Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 183/2020/03498/и |
Дугаар | 183/ШШ2020/02942 |
Огноо | 2020-10-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2020/02942
2020 10 30 183/ШШ2020/02942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, байранд байрлах, Г ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг, хаягт, А.гийн Л. /РД:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 134 874 684,11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Иргэн А.Л. нь 2018 оны 08 сарын 10-ны өдөр Гтай ЗГ1305110434 дугаартай зээлийн гэрээ байгуулж 118 000 000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 108 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ЗБ1305110434 дугаарт Ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн ..., Зайсан Зайсангийн тойруу гудамж, ...-р байр, 10 тоот 73,95 м.кв, улсын бүртгэлийн Ү-... дугаар бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч А.Л. нь ЗГ1305110434 дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 460 хоногийн хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 112 054 825,49 төгрөг, зээлийн хүү 22 255 151,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201 772.99 төгрөг, даатгал 362 933.97 төгрөг нийт 134 874 684.11 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу Г уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч Гтай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу мөнгө хүлээн авсан үйл баримтын талаар маргаан байхгүй. Хариуцагч нь зээлийн төлөлтийг төлж байсан. Төлөхгүй болсон шалтгаан нь бизнесийн үйл ажиллагаа дэлхий нийтэд гарсан цар тахалтай холбоотой. Зээлийн төлөлтийг хойшлуулах талаар банкны эзийн засагчтай удаа дараа утсаар холбогдож хүсэлт тавьж байсан боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн зээлийн тооцоолол үндэслэлгүй байна. Тодруулбал 13 500 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 13 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү . гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А.Л.д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 134 874 684,11 төгрөг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч банк зээлийн хүүг илүү тооцож авснаар зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаагүй, зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах саналыг хүлээж аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Г, А.Л. нар 2018 оны 08 сарын 10-ны өдөр ЗГ 1305110434 дугаар орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г 118 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 108 сарын хугацаатай жилийн 15,6 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч А.Л. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөр, даатгалын хураамжийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд ЗБ1305110434 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Зайсангийн тойруу гудамж, ... байр, 10 тоот хаягт байршилтай 73,95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулжээ.
Зээлийн болон ипотекийн гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон ипотекийн гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч Г 2018 оны 08 сарын 10-ны өдөр хариуцагчийн 1305110434 тоот дансанд зээлийн мөнгө хөрөнгө 118 000 000 төгрөгийн шилжүүлсэн болох нь хариуцагчийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7, 2.8-д ...зээлдэгч нь зээлийн эрсдэлийн даатгал, барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн эрсдэлийн даатгалд даатгуулна. Даатгуулахтай холбогдуулан даатгагчид төлөх даатгалын хураамжийг Гаар дамжуулан урьдчилан тохиролцсон хуваарийн дагуу хуримтлуулж, төлнө. Даатгалын хураамжийг төлөх хуваарийг гэрээний хавсралт №1-д заасан зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх үүргээс тэргүүн ээлжид гүйцэтгэнэ... гэж тохирсон байна.
Хариуцагч нь үндсэн зээлээс 5 945 174,51 төгрөг, зээлийн хүү 14 174 619,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 218,16 төгрөг, даатгалын хураамжид 243 927,61 төгрөг, нийт 20 371 938,33 төгрөг төлсөн болох нь хариуцагчийн дансны хуулга болон хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байх бөгөөд ...банкны зээлийн тооцоолол үндэслэлгүй... гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2027 оны 07 сарын 25-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч хариуцагч нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчиж, тодруулбал 2019 оны 03 сарын 25-ны өдрөөс төлөлт хийлгүй үүргээ зөрчиж, 2020 оны 01 сарын 24-ны өдөр зээлийн үндсэн төлбөрт 616 961,14 төгрөг, үндсэн хүүд 1 360 362,21 төгрөг, 2020 оны 02 сарын 17-ны өдөр зээлийн үндсэн төлбөрт 983 340 төгрөг, хүүд 2 963 129 төгрөгийг төлснөөс хойш огт төлөлт хийгээгүй байгааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй ба гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, гэрээний 4.4.1-т зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэн байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төлөөгүй хугацааны хүүд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлдэгчийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн үндсэн зээл 112 054 825,49 төгрөг, зээлийн хүү 22 255 151,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201 772,99 төгрөг, гэрээнд заасан даатгалын хураамж 362 933,97 төгрөг, нийт 134 874 684,11 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч А.Л.ас гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч А.Л. нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 902 524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 902 524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 08 сарын 10-ны өдөр ЗГ 1305110434 дугаар орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч А.Л.ас 134 874 684,11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч А.Л. нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Зайсангийн тойруу гадамж, ... байр, 10 тоот хаягт байршилтай 73,95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 902 524 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 902 524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ