Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2020/03223

 

       2020 оны өр

  10 сар      22  р                                              184/ШШ2020/03223

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Б овогт Ч.Б /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байр, тоот

Хариуцагч: Т овогт Б.Ц /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот

Граж албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 6,400,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, засан сайжруулалтын зардал 11,110,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, тоотод байрлах гражийг Б.Ц-д оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан сарын түрээс 400,000 төгрөгөөр тохирч, улирал бүр 11,200,000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Түрээслэгч Б.Ц анх байгуулсан түрээсийн гэрээний төлбөр 4,800,000 төгрөгийг төлсөн бөгөөд Ч.Б, Б.Ц нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс дуусгавар болсон. Ч.Б болон Б.Ц нарын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссанаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн түрээсийн байрыг Ч.Б-д хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Ч.Б болон түүний төлөөлөгч үүргээ биелүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй Ч.Б-ын өөрийн эд хөрөнгийг ашиглах, өмчлөх эрхэд саад санаатай учруулсаар байна. Хариуцагч Б.Ц-д түрээсийн гэрээг сунгахгүй чөлөөлөхийг амаар болон утсаар удаа дараа мэдэгдэж байсан боловч хөдөө явж байна, эсхүл гар утас нь холбогдохгүй байх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагч анх гэрээндээ уг гражийг оёдлын чиглэлээр ашиглахаар тохироцсон боловч Ч.Б-ын зөвшөөрөлгүйгээр гражийг өөрчлөн мах боловсруулах болон бэлтгэх болгон өөрчлөж, Ч.Б-ын нэрийн өмнөөс Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт зөвшөөрөл хүссэн зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байсан. Иймд Баянзүрх дүүргийн дугаар хороо, тоотод байрлах Ч.Б-ын өмчлөлийн гражийг иргэн Б.Ц-ээс албадан чөлөөлүүлж, Б.Ц-ээс 6,400,000 төгрөгийг тус тус гаргуулж Ч.Б-г хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2018 оны 4 дүгээр сарын 10-нд Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар байрны зоорийн давхрын 01 тоот 39,5 м.кв талбайтай гражийг түрээслэн авч өөрийн хөрөнгөөрөө тохижуулан цаашид 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар өмчийн эзэнтэй тохиролцсон юм. Би Ч.Б-д хэлэхдээ өнөөдрийн зах зээлийн ханшаар ямар ч тохижилтгүй ийм подваль 200,000 төгрөгийн л түрээсийн төлбөрийн ханштай байгаа. Гэхдээ би энэ байрыг өөртөө ажлын байр болгох зорилготой байгаа учраас 1 дахин илүү буюу сарын 400,000 төгрөгөөр 1 м.кв талбайг нь 10,000 төгрөгөөр бодож өндөр ханшаар түрээслэн авч байгаа шүү гэсэн. Ийм өндөр ханшаар түрээслэн авч байгаагийн учир нь намайг худалдан авах хүртэл хугацаанд түрээсийн болон худалдах, үнийг нэмэхгүй биз дээ гэсэн. Би одоогийн энэ байдлыг нь бүрэн өөрчилнө. Харин 45,000,000 төгрөгөөсөө жаахан ярихгүй юм уу гэхэд Ч.Б 44,000,000 төгрөг болгосон. Би өөрийнхөө хөрөнгөөр засвар хийхээр болж оёдлын зориулалтаар түрээслэхээр болсон. Намайг түрээсэлж байгаад цаашид худалдаж авч болно мөн худалдаж авахдаа дөнгөж орж ирсэн япон автомашин өгч болно гэсэн. Бидний ярьсаныг Ч.Б-ын эхнэр нь юм уу нэг эмэгтэй сонсож байсан. Энэ яриаг тэр эмэгтэй гэрчлэх боловч би сайн танихгүй учраас гэрчийг шууд зааж өгч мэдэхгүй байна. Би түрээсийн гэрээгээ 1 жилээр хийе. Цаашид сунгагдаж болно. Гэхдээ би аль болохоор сунгахгүй хурдан л авахыг хичээнээ гэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 10-нд гэрээг хийсэн боловч түрээсийн төлбөрийг тооцож эхлэх хугацааг 5 дугаар сарын 01-ээс эхэлье гэсэн.

Ингээд би 2018 оны 4 дүгээр сарын 11-нд 2020 оны 4 дүгээр сарыг дуустал 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл 11,235,000 төгрөг авч ажлын байрны засвараа эхлүүлсэн. Дараа нь 4 дүгээр сарын 18-нд 2,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 25-нд 1,200,000 төгрөг, 4 дүгээр сарын 27-нд 1,100,000 төгрөг, 4 дүгээр сарын 29-нд 1,150,000 төгрөг, 5 дугаар сарын 04-нд 1,000,000 төгрөг, 5 дугаар сарын 15-нд 1,500,000 төгрөг, 5 дугаар сарын 26-нд 1,500,000 төгрөг, 6 дугаар сарын 21-нд 3,000,000 төгрөг, 6 дугаар сарын 21-нд 4,300,000 төгрөг, 6 дугаар сарын 26-нд 1,000,000 төгрөг, 6 дугаар сарын 27-нд 3,700,000 төгрөг, 6 дугаар сарын 28-нд 1,000,000 төгрөг нийт 33,385,000 төгрөгийг энэхүү ажлын байрны засвар, тохижилтонд зарцуулж 2018 оны 7 дугаар сарын 01-нд ажлын байр бэлэн болсон үеэс эхлэн би энэ байрны түрээслэгч биш хөрөнгө оруулагч болсон.

Миний хийсэн засварын ажлын үр дүнд энэхүү гарааж нь 1/6-р байрны подвальд байрлалтай нам дор газар учраас их хэмжээний ус үүдэндээ тогтдог байсан гадна талбайг өндөрлөж цементэлсэн, дотор талд шал нь доороосоо өндөр намаасаа шалтгаалж 30-60 см хүртэл хэмжээнд өндөрлөгдөж усан далайд автахгүй болсон. Шууд гаднаасаа ордог вакум хаалга, цонхтой, төвийн дулаантай, цэвэр бохир усанд холбогдсон, тусдаа 00-той, цагаан өнгийн бүтэн плитан шалтай, 1 м 60 см өндөртэй хагас плитан ханатай, бүрэн автомат агааржуулагчтай, 2м х 2м хэмжээтэй 2 том ханан хөргөгчтэй үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ашиглах боломжтой ажлын байр болон тохижуулагдсан. Гэтэл миний эртний танил 1 худалч нөхөр 2018 оны 7 дугаар сарын 09-нд ирээд чиний ажлын байр сайхан тохижуулагдсан байна. Чи үүнийгээ хүнсний ногоо угаах, боловсруулах, савлах чиглэлээр ашигла. Ногоо учраас мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл гарна гэж зөвлөсөн. Тэгээд би ОХУ-д үйлдвэрлэгдсэн бүрэн автомат хүнсний ногоо боловсруулах зориулалтын тоног төхөөрөмж тавиулж бэлтгээд өмчийн эзний нэр дээр зөвшөөрөл хүссэн. Энэ хугацаанд би түрээсийн төлбөрөө төлж нөгөө худалч нөхрийн зөвлөснөөр зөвшөөрөл гарна гэж итгэж байсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс Ч.Б-ын нэр дээр Орон сууцны зориулалттай суурийн давхарт хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Ингээд миний ажил худалч нөхрийн үгэнд орсноос болж баларсан. Дараа нь би түрээсээ ч төлж чадахгүй төлбөрийн чадваргүй болсон. Гэсэн ч би өөртөө ажлын байр бэлтгэж үл хөдлөх хөрөнгийн засварт байгаа мөнгөө хийчихсэн учраас одоо юу хийж болох вэ гээд хөөцөлдсөөр байгаад 2019 оны 11 дүгээр сарын 28-нд уг ажлын байрандаа пакеталсан мах болон бүх төрлийн махан бүтээгдэхүүн худалдаалж болох зөвшөөрөл авч улсын мэдээллийн санд бүртгүүлж махны бар код авсан. Тэгээд махны дэлгүүрээ ажиллуулах гэхлээр эргэлтийн хөрөнгөгүй, сүүлийн саруудын түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаагаас хамаарч түрээслэгч талаас үл хөдлөхийн гэрчилгээг нь үйлчилгээний болгон солиулж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Ц би 2018 оны 4 дүгээр сарын 10-нд Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар байрны зоорийн давхарын … тоот 39,5 м.кв талбайтай гражийг түрээслэн авч өөрийн хөрөнгөөрөө тохижуулан цаашид 44,000,000 төгрөгөөр худалдан авахаар өмчийн эзэнтэй тохиролцсон юм. Би Ч.Б-д хэлэхдээ: Өнөөдрийн зах зээлийн ханшаар ямар ч тохижилтгүй ийм харанхуй подваль 200,000 төгрөгөөр 1 м.кв талбайг 10,000 төгрөгөөр бодож өндөр ханшаар түрээслэн авч байгаа шүү гэсэн. Ийм өндөр ханшаар түрээсийн авч байгаагийн учир нь намайг мөнгөө бэлдээд худалдан авах хүртэл хугацаанд түрээсийн болон худалдах үнийг нэмэхгүй биз дээ. Би одоо энэ байдлыг бүрэн өөрчилнө. Харин ажлын байр болгоход цэвэр бохир устай, оо-той болгох шаардлагатай юм байна гэсэн. Ч.Б та өөрөө л оо-той болгоо би зөвшөөрч байна гэсэн. Харин та буцаагаад болилоо гэхгүй биз дээ гэсэн. Би үгүй ээ. Өөрийгөө ажлын байр бэлдэж байгаа юм чинь эхэлж түрээсэлж аваад түрээсийн төлбөрөө төлж байгаад намайг худалдан авах үед мөнгө маань хүрэлцэхгүй байвал бүрэн ажлын байр болгосон байхад зээлийн барьцаа болно шүү дээ. Тийм болохоор би өөрийнхөө хөрөнгөөр бүх засварыг хийнэ. Одоо яг юу хийхээ сайн мэдэхгүй байгаа болохоор одоохондоо оёдлын үйлдвэрлэл гэж бичье дээ гэсэн. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 11-нд өөрийн тэтгэврийн 24 сарын зээл 11,000,000 төгрөг авч бүгдийг нь энэ ажлын байрны засварт зарцуулсан. Дараа нь нэмэлтээр 22,000,000 төгрөг бүгд 33,000,000 төгрөгөө зарцуулж ажлын байр бэлдсэн. Энэ байрнаас би нэг ч төгрөгийн ашиг олоогүй байгаа. Учир нь Ч.Б удаан хугацаагаар гадаадад яваад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөхийн гэрчилгээг “үйлчилгээний” зориулалттай болгож өгөхгүй байгаад байгаа юм. Миний хийсэн загварын ажлын үр дүнд энэхүү граж нь 1/6 дугаар байрны подвальд байрлалтай нам дор газар учраас их хэмжээний ус үүдэндээ тогтдог байсан, гадна талбайг нийтдээ 60-70 см өндөрлөж цементэлсэн. Дотор талд шал нь дороосоо өндөр намаасаа шалтгаалж 30- 60 см хүртэл хэмжээнд өндөрлөгдөж усан далайд автахгүй болсон. Энэ граж намайг авахад ус, жоом, шавар, баасанд баригдсан газар байсан. Би авч бүрэн засвар хийгээд шууд гаднаасаа ордог вакум хаалга цонхтой, төвийн дулаантай, цэвэр бохир усанд холбогдсон, Тусдаа оо-той, цагаан өнгийн бүтэн плитан шалтай, 1м 60 см өндөртэй хагас плитан ханатай, дүүжин таазтай, бүрээс автомат агааржуулагчтай, 2х2 метрийн 2 том ханан хөргөгчтэй, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр ашиглах боломжтой болон тохижуулагдсан. Мөн банкны зээлийн барьцаанд 100,000,000 төгрөгөөр үнэлэгдэж, мах махан бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрөлтэй бар кодтой болсон. Одоо би салгаж үл болох үл хөдлөх хөрөнгийн засварт оруулсан мөнгийг буюу сантехникийн материал болон газар, хананд оруулсан барилгын материалын үнэ 8,210,000 төгрөг, ажлын хөлс 2,900,000 төгрөг бүгд 11,110,000 төгрөгийг дээрх объектын өмчлөгч болох Ч.Боос гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан  гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Б.Ц нар нь Баянзүрх дүүргийн  дугаар хороо, байрны 01 тоотын гражийг 2018 оны  4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл түрээслэж, сарын түрээсийн төлбөр 400,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Б.Ц нь сөрөг нэхэмжлэлдээ тус гражийг тохижилт муутай харанхуй подволь, ус, жоом, шавар, баасанд баригдсан газар байсан гэж дурдсан байдаг. Б.Ц-д түрээслэхээс өмнө уг гражийг автомашины дулаан гражийн зогсоол болгон ашиглаж байсан гэрэлтэй, дулаантай, цэвэрхэн дулаан граж байсан. Б.Ц нь Ч.Бид 1 жилийн дотор худалдан авах хүсэлтэй байгаа тул зах зээлийн ханшнаас доогуур 400,000 төгрөгөөр түрээслэхийг санал болгож хоёр тал харилцсан тохиролцсон. Ингээд түрээслэгч Ч.Б 2018 оны 9 дүгээр сард урт хугацаагаар гадаад явах болж өөрийн төрсөн охин Б.Д-г тус гражийг түрээслэх, худалдах зэрэг үйл ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон Б Ц-тэй танилцуулсан.

Талууд гэрээний дагуу Ч.Б-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Б.Цд түрээсээр ашиглуулж, Б.Ц нь 1 жилийн /2018.04-2019.04/ түрээсийн төлбөр 4,800,000 төгрөгийг улирал тутам төлөхөөр тохирсон боловч цаг тухайд нь төлөөгүй. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь Б.Цд түрээсийн гэрээг зөрчиж байгааг удаа дараа анхааруулсан. Уг 1 жилийн түрээсийн төлбөрийг 2019 оны 9 сард л төлсөн байдаг. Үүнээс хойш нэг ч удаа түрээсийн төлбөр төлөөгүй, түрээсийн гэрээ дуусгавар болсон, сунгаагүй, утсаар залгаад утсаа авахгүй, авсан ч хөдөө явж байна гэх зэрэг шалтгаанаар холбогдох боломжгүй болсон. Б.Ц нь анх гэрээ байгуулахдаа Ч.Боос бид оёдлын үйл ажиллагаа явуулах юм чинь бидэнд бие засах өрөө хэрэгтэй байна та орон сууцны СӨХ-тэй холбоод өгөөч гэсний дагуу Ч.Б орон сууцны СӨХ-ны холбогдох хүмүүсийг танилцуулж өгсөн. Ингэхдээ хэрвээ бие засах өрөө гаргах бол холбогдох бүх зардлыг Б.Ц өөрөө хариуцахаар ярилцаж тохиролцсон. Энэ талаар сөрөг нэхэмжлэлд Б.Ц дурдаж бичсэн байдаг боловч гарах бүх зардлыг өөрөө хариуцахаар тохиролцсон талаар огт дурдаагүй байна. Түрээслэгч Б.Ц нь гэрээнд заасан үүргээ зөрчин явуулах үйл ажиллагааг дур мэдэн өөрчилж түрээслүүлэгч буюу Ч.Б-ын болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дын зөвшөөрөлгүй өөрчлөн хүнсний ногоо боловсруулах зориулалтаар засвар хийсэн байдаг. Энэ талаар өмнөх шүүх хурлын үеэр тайлбарлахдаа хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гарахгүй гэдгийг мэдэлгүй өөрийн найзын үгэнд орж дур мэдэн тохижуулсан, найздаа хулхидуулсан гэсэн байдаг. Дараа нь уг ногоо боловсруулах үйл ажиллагаа нь бүтэхгүй болонгуут пакетласан мах болон бүх төрлийн мах боловсруулах зориулалтаар тохижуулан том төмөр хөргөгч зэргийг байрлуулсан гэсэн. Б.Ц нь дээрх засварыг хийхдээ хууль ёсны өмчлөгч Ч.Б болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, холбогдоогүй, зөвшөөрөл өгөөгүй байхад өөрийн дур зоргоор өмчлөлийн зүйлийг өөрчлөн тохижуулсан ба энэ талаараа ч шүүхэд өгсөн хариу тайлбар, болон шүүх хуралдаанд мэдүүлдэг. Б.Ц нь өөрийн дур зоргоор зөвшөөрөлгүй засвар хийсэн нь түүний өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд дээр хүртэл 33,000,000 төгрөгийн завсар хийсэн байгаа гэж тайлбарладаг боловч шүүгчийн баримт байгаа юу гэх асуултад байхгүй гэж тайлбарладаг. Гэтэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримт нь хэзээ хаанаас гаргаж ирсэн баримт вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Мөн Б.Ц нь түрээсийн гэрээг дуусгавар болсны дараагаар Ч.Б-ын өмнөөс Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хүнсний үйлдвэрлэл эрхлэх хүсэлт гаргасан зэрэг хууль бус асуудал байдаг. Өмчлөгч өөрийн хууль ёсны эд хөрөнгийг ямар зориулалтаар ашиглах нь өөрийн эрх хэмжээний асуудал байхад Ч.Б нь өмчлөлийн гражийг үйлчилгээний зориулалттай болгож өгсөнгүй гэж тайлбарлах нь өмчлөгчийн эрхэд шууд халдаж байна. Анх түрээсийн гэрээ байгуулахдаа энэ талаар ярилцаж тохиролцсон зүйл огт байхгүй. Б.Ц-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь түүний өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон бөгөөд тус засварын зардлыг өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд Ч.Бид холбогдуулан гаргасан 11,110,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан граж албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 6,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Б.Ц нь засан сайжруулалтын зардал 11,110,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээний агуулгын  тухайд маргахгүй байна. /хх-ийн 12/

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээний хугацаа дууссан, түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашигласан ч төлбөр төлөөгүй, түрээсийн зүйлийг чөлөөлж өгөөгүй гэж, хариуцагч тал  татгалзалын үндэслэлээ гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулсан, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, өөр зориулалтаар ашиглах боломжтой болгосон гэж  тайлбарласан.

Гэрээгээр хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч  Ч.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байр, зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай 39,5 м.кв  талбайтай, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг оёдлын үйлдэрлэл явуулах зорилгоор түрээслэх, түрээсийн төлбөрт  сар бүр 400,000 төгрөг, түрээсийн гэрээний  хугацаа 1 жил байх, мөн цаашид үнийг төлсөн тохиолдолд худалдан авахаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зааснаас үзэхэд талуудын хооронд  түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хэдийгээр талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн  318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй боловч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй, хэлцлийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардаагүй болно. /1 дүгээр хавтас 213/

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дууссан, хэрэгт авагдсан баримтаар гэрээг тухайн нөхцлөөр сунгасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан  өдрөөс хойш хугацааны түрээсийн төлбөр 6,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсгүүдэд түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байх, түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болохоор зохицуулжээ. 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 1 жил байсан бөгөөд энэ хугацааны төлбөр 4,800,000 төгрөгийг хариуцагч төлсөн байх тул түрээслүүлэгч  хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхгүй байна. 

Алдангийн тухайд үндсэн үүрэг үүсээгүй өөрөөр хэлбэл хариуцагч нь түрээсийн төлбөрийг дутуу төлсөн, хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тооцох боломжгүй юм.

Харин хариуцагч нь гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн үнийг төлж, худалдан аваагүй, гражийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа нь талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, 6,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч тал засан сайжруулалт хийсэн зардлаа нотлохоор бараа материал худалдан авсан тухай зарлагын баримт, хөлсөөр ажиллуулах гэрээ, ажил гүйцэтгэсэн тухай тодорхойлолт гэх баримтуудыг гаргаж өгсөн.  /хх-ийн 101-111/

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байхаар заажээ.

Нэхэмжлэгч тал салгаж үл болох засан сайжруулалт хийхдээ түрээслүүлэгчээс зөвшөөрөл аваагүй тул засан сайжруулалтын зардлыг хариуцахгүй гэж маргаж байгаа ч хариуцагч оёдлын үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр түрээслэхээр зорилгоо тодорхой илэрхийлсэн, түрээсийн зүйл нь уг зорилгоор ашиглах боломжгүй, мөн түрээслүүлэгч  засан сайжруулалт хийх хугацаа олгосон зэргээс үзэхэд зөвшөөрөл өгөөгүй гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр зохицуулсан.

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас бараа материал худалдан авсан тухай зарлагын баримтууд нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тухайн баримтуудаар тодорхойлогдох шаардлагыг хангах боломжгүй байна.

Харин 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд “М” ХХК-тай байгуулсан  хөлсөөр ажиллуулах гэрээгээр хариуцагч нь 2,900,000 төгрөгийг хөлсөөр ажиллагч талд төлсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ч.Боос гаргуулан, хариуцагч Б.Цд олгож, сөрөг нэхэмжлэлээс 8,210,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, байр, зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай 39,5 м.кв  талбайтай, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагч Б.Ц-д даалгаж, нэхэмжлэгч Ч.Б-ээс 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулан хариуцагч Б.Ц-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 6,400,000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах шаардлага, сөрөг нэхэмжлээс 8,210,000 /найман сая хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,350 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 61,350 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ