Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01564

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01312 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц ХХК хариуцагч А ХХК -д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 239 190 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Тус компани нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр А ХХК -тай хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээт ажлын төлбөр 510 390 000 төгрөг байхаас 445 200 000 төгрөгийг 1 м.кв-ыг 2 800 000 төгрөгөөр тооцож, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2-р ээлжийн 6-р блок, 5-р давхар баруун жигүүрийн 79, голын 80 м.кв хоёр орон сууц буюу нийт 159 м.кв талбайтай орон сууцыг ажлын хөлсөнд бартераар өгөхөөр харилцан тохиролцсон. Манай компани ажил үүргээ биелүүлж, гэрээнд заасан цонх суурилуулалт, амалгааны ажлыг 5, 6-р блокийн барилгад хийж гүйцэтгэн 2019.09.03, 2019.09.12-ны өдрүүдэд цонх, хаалганы гүйцэтгэлийн тайланг гаргаж хүлээлгэн өгсөн. Мөнх нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт А ХХК нь 30 000 000 төгрөг, 6-р блокийн 79 м.кв орон сууцыг шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдэл 15 190 000 төгрөг, 6-р блокийн 5-р давхрын голын 80 м.кв орон сууцыг манайд шилжүүлж өгөлгүй бидний хохироож байна. А ХХК нь гэрээний үүргээс зайлсхийж 6-р блокийн барилгыг Батмөнх констракшн ХХК-д шилжүүлсэн учир тэр компаниас мөнгөө олж ав гэдэг хариу утсаар хэлдэг болсон. Уулзаж ярилцаж ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдлээ төлөх санал удаа дараа тавьсан боловч хүлээн авалгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд А ХХК -аас Арцат апартмент орон сууцны барилгын ажилд ажил гүйцэтгэх гэрээнд заасан гүйцэтгэсэн ажлын хөлс бэлнээр төлөх ёстой байсан төлбөрийн үлдэгдэл 15 190 000 төгрөг, бартераар шилжүүлэх орон сууцны үнэ 80 х 2 800 000 = 224 000 000 төгрөг, нийт 239 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцож авах ёстой Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцат апартмент орон сууцны хорооллын 2-р ээлжийн 1432 байрны 5-р давхрын 80 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Тус компани нь Цонх констракшн ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцат апартмент орон сууцны хотхоны 5 болон 6-р блок барилгад хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон болно. Бидний зүгээс дээрх барилгаас 5-р блокийн орон сууцыг Батмөнх констракшн ХХК-д худалдан борлуулсан. Үүний дагуу өөрсдийн эзэмшлийн 6-р блокийн цонхны гүйцэтгэлийн төлбөрт зориулан Арцат апартмент орон сууцнаас 84 м.кв талбай бүхий 503 тоот орон сууцыг Цонх констракшн ХХК-д шилжүүлж, захиалгын гэрээ хийж, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч А ХХК -аас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 15 190 000 төгрөг, 1 м.кв талбайг 2 800 000 төгрөгөөр тооцон 224 000 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2-р ээлжийн 6-р блокийн 5-р давхарт байрлах голын 80 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус гаргуулж нэхэмжлэгч Цонх констракшн ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 424 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК -аас 1 424 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цонх констракшн ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Цонх констракшн ХХК нь А ХХК -д холбогдуулан 239 190 000 төгрөг гаргуулах, 80 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Шүүхээс шийдвэр гаргахдаа хариуцагчаас 80 м.кв талбай бүхий орон сууц гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн үү, шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Хариуцагч талаас нэгэнт шүүхийн маргаан үүссэн учир тус компанийг оролцуулснаар хэргийг тал бүрээс нь бодитойгоор шийдвэрлэх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэн Батмөнх констракшн ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан. Батмөнх констракшн ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан тайлбар, нотлох баримт гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. А ХХК нь 2018 оны 12 сарын 12-ны өдөр Батмөнх констракшн ХХК-д 5-р блокийг худалдсан. Ийнхүү худалдсаныг Цонх констракшн ХХК хүлээн зөвшөөрч, гэрээг цуцалж ажлын гүйцэтгэлийг Батмөнх констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн. Манай компанийн зүгээс гэрээний үлдэгдэл хөлсийг өгөхөөр ямар нэгэн баталгаа, амлалт өгөөгүй. Батмөнх констракшн ХХК өөрийн эзэмшлийн 5-р блокийн цонхны ажлын төлбөрт нийт 20 000 000 төгрөг бэлнээр төлснөөс 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн тухай баримт хэрэгт авагдсан. Харин Ц ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмж 15 000 000 төгрөг хүлээн авснаа шүүх хуралдаан дээр амаар тайлбарласан. Батмөнх констракшн ХХК төлбөрийг хариуцах үндэслэлтэй тул манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь өөрийн эзэмшлээс гарсан, өөр эзэмшигчид шилжсэн барилгын цонхны ажлын төлбөрийг төлбөр төлөгчийн нэрийн өмнөөс төлнө гэсэн байгаа нь хуулиар тогтоосон эрх ашгийг нь хөндөж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Цонх констракшн ХХК нь хариуцагч А ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 239 190 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 80 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх 1-2/

 

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч А ХХК -аас 15 190 000 төгрөг болон тодорхой байршил бүхий 80 м.кв орон сууцыг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийг өөрчлөх буюу хэнд холбогдуулан ямар шаардлага гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө өөрчлөх эрхийг хөндсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргажээ.

 

Түүнчлэн хэрэгт А ХХК -аас Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 дугаар блокийн дуусаагүй барилгыг нийт 1 750 000 000 төгрөгөөр Батмөнх констракшн ХХК-д худалдсан тухай гэрээ /хх 55-56/, Цонх констракшн ХХК уг 5 дугаар блокийн цонх, хаалганы ажлын гүйцэтгэлийг Батмөнх констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн тухай акт /хх 18-23/, Батмөнх констракшн ХХК-аас Цонх констракшн ХХК-д 5 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн тухай кассын орлогын ордер /хх 87/ зэрэг баримтууд авагдсаар байхад шүүх Батмөнх констракшн ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг хангахгүйгээр хэрхийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд нийцээгүй байна.

 

Батмөнх констракшн ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулснаар өмнө дурдсан худалдах, худалдан авах гэрээний үнэд хуванцар цонх, хаалганы үнэ орсон эсэх, Ц ХХК 5 дугаар блокод хийж гүйцэтгэх ажлын хөлсийг А ХХК , Батмөнх констракшн ХХК-ийн хэн хариуцахаар талууд тохиролцсон зэрэг үйл баримтуудыг тогтоож, хэргийг бодитойгоор шийдвэрлэх боломжтой болох юм.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээх буюу нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийх эрх хуулиар олгогдоогүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн үүргийн хэмжээг эцэслэн нэг мөр тодорхойлох, хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 424 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР