Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00841

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 182/ШШ2020/01240 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1774 дүгээр магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй

Бишрэлт пропертиз ХХК-д холбогдох

17,923,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 17,923,950 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 182/ШШ2020/01240 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч******* ХХК-иас гэм хорын хохиролд 17,923,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 247,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1774 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч******* ХХК-иас гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,923,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 247,500 гэснийг 94,950 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

4.1. ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг буруу тайлбарлан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг маргааны агуулгад хамааралгүй татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй, хариуцагчийн аман тайлбарт үндэслэн хохиролтой холбоотой шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр буулгасан.

Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрлийн цахилгааны утсанд богино холболт үүсч улмаар гал гарч түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж түрээслэгч *******д хохирол учирсан. Уг учирсан хохирлыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтангэрэлийн удирдамжийн дагуу Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасамбуу, Ц.Түвшинцэнгэл, Н.Мажигсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн Хөрөнгийн үнэлгээ-ээр 17,923,950 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс ...Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн 2017.04.12-ны өдрийн В17-45 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан байх бөгөөд уг хөрөнгийн үнэлгээг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шинжээч томилох тогтоол, хөрөнгүүдийн жагсаалт, хэргийн материалд үндэслэн үнэлгээг тогтоосон байгаа нь учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй. гэж үзсэн ба яг ямар үндэслэлээр хэргийн бодит байдлыг тогтоосон хөрөнгийн үнэлгээг нотлох баримтаар үнэлэхгүй байгааг магадлалд тодорхой тусгаагүй байна. Хариуцагч тал нь эрүүгийн хэрэгт гарсан шинжээчийн дүгнэлтүүд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч эрүүгийн хэрэгт шалгагдаж тухайн үнэлгээний тайлан гарч байх үед тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байхдаа шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоол зэрэгт гомдол гаргаагүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог ба анхан шатны шүүхийн шийдвэр энэхүү үнэлгээ, дүгнэлтэнд гомдол гаргалгүй, үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрч байсан үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт өгсөн.

Мөн магадлалд ...нэхэмжлэгч ******* нь худалдаж байсан бараа материалыг улсын хилээр оруулж ирэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй, хилээр ямар хэмжээний, ямар төрлийн бараа оруулсан болох нь тогтоогдохгүй тохиолдолд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь учир дутагдалтай гэж үзсэн.

Иргэн ******* нь БНХАУ-ын Замын-Үүд боомтоор 2016 оны 1 дүгээр сараас 2017.01.14-нийг хүртэлх хугацаанд нийт 9 удаа орж гарсан тухай гадаад паспортыг хэрэгт хавсаргасан баримтыг шинжлэн судлаагүй. Замын-Үүд боомтын хилээр барааг иргэн өөрөө гаалийн бүрдүүлэлт хийхээс гадна гаалийн бүрдүүлэлт хийгдсэн автомашинд ачуулан бараагаа оруулж, ирдэг худалдаачдын заншил тогтсон ба зөвхөн өөрөө мэдүүлээгүй байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж буй нь үндэслэлгүй болно.

Магадлалын хянавал хэсгийн 9 дүгээр нүүрний 1-4 дүгээр мөрүүдэд: Хэргийн 60 дугаар талд ******* нь 2019.03.18-ны өдөр******* ХХК-д гаргасан хүсэлтдээ ...4 сая төгрөг, 1 сая төгрөгийн хүнсний бараа авах ваучер санал болгосон. Би цаашид санал гомдолгүй учир 5,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ үү гэх хүсэлт гаргажээ. Уг баримтаас дүгнэвэл нэхэмжлэгчийн Велл март худалдааны төвд хандаж байсан хүсэлтийг үндэслэн 5,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Вэлл мартаас галд өртсөн бүх худалдан авагч нарт /өөрсдөө шүүх хуралдаан дээр тайлбарладаг/ эхний ээлжинд 5,000,000 төгрөгийн мөнгөн тусламж гэдгээр тусламж үзүүлж байсан ба энэхүү 5,000,000 төгрөгөөс давсан хохиролтой иргэдэд мөнгөн тусламжийг олголгүйгээр шүүх цагдаагаар асуудлаа шийдвэрлүүл гэж үлдээсэн. Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч аль аль тал нь 5,000,000 төгрөгийг мөнгөн тусламж гэх нэршилтэйгээр түрээслэгч, түрээслүүлэгч нарын хооронд яригдсан зүйлийг нэхэмжлэгч *******гийн хохирлын хэмжээгээ тогтоосон баримт гэж үзэж, хохирлын хэмжээг тус дүнгээр тооцсон нь илт үндэслэлгүй болно.

4.2.******* ХХК-иас 4 сая төгрөг, 1 сая төгрөгийн хүнсний бараа авах ваучерыг санал болгон, үлдсэн хохирлын хэмжээг тодорхой болсны дараа танд шийдвэрлэж өгнө гэсэн. *******гийн эргэлтийн хөрөнгө нь устаж үгүй болсон тул 5 сая төгрөг ч гэсэн хаа юм гэдэг утгаараа хүлээн зөвшөөрсөн ба уг мөнгөн тусламжийг авахын тулд та бидэнд уг хүсэлтийг бичиж өгөх шаардлагатай гэсэн тул мөнгөн тусламжийг авахын тулд тухайн хүсэлтийг бичиж өгсөн ч цагдаа шүүх дээр маргаантай, эрх бүхий байгууллагаар хохирлоо шийдвэрлүүлж байгаа гэх үндэслэлээр тухайн мөнгөн тусламжийг олгоогүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах******* ХХК-ийн Велл март худалдааны төвийн 2 дугаар давхарт бэлэн хувцас худалдаалах зорилгоор 9 м.кв талбай түрээслэн ажиллаж байсан, ...2017.02.06-07-нд шилжих шөнө худалдааны төвд гал гарсны улмаас дээрх 9 м.кв талбайд байсан манай гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө, эд хогшил зэрэг хувийн өмч устан шатаж, 17,923,950 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон тул дээрх хохирлыг хариуцагчаас гаргуулна... гэж тодорхойлсон,

Хариуцагч: ...Велл март худалдааны төвд гал гарсанд******* ХХК буруутай гэсэн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гараагүй, ...гал гаргасан буруутай этгээд тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн түрээсэлж байсан лангуунд нийт 3,763 ширхэг бараа бүтээгдэхүүн байсан гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Иргэн ******* нь гал гарсны дараа 5,000,000 төгрөгийн тусламж үзүүлнэ үү, цаашид гомдолгүй гэсэн хүсэлтийг компанид гаргаж байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулахаар, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

8. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн түрээсэлж байсан хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж Ботаник хаягт байрлах Велл март худалдааны төвд 2017.02.06-07-нд шилжих шөнө гал гарч түрээслэгч буюу нэхэмжлэгч *******гийн эд хөрөнгө шатаж, устсан.

Гал түймэр Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цахилгаан байгууламжийн дүрэм БД43-101-03 дүрмийн 2.1.8-д заасан цахилгааны утас ба кабелийн салбарлага, холболтын шахуурга, гагнуур, гагнаас буюу боолтон хавчаар зэргийг ашиглан мөрдөж байхдаа цахилгаан техникийн ажил БНбД 3.05.06.90-ийн дагуу гүйцэтгэх ёстой гэж заасан заалт, галын аюулгүй байдлын хууль тогтоомж зэргийг зөрчсний улмаас гэрлийн цахилгаан утсанд богино холболт үүссэн болох нь Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017.05.17-ны өдрийн 225/362 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, гал түймрийн улмаас 39 хохирогчид 800,000,000 төгрөгийн хохирол учирсан үндэслэлээр Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгт хариуцагч******* ХХК-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч шинээр батлагдаж, 2017.07.01-нээс эхлэн хэрэгжиж буй Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, Зөрчлийн тухай хуульд хамаарахаар тусгасан боловч Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогджээ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, хэдийгээр гэрээний хугацаанд нэхэмжлэгчид хохирол учирсан боловч энэ нь гэрээний үүрэгтэй холбоогүй, хариуцагчийн хайхрамжгүй, гэм буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарсан, дээрх хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө шатаж хохирол учирсан нь шалтгаант холбоотой тул хариуцагч нь гэм хорыг хариуцах үүрэгтэй гэх дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д нийцжээ.

10. Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр буюу хэрэг бүртгэлтийн явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж 17,923,950 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх дээрх хохирлыг нэхэмжлэгчид бодитой учирсан хохирол гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч нь бодитоор 17,923,950 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн хариуцагчаас мөнгөн тусламж авахыг хүссэн хэмжээгээр хохирлыг тооцож, хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

11. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зохицуулсан.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит хохирлоо баримтаар нотлоогүй, ямар хэмжээний, ямар төрлийн бараа материалыг улсын хилээр оруулж ирсэн нь тодорхой тогтоогдоогүй, түүний цагдаагийн байгууллагад гаргасан хөрөнгийн жагсаалтаар үнэлсэн үнэлгээг хохирлыг бодитоор тогтоосон гэж үзсэн нь учир дутагдалтай... гэж дүгнэн, нэхэмжлэгч нь 2019.03.18-ны өдөр хариуцагч******* ХХК-д ...4 сая төгрөг, 1 сая төгрөгийн хүнсний бараа авах ваучер санал болгосон, цаашид санал гомдолгүй тул 5 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ үү... гэсэн хүсэлт гаргаж байсан үндэслэлээр хохирлыг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэж хохиролд хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, ...хариуцагчийн тайлбарт үндэслэж шийдвэрт өөрчлөлт оруулсан, ...хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтэд хариуцагч гомдол гаргаагүй байхад хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4/

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтсийн МБТасагийн захиалгаар Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасамбуу, Ц.Түвшинцэнгэл, Н.Мажигсүрэн нарын үнэлсэн В17-45 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэл болгож нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх үнэлгээг Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шинжээч томилох тогтоол, хөрөнгүүдийн жагсаалт, хэргийн материалд үндэслэн хийсэн талаар тайланд дурджээ.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь шатсан барааг БНХАУ-ын Эрээн хотоос оруулж ирдэг, гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинаар оруулж ирдэг, эд хөрөнгийн бүртгэлийн дэвтрийг үндэслэн үнэлгээг хийсэн гэж тайлбарлах боловч дээрх тайлбарыг нотолсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс *******гийн эргэлтийн хөрөнгө нь устаж, үгүй болсон тул 5 сая төгрөг ч гэсэн хаа юм гэдэг утгаараа******* ХХК-ийн санал болгосон мөнгөн тусламжийг авахын тулд бичиж өгсөн хүсэлтээр хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй гэх гомдлыг хангах боломжгүй

Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар хариуцагчийн: ...хөрөнгийн үнэлгээний хувьд маш маргаантай байгаа, тухайн үед 39 хохирогч байсан, өнөөдрийн байдлаар 35 хохирогчид тусламж хэлбэрээр мөнгө өгсөн, үлдсэн 4-5 хүн нь тухайн лангуунд байсан барааныхаа тоог хэлэхгүй, хэт өндөр үнэ хэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь өмнө нь 5,000,000 төгрөг хүсэж байсан бол өнөөдөр 17,923,950 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ...нөгөө талаар иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэж байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотлох ёстой... гэсэн тайлбар, ...цаашид санал гомдолгүй учир 5,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ үү... гэсэн баримтыг няцаасан, үгүйсгэсэн үндэслэл болохгүй байна.

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

13. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 116 дугаар зүйлийн 116.2, 167 дугаар зүйлийн 167.2-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1774 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гаас 2020.09.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРМАА

                                                                                         ШҮҮГЧИД                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД