Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00875

 

 Г.Чаминхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01792 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1856 дугаар магадлалтай,

Г.Чаминхүүгийн нэхэмжлэлтэй

А.Алтангэрэлд холбогдох

Худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Чаминхүү, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Чаминхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.Чаминхүү хариуцагч А.Алтангэрэлд холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01792 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч А.Алтангэрэлд холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Чаминхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Чаминхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1856 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Г.Чаминхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон завж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь А.Алтангэрэл намайг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах хүртэл судрыг зарагдаагүй байна, зарчихаад би өөрөө холбогдож мөнгийг өнгө гэх мэтээр ярихад нь би итгээд 3 жил гаруй хугацаанд зарагдахыг нь хүлээж байсан, намайг залилж байгааг мэдээгүй. Харин сүүлд 2017 оны 9 сард А.Алтангэрэл нь судар аваагүй, танихгүй гэхэд нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би түүнд хууртагдсандаа гомдолтой байгаа тул миний зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу хамгаалж өгнө үү.

Намайг залилж, олон сая төгрөгийн үнэ бүхий өвөг дээдсээр уламжлагдан ирсэн ховор судрыг гуравхан сая төгрөгийг урьдчилгаанд өгч намайг хуурсан. А.Алтангэрэл нь өөрөө анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн ороогүй, А.Алтангэрэл нь анхан шатны шүүх хуралдаанд орж надруу нүүр тулан ярихгүй байж итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүнийг оруулж, тэр хүндээ олон худал үгийг зааж өгч, бодит байдлыг үнэн зөвөөр яриулахгүй байна. Би олон сая төгрөгийн үнэ бүхий судраа авмаар байна. Харамсалтай нь цагдаагийн байгууллага миний судрыг А.Алтангэрэлээс гаргуулж өгч чадахгүй. Тухайн үед цагдаагийн байгууллага хуулийн хугацаанд хэргийг түргэн шуурхай, хариуцлагатайгаар ажилласан бол залилан мэхлэгч А.Алтангэрэлээс миний судрыг гаргуулах, буцаан авах боломжтой байсан. Судар зарсан зараагүйг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоогүйг дашрамд дурдаж байна. Хэрэв А.Алтангэрэлийн хэлснээр зарсан нь үнэн бол олон арван сая төгрөгөөр зарж, маш их хэмжээний ашиг өөртөө олсон гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв А.Алтангэрэл нь миний судрыг шударгаар гаргаж өгөөд үнэлгээ хийлгүүлсэн байсан бол ямар ч байсан 100,000,000 төгрөгийн үнэлгээнээс буурахгүй эртний сайн хадгалагдаж ирсэн судар байсан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр А.Алтангэрэлийн төлөөлөгч нь судрыг Өвөрмонгол хүнд худалдсан гэж хэлсэн нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 33.2.6-д түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавина, 33.2.7-д түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэхгүй байх гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Дашрамд дурдахад А.Алтангэрэлд холбогдох эрүүгийн хэрэг мөрдөн шалгах шатанд шалгагдаж байхад А.Алтангэрэл нь надтай байцаагч н.Чинчулуунаар дуудуулан уулзсан бөгөөд А.Алтангэрэл нь надад хандан ...чи цагдаад гаргасан өргөдлөө татаад авчих, би чамд 2,000,000 төгрөг өгье, хэрэв өргөдлөө авахгүй бол чи аль ч үгүй болно шүү, би цагдаа, прокурор, хуулийн байгууллагад танил тал байгаа, би энэ хэргийг хэрэг биш болгож чадна гэх мэтээр хэлж байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх А.Алтангэрэлийн надад хандан хэлсэн энэ үгийг баталсан мэт миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш гомдолтой байна. Иймээс А.Алтангэрэл 2017 оны 10 сарын үеэр цагдаа дээр надтай уулзсан уг хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулж тооцож өгнө үү.

Хариуцагч А.Алтангэрэлийн эрх ашгийг шүүх хамгаалж, шүүхийн шийдвэр гарсан нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж өгнө үү чин сэтгэлээсээ хүсч байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт: ...Нэхэмжлэгч Г.Чаминхүү нь хариуцагч А.Алтангэрэлд судраа залилуулсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад гаргаснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.... гэжээ.

Үүнд тайлбар няцаалт өгөхөд: Нэхэмжлэгч Г.Чаминхүү нь 2014 оны 3 сараас 2017.09.12-ны өдөр буюу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргах хүртлээ энэ иргэний хэргийн хариуцагч А.Алтангэрэлээс өөрийн судрынхаа үлдэгдэл төлбөр болох 13 000 000 төгрөгийг байнга нэхэж байсан. Харин А.Алтангэрэл нь түүнийг хууран мэхэлж, чиний судрыг хүн сонирхоод байна, авах гээд байна гэж байнга худлаа хэлдэг байсан. Түүний энэ худал үгэнд Г.Чаминхүү нь бүтэн 3 жил гаруй хугацаанд хууртагдан, залилагдаж явсан. Цагдаагийн байгууллагад Г.Чаминхүү нь дээрх өргөдөл гаргасны дараа А.Алтангэрэл нь уг өргөдөлд дурдагдсан нөхцөл байдлыг баталж, 2017.10.18-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө: ...нэг залуу танд би судраа зарсан, буцааж авмаар байна гэж ирсэн тэгэхэд нь би танихгүй байна гэдгээ хэлсэн Судар авсан гэдгээ мэдэхгүй байна... гэж мэдүүлсэн. /А.Алтангэрэлийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа/

Эндээс дүгнэлт хийхэд 2014-2017 онд А.Алтангэрэл нь хохирогч Г.Чаминхүүд чиний судрыг хүн сонирхоод байна, авах гээд байна гэж хэлдэг байсан мөртлөө 2017 оны намраас эхлээд гэнэт би чамайг танихгүй юм байна, судар авсан гэдгээ мэдэхгүй байна гэх мэт зүйл хэлж, хүнд байж боломгүй заль мэх хэрэглэж эхэлсэн байна. Тиймээс хохирогч Г.Чаминхүү нь тухайн асуудлыг Цагдаагийн байгууллагад шалгуулахаас аргагүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл хохирогч Г.Чаминхүү нь эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн үеэс эхлэн Цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шууд өргөдөл гомдлоо гаргасан.

Тодруулбал, хэрэв 2014 оны 3 сард буюу А.Алтангэрэл нь Г.Чаминхүүгээс судар авсныхаа дараахан би чамайг танихгүй юм байна, чамаас судар авснаа мэдэхгүй юм байна гэж хэлсэн бол яг тэр үедээ л Г.Чаминхүү нь Цагдаагийн байгууллагад зайлшгүй хандах байсан. Гэтэл 2014 оны 3 сараас 2017 оны 9 сар хүртэл А.Алтангэрэл нь Г.Чаминхүүд чиний судрыг хүн сонирхоод байна, хүн авах гээд байна гэсэн зүйлийг яриад байсан учраас л түүнийг Г.Чаминхүү бүтэн 3 жил гаруй хугацаанд хүлээсэн. Энэ тохиолдолд буруу огт байхгүй, судрыг чинь авах гээд байна гэхэд ямар ч хүн Цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй, Цагдаагийн байгууллага ч үүнийг шалгахгүй шүү дээ. Харин Цагдаагийн байгууллага нь иргэн Г.Чаминхүүгийн өгсөн өргөдлийг шалгаад А.Алтангэрэл нь Г.Чаминхүүг залилж, түүнээс 19-р зууны үеийн есөн эрдэнээр бичигдсэн 380 хуудастай (Монгол Улсад буюу Богд хааны ордон музейд ганцхан ширхэг байдаг ба Богд хааны ордон музейн Үзмэр худалдан авах Зөвлөлийн Протокол-д дурдснаар) Жадамба судрыг нь залилж авсан гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Г.Чаминхүүгийн гаргасан гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс нь хэрэг бүртгэлтийн 171100741 дугаартай хэрэг нээж шалгасан ба улмаар тус дүүргийн Прокурорын газар нь 2019.11.20-ны өдөр 1477 дугаартай Прокурорын тогтоол гаргаж, уг тогтоолдоо иргэн А.Алтангэрэл нь зараад үлдэгдэл мөнгийг өгнө гэж хуурч иргэн Г.Чаминхүүгийн өв уламжлагдан ирсэн Жадамба судрыг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн.

Дээрх дүгнэлтийг Нийслэлийн болон Улсын Ерөнхий Прокурорын газрууд хэвээр баталж, хариу өгсөн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч үүнийг өмгөөлөгч миний бие нь зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Г.Чаминхүү болон А.Алтангэрэл нарын хооронд 2014.03.26-ны өдөр үүссэн харилцаа нь энгийн иргэд хоорондын буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа биш, харин иргэн А.Алтангэрэл нь анхнаасаа иргэн Г.Чаминхүүг залилан мэхэлж, түүнд байгаа эртний нэн ховор түүхийн ховор хосгүй бүтээл болох Жадамба судрыг авах гэсэн хууль бус үйлдлүүд байсан. Түүний энэ үйлдлүүд нь иргэний эрх зүйн харилцаа бус эрүүгийн эрх зүйн харилцаа байсныг нотолж байгаа юм. Тиймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа нь иргэн Г.Чаминхүү болон А.Алтангэрэл нарын хооронд үүсээгүй учраас энэ харилцааг гэрээний харилцаа бус харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой харилцаа юм. Тодруулж хэлбэл 3,000,000 төгрөг дээр талууд маргаагүй гэсэн үндэслэлээр шүүх үүнийг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл урьдчилгаа 3,000,000 төгрөгийг өгснөөр А.Алтангэрэл нь Г.Чамихүүгийн итгэлийг олж авсан ба энэ итгэлийг ашиглаж, гэмт хэргээ үйлдсэн юм.

Үүнийг өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдаж байсан ба мөн анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд А.Алтангэрэл нь иргэн Г.Чаминхүүг залилсан нь шат шатны байгууллагуудаар тогтоогдсон юм шүү, тиймээс энэ өнцгөөс нь хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзнэ үү гэдэг санал хүсэлтээ маш тодорхой хэлж байсан болно. Хэрэв Цагдаагийн байгууллага тухайн үедээ буюу 2017.09.12-ны өдөр Г.Чаминхүүгийн өргөдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шалгахаас татгалзсан байсан бол, эсвэл залилах гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн байсан бол, Иргэний хэргийн шүүх нь 2017.09.12-ны өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж болох байсан. Гэтэл Цагдаагийн байгууллага тухайн үед залилах гэмт хэргийн буюу Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан учраас иргэн Г.Чаминхүүгийн буюу хохирогчийн өргөдлийг хүлээн авч 3 жил орчим хугацаанд шалгасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Ийм тохиолдолд хохирогч Г.Чаминхүү нь нэгэнт Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган, А.Алтангэрэл гэгчийг шалгуулж байсан учраас Иргэний хэргийн шүүхэд хандах боломжгүй байсан. Бүр тодруулж ойлговол Г.Чаминхүү нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийгөө залилуулсан гэж үзсэн учраас Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд энэ тохиолдолд түүнд Та заавал Иргэний хэргийн шүүхэд хандах ёстой гэсэн хууль бус шаардлагыг тулгах ёсгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Г.Чаминхүүг та 2017.03.26-ны өдрөөс 2017.09.12-ны өдрийг хүртэлх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа явдал гэж үзэж байна. Эрүүгийн гэмт хэргийн ангилал, гэмт хэргийн зүйл ангид тохирсон ял шийтгэлээс хамаарч Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа харилцан адилгүй байдаг ба Эрүүгийн болон Иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэсэн хоёр хугацаа нь хууль зүйн ойлголтын хувьд өөр, өөр ойлголтууд юм. Гэтэл энэ хоёр хугацааг анхан болон давж заалдах шатны шүүх нь нэг хугацаа мэтээр үзээд байгааг зөвшөөрөхгүй байна. Онолын хувьд Эрүүгийн хэргийн буюу залилангийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад А.Алтангэрэл гэгчийн үйлдсэн гэмт хэргийг шалгасан, тогтоочихсон учраас энэ тохиолдолд Иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа цааш үргэлжлээд явж байна гэж ойлгогдоно.

Дээрх Эрүүгийн болон Иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүй байна. Бүр тодруулбал хохирогч Г.Чаминхүүгийн хувьд эхлээд А.Алтангэрэл гэгч этгээдэд залилуулсан уу, үгүй юу гэдгээ Цагдаа, Прокурорын байгууллагуудаар шалгуулж, хянуулсны дараа Иргэний хэргийн шүүхэд хандах эрх буюу шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх үүснэ.

Мөн Монгол улсын Иргэний хуулийн 57, 59 дүгээр зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл, хууран мэхэлж хийсэн хэлцэл хийсэн тохиолдолд шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдог билээ. А.Алтангэрэл нь анхнаасаа иргэн Г.Чаминхүүг хууран мэхэлж, түүний өмч болох олон сая төгрөгийн үнэ бүхий эртний уламжлагдсан ирсэн хосгүй үнэт эд хөрөнгийг худалдаж авч буй мэт хууран мэхэлж амаар хэлцэл хийсэн. Энэ тохиолдолд шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй болно гэсэн санааг илэрхийлэх гэсэн юм.

Иймээс дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэдгээр шүүх шийдвэрлэж өгнө үү.

Мөн дашрамд дурдахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг бас хэрэглэх боломж байгаа гэж харж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Г.Чаминхүү нь хариуцагч А.Алтангэрэлд холбогдуулан худалдсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрсөн, анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь 2017.09.12-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж: ...А.Алтангэрэл нь 2013-2014 оны хооронд надтай олон удаа уулзалдаж, 2014.03.26-ны өдөр ...хүнд зуучилж зарж өгье... гэж хэлж эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн Жадамба судрыг маань авчихаад одоо ...судар аваагүй, чамайг танихгүй, чамаас судар авснаа санахгүй байна... гэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг гэж үзэж байгаа тул 9 эрдэнээр бичигдсэн соёлын хосгүй үнэт Жадамба судрыг гаргуулж өгнө үү ... гэсэн агуулгатай өргөдөл гаргасныг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019.11.20-ны өдрийн №1477 дугаартай Прокурорын тогтоолоор ...иргэн А.Алтангэрэл нь зараад үлдэгдэл мөнгийг өгнө гэж хуурч, иргэн Г.Чаминхүүгийн өв уламжлагдан ирсэн Жадамба судрыг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хааж, хохирогч Г.Чаминхүү нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй гэснийг үндэслэн 2020.03.31-ний өдөр А.Алтангэрэлд холбогдуулан судрын үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

9. Г.Чаминхүү нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож гомдлыг эрүүгийн журмаар шалгасан талаарх холбогдох баримт, Прокурорын тогтоол, Жадамба судрыг 2013 онд Богд хааны ордон музейд 210,000,000 төгрөгөөр худалдахаар санал болгож байсан, музейн үзмэр худалдан авах зөвлөл судартай биечлэн танилцаж, эзэмшигчийн санал болгож байгаа үнийн хувьд хараахан санал нийлэхгүй байгаа, яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тухай 2013.06.13-ны өдрийн №03 дугаартай Үзмэр худалдан авах зөвшөөрлийн протокол, мэргэшсэн үнэлгээчин Ж.Ариунболдын тус судрын зах зээлийн үнэлгээг 2017.08.28-ны өдөр 120,000,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ зэргийг тус тус нотлох баримтаар хавсаргасан байна.

10. Нэхэмжлэгч нь хэдийгээр худалдан авсан судрын үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардсан боловч тэрээр гэм хорын хохирол нэхэмжилсэн, эсхүл гэрээний үүрэг шаардаж байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулсны үндсэн дээр шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эрх зүйн харилцааг тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцнэ.

11. Анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүйгээс хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтын талаар зохигчийг мэтгэлцүүлээгүй, энэ талаар дүгнээгүй алдаа гаргасан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

12. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан: ...хариуцагч нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад үлдэгдэл төлбөрт 2,000,000 өгөхийг зөвшөөрч байсан талаарх тайлбар, холбогдох баримтыг үнэлэлгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзснийг зөвшөөрөхгүй..., ...шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирол шаардсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.. гэх гомдлыг тус тус хангах үндэслэлтэй гэж үзлээ. /тодорхойлох хэсгийн 4, 5-т тусгагдсан/

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01792 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1856 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Г.Чаминхүү, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Чаминхүүгээс 2020.09.30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.БАНЗРАГЧ

                                       ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД