Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/02490

 


 

2020 9 18 183/ШШ2020/02490

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, оршин суух, овогт Э.гийн Б. /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, байрлах, М ./РД:/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, байрлах, М.т нарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, М.т холбогдуулан С.Б.ыг ажлаас халах талаар хуралдаж шийдвэр гаргасан 2019 оны 11 сарын 06-ны өдрийн тэмдэглэлийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг буюу С.Б.од сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагч М. ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.д, хариуцагч З.рын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үн, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол улсын иргэн С.Б. нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр М. Төрийн өмчит хувьцаат компанийн гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудтай байгуулах Хөдөлмөрийн гэрээг 2018.10.01-2019.10.01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулан тус компанийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын А менежерийн туслах ажилтны үүргийг гүйцэтгэх болсон. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд ажил үүргээ үр дүнтэй, зохих ёсоор биелүүлсээр ирсэн тул энэхүү гэрээг 2019.10.31-ний өдөр дахин нэг жилийн хугацаатай сунгаж байгуулсан. Гэтэл 2019.11.06-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ З.рын хуралдаанаар нэр бүхий хүмүүсийг мөрийтэй тоглоом, казино тоглож ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар мэдээлсний дотор миний нэрийг дурдаж, улмаар М. ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.12-ны өдрийн Б/808 дугаартай тушаалаар намайг гадаад улсад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мөрийтэй тоглоом буюу казино тоглож компанийн нэр хүндийг гутаасан, зохисгүй байдал гаргасан, Монгол улсын З.рын хуралдаанаар хэлэлцэн ёс зүйн хэм, хэмжээ зөрчсөн, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд намайг ажлаас халсан М. ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.12-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан М. ХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын А хариуцсан менежерийн туслах ажилд эгүүлэн томилуулах. Мөн Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.1.2-д заасан үндсэн цалин 990 000 вон, амьжиргааны зардалд 2 310 000 вон нийт 3 310 000 вон буюу 7 756 800 төгрөгийн цалинг сард авч байсан. Гэвч 2019.11.12-ны өдөр хууль бус тушаал гаргаж, үндэслэлгүйгээр халсны улмаас цалин хөлс авахгүй хохирч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн төлөх, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу М. ТӨХК-иас 2019.11.12-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх. Монгол улсын З.рын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн С.Б.од сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгээс нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М. ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч С.Б.ыг гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/920 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт А менежерийн туслахаар түр томилсон. Нислэгийн давтамж нэмэгдэн зорчих урсгал ихсэж, ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан С.Б.той харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунган ажиллуулсан ба мөн шалтгаанаар Хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөрийн хугацаатай гэрээ дахин байгуулсан. З.рын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр бүхий хүмүүсийг гадаад улсад мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэмжээ зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд холбогдох албан хаагчдад зохих журын дагуу сахилгын шийтгэл ногдуулж, халах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан. З.рын Хэрэг эрхлэх газар М. ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газрын ажилтан С.Б.ыг мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь тогтоогдсон гэж олон нийтэд мэдээллэсэн. М. ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар бүлэгт ажилтны хүлээх үүргийг тодорхойлж өгсөн ба 6.2.11-д Аливаа байгууллага, хүмүүс, улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавих, түүнчлэн 11.9.10-д компанийн эр хүндийг гутаах үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох талаар заасан. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-д ажилтан нь хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл М. компанийн ажилтан буюу нэхэмжлэгчийг мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. З.рын 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэл болон компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А-1/3905 дугаартай албан бичгээр С.Б.той мөрийтэй тоглоом тоглосон нь тогтоогдсон байх тул халах арга хэмжээ авахыг даалгасан. С.Б.той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.6-д компанийн нэр хүндийг гутаах, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан болно. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 9.4.6 дахь хэсэг, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 10.1.1в, 11.9.10 дахь хэсэг, Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад хүргүүлсэн. Гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 01/2386 дугаар албан бичиг, З.рын 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А-1/3905 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуульд нийцэж буй тул С.Б.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Монгол Улсын З.рын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч С.Б. нь М. ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.12-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2019.11.16-ны гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019.12.12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд хандан гаргасан байх бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг М. ХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Мөн Монгол Улсын З.рыг ямар нэг шийдвэр гаргасан мэтээр тайлбарлаж хамтран хариуцагчаар татсан байна. З.рын хуралдаанаар асуудал хэлэлцэх хууль зүйн үндэслэлийн тухай хөндөн С.Б.ыг ажлаас халах талаар хуралдаж шийдвэр гаргасан Монгол улсын З.рын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь З.рын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэлийг З.рын шийдвэр гэж үзэн түүнийг хууль бус болохыг тус шүүхээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол гэж, 13 дугаар зүйлийн 13.1-т Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж, 65 дугаар зүйлийн 65.1-т шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, 65.1.1-т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс М.т хандан гаргасан С.Баярцогтыг ажлаас халах талаар хуралдаж шийдвэр гаргасан Монгол Улсын З.рын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б. нь хариуцагч Монголын Иргэний агаарын тээвэр /цаашид М. гэх/ ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Монгол Улсын З.рыг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэгч нь З.арт холбогдуулан С.Б.ыг ажлаас халах талаар хуралдаж шийдвэр гаргасан 2019 оны 11 сарын 06-ны өдрийн тэмдэглэлийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлов.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр хариуцагч М.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М. ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Б.ын М.т холбогдуулан гаргасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн

65.1.1-т заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.арт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С.Б.ын хариуцагч М. ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул шүүх харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Ажил олгогч М. ХХ нь ажилтан С.Б.той 2018 оны 10 сарын 04-ний өдөр БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт Аэропорт менежерийн туслахын албан тушаалд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, улмаар 2019 оны 10 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж гэрээний хугацааг нэг жилээр сунгасан, зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. /хх-6-10/ Ажил олгогч нь батлагдсан бүтэц, ажилчдын орон тооны дагуу ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой.

 

Хэрэв ажилтан ажлаас буруу халагдсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан. Нэхэмжлэгч С.Б. нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай гүйцэтгэх захирлын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн тушаалд 2019 оны 11 сарын 15-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан М. ХК-ийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн Б/808 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 10.1.1.в, 11.9.10, Кампанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 8.1, 9.4.6 дахь заалт, Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад хүргүүлсэн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 04-ны өдрийн 01/2386 дугаар албан бичиг, Монгол Улсын З.рын 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн А-1/3905 дугаар албан бичгийг тус тус үндэслэн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт Аэропорт менежерийн туслахаар хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж байгаа С.Б. нь гадаад улсад ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа мөрийтэй тоглоом буюу казино тоглож компанийн нэр хүндийг гутаасан зохисгүй байдал гаргаж, улмаар уг асуудлыг Монгол Улсын З.рын хуралдаанаар хэлэлцэн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзсэн гэх үндэслэлийг заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан бөгөөд гэрээний талууд ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасны дотор гэрээний 9.4.6-д ...компанийн нэр хүндийг гутаах... нь ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохирсон байна. /хх-49-51/

 

Шүүх Amjilt.news сайтад хийсэн үзлэгээр 2019 оны 11 сарын 07-ны өдрийн Дарга нар казино тоглож буй бичлэг дэлгэгдлээ гэх нийтлэлд ...М. ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Б. мөрийтэй тоглосон нь баримтаар нотлогдсон... гэх агуулга бүхий мэдээллийн доод хэсэгт 39 секундийн бичлэг тавигдсан байх ба тус бичлэгт сууж байгаа этгээдийг хариуцагч С.Б. гэж тайлбарлаж, нэхэмжлэгч няцаагаагүй болно.

 

Хариуцагч М. ХК нь ажилтан С.Б. мөрийтэй тоглоом буюу казино тоглож компанийн нэр хүндийг гутаасан зохисгүй байдал гаргасан асуудлыг Монгол Улсын З.рын хуралдаанаар авч хэлэлцэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь компанийн нэр хүнд гутаагдсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, улмаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б.ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч З.арт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ