Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/03271

 

 

 

 

 

 

 

 

                           2020         09         22                             

                               101/ШШ2020/03271

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 000 регистрийн дугаартай Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0-р хороолол, Даго центр 000 тоотод байрлах “Х” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн 000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0Б байр 0 тоотод оршин суух, Боржигон овогт Жй А,

Хариуцагч: Монгол улсын иргэн 000 регистрийн дугаартай,  Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, С гудамж, 00 тоотод оршин суух, Номгон овогт Ишцэндийн Т нарт холбогдох

40,972,000 төгрөг гаргуулах гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Доржпагма, хариуцагч Ж.Алтанбаганын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч И.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Ханхишиг-Ундрага” ХЗХ нь зээлдэгч Жалсрайрэнчингийн А, Ишцэндийн Т нартай 2018 оны 4дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг сарын 3,5%-ийн хүүтэйгээр зээлсэн болно. Зээл авснаас хойших хугацаанд зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж ирсэн. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн үндсэн төлбөр 20,000,000, төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 17,476,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,495,333 төгрөг нийт 40,972,000 (дөчин сая есөн зуун далан хоёр мянган) төгрөгийг төлүүлж тус хадгаламж, зээлийн хоршоонд олгож өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Алтанбаганын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгч “Х” ХЗХ-оос 20,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэж авч байсан тохиолдолд байхгүй болно. Харин хариуцагч 2017 онд 3,000,000 төгрөг, сүүлд 6,000,000 төгрөгийг тус тус “Х” ХЗХ-оос зээлдэж авч байсан. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэ мөнгийг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн төлж эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд 7,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн байдаг. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ердөө 9,000,000 зээлийн гэрээ байгуулагдсан зээлийн хүү, үндсэн зээлд нийтдээ 7,000,000 төгрөгийг нь эргүүлэн төлсөн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “Х” ХЗХ-оос шүүхэд гаргасан 20,000,000 төгрөг түүний хүү 17,476,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,495,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч И.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 3 хэзээ ч жоншны уурхай эрхэлж байгаагүй. Миний хамтарч ажиллаж байсан залуу бол Батзориг гээд залуу байсан. Харин нэхэмжлэгч талын С.Доржпагамтай Эрдэнэт үйлдвэр дээр хамтарч ажиллаж байсан гэв.

Хариуцагч нар шүүхэд болох шүүх хуралдаан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч И.Т, Ж.А бид 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Ханхишиг ундарга” ХЗХ-тай ЗГ/18/746-3 дугаартай, 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг байгуулсан байдаг. Тус зээлийн гэрээ нь Монгол улсын иргэний хууль болон ХЗХ-ны тухай хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,  төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зэрэг хуулиудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж түүнийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ж.А би “Ханхишиг ундарга” ХЗХ-оос 2016 онд 6,000,000 төгрөгийн, И.Т би 3,000,000 төгрөгийн зээлийг тус тус анх зээлдэгч авч байна. Эдгээр зээлүүдийг бид санхүүгийн боломжгүй байдлын улмаас төлж барагдуулахгүй явсаар 2018 оны 4 дүгээр сар хүргэсэн. Эдгээр зээлийг бид хоёр авахдаа бие биеийнхээ батлан даагч болж авч байсан. Энэ хугацаанд эдгээр зээлүүдийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл нийлээд 16,000,000 гаран төгрөгийн хуримтлал үүссэн байна гэж хадгаламж зээлийн хоршооноос бидэнд мэдэгдэг. Мөн хадгаламж, зээлийн хоршоонд хяналт шалгалт орж ирэх гэж байгаа тул зээл, зээлийн хуримтлал, эргэн төлөлтийн талаар тооцоо нийлэх шаардлагатай байна гэж бидний 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хадгаламж зээлийн хоршооноос дуудсан. И.Т, Ж.А бид энэ өдөр хадгаламж зээлийн хоршоо дээр очиж зээлийн асуудлын талаар уулзсан. Энэ үед хадгаламж, зээлийн хоршооноос дараах санал, нөхцөлийг бидэнд тулгасан. Учир юу вэ гэвэл 6,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөгийн зээлийн хуримтлал зээл авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 16,000,000 гаран төгрөг болж хуримтлал үүссэн байна. Энэ мөнгийг нэн яаралтай төл хоршоонд хяналт, шалгалт орж ирэх гэж байна гэсэн шаардлагыг бидэнд тавьсан. И.Т, Ж.А бид хоёр 16,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Үнийн дүнгээс бууруулж, хугацаа олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргахдаа боломжгүй гэсэн хариуг бидэнд өгснөө нэг арга зам байна гэдэг. Учир нь хоршоонд хяналт, шалгалт орж ирэх гэж байгаа тул зээлийн асуудал зээлийн эргэн төлөлт зээлийн гэрээний дагуу төлөгдөж байх ёстой хоршооны санхүү бланс хэвийн байх ёстой. Тийм учраас хоршооны зүгээс та хоёрт боломж олгоё мөн бидний тайлан бланс хэвийн зээлдэгч нар зээлээ хэвийн төлж байгаа талаах үйл явц хяналт шалгалтад нөлөөлдөг. Иймээс ямар арга байна вэ гэвэл тар хоёр 16,000,000 төгрөгөө хоршоонд төлсөн болгож хувиргаад хоршооноос эргүүлээд 20,000,000 төгрөг зээлдэж авсан үйл явдлыг бий болгоё гэдэг. И.Т, Ж.А бид хоёр хоорондоо ярилцаж үзээд хоршооноос гаргасан саналыг зөвшөөрсөн. Ингээд бид хоёрын зүгээс “Ханхишиг ундарга” ХЗХ-нд 16,000,000 төгрөгөө буцааж төлсөн мэт болгоод буцаагаад 20,000,000 төгрөг зээлдэх тухай хүсэлтийг гаргаад 20,000,000 төгрөгийн зээлийг гэрээг байгуулсан байдаг. Түүнээс биш бид хоёр “Ханхишиг ундарга” ХЗХ-оос 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг зээлдэж аваагүй. 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй. Харин хадгаламж, зээлийн хоршооны зүгээс энэхүү үйл явдлуудыг хуульд нийцүүлэх үүднээс биднээс хүсэлт бичүүлж, 20,000,000 төгрөгийн кассын зарлагын ордер дээр гарын үсэг зуруулсан байдаг. Иймд “Х” ХЗХ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний зүйл буюу мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийн зээлдэгчид шилжүүлээгүй. Иймээс зээлийн гэрээ “Ханхишиг ундарга” ХЗХ бид нарын хооронд байгуулагдсан гэж тооцож үндэслэлгүй хэмээн нэхэмжлэгч бид үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдаж буй нэхэмжлэгч нарын үндэслэл нь бодит үнэнд нийцэж байна уу үгүй юу гэдэг нь анх Ханхишиг ударга ХЗХ-оос авч байсан. И.Т, Ж.А нарын 3,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийн зээл түүнтэй холбоотой эргэн төлөлт хийгдэж байсан эсэх талаарх баримтыг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн И.Т, Ж.А нарын 20,000,000 төгрөгийн зээл хүссэн хүсэлт 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг зэрэг баримтуудтай харьцуулан үзэхэд тодорхой болно. “Ханхишиг ундарга” ХЗХ нь 218 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/18/746-3 дугаартай, 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийг гэрээг И.Т, Ж.А бид хоёртой байгуулахдаа Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байгуулсан байна. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж зээлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна  гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ж.А, И.Т нарт холбогдуулан 40,972,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж, зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан судалж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээний үүргийн дагуу хангуулна” гэж, хариуцагч татгалзлын үндэслэл болсон сөрөг нэхэмжлэлийг хангуулах үндэслэлээ “... талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг бодитойгоор аваагүйгээс гадна хариуцагч нар тус хадгаламж зээлийн хоршооны гишүүн бус байхад зээл олгосон нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тус тус мэтгэлцсэн.

“Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршоо нь Ж.А, И.Т нартай 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн агуулга бүхий гэрээг байгуулж, гэрээнд оролцогч талууд гарын үсгээ зурсан болох нь зохигчдын тайлбар болон тус гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 5-6 дахь талд/

Тус гэрээний зүйл болох 20,000,000 төгрөгийг бодитоор аваагүй, өмнө байгуулсан зээлийн гэрээний тооцоо нийлэх шаардлагатай гэсний улмаас гэрээнд гарын үсгээ зурсан гэж хариуцагч нар маргасан.

Хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн кассын зарлагын баримт, хариуцагч нарын зээл хүссэн бичиг, зээлийн карт, хариуцагч И.Тийн 20,000,000 төгрөгийг хүлээн авсан талаарх баримтуудаас үзэхэд  “Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршоо нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч нарт зээлийн гэрээний зүйл болох 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 8-11, 68 дахь талд/

Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын тухайн баримтуудад гарын үсгээ зур гэснийх нь дагуу зурсан, 20,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэх тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Ийнхүү татгалзлаа хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь агуулга болон зорилгын хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ”-ний зохицуулалтад хамаарч байна.

Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд бөгөөд хариуцагч нар тус гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан тул тус гэрээний хүчин төгөлдөр байх шинжүүдэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Хадгаламж, зээлийн, хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “хадгаламж, зээлийн хоршоо” гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршоо нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна. /х.х-ийн 13-15 дахь талд/

Хадгаламж, зээлийн, хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно” гэж заасан бөгөөд тухайн хоршооны гишүүн байх нөхцөл, гишүүнээр элсэх журмыг хуулиар тусгайлан зохицуулсан.

Тодруулбал, мөн хуулийн 19 дүгээр 19.3-т ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй /шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг, нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг хүмүүс хадгаламж зээлийн хоршоог байгуулж, гишүүн байх боломжтой талаар зохицуулснаас гадна хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь Ж.А И.Т нар нь хоршоонд элссэн гишүүн этгээд мөн гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн дан ганц тайлбараар хариуцагч нарыг хоршоонд гишүүнээр элсэж, зохих хураамж төлсөн гишүүн гэж дүгнэх үндэслэлгүй тул “Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршоо нь Хадгаламж, зээлийн, хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан зөвхөн гишүүддээ зээл олгоно гэсэн заалтыг зөрчиж Ж.А И.Т нарт зээл олгосон гэж үзэхээр байна.

“Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршоо нь хуулийн этгээдийн үндсэн чиг үүргийг зөрчин хариуцагч нарт зээл олгосон байх тул Ж.А, И.Т нартай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, талуудын маргаан бүхий 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээ нь субъектийн хувьд хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нар нь хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шилжүүлсэн авсан 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь тус гэрээний үүргийн дагуу хариуцагч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20,972,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Дурдсан үндэслэлээр хариуцагч нарын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж.А И.Т нараас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршоонд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20,972,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А И.Т нараас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20,972,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршоо Ж.А, И.Т нарын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 362,180 төгрөг, хариуцагчаас төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршооноос 257,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.А, И.Т нарт, хариуцагч Ж.А, И.Т нараас 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ханхишиг-Ундрага” хадгаламж зээлийн хоршоонд тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлб  арласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ