Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01001

 

 

 

 

 

 

 

 

 

С.Бнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00687 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Бхариуцагч МТӨХК, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийн С.Б сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч МТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагч МТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, Г.Батбаяр, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үржинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: С.Бнь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр МТӨХК-ийн гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан тус компанийн Схот дахь төлөөлөгчийн газрын Аэрофорт менежерийн туслах ажилтны үүргийг гүйцэтгэх болсон. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд ажил үүргээ үр дүнтэй, зохих ёсоор биелүүлсээр ирсэн тул энэхүү гэрээг 2019.10.31-ний өдөр дахин 1 жилийн хугацаатай сунгасан. Гэтэл 2019.11.06-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Озасгийн газрын хуралдаанаар нэр бүхий хүмүүсийг мөрийтэй тоглоом, казино тоглож ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар мэдээлэлж үүнд миний нэрийг дурдаж, улмаар МТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.12-ны өдрийн Б/808 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Иймд МТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.12-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан МТӨХК-ийн Схот дахь төлөөлөгчийн газрын Аэрофорт хариуцсан менежерийн туслах ажилд эгүүлэн томилуулах. Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.1.2-д заасан үндсэн цалин 990 000 вон, амжиргааны зардалд 2 310 000 вон нийт 3 310 000 вон буюу 7 756 800 төгрөгийн цалинг сард авч байсан. 2019.11.12-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн С.Б сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгээс нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч МТӨХК-ийн хариу тайлбарт: Нэхэмжлэгч С.Бгүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/920 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан Схот дахь төлөөлөгчийн газарт Аэрофорт менежерийн туслахаар түр томилсон. Нислэгийн давтамж нэмэгдэн зорчих урсгал ихсэж, ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан С.Б харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунган ажиллуулсан ба мөн шалтгаанаар Хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай гэрээ дахин байгуулсан. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр бүхий хүмүүсийг гадаад улсад мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэмжээ зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд холбогдох албан хаагчдад зохих журын дагуу сахилгын шийтгэл ногдуулж, халах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар МТӨХК-ийн Схот дахь Төлөөлөгчийн газрын ажилтан С.Бмөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь тогтоогдсон гэж олон нийтэд мэдээлсэн. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11-д Аливаа байгууллага, хүмүүс, улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавих, түүнчлэн 11.9.10-д компанийн эр хүндийг гутаах үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох талаар заасан. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-д ажилтан нь хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Мкомпанийн ажилтан нэхэмжлэгчийг мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. С.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.6-д компанийн нэр хүндийг гутаах, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 01/2386 дугаар албан бичиг, Засгийн газрын 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэл,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А-1/3905 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь хуульд нийцсэн тул С.Бнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын тайлбарт: Нэхэмжлэгч С.Бнь Монгол Улсын Засгийн газрыг ямар нэг шийдвэр гаргасан мэтээр тайлбарлаж хамтран хариуцагчаар татаж, Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэлийг Засгийн газрын шийдвэр гэж үзэн түүнийг хууль бус болохыг тус шүүхээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Шүүх:   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Засгийн газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоу, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.БМХК-ийн БНСУ-ын Схот дахь Төлөөлөгчийн газрын Аэропорт менежерийн туслахын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч  МХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 11 сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 868 688 төгрөгийг гаргуулж, С.Б олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 243 049 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч МТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболдын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. МИАТ" ТӨХК нь нэхэмжлэгч С.Б-той 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хугацаатай түр гэрээ байгуулан ажиллаж байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар МТӨХК-ийн Схот дахь Төлөөлөгчийн газрын ажилтан С.Бмөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь тогтоогдсон гэж олон нийтэд мэдээлсэн ба Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр бүхий хүмүүсийг гадаад улсад мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэмжээ зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд холбогдох албан хаагчдад зохих журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулж, халах арга хэмжээ авахыг МТӨХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан. Мкомпанийн ажилтан буюу нэхэмжлэгчийг мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, гутаах үйлдэл болсон талаар шүүх дүгнээгүй. Мөрийтэй тоглоом тоглосныг Засгийн газрын хэрэг эрхлэх газар тогтоосон гэж олон нийтэд мэдээлэлж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, компанийн нэр хүндийг гутаасан үйлдлийг маргааны үйл баримтаар авч үзэж үнэлээгүй. Дээрх мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн талаар талууд маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хамтран хариуцагчаар оролцсон Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч мөрийтэй тоглож байгаа талаар видео бичлэг
байгаа талаар дурдсан бөгөөд шүүх хуралдаан дээр тус бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хариуцагч МТӨХК-нд уг бичлэг албан бусаар байсан. МТӨХК-ийн ёс зүйн дүрэмд мөрийтэй тоглоом тоглох нь ёс зүйн хэм хэмжээнд тооцогдохгүй бөгөөд нэгэнт Засгийн газраас мөрийтэй тоглосон нь тогтоогдсон гэсэн учир ёс зүйн хороогоор хянан шийдвэрлэх шаардлагагүй юм. Нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулаагүй ба мөрийтэй тоглосон үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдохуйц үр дагавартай байсан тул ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүх ёс зүйн зөрчил, ёс зүй хэм хэмжээ гэсэн нэр томъёо дээр тулгуурлаж, компанийн ёс зүйн дүрэм, ёс зүйн хорооны ажиллах журмыг баримтлах ёстой гэсэн хэт нэг талыг харж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/2386 дугаартай Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын нийт ажилтнуудад хандсан Анхааруулга хүргүүлэх тухай албан бичгээр компанийн нэр хүндийг гадаад орчинд унагасан зүй зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг мэдэгдсэн" байсан. С
.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.6 Компанийн нэр хүндийг гутаах ..." ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 9.4.6, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 10.1.1 в, 11.9.10, Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад хүргүүлсэн Гүйцэтгэх захирлын 2019 оны 01/2386 дугаар албан бичиг, Засгийн газрын 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А-1/3905 дугаартай албан бичгийг тус тус үндэслэсэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан хуульд нийцсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч С.Бажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийн С.Б сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч МТӨХК, Монгол Улсын Засгийн газар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.Бнь хариуцагч МТӨХК-ийн С хот дахь төлөөлөгчийн газрын аэрофорт менежерийн туслах ажилтнаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/808 тоот тушаалаар гадаад улсад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мөрийтэй тоглоом буюу казино тоглож компанийн нэр хүндийг гутаасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх45/

Анхан шатны шүүх нотлох баримтын хуулиар заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу. Хэргийн 86 дугаар талд Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэл архивын хуулбар үнэн дарагдсан хэлбэрээр авагдсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн заалт хамаарахгүй тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд ирүүлнэ.

Хариуцагч байгууллагын архивын хуулбар үнэн дардастай баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж тухайн баримтад үндэслэж дүгнэлт хийх боломжгүй.

Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгч С.Бгадаад улсад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн зөрчил гаргасан, энэ талаарх видео бичлэг байгаа гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба энэ нь хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, талуудыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт бүрдүүлж, мэтгэлцэх боломжоор хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч МТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ