Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00472

 

“Х У” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03271 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2310 дугаар магадлалтай,

“Х У” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Ж.А, И.Тнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 40,972,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Доржпагма, хариуцагч И.Т, хариуцагч Ж.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Х У” ХЗХ нь Ж.А, И.Тнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,972,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03271 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А И.Тнараас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х У” хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20,972,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасныг баримтлан хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Х У” хадгаламж зээлийн хоршоо Ж.А, И.Тнарын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 362,180 төгрөг, хариуцагчаас төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х У” хадгаламж зээлийн хоршооноос 257,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.А, И.Тнарт, хариуцагч Ж.А, И.Тнараас 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х У” хадгаламж зээлийн хоршоонд тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2310 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03271 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ж.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэхдээ хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудын цаг хугацаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан зохигч болон тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, нотолгооны хэрэгсэл /шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг тал бүрээс үнэн зөвөөр дүгнэлт хийгээгүй нь шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг сахин хангаагүй байна гэж үзэхээр байна. Иймд, дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хуулийн хүрээнд хангаж эдлүүлж байсан болно. Анхан шатны шүүхээс гаргасан шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан. Шүүхийн магадлалд: “...шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болно. ...анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, шүүх хуралдаан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх, мөн хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой баримт юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд 12 хуудас бүхий нотлох баримт өгсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч хэрэгт уг баримт авагдаагүй, энэ талаар хариуцагчийн тайлбар, татгалзал тэмдэглэлт тусгагдаагүй байна.” /магадлалын хх-3/. Мөн, “...2020.09.08-ны өдрийн 101/Ш32020/16889 дугаартай шүүгчийн захирамжаар Санхүүгийн зохицуулах хорооноос баримт гаргуулах хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Гэвч дээрх захирамжийн биелэлт шүүх хуралдаанаас өмнө хангагдсан эсэх нь тодорхой бус...” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх боломжоор шүүх хангах үүрэгтэй /магадлалын хх-4/ анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн. Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан үндэслэн: 1. Хариуцагч Ж.Аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр би 2020.09.08-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч болон Санхүүгийн зохицуулах хороо, Хаанбанк ХХК-наас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан. /хх-32, 45-47 тал/; анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.08-ны өдрийн 101/Ш32020/16889 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.08-ны өдрийн 101/Ш32020/16889 дугаартай захирамжийн биелэлт хангагдсан үндэслэл:

1) Тус шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Х У” ХЗХ-оос хариуцагч И.Т, Ж.А нарт зээл олгож байсан талаар хариуцагч нар 16,000,000 төгрөг төлсөн агуулга бүхий баримтыг хуульд заасан шаардлагыг хангуулан тус шүүхэд 2020.09.15-ны өдрийн дотор илүүлэхийг даалгасан. Нэхэмжлэгч “Х У” ХЗХ-ноос 2020.09.17-ны өдөр шүүгчийн захирамжийн биелэлтэд 21 хуудас дараах баримтыг шүүхэд гаргасан өгсөн. /хх-62/;

1. БГДИХАШШ-ийн 2020.05.15-ны өдрийн 102/ШШ2020/01533 дугаартай шийдвэрийн хуулбар 6 хуудас. /хх-63-68/;

2. 20,000,000 төгрөг хүлээн авсан тухай И.Тийн баримт 1 хуудас. /хх-69/;

3. Кассын орлогын баримт 1 хуудас. /хх-70/

4. 2017.10.17-ны өдрийн БГ/17/746-2 дугаартай, Барьцааны гэрээ 1 хуудас. /хх-71/

5. Ж.Аны хүсэлт 2017.10.17 өдөр 1 хуудас. /хх-72/

6. Ж.Аны хүсэлт 2017.10.17 өдөр 1 хуудас. /хх-73/

7. И.Тийн хүсэлт 2017.10.17 өдөр 1 хуудас. /хх-74/

8. И.Тийн хүсэлт 2017.10.17 өдөр 1 хуудас. /хх-75/

9. 2017.10.17-ны өдрийн ЗГ/17/746-3 дугаартай, зээлийн гэрээ 2 хуудас. /хх-76-77/

10. 2017.10.17-ны өдрийн ЗГ/17/746-2 зээлийн гэрээ 2 хуудас. /хх-78-79/

11. И.Ж.Аны өргөдөл 2017.01.26 өдөр 1 хуудас. /хх-80/

12. И.Тийн өргөдөл 2017.01.26 өдөр 1 хуудас. /хх-81/

13. 2017.01.26-ны өдрийн ЗГ/16/746 дугаартай, зээлийн гэрээ 2 хуудас. /хх-82-83/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х У ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.А, И.Тнарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40,972,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018.04.16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020.09.22-ны өдрийн 10:00 цагт хянан хэлэлцэхээр шүүх хуралдааны товыг зохигчид мэдэгдсэн. Шүүх хуралдаан 2020.09.22-ны өдрийн 10:12 цаг нээсэн. /хх-100-108/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Доржпагма нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан 12 хуудас бүхий бичмэл нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг 12 хуудас баримт нь хавтаст хэргийн 84-93 хуудсанд авагдсан болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

  1. 50-40 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 хуудас. /хх-84/
  2. 50-40 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 хуудас. /хх-85/
  3. Жолоочийн хариуцагчлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт 1 хуудас /хх-86/
  4. Ж.Аны хүсэлт 1 хуудас. /хх-87-88/
  5. 2016.06.09-ний өдрийн зээлийн гэрээ 2 хуудас. /хх-89-90/
  6. С.Доржпагма, С.Нямцэцэг нарын хаан банкны дансны хуулга 1 хуудас. /хх-91/
  7. 2016.05.16-ны өдрийн зээлийн гэрээ 2 хуудас. /хх-92-93/
  8. Бусад 3 хуудас баримтын хамт өгсөн.

2020.09.23-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдаан эхлэхээс өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос шүүгчийн захирамжид заасан баримтууд шүүх дээр ирээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос лавлан асуухад шүүгчийн захирамжийн талаар мэдээлэлгүй байсан. Улмаар товлогдсон шүүх хуралдаанд 10:12 цагт нээгдсэн хариуцагч Ж.Аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр миний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх хурал дээр хүсэлт гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооноос хариуцагч Ж.А нэхэмжлэгч “Х У” ХЗХ-ны зээлтэй холбоотой баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинээр гаргаж өгсөн нотлох баримт, хариуцагч Ж.Аны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн аваад шүүх хуралдааныг хуульд заасан журмаар явуулсан. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд үүсээгүй болно. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь давж заалдах журмаар гаргасан хариуцагч И.Тийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч Ж.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх үндэслэлээр хянан хэлэлцээд хангах үндэслэлгүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “Х У” ХЗХ нь хариуцагч Ж.А, И.Тнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 17,476,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,495,333 төгрөг, нийт 40,972,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

7. Анхан шатны шүүх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг ханган, хариуцагч нараас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, энэ хэмжээнд үндсэн нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 12 хуудас бүхий нотлох баримтыг өгсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч хэрэгт уг баримт авагдаагүй, энэ талаар хариуцагчийн тайлбар, татгалзал тэмдэглэлд тусгагдаагүй, шүүх Санхүүгийн зохицуулах хорооноос “Х У” ХЗХ-ны 2016.01.01-2018.12.31 хүртэлх хугацаанд өгсөн тайланд зээлдэгч И.Т, Ж.А нартай холбоотой зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн талаарх баримтыг гаргуулах хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч захирамж биелэгдсэн эсэх нь тодорхой бус” гэж буюу зохигч мэтгэлцээгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

8. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч талаас 12 хуудас баримтыг гаргаж өгснийг шүүгч хүлээж авсан, хариуцагч “энэ талаар тусгайлан санал хүсэлт байхгүй” гэж тэмдэглэгдсэн байх боловч эдгээр баримтыг шинжлэн судлаагүй, хэрэгт байгаа баримтад хамааруулан дугаарлаагүй, шүүхийн шийдвэрийн ард, тусад нь хавсаргажээ.

Хариуцагч И.Түүнд гомдол гаргаагүй, харин “буцааж төлсөн мөнгийг хасаагүй, нэхэмжлэлээс 15,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байх боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, нотлох баримтыг танилцуулах, талуудад мэтгэлцэх боломжийг хангах шаардлагатай гэж үзснийг буруутгах боломжгүй байна. Харин хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хорооноос нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч уг хүсэлтээсээ татгалзсан болохоо шүүх хуралдаанд хэлсэн байхад “захирамж биелэгдсэн эсэх нь тодорхой бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй боловч нэхэмжлэгч “Х У” ХЗХ-ны зүгээс хариуцагч буюу зээлдэгч нар нь тухайн хоршооны гишүүн мөн эсэх талаар шүүхэд баримт гаргаагүй, талууд мэтгэлцээгүй байхад ач холбогдол бүхий энэ асуудлаар дүгнэлт хийх боломжгүй байдал тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн нотолгооны процесст хоёр тал оролцох ёстой ба талууд дээрх нөхцөл байдлын талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байдал шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

9. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.1.1-д “хадгаламж, зээлийн хоршоо” гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;”гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно.” гэж тус тус заасан.

Иймд зээлдэгч нар тухайн хоршооны гишүүн мөн эсэх нь ач холбогдолтой, энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээг тодорхойлох урьдчилсан нөхцөл  болох бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2310 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 261,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД