Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/02998

 


2020 11 04 183/ШШ2020/02998

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, байранд байрлах, Ц.ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан уул дүүрэг, 4 дүгээр хороо, байрлах, А.ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 190 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Т.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр А.ХХК-тай хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлд үнэ төлбөрийн нөхцөлийг тохирсон. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт гэрээт ажлын нийт төлбөр 510 390 000 төгрөгөөс 445 200 000 төгрөгийг 1 м.кв-ийг 2 800 000 төгрөгөөр тооцож, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2-р ээлжийн б-р блок 5-р давхар баруун жигүүрийн 79, голын 80 м.кв 2 орон сууц буюу нийт 159 м.кв талбайтай орон сууцыг ажлын хөлсөнд манай компанид бартер буюу солилцоо хийхээр харилцан тохиролцсон. Манай компани гэрээний үүргээ биелүүлж гэрээнд заасан цонх суурилуулалт, амлагааны ажлыг 5, 6-р блокийн барилгад хийж гүйцэтгэн 2019.09.03, 2019.09.12-ны өдрүүдэд Цонх хаалганы гүйцэтгэлийн тайлан А.апартмент 5, 6-р блокоор гаргаж хүлээлгэн өгсөн. Мөн нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт А.ХХК нь 30 000 000 төгрөг, 6-р блокийн 79 м.кв орон сууцыг шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдэл 15 190 000 төгрөг, бартераар шилжүүлэх орон сууцны үнэ 80x2 800 000=224 000 000 төгрөг нийт 239 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээгээр тохиролцсон Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент орон сууцны хорооллын 2 дугаар ээлжийн 1432 байрны 80 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани Ц.ХХК-тай гэрээ байгуулсан нь үнэн. Тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцат апартмент төслийн 5 болон 6 дугаар блок барилгын цонхны ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Ажлын хөлсөнд бэлнээр 65 190 000 төгрөг, бартераар 2 орон сууц өгөхөөр харилцан тохиролцсон. Улмаар гэрээ хийснээс хойших хугацаанд 6 дугаар блокийн цонхны ажлыг манай компани хүлээж авсан. Уг ажлын хөлсөнд тус хотхоны 6 дугаар блокийн 5 дугаар давхрын 84 м.кв талбайтай 503 тоот орон сууцыг шилжүүлж өгсөн. Энэ талаар шүүхэд хариу тайлбараа өгсөн. Ж.Лхагвадорж захирлын бичсэн тодорхойлолтод 80 м.кв гэсэн нь андуурч бичсэн бол уу гэж үзэж байна. Бодит байдал дээр бидний шилжүүлсэн орон сууц нь захиалгын гэрээнд бичигдсэнээр 84 м.кв талбайтай байр. Мөн энэ орон сууцыг Ц.ХХК нь өөрийн нэр дээр биш, захиалгын гэрээг шилжүүлэх гурван талт гэрээ гэж оруулаад иргэн Мөнхзул гэсэн хүний нэр дээр шилжүүлж авсан баримт байгаа. Өөрөөр хэлбэл гэрээнд зааснаас 5 м.кв-ын илүү талбайтай орон сууц шилжүүлж өгсөн. Үнийн дүнг м.кв нь 2 800 000 төгрөгөөр бодвол 14 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. 6 дугаар блокийн 80 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан нь уг байрыг манай компани худалдах худалдан авах гэрээгээр Батмөнх констракшн ХХК-д шилжүүлсэн. Батмөнх констракшн ХХК нь орон сууцыг бүхэлд нь хүлээж аваад Ц.ХХК-иар цонх хийлгэх ажил гүйцэтгүүлээд ажлаа актаар хүлээж авсан нь тогтоогдож байгаа. Манай компани ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээж аваагүй учраас хөлс төлөх үндэслэлгүй гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Батмөнх констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани А.ХХК-тай гэрээ хийгээд 5 дугаар блокийн барилгын ажлыг бүхэлд нь буюу карказаар нь худалдан авч, гэрээ байгуулсан. Ц.ХХК-тай хийсэн гэрээ байхгүй учраас энэ асуудал манайд хамааралгүй гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.ХХК нь хариуцагч А.ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 190 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Маргааны эрх зүйн баримт болох 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний талуудаар захиалагч нь Практикал консалтинг ХХК, хөрөнгө оруулагч нь А.ХХК, гүйцэтгэгч нь Ц.ХХК нар оролцсон ба уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 5, 6-р блок орон сууцны цонх болон тагтанд гарах хаалтыг харилцан тохиролцсон баталгаат зураг, загвараар барилгын хуванцар цонх, хаалга техникийн ерөнхий шаардлагад нийцүүлэн, барилгын хана, цонхны уулзварын угсралтын заадал, техникийн шаардлагын дагуу суулгах, гэрээний хугацааг 2018.04.10-ны өдрөөс 2018.08.10-ны өдөр дуусгахаар, гэрээний нийт үнийг 510 390 000 төгрөг байхаар уг төлбөрийг хөрөнгө оруулагч болох А.ХХК нь гүйцэтгэгч Ц.ХХК-д төлөх, дээрх үнэнд 79, 80 м.кв талбай бүхий 2 орон сууцыг төлбөрт тооцон гүйцэтгэгчид шилжүүлэн өгөхөөр гэрээний 3.3, 3.4-т талууд харилцан тохиролцсон байна /хх-14-17/.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу 6 дугаар блок дахь ажлыг гүйцэтгэн 2019 оны 09 сарын 04-ний өдөр актаар хүлээлгэн өгч, мөн оны 09 сарын 05-ны өдөр 6 дугаар блок дахь гүйцэтгэлд тооцоо НӨАТ-тай дүнг 258 770 883,80 төгрөг болохыг А.ХХК болон Ц.ХХК-ийн нягтлан бодогч нар тооцоо нийлж, санхүүгийн тамга тэмдгээр баталгаажуулжээ. /хх-30, 32/

 

Хариуцагч А.ХХК нь 2019 оны 11 сарын 14-ний өдөр 30 000 000 төгрөгийг дансаар, 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 18/33 дугаар орон сууц захиалгаар барих гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 800 000 төгрөгөөр тооцож, 84 м.кв талбай бүхий 235 200 000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг нэхэмжлэгч Ц.ХХК-нд ажлын хөлсөнд шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна./хх-31, 154-156/

 

Хариуцагч А.ХХК нь Батмөнх констракшн ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин Говь ХХК-ийн ашиглах эрхтэй газар дээр баригдаж байгаа бүрэн цутгамал хийцлэл бүхий 5-р блок, 14.800м*23.900м хэмжээтэй зоорийн В1, В2 давхраас дээш 10 давхар буюу нийт 12 давхар бүрэн баригдаж дуусаагүй орон сууцны барилгыг 1 750 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр авахаар, уг үнэнд барилгын төмөр бетон цутгамал хийц, гадна дулаан, гадна цахилгаан, гадна бохир, гадна сантехник, гадна холбоо дохиоллын угсралтын ажил болон бусад зардал орсон талаар дурджээ. /хх-55-56/.

Дээрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч Ц.ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу 5 дугаар блок дахь ажлыг хийж эхлээгүй, 5 дугаар блокийн барилга нь карказ байдалтай байсан болон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дуусаагүй байсан талаар талууд маргаагүй болно.

 

Батмөнх констракшн ХХК нэхэмжлэгч Ц.ХХК-нд 2018 оны 10 сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөгийг, мөн оны 12 сарын 29-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус цонхны төлбөрт гэх утгаар шилжүүлж, нэхэмжлэгч нь кассын орлогын ордерт Арцат 5 блок санхүүжилт гэх утгаар бүртгэж авсан байна. /хх-150-153/

 

Нэхэмжлэгч Ц.ХХК нь 2019 оны 09 сарын 12-ны өдөр 5 дугаар блок дахь ажлын гүйцэтгэлийг Батмөнх констракшн ХХК-нд хүлээлгэн өгсөн болох нь цонх, хаалганы гүйцэтгэлийн тайлан А.апартмент 5-р блок гэх баримтаар тогтоогдож байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 5 дугаар блок дахь ажлыг хийж эхлээгүй, гэрээт ажлыг бүрэн дуусаагүй байсан тохиолдолд хариуцагч нь гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Батмөнх констракшн ХХК-иас ажлын хөлс хүлээн авч, гүйцэтгэсэн ажлын үр дүнг тус компанид хүлээлгэн өгсөн үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэрээг цуцлах илэрхийлэл нь нэхэмжлэгчид хүрсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хуульд заасны дагуу цуцалснаар гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа цаашид дуусгавар болох буюу гэрээний үүргээс үүдэх шаардах эрх дуусгавар болдог. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 6 дугаар блок дахь ажлыг хөлсийг төлсөн болох нь тогтоогдож байгаа болно.

 

Гуравдагч этгээдийн ...Ц.ХХК-нд шилжүүлсэн 20 000 000 төгрөг нь нэмэлтээр гүйцэтгүүлсэн ажлын хөлс гэх тайлбар, мөн хариуцагч А.ХХК болон гуравдагч этгээд Батмөнх констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үнэ 1 750 000 000 төгрөгт нэхэмжлэгч Ц.ХХК-ийн 5 дугаар блок дахь хийж гүйцэтгэсэн ажлын хөлс багтсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийн захиалагчийн объект болох 5 дугаар блок 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Батмөнх констракшн ХХК-д шилжүүлснээр гэрээ цуцлагдсан гэх тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ц.ХХК-ийн хариуцагч А.ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.ХХК нь гуравдагч этгээд Батмөнх констракшн ХХК-ийн өмчлөлийн зүйл болох 5 дугаар блок дахь хуванцар цонх, хаалганы ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнд Батмөнх констракшн ХХК хүлээн авсан үйл баримтаас дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхийг хориглосон тул нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.ХХК-ийн 239 190 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 353 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ