Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2020/02602

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Д.Уранчимэг, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “И” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: “Т” ХХК/РД: /-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 56 855 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, иргэдийн төлөөлөгч Н.Хажидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн жолооч Ч.Батдалай нь компанийн 75-97АЧ чиргүүл бүхий 71-95 УБЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч машинаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт сумын нутагт байрлах нүүрс тээврийн засмал замын 87 дахь километр буюу Цагаанхаднаас Тавантолгой чиглэлд ачаа тээвэрлэж явахдаа “Т” ХХК-ийн жолооч Лхамсүрэнгийн Болдбаатарын жолоодон явсан Нордбенз маркийн 20-47 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн.

Л.Болдбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн ба түүний энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас манай компанийн машин гэмтэж компанид эд хөрөнгийн хохирол учирсан болох нь Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 103, 369 дугаартай дүгнэлтээр нотлогдож байгаа. Түүний энэ үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/134 дугаартай прокурорын тогтоол гарсан.

Уг тогтоолоор Л.Болдбаатарт Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахыг Баян-Овоо сумын Хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Лхагважавт даалгасан бөгөөд Б.Лхагважав нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0083873 дугаар Шийтгэлийн хуудсаар зөрчлийн арга хэмжээ авсан. Л.Болдбаатарын гаргасан зам тээврийн ослоос үүдэн манай компанийн машинд эвдрэл үүсч, нийт 38 000 000/гучин найман сая/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч хохирч байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Иймд осол гаргасан Л.Болдбаатар нь “Т” ХХК-ийн жолоочийн ажилтай мөн түүний осол гаргах үед унаж явсан Нордбенз маркийн 20-47 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Т” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл тул ослын улмаас учирсан хохирлыг “Т” ХХК хариуцан арилгах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулааас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Манай компанийн өмчлөлийн 75-97 АЧ чиргүүл бүхий 71-95 УБЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч машиныг засварлах бодит зардал 38 000 000/гучин найман сая/ төгрөг байна.

Иймд хариуцагч “Т” ХХК-иас манай компанид учруулсан бодит хохирол болох 38 000 000/гучин найман сая/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Ө.Сайнбаяр би “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг 18 855 500/арван найман сая найман зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгөөр ихэсгэж 56 855 500/тавин зургаан сая найман зуун тавин таван мянга таван зуу/ төгрөг болгож байна.

“И” ХХК-ийн жолооч Ч.Батдалай нь компанийн 75-97АЧ чиргүүл бүхий 71-95 УБЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч машинаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт сумын нутагт байрлах нүүрс тээврийн засмал замын 87 дахь километр буюу Цагаанхаднаас Тавантолгой чиглэлд ачаа тээвэрлэж явахдаа “Т” ХХК-ийн жолооч Лхамсүрэнгийн Болдбаатарын жолоодон явсан Нордбенз маркийн 20-47 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Л.Болдбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн ба түүний энэхүү гэм буруутай үйлдлийн улмаас манай компанийн машин гэмтэж хохирол учирсан болох нь Замын цагдаагийн албаны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ослын акт, 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/134 дугаартай прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолоор Л.Болдбаатарт Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахыг Баян-Овоо сумын Хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Лхагважавт даалгасан бөгөөд Б.Лхагважав нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0083873 дугаар Шийтгэлийн хуудсаар зөрчлийн арга хэмжээ авсан.

Л.Болдбаатарын гаргасан зам тээврийн ослоос үүдэн манай компанийн машинд эвдрэл үүсч, нийт 56 855 500/тавин зургаан сая найман зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийн бодит хохирол учирсан.

“Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №11108550 дугаар авто машин техникийн үнэлгээний тайлангаар нийт автомашинд учирсан хохирлыг 56 855 500/тавин зургаан сая найман зуун тавин таван мянга таван зуу/ төгрөг хэмээн үнэлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Иймд осол гаргасан Л.Болдбаатар нь “Т” ХХК-ийн жолоочийн ажилтай, түүний заавраар тээвэр гүйцэтгэж байсан, мөн түүний осол гарах үед унаж явсан Нордбенз маркийн 20-47 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  “Т” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл тул ослын улмаас учирсан хохирлыг “Т” ХХК хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулааас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Манай компанийн өмчлөлийн 75-97 АЧ чиргүүл бүхий 71-95 УБЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч машины эвдэрсэн сэлбэг хэрэгслийн нийт өртөг 45 930 500/дөчин таван сая есөн зуун гучин мянга таван зуу/ төгрөг, сэлбэг хэрэгсэл угсрах засварын зардал 10 925 000/арван сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, нийт зардал 56 855 500/тавин зургаан сая найман зуун тавин таван мянга таван зуу/ төгрөг болж байна.

Иймд хариуцагч  “Т” ХХК-иас манай “И” ХХК-д учруулсан бодит хохирол болох 56 855 500/тавин зургаан сая найман зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тус шүүхээр хянан хэлэлцэгдэх “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор болоод байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн хувиар “И” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. “Т” ХХК нь 2011 оноос хойш ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Лхамсүрэнгийн Болдбаатартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 20-47 УНЛ улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг худалдахаар тохиролцож үнийг “Т” ХХК-иас өгсөн тээвэрлэлтийн ажил үүргийг гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнтэй холбоотой 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулсан.

2. Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт байрлах нүүрс тээврийн засмал замын 86-87 дахь километр болсон осолтой холбогдуулан гэм хорын хохиролд 38 000 000 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Гэтэл уг зам тээврийн осол нь “Т” ХХК-ийн буруугаас болоогүй бөгөөд замын эвдрэл, гэмтлийн засан сайжруулалтыг хариуцан ажилладаг. “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн зам болон замын бусад байгууламжийг хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах үүргээ биелүүлээгүй, замын эвдрэл гэмтлийн талаар мэдээллээ үнэн зөв өгөөгүйн улмаас осол гарсан. Уг зам тээврийн ослын улмаас манай компанид ч мөн адил ихээхэн хэмжээний хохирол учраад байна.

3. Уг зам тээврийн осолтой холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд, хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Зам тээврийн ослын акт, 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт зэрэгт тус осол нь хэрэг гарсан орчмын замын эвдрэл хагархай зэргийн улмаас гарсан, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт 4-т “Зам ашиглалт, хот тохижолтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэж акт тогтоосон.

Иймд дээрх тайлбар, үндэслэлүүдээр манай “Т” ХХК нь гэм хорын хохиролд 38 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй тул “И” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““И” ХХК нь “Т” ХХК-иас Иргэний хуулийн 499, 510 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо нэхэмжилж байна гэж байгаа. Нэхэмжлэгч гэм хор учруулснаас үүдэх хохирлыг жолоочоос нэхэмжилж байгаа бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, харин тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг эзэмшигчээс шаардаж байгаа тохиолдолд мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгээр шаардах зохицуулалттай. Жолооч н.Болдбаатар хурд хэтрүүлсэн гэдэг нь тогтоогдсоор байхад дээрх заалтуудыг үндэслэн “Т” ХХК-иас хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал иргэний шүүхээр шинжээч томилуулах үед уг машиныг ашиглах боломжгүй засч байгаа гэсэн боловч албан ёсны хаяг болох www.smartcar.mn хаягаас харахад уг машинаар 2019 оны 10 сараас эхлээд олон удаа замын зөрчил гаргасан болох нь харагддаг. 2019, 2020 оны албан татвар төлсөн байдаг. Үүнээс үзэхэд 2019 оны 10 сард ашиглалтад ороод явж байсан нь харагдаж байна. Чиргүүлийн лавлагаагаар үзэхэд 2019 оны 04 сард уг чиргүүлийн эзэмшигч солигдсон байдаг. Тэгэхээр уг хуулийн этгээд, захирал н.Бумбаяр нь өөр өөр субъект юм. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд болон шинжээчийн дүгнэлтээс үзэхэд бодит хохирлыг тогтоосон бус автомашины фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, замын цагдаагийн актыг үндэслэж гаргасан байна. Санхүүгийн баримтуудаас үзэхэд тухайн баримтууд нь 2020 оны болон 2019 оны 12 сарын баримтууд байна. Уг машин 2020 оны 10 сард ашиглагдаж байсан. Мөн гүйлгээний утга дээр сэлбэг, эд ангийн жолоо гэж байгаа нь уг хохирол учирсан машинд зориулагдсан эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэл шаардлагаа нотлох үүрэгтэй. Осол гарсан нь үнэн боловч нэхэмжлэгч ослын улмаас учирсан хохирлоо бодит баримттайгаар нотолж чадахгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “И” ХХК хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 56 855 500/тавин зургаан сая найман зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Могой баг, Ухаа худаг-Ганц мод чиглэлийн хатуу хучилттай автозамын 87 дахь км-т Нордбенз маркийн 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Болдбаатар нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасныг зөрчин Нордбенз маркийн 7195 УБЛ улсын дугаартай, 7597 АЧ улсын дугаартай чиргүүл бүхий тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын болон 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь Нордбенз маркийн 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Л.Болдбаатарт худалдсан гэж маргаж байх боловч 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь Нордбенз маркийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь болох нь № 00846580 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч ... өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

 

          Хариуцагч нь Л.Болдбаатарт Нордбенз маркийн 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Тээвэрлэлтийн гэрээгээр тогтоогдож байна.

 

          Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Могой баг, Ухаа худаг-Ганц мод чиглэлийн хатуу хучилттай автозамын 87 дахь километрт 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр болсон зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Нордбенз маркийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 53 172 000/тавин гурван сая нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь № 00846580 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын болон 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Тээврийн хэрэгслийн лавлагаа, “Вендо” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан болон тайлангийн хавсралтаар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь Л.Болдбаатарт Нордбенз маркийн 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Нордбенз маркийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд нийт 53 172 000/тавин гурван сая нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 3 683 500/56855500-53172000=3683500/ /гурван сая зургаан зуун наян гурван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

          Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Зам тээврийн осолд “Гашуун сухайт авто зам” ХХК буруутай гэж үзэж байгаа тохиолдолд тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас нийт 53 172 000/тавин гурван сая нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, үлдсэн 3 683 500/гурван сая зургаан зуун наян гурван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас нийт 53 172 000/тавин гурван сая нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, үлдсэн 3 683 500/гурван сая зургаан зуун наян гурван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 600 300 төгрөгөөс 442 227.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 158 072 төгрөгийг, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 423 810 төгрөгийг, шинжээчийн ажлын хөлсөд 1 818 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ

     ШҮҮГЧ                                      Д.УРАНЧИМЭГ                   

 

 

                                                                           Б.УУГАНБАЯР