Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00396

 

 

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00396

 

 

 

Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2019/00446 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагч хариуцагч Хос далай фүүдс ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 673 575 956.08 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хос далай фүүдс ХХК нь Капитал банк ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр №ЗГ/453 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 650 000 000 төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9 хувийн хүүтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгох төслийн зээлийн /эскспортыг дэмжих/ зориулалтаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Ү-2207004367 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000376148 тоот гэрчилгээтэй Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчид 1а гудамж 27г тоот хаягт байршилтай 600 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2207004394 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000376179 тоот гэрчилгээтэй Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчид 1 гудамж 51 тоот хаягт байршилтай 660 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205006093 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000406267 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 12 байр 40 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчид 1а гудамж 27г тоот хаягт байршилтай нэгж талбарын 18669296409131 дугаартай 700 м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар эзэмших эрхийн №000543537 тоот гэрчилгээтэй газар, Налайх дүүргийн 1 дүгээр хороо Шилний үйлдвэрийн баруун талд байршилтай нэгж талбарын 18669296044133 дугаартай 309 м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалан барьцаалбар хийгдсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн төлбөрт 82 485 448.41 төгрөг, зээлийн хүүд 120 288 993.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 640 734.52 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж авсан зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 567 514 551.59 төгрөг, хүү 94 377 623.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 683 781.08 төгрөг, нийт 673 575 956.08 төгрөг гаргуулна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд төлсөн 46 500 төгрөгийг хамт гаргуулж, барьцаанд байгаа эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Капитал банк ХХК-ийг татан буулгах шийдвэр гарсан. Үүнээс хойш банкны эрх хүлээн авагч нь банкны хэвийн хугацаанд байсан гэрээний үүргийг гардана, нөгөө талд банкны харилцагч нарт учирсан хохирлыг барагдуулна гэж заасан. Уг ажиллагаа хийгдэж дууссаны дараа татан буугдах ажиллагаа бүрэн хийгдэж дуусна. Тиймээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрч гэрээ байгуулсан. Иймд бидэнд шаардах эрх үүссэн гэжээ.

   Хариуцагчийн тайлбарт: Үндсэн зээл болох 567 514 551.59 төгрөг, зээлийн хүүгээс 40 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Энэ мөнгөн дүнг өөрийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж ойрын хугацаанд төлж барагдуулна. Капитал банк татан буугдсан байтал түүнээс хойш нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь буруу тул нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн бусдын хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах асуудлыг зөвшөөрөх боломжгүй. Манай үл хөдлөх хөрөнгө нэхэмжилж байгаа үнийн дүнд хангалттай хүрнэ. Капитал банк нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр татан буугдсан байхад түүнээс хойш хүү тооцохгүй. Мөн Капитал банк манай өмчлөлийн хөрөнгийг 400 000 000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед манай барилга бүрэн баригдаж дуусаагүй байсан. Харин түүнээс хойш дахин засвар хийсэн учраас би 750 000 000 төгрөгөөр үнэлж байгаа. Зөвхөн манай өмчлөлд байгаа нэг хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулж болох учраас барьцаанд байгаа бусад хөрөнгийг чөлөөлж өгөхийг өгнө үү. Уг хөрөнгө нь манай найзуудын хөрөнгө гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Хосдалай фүүдс ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 673 575 956.08 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Улсын бүртгэлийн Ү-2207004367 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000376148 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 1а гудамж, 27г тоот хаягт байршилтай, 600м.кв талбайтай хувийн орон сууц зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2207004394 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000376179 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 1 гудамж, 51 тоот хаягт байршилтай, 660м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2205006093 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000406267 тоот гэрчилгээтэй Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12 байр, 40 тоот хаягт байршилтай, 40м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 1а гудамж, 27г тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18669296409131 дугаартай, 700м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн газар Газар эзэмших эрхийн гэрчилгээ №000543537, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Шилний үйлдвэрийн баруун талд байршилтай нэгж талбарын 18669296044133 дугаартай, 309 м.кв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмших, Газар эзэмших эрхийн гэрчилгээ №000543568 дугаартай газар гэсэн барьцааны зүйлүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хосдалай фүүдс ХХК-аас 3 525 830 төгрөг гаргуулж улсын орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.15-д зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баяндалайгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэмэгдүүлсэн хүү 11 683 781.08 төгрөг Хос далай фүүдс ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хос далай фүүдс ХХК нь зээлийн гэрээг Капитал банк ХХК-тай байгуулсан. Гэтэл банк дампуурч татан буугдсанаас хойш нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүүгээс хариуцагч Хос далай фүүдс ХХК-ийг чөлөөлж өгнө үү. Барьцаа хөрөнгүүдээс Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 1 гудамж 51 тоот хаягт байрлах 660 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, шилний үйлдвэрийн баруун талд байрлалтай 309 м.кв газар нь иргэн Х.Дашдондог, Н.Батхишиг нарын өмч. Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 12-40 тоот хаягт байршилтай 40 м.кв 3 өрөө байр нь иргэн Н.Заяагийн өмчлөлийн байр бөгөөд тэд энэ зээлээс авч хэрэглээгүй. Х.Дашдондог, Н.Батхишиг, Н.Заяа нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дээрх иргэдийн ашиг сонирхолыг шууд хөндөж байгаа бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ тэдэнд огт мэдэгдээгүй. Эдгээр хүмүүсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчийн зээлийн гэрээний үүрэгт нийт 673 575 956.08 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч Хос далай фүүдс ХХК эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг .., өмгөөлөгчөө сонгож, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэх үндэслэлээр хангахгүй орхиж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан үндсэн эрхийг нь зөрчсөн байна. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөр А.Наранцэцэгийг сонгож байгаа, өмгөөлөгч гадаад явсан, өмгөөлөгч авч нотлох баримт, хүсэлт гаргана .., гэж тайлбарласан нь тусгагджээ.

 

Нэхэмжлэлд хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэх, шаардлагатай бол 30 хоног хэргийн хугацааг сунгах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаас үзвэл хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, мэтгэлцэх эрхээр нь хангах боломжит хугацаа байсан байна.

 

Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2019/00446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

А.МӨНХЗУЛ