Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/03022

 


2020 11 06 183/ШШ2020/03022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, тоот хаягт оршин суух,  овогт Ц.ын Д. /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо байрлах, Нгазарт холбогдох,

 

Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай 15290664/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 сарын 22-ны өдрийн 0602 дугаартай шийдвэр болон иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 04 сарын 08-ны өдрийн 416 дугаартай магадлалаар Ц.хүлэг компаниас 25 752 000 төгрөгийг гаргуулан, Хүүгийн худал гэдэг компанид олгуулах шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.хүлэг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.ын Д.гээс буюу иргэний өөрийнх нь байгаль орчны яамны харьяа Горхи тэрэлжийн хамгаалалтын газрын захиргаанаас цалин хөлснөөс нь суутгал хийлгэх тогтоол гарган хүргүүлсэн. Нгазрын тасгийн дарга Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч н.Мөнхбаярын 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 1529066401 тоот иргэн Д.гийн цалин хөлс, бусад орлогоос суутгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Ц.хүлэг ХХК-ийн захирлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирсэн лавлагааны дагуу өөр хүн захирлаар нь ажиллаж байгаа. Ц.Д. компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ч гэсэн компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу ХХК буюу компани нь өөрийнхөө хөрөнгөөр эрх эдэлж, хариуцлага хүлээх зохицуулалттай байгаа. Шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн татвараас санхүүгийн тайлан гарсан. Санхүүгийн тайлан дээр эздийн өмчийн дүн гэж байгаа. Эздийн өмчийн дүнгийн өөрчлөлтийн тайланг гаргасан. Компанийг анх байгуулахдаа компани тухай хуульд заасны дагуу компанийг анх үүсгэн байгуулахад өөрийн хувийн эд хөрөнгөнөөс тусгаарлаж 1 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж, компанийн анхны хөрөнгө оруулалтыг оруулж, өөрийн хувийн эд хөрөнгөнөөс тусгаарласан нь эхлэлийн тайлан балансаар нотлогддог. Тиймээс компанийн эд хөрөнгө нь иргэн Ц.Д.гийн өөрийнх нь хувийн эд хөрөнгөнөөс тусгаарлагдсан гэж үзэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэх боломжгүй тул тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр Ц.хүлэг ХХК-иас 25 752 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 286 710 төгрөгийг тус тус гаргуулж, Хүүгийн гутал ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15290664 дугаар тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч Ц.хүлэг ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Д.д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлүүдийг удаа дараа гардуулсан боловч үүргээ биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.хүлэг ХХК-ийн арилжааны банкнуудад данс битүүмжилж хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлж, эд хөрөнгийг тогтоохоор холбогдох байгууллагаас лавлагааг авахад төлбөрт гаргуулах эд хөрөнгө тогтоогдоогүй. Иймд төлбөр төлөгч Ц.хүлэг ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Д.д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-т заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахыг мэдэгдсээр байхад мөн шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг үндэслэж, Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Д.гээс төлбөрийг гаргуулахын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг түүний ажиллаж байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д. нь хариуцагч Нгазарт холбогдуулан 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 15290664/01 дугаар цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр Ц.хүлэг ХХК-иас 25 752 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 286 710 төгрөгийг тус тус гаргуулж, Хүүгийн гутал ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба хариуцагч Нгазраас уг шүүхийн шийдвэр болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 1430 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, хуульд заасан ажиллагаануудыг хийж, улмаар төлбөр төлөгч Ц.хүлэг ХХК-ийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нөхцөл байдал тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан.

 

Компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулсан ба мөн хуулийн 9 дүгээр зүйлд хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан бол хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан хязгаарлагдмал хариуцлага буюу гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх, харин зааглагдаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан бүрэн хариуцлага буюу өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Д. нь төлбөр төлөгч Ц.хүлэг ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх нь зүйтэй.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Ц.хүлэг ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Ц.Д.гийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 89 дүгээр зүйлийн 89.2, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасантай нийцэх тул Ц.Д.гийн Нгазарт холбогдуулан гаргасан 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 15290664/01 дугаар цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 89 дүгээр зүйлийн 89.2, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нгазарт холбогдуулан гаргасан 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 15290664/01 дугаар цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Ц.Д.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ