Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/20

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 05 өдөр                               2020/ДШМ/20                                                                Зуунмод

 

 

Т.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Нарийн бичгийн дарга У.Золчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 01 сарын 10-ны  өдрийн 2020/ШЗ/42 дугаар шүүгчийн захирамжтай Т.А-д холбогдох 1934005180450 дугаартай 2 хавтас, 279 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо 6А-6 тоотод оршин суух,  Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 301А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Анчин овгийн Товуугийн А-, ____________ регистрийн дугаартай,

Шүүгдэгч Т.А- нь Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Самбартай хөтөл гэх газар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хатуу хучилттай замын 141/131 дэх км-ийн шонгийн ойролцоо засмал зам дээр Фав маркийн 10-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолоооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 85-09 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж А.Наранцэцэг, О.Норжинсүрэн, Б.Оюунцэцэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/42 дугаар шүүгчийн захирамжаар:

Товуугийн А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934005180450  дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор И.Мөнхцэцэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймгийн Прокурорын газраас Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 397 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэм буруугийн шүүх хуралданаар хянан хэлэлцээд Т.А-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Цагдаагийн газраас албан бичиг хүргүүлсний дагуу “Огоот” ХХК-иас иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох этгээдээр хууль дотоод хяналт, эрх зүйн ажилтан Ц.Ариунболдыг томилж, оролцуулахаар албан бичиг хүргүүлсний дагуу түүнийг иргэний нэхэмжлэгч хариуцагчаар тогтоож, мэдүүлэг авах ажиллагааг явуулсан байгаагаас дүгнэхэд “Огоот” ХХК-ийн хуульд заасан эрх үүргийг хангасан байна гэж үзэхээр байна.

2. Яллагдагч Т.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх лавлагааг авч хэргийн 30 дугаар хуудсанд хавсаргасан байна. /№716311 тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй төлөвтэй гэсэн/

3.  Захирамжийн 3 дахь хэсэгт "10-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Т.Ариунболдыг “Огоот” ХХК-нд ажилладаг эсэх талаархи баримт болох хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хувиар, замд гарах зөвшөөрөл буюу зам явах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг тэмдэглэл үйлдэж хэрэгт хуулбарлан авах нь зүйтэй" гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь 1037 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч бол Т.Ариунболд биш Т.А- юм, түүнчлэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Т.А- нь тухайн компанид 2019 оны 05 дугаар сараас жолоочийн орон тоон дээр дадлагажиж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/42 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д тус тус заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Аймгийн Прокурорын газраас Т.А- нь Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Самбартай хөтөл гэх газар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Фав маркийн 10-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 85-09 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж А.Наранцэцэг, О.Норжинсүрэн, Б.Оюунцэцэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Т.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, оролцогчдийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

“Огоот” ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, Т.А- “Огоот” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчин  зам тээврийн осол гаргаж, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон тул ажилтан, ажил олгогч хоорондын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн эсэх, осол болох тухайн үед Т.А- компаны ажил үүрэг гүйцэтгэж байсан  эсэх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлагатай, энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин Т.А- тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй этгээд болохыг нотлох ЦЕГ-ын “жолоочийн лавлагаа, мэдээлэл” /1 хавтас 30 хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгчийн захирамжийн 2 дахь заалтанд заасан ажиллагааг нэмж хийх шаардлагагүй байна.

Түүнчлэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад  дараах ажиллагааг нэмж хийх шаардлагатай  байна. Үүнд:

- Toyata Alphard маркийн 85-09 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг “Хөрөнгө Эстимэйт” ХХК /1 хавтас 105-106/ гаргасан байх боловч шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд шинжилгээ хийлгэхээр хэнийг томилсон нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний обьектын талаархи мэдээллийг тусгана.” гэсэн заалтыг зөрчсөнөөрөө хохирлын үнэлгээ гаргасан “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ыг хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон байгууллага гэж үзэх үндэслэлгүй, түүний гаргасан үнэлгээг шүүх үнэлэх боломжгүй юм.

“Хөрөнгө Эстимэйт” ХХК 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр /1 хавтас 106 хуудас/ үнэлгээ гаргасан байх ба хэрэгт №091100159 дугаартай 2015 оны 12 сарын 18-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан, Р.Мөнхтуяа нэртэй тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 110 хуудас/ хэрэгт авагдсан байгааг анхаарах шаардлагатай.

- Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн №89 дугаартай дүгнэлт шинжээчид тавигдсан 1 дүгээр асуултанд бүрэн хариулаагүй байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18.1.8-д  заасан “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр шинжээчийн дүгнэлтэнд тусгах” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 Иймд Т.А-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт 10-37 УНВ улсын дугаартай тээврийн  хэрэгслийг жолоодож явсан Т.А-ийн нэрийг Т.Ариунболд гэж буруу бичиж, бичиг техникийн алдаа гаргасныг цаашид анхаарах шаардлагатайг магадлалд дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/42 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Хэргийг прокурорт очтол Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн

 

 

шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                          Т.ЭНХМАА

 

 

                                                                        Г.БОЛОРМАА