Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 05 өдөр                               2020/ДШМ/19                                                                Зуунмод

 

 

Д.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Урангэрэл,

Шүүгдэгч Д.Д-,

Нарийн бичгийн дарга У.Золчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 926 дугаар шүүгчийн захирамжтай Д.Д-д холбогдох 1934000720322 дугаартай 2 хавтас, 494 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Дорноговь аймгийн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг, Сайншанд сумын 4 дүгээр баг, Баруун буян ухаа 5-1а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бичигт хангай овгийн Дугарсүрэнгийн Д-, _____________ регистрийн дугаартай,

Шүүгдэгч Д.Д- нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг "Сондуул" гэх газарт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 553/120 дахь километрийн шонгийн хажууд 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 53-32 ӨМҮ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Ц.Гантуулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч Г.Мөнгөнтулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 926 дугаар шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн 1934000720322 дугаартай шүүгдэгч Д.Д-д холбогдох 2 хавтас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорын газарт очтол  Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж,

хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор И.Мөнхцэцэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “1.Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн "Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Д- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Гантуул нь Монгол замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх; мөн 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч; мөн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.”Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь уг тээврийн осол гарах шалтгаан болсон. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй гэж үзэв гэх дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар үйлдэл эс үйлдэхүйг тогтоосон байна гэж үзэж байна.

Тийм ч учраас Зөрчлийн тухай хуульд зааснаар Ц.Гантуулд 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж энэ талаархи баримтыг хэрэгт хавсаргасан, шийтгэлийг биелүүлсэн талаархи баримтыг Ц.Гантуул нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн.

2. Шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо илт зөрүүтэй, 146 дугаартай дүгнэлт нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул Авто тээврийн Үндэсний төвийн шинжээчдээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй зүйл харагдахгүй байна. Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч нар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт гаргасан нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгээгүй байна гэж үзэж байна.

3. 53-32 ӨМҮ улсын дугаартай Тоёото Пробокс маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч мөн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэжээ.

Иргэний хариуцагч Ц.Гантуулын гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэнд хавсаргасан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тэмдэглэл, зэрэгт эзэмшлийн талаархи мэдээлэл тусгагдсан байна.

4. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Урангэрэлийн хууль ёсны эрхийг хязгаарласан, иргэний хариуцагч Ц.Гантуулын эд хөрөнгийг битүүмжлээгүй гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тус прокурорын газарт хандаж гаргасан гомдлын хариуг бичгээр өгсөн байх ба энэ хавтас хэрэгт тусгагджээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт "Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ." гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэний хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх эрх зүйн зохицуулалт байхгүй зөвхөн яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр заасан байна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар шүүгч захирамж гаргаж хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр заасан байна.

Иймд хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 926 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхамгалан гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Урангэрэл гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүлцэл үндэслэлгүй тул хүчингүй болгож, хэрэгт Гантуулын буруутай үйлдэл байгааг шалгах шаардлагатай гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Аймгийн Прокурорын газраас Д.Д-г Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг "Сондуул" гэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 53-32 ӨМҮ улсын дугаартай Тоёото Пробокс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган Ц.Гантуулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Г.Мөнгөнтулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчдийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  үндэслэлтэй байна.

Шинжээчийн 66 дугаартай дүгнэлтээр 53-32 ӨМҮ улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Гантуул МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б, 23.9.а, 3.4.а, 3.4.б заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон ба түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 100 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, бусад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн Ц.Гантуулын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй эсэх, Ц.Гантуулын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн дээрх нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл мөн эсэхийг тогтоох, иргэний хариуцагч Ц.Гантуулын эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах, шинжээчийн  №146 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй гэсэн үндэслэлээр дахин бүрэлдэхүүнтэй гаргуулах, 53-32 ӨМҮ улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгчийг тогтоох ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоож, мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийг прокурорт буцаасан нь зөв байна.

Дээрх байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгэхээс гадна эрүүгийн хэргийн оролцогчийг буруу тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд: амь хохирогч Г.Мөнгөнтулгын эх М.Нарантуяаг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан мэдүүлэг авахад тэрээр өөрийн үеэл дүү Т.Урангэрэлийг өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан байна. Мөрдөгч Т.Урангэрэлийг тухайн хэрэгт “хохирогч”-оор тогтоож, мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэсэн заалт болон мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимд нийцээгүй байна.

Т.Урангэрэл нь гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн биш тул хэргийн оролцогчийг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах шаардлагатай байна.

Иймд дээрх үндэслэлээр Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 926 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Хэргийг прокурорт очтол Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                       Г.БОЛОРМАА