төгрөгийг дансаар авч байсан нь үнэн. Мөн бэлнээр авсан гэх 2 400 000 төгрөгийн асуудлыг зөвшөөрч байна. Тэгээд Прокурорын байгууллагаас дуудаад энэ харилцаа нь иргэн хоорондын харилцаа учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ах нь эхнэрээсээ салчихсан, хүүхдээ өгөөд явуулчихсан. Энэ гэрийн тавилга надад хэрэггүй. Ахын дүү ачаад яв гэхээр нь би авсан, одоо тавлигын үнэлгээ, төлөх дээр маргахгүй.

          Харин өөрийн Санта Фе маркийн авто машиныг 3 500 000 төгрөгөөр үнэлж Д.Бд өгсөн тул төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна. Тэмдэгтийн хураамжид нэхэмжилж буй 70 200 төгрөгийг төлнө. Банкны хүү, хугацаа хэтрүүлсэн хүүд төлсөн мөнгө надад хамааралгүй гэж үзэж байгаа тул төлөхгүй гэв.

         

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Бд холбогдуулан зээл 7 000 000 төгрөг, гэрийн тавилгын үнэ 2 645 000 төгрөг, цалингийн зээлийн хүү 2 462 400 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 87 363 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 12 264 963 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 87 373 төгрөг биш 87 363 төгрөг нэхэмжилж байгаа болохоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тодруулсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сард 4 600 000 төгрөгийг дансаар, 2 400 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, 2 645 000 төгрөгийн үнэлгээ бүхий гэрийн тавилгыг хүлээн авч зарж борлуулсан, мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас Hyundai Santa Fe маркын 49-03УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авсан гэх үйл баримт зохигчийн маргаагүй байдлаар тогтоогдсон байна.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2018 оны 11 дүгээр сард Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигч маргаагүй үйл баримт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1999 дүгээр тогтоолд дурдагдсан үйл баримтаар нотлогдсон, уг гэрээний хүрээнд Г.Б нь Д.Баас дансаар 4 600 000 төгрөг, бэлнээр 2 400 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг хүлээн авсан байна. Иймд дээрх мөнгөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй, мөн дундын хөрөнгийн харилцаагүй байхдаа Г.Б нь Д.Бы дуков, хөргөгч, хөлдөөгч, буйдан, модон ор, зурагт, Асер маркийн компьютер, хивс, хивсэнцэр, плитка, будаа агшаагч, мөлхөө тавилга, угаалгын машин, шарах ширэм, пиццаны таваг, пицца зүсэгч, тумбочик, хайруулын таваг, ус буцалгагч зэрэг 2 645 000 төгрөг үнэ бүхий  гэрийн тавлигыг хүлээн авсан болох нь зохигчийн маргаагүй байдал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1999 дүгээр тогтоол, Тод үнэлгээ ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/166 тоот үнэлгээ зэргээр тогтоогдсон учир хариуцагчийн үндэслэлгүй өөртөө шилжүүлж аван хөрөнгөжсөн эд хөрөнгийн үнэ 2 645 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар буцааж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Мөн энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2857 дугаар шийдвэрээр эрэн сурвалжуулах нэхэмжлэл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг хариуцагч нь төлөх болохоо илэрхийлсэн болно.

 

Харин хариуцагчийн хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан цалингийн зээлийн хүү 2 462 400 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 87 363 төгрөгийг бодсон хугацаа, тооцоололоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгч тал нотолж чадаагүй байх тул дээрх 2 549 763 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

 

Хариуцагч нь Hyundai SantaFe маркын 49-03УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д.Бд төлбөрт тооцож 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохих бүртгэлийн дагуу шилжүүлсэн, одоо энэхүү тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч талын эзэмшилд байгаа болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баталсан учир хариуцагчийн хариуцах төлбөрөөс дээрх тээврийн хэрэгслийн үнийг хасч тооцох нь зүйтэй. Үнэлгээний хувьд хариуцагчийн тодорхойлсон 3 500 000 төгрөг гэсэн үнэлгээг нэхэмжлэгч тал нь өмнө дурдаж байсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд няцааж чадаагүй тул хариуцагчийн хариуцаж буй 9 715 200 төгрөг /зээл 7 000 000 төгрөг+тавилгын үнэ 2 645 000 төгрөг+тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг/-ийн төлбөрөөс хасч үлдэх 6 215 200 төгрөгийг гаргуулж байна.

 

Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчаас 6 215 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, төлөгдсөн гэж үзсэн 3 500 000 төгрөг, баримтаар нотлоогүй 2 549 763 төгрөг буюу 6 049 763 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 211 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 114 393 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Г.Бээс 6 215 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож,

            нэхэмжлэлийн шаардлагаас 6 049 763 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 211 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 114 393 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ