Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/18

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр                               2020/ДШМ/18                                                                Зуунмод

 

 

 

Г.У-, М.Ц- нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Э.Билгүүн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

            Нарийн бичгийн дарга У.Золчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/367  дугаар шийтгэх тогтоолтой Г.У-, М.Ц- нарт холбогдох 1934000190116 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Ганболдын У-, Төв аймгийн Цээл суманд 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн “Оюу толгой”-д нүүрсний том машины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Цээл сум, Оргил 1 дүгээр баг, Хөшигтийн 1-25 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ________ ,

Жалайр овгийн Мягмарын Ц-, Төв аймгийн Цээл суманд 1988 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мах Импекс” ХХК-д хөргөгч ажилтай, “Тод өгөөж” ХХК газар тариалангийн компанид тракторчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Цээл сум, Майхан 3 дугаар баг, Зүүн дэнж 1-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ________________,

Яллагдагч Г.У- нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд Засаг даргын тамгын газрын байрны гадна тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнгийн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэг эсэргүүцэж, улмаар хүч хэрэглэх явцдаа М.Ц-тай бүлэглэн цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнг зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч М.Ц- нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд Засаг даргын тамгын газрын байрны гадна тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнг Г.У-тай бүлэглэн зодож, улмаар эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                  

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн шүүгдэгч Жалайр овгийн Мягмарын Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/367 дугаар шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн шүүгдэгч Жалайр овгийн Мягмарын Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000190116 дугаартай хэргээс шүүгдэгч Жалайр овгийн Мягмарын Ц-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчилж,

Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгж буюу 2.700.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван мянга дөрвөн зуун нэгж буюу 3.400.000 төгрөгийн торгох ялаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У-т оногдуулсан гурван мянга дөрвөн зуун нэгж буюу 3.400.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У- нь гурван мянга дөрвөн зуун нэгж буюу 3.400.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

            Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У-, Жалайр овгийн Мягмарын Ц- нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын У- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Ядамсүрэн нь шүүгдэгч Г.У-, М.Ц- нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн" бол гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно" гэж тус тус заасан байна.

Г.У-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхээс надад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гардуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно" гээд мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт "талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц" гэж заажээ.

Иймд Г.У-т холбогдох эрүүгийн 1934000190116 тоот хэргээс Г.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.У-т оногдуулсан ял шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй. Гэмт хэрэг хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Г.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан саналдаа: Г.У-ын хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргахгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.У- нарт холбогдох эрүүгийн 1934000190116 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

            Шүүгдэгч Г.У- нь 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд Засаг даргын тамгын газрын байрны гадна тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнгийн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэж, улмаар хүч хэрэглэх явцдаа цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнг зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

Хохирогч С.Ядамсүрэн /хх-ийн 18-19, 59, 161 дүгээр хуудас/, гэрч О.Батболд хх-ийн 4 дүгээр хуудас/, гэрч З.Жамъяансүрэн /хх-ийн 5-7 дугаар хуудас/, гэрч С.Ядамсүрэн /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Ж.Мягмар /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч А.Баасандорж /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Б.Төрбат /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч Т.Сэлэнгээ /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Ш.Эрдэнэзул /хх-ийн 64 дүгээр хуудас/, гэрч Н.Пүрэвдорж /хх-ийн 66 дугаар хуудас/, гэрч Г.Чингис /хх-ийн 67-68 дугаар хуудас/, гэрч Б.Төмөрбаатар /хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч Д.Саруул /хх-ийн 70 дугаар хуудас/, гэрч С.Дорждэрэм /хх-ийн 71-72 дугаар хуудас/, яллагдагч Г.У- /хх-ийн 44-46, 165 дугаар хуудас/, яллагдагч М.Ц- /хх-ийн 53-55, 162-164 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

            Шинжээчийн 2019 оны 12 дугаар 25-ны өдрийн 17 дугаартай ...С.Ядамсүрэнгийн биед хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч С.Ядамсүрэнгийн иргэний цахим үнэмлэх болон албаны үнэмлэхний хуулбар, болон холбогдох баримт /хх-ийн 74-75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

             Анхан шатны шүүх М.Ц-ын хохирогч С.Ядамсүрэнг “араас нь тэвэрсэн” гэх үйлдлийг гэрч З.Жамъяансүрэн, Ж.Мягмар, А.Баасандорж нарын шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн “хохирогч С.Ядамсүрэнг араас шүүгдэгч М.Ц- тэвэрсэн” эсэх талаар зөрүүтэй мэдүүлсэн гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Ц- нь Г.У-тай бүлэглэж, С.Ядамсүрэнг зодож, улмаар эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд Г.У-, М.Ц- нарт холбогдох эрүүгийн 1934000190116 дугаартай хэргээс шүүгдэгч М.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсний дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн тогтооно” гэснийг удирдлага болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.У-т хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн Г.У- нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед гэмт хэрэг үлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Г.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн ШЦТ/367 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт “Шүүгдэгч Г.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.У-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                     Т.ЭНХМАА

 

 

                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ