Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 118/ШШ2018/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: П.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.*******д холбогдох

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 161 дүгээр актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансолонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2016-2017 оны санхүүгийн баримтанд хийсэн хяналт шалгалтаар иргэн миний 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 14 дүгээр шийдвэрийн дагуу тогтоолгож авсан цалинг эргэн төлүүлэхээр акт тогтоож, уг шүүхийн шийдвэр нь хууль зөрчсөн хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Шүүхийн шийдвэрийн дагуу би хариуцагч байгууллага болох ******* сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулан авсан. Гэтэл Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 161 тоот нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай актад намайг зөвхөн цалингийн зөрүүг авах ёстой хэмээн дүгнэж, Төсвийн тухай хуулийн ерөнхий 2 заалтыг дурдсан байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн дагуу намайг ******* сумын Санхүүгийн албаны даргын ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 2 268 139 төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэрэг холбогдох суутгалыг тооцон бичилт хийж нэхэмжлэгч надад 1 844 192 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхээс тогтоосон дээрх ажилгүй байсан хугацааны цалингийн дүн дээр хариуцагч талаас маргаагүй бөгөөд энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байдаг бөгөөд шүүхээс тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинг хэн нэгэн албан тушаалтан өөрийн дураар өөрчлөн, хасч нэмж олгох боломжгүй байдаг. Хариуцагч байгууллагаас тогтоосон дээрх актад ...шалгалтаар шүүхийн шийдвэрээр цалин авахдаа албан тушаалын цалингийн шатлалын зөрүүгээр бус албан тушаалын цалинг давхардуулан авсан 1 513 593 төгрөгийн зөрчил нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах заалтуудыг зөрчжээ гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн дээрх 2 заалт нь төсвийг хэрхэн зарцуулахад баримтлах зарчмын төдий ерөнхий утгатай зохицуулалт байх бөгөөд харин ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалинг давхардуулан олгохгүй гэсэн хуулийн заалт байхгүй юм. Харин Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1- дэх хэсэгт... Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг баргадуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасны дагуу тухайн үед намайг ажлаас үндэслэлгүй халсан нь тогтоогдсон буруутай албан тушаалтан болох Н.*******од холбогдуулан акт тогтоож, тухайн байгууллагад учирсан хохирол болох миний ажилгүй байсан хугацааны цалинг түүнээс шүүхээр нэхэмжлэх нь үндэслэлтэй бөгөөд энэхүү үүрэг нь хуульд зааснаар Төрийн албаны салбар зөвлөл, аудитын байгууллагад хадгалагдаж байна. Гэтэл хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж, төрийн албан хаагчийн эрх ашгийг хохироож, төрд хохирол учруулсан албан тушаалтан болох Н.******* даргад хуульд зааснаар акт тавилгүйгээр шүүхийн шийдвэрээр эрхээ сэргээлгэж, шүүхээс тогтоосон хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулан авсан надад акт тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Аудитын байгууллага нь төрд хохирол учруулсан албан тушаалтны толгойг илж, харин эрх ашиг нь хохирсон жирийн иргэнээр төрд учирсан хохирлыг төлүүлэх гэж акт тавьсанд гомдолтой байна. Иймд Завхан аймаг дахь Санхүүгийн Хяналт Аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 161 дүгээр нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 161 тоот Нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай актын нийт үнэ 1.513.593 төгрөг. Би энэ актыг дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж,шийтгэвэр гэсэн хэлбэртэй байдаг. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Үүний дагуу Завхан аймгийн ******* сумын Засаг даргын П.*******г Санхүүгийн албаны даргын албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлсөн захиргааны акт нь Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийдвэрээр эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчингүй болсон. Энэ шүүхийн шийдвэрээр П.*******д ажилгүй байсан хугацааны 2.268.139 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаад үлдэгдлийг нь олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хуулийн дагуу заавал биелэгдэх шинжтэй. Сайн дураар биелүүлээгүй учраас Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд П.******* гүйцэтгэх хуудсаар хандсанаар энэ шийдвэр албадан биелэгдсэн. Ийм учраас шүүхийн шийдвэр заавал биелэгдэнэ.

Хоёрдугаарт: Шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш нэг л үндэслэл байдаг. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл байдаг. Энэ хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт ямар үндэслэлээр хянадаг вэ гэхээр Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана гэж заасан байдаг. Эндээс юу харагдаж байна гэхээр 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн гэсэн үндэслэл байгаа. Энэ П.*******г давхар ажил эрхэлж байсан уу гэдгийг тухайн шатны шүүхийн шийдвэр гараад хэрэг хянан шийдвэрлэх явцад болон шүүх хуралдааны явцад тухайн захирамжийг гаргасан Засаг дарга ******* өөрөө хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцож байсан. Тэгвэл ******* дарга, П.******* хоёр нэг байгууллагад ажиллаж байгаа учраас П.******* халагдснаас хойш эргээд төсвийн мэргэжилтнээр томилогдсон гэдгийг нь ******* дарга мэдэж байсан. Ийм учраас хоёр албан тушаалын нэгээс нь халагдаад, нөгөөд ажиллаж байсан гэдгийг тухайн үед хэргийн оролцогч хариуцагч мэдэж байсан. Түүнээс биш энэ хүн давхар ажиллаж байсан байна гээд хэзээ хойно илрүүлээд байгаа зүйл биш. Энэ нөхцөл байдлыг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхгүй. Тухайн үед хэргийн оролцогч нар мэдэж байсан. Мэдэх боломжтой байсан нөхцөл байдал юм. Тийм учраас захиргааны хэргийн шүүхэд өмнө гаргасан шүүхийн шийдвэрээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах үндэслэл алга.

Гуравдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт юу гэж заасан бэ гэхээр шүүхийн шийдвэрээр буцаан томилогдсон ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг. Тэгэхээр захиргааны хэргийн шүүхээс ажилтныг эгүүлэн тавиад байгаа мөнгөн дүн ажилгүй байсан хугацааны цалин гэдэг хуулийн үг, үсэг байхгүй. Харин ажилгүй байсан хугацааны олговор юм. Олговрыг яаж боддог вэ гэхээр тухайн хүний өмнө нь ажил эрхэлж байсан үеийн цалингийн дунджаас нь бодож олгоно. Бодож олгож байгаа аргачлалыг нь хараад ажилгүй байсан хугацааны цалин гэж яриад байдаг болохоос биш тухайн ажилтанд эрхээ сэргээлэгсний нөхөн төлбөр болж хуульд заасан баталгааг нь хангаж байгаа мөнгөн хэлбэр төлбөр. Тэгэхээр аудитын улсын байцаагчийн дүгнэлтэд ажилгүй байсан хугацааны цалинг давхардуулан олгосон гэсэн байсан. Тэгэхээр цалин давхардуулж олгоогүй эрхээ сэргээлгэсний төлөө шүүхээс олговор олгосон.

Дөрөвдүгээрт: Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд захиргааны байгууллага хохирлоо барагдуулна гэсэн хуулийн гаргалгааг зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтан буюу тухайн гаргасан захирамж нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, буруу захирамж гаргасан гэж нотлогдсон, гэм буруутай үйлдэл нь ажилтны эрх ашгийг хохироосон ийм албан тушаалтнаар буцааж төлүүлэх үндэслэлийг зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэг энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцдаг. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд ******* сумын Засаг даргын тамгын газрын дээд шатны байгууллага болох Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Завхан аймгийн Аудитын газар. Тэр дотроо Санхүүгийн хяналт, аудитын алба. Энэ байгууллага тухайн гэм буруутай албан тушаалтны хүчингүй болсон эрх зүйн акт нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бол уг албан тушаалтнаас ажилтны эрх ашгийг хохироож, буруу ажлаас халсан, үүнээс үүдэн төсөв хохирсон байгаа мөнгөн дүнг ******* даргаар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 1.500.000 гээд аудитын дүгнэлтээр биш нийт шүүхийн шийдвэрээр тогтоосон 2.268.139 төгрөгийг ******* даргаас аудитын акт тогтоож буцааж улсын төсвийг хохиролгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хугацаан дээр маргаад байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг яаж мэдэгдэх ёстой, хэн ямар үүрэгтэй оролцох талаар заасан байдаг. Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд заасан тохилдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд гардуулахаас өөр хэлбэрээр мэдэгдсэнээ баримтжуулах ёстой байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй байдаг. Тэгэхээр утсаар мэдэгдсэн гэдгээ хариуцагч байгууллага баримтжуулаад үүнийгээ хавтаст хэрэгт гаргаж өгөх ёстой байжээ. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дахь хэсэгт Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэж заасан хуулийн зохицуулалт байна. Тэгэхээр үүнээс харахад өмнө нь утсаар мэдэгдсэн, хүнээр дамжуулсан, байгууллага руу нь албан бичиг явуулсан гэдэг болгон дээр П.******* хүлээн авсан гарын үсэг байхгүй. Баримт байхгүй байгаа. Ийм учраас энд хамгийн чухал хоёр баримт нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Санхүүгийн хяналт, аудитын албанаас гомдол шийдвэрлэсэн хариу гарсан. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шууданд хийсэн. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр П.******* гардаж аваад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нотлогдож байгаа энэ хугацаануудаас харахад захиргааны актад гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Тавдугаарт: 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 161 тоот захиргааны актын хууль зүйн үндэслэлийг эргэж харъя гэж бодож байна. Энэ акт гарах болсон хууль зүйн үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалт буюу энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ. 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гээд ерөнхий заалтууд байгаа. Цалин яаж олгох, шүүхийн шийдвэрээр гарсан цалинг яаж олгох талаар ямарч үндэслэл байхгүй байна. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалт төсөв захирагчтай холбоотой заалтууд байгаа. Тэгвэл сумын төсөв захирагч нь засаг дарга, сумын засаг даргын тамгын газрын дарга нарын хэрэгжүүлэх ёстой чиг үүргийг баримтлан яагаад төрийн албан хаагчид яагаад ийм акт тавьж байгаа нь ойлгомжгүй байна. Эдгээр үндэслэлүүдээр нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг ямар нэгэн хүчин төгөлдөр болсон хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй гомдол дахин хянуулах хүсэлт гаргаагүй бол өөр ямар юм нэг зүйл үндэслээд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ямар нэгэн албан тушаалтан болон байгууллага акт тавьж шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл байхгүй.

Тогтоосон 161 тоот актын хариуг тухайн ******* сумын Засаг даргын тамгын газар хүлээж аваад акт гарснаас хойш 30 хоногийн дотор тамгын газар, засаг дарга өөрөө шүүхэд шинээр хянуулах хүсэлт гаргаагүй. Энэ хугацаа нь ч гэсэн өнгөрсөн байна. Тийм болохоор нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өөр ямар нэгэн албан тушаалтан үндэслэлгүйгээр хүчингүй болгож, өөрчлөх хууль зүйн үндэслэл алга. Шүүхийн шийдвэрийг өөрчилж байгаа агуулга харагдаж байна. Шүүхээс 2.268.139 төгрөгийг тогтоогоод байхад шүүхийн шийдвэр дээр байгаа энэ олговор буруу байна. Ингэж олгох ёстой гэж байгаа бол шүүхийн шийдвэрийг өөрчлөөд байгаа юм шиг байдал харагдаж байна. Хамгийн сүүлд нь тодруулж хэлэхэд 2.268.139 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин биш. Энэ нь шүүхээс тухайн ажилтны эрхийг нь сэргээсний баталгаа болгож өгч байгаа олговор юм. Иймд Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 161 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай албанаас ******* сумын төсөвт байгууллага, нэгж, сангийн 2016, 2017 оны санхүү үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 161 дүгээр актаар ******* сумын санхүүгийн албаны дарга П.*******д холбогдуулан 1 513 593 төгрөгний нөхөн төлбөр тогтоосон юм. Ингэж тогтоохдоо тэр өдөр би П.*******тай өөртэй нь холбогдож тайлбарлаж танилцуулсан. Тэгэхэд өөрөө Баянхонгор аймагт мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авах шалгалтад орох гэж явна гэсэн тайлбар хэлсэн. Тухайн сумын удирдлагуудад энэ талаар тайлбарлаж хэлсэн. П.******* тухайн үед надад хэлэхдээ Баянхонгороос очоод таны тавьсан акттай танилцаж. Тантай очиж уулзана гэж хэлсэн. Тэгээд надтай ирж уулзаагүй. Тэр болтол 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээсэн. Энэ өдөр тухайн сумын Засаг дарга болон тамгын дарга нарын нэр дээр албан тоот хүргүүсэн. Энэ албан бичгийн утга нь юу байсан гэхээр санхүүгийн албаны дарга П.*******д тавьсан 161 дүгээр актыг танилцуулах гэж 2 удаа утсаар ярихад ирнэ гээд ирээгүй тул энэ актыг танилцуулаад, актын биелэлтийг хангуулах талаар тухайн хүнтэй ярилцаж актыг баталгаажуулаад буцаана уу гээд 2 хувь акт явуулсан. Акт нь эргэж ирээгүй. Тухайн үед 7 дугаар сарын 3-ны өдөр холбогдох тамгын газрын даргатай холбогдон утсаар ярьсан. Тэгэхэд таны актыг танилцуулсан, өөрөө би тантай ярина гээд акт, албан бичгийг аваад явсан гэсэн хариу хэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 30-ны өдрөөр манай албанд гомдол ирсэн. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу бол гомдол гаргах 30 хоногийн хугацаа аль хэдийн өнгөрсөн байсан. Гэхдээ би иргэн хүнийх нь хувьд эрхийг нь хүндэтгээд, гомдлыг хүлээн аваад хариуг хүргүүлсэн. Гомдлын үндэслэл нь ганцхан үндэслэлгүй гэсэн үгийг л бичсэн байсан. Энэ актын биелэлтийг хангах ёстой тийм учраас хүлээж авах боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн. Надад ирүүлсэн гомдолдоо Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулан авсан гэсэн тайлбар өгсөн байсан. Тэгэхээр санхүүгийн албаны дарга П.******* ажилгүй байгаагүй юмаа. Төсвийн мэргэжилтэн, санхүүгийн албаны дарга гэсэн хоёр албан тушаалын хооронд сэлгүүлэн ажиллуулсан. Эрх бүхий албан тушаалтан буюу шийдвэр гаргаж байгаа албан тушаалтнууд буюу ажил олгогч нар нь тухайн ажилтныг нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгүүлэх байдлаар шийдвэрийг гаргасан байдаг. П.******* нь төсвийн мэргэжилтнээр ажиллахдаа ТЗ-3-2 /491 444/, санхүүгийн албаны даргаар ажиллахдаа ТЗ-5-2 /540 033/ шатлалаар тооцон цалин авсан байна. Шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг авахдаа албан тушаалын цалингийн шатлалын зөрүүгээр бус ажилгүй байсан мэтээр тооцон 2 албан тушаалын цалинг давхардуулан авч төсөв хохироосон байна. Зүй нь албан тушаалын цалингийн шатлалын зөрүүг тооцон олгох нь зөв юм. Шалгалтын дүнгийн талаар 2 удаа утсаар ярихад өөрийн биеэр очиж танилцана гэсэн боловч хэлсэн хугацаандаа ирээгүй тул сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргын нэр дээр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 85 дугаар албан бичгийн хамт улсын ахлах байцаагчийн акт хүргүүлэхэд хариу тайлбар ирүүлээгүй, мөн актыг буцаагаагүй. П.******* нь шалгалтаар тавигдсан төлбөрийн актын талаар 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр бичсэн гомдлыг манай алба 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, гомдолд хариу хүргүүлсэн.

1. П.******* Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага болох ******* сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулан авсан гэж тайлбарлаж байгаа. Төрийн албан хаагч хүний хувиар өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах П.*******гийн эрхийг хүндэтгэж байна, шүүхийн шийдвэрийг ч бас хүндэтгэж байна. Гэхдээ 2015 оны 11 сараас 2017 оны 6 сар хүртэл хугацаанд төрийн сангийн төсвийн мэргэжилтэн, санхүүгийн албаны дарга гэх албан тушаалд ээлжлэн томилогдож ажилласан, ингэж ажиллахдаа дунд нь нэг ч хоногийн зөрүүгүйгээр ажиллаж түүнд ногдох цалин, хөдөлмөрийн хөлсийг авсан байгаа нь тухайн байгууллагын санхүүгийн холбогдох баримтуудаар нотлогдож байна. Цалингийн хүснэгтийн хуулбараас харагдана. Шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хэмээн буруу ойлгогдохоор бичсэн байна. Уг нь албан тушаалын цалингийн зөрүүг нэхэмжлэх ёстой байжээ гэж үзэж байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийг хангуулж ажиллаж байгаа. Энэ шалгалтын явцад бид нар П.*******тай болон ер нь ******* сумын төсвийн байгууллагуудын бүхий л санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Төсвөөс буцаагаад П.*******д 1.800.000 төгрөгийг олгож төсөв хохироосон үйлдэл. Тэгээд П.*******д төсвөөс буцааж үүнийг нь нөхөн төлүүлээд төсөв дахиад хохирсон гэж үзэх юм бол Н.******* даргаас нэхэмжлээд нөхөн төлүүлнэ. Бид нар энэ процессийн яг эхний шатанд маргаад явж байгаа. Тийм болохоор Н.*******той ярих асуудал дараагийн асуудал. Тийм болохоор шүүхийн гаргасан шийдвэрийг бид нар ойлгож байна. Эхлээд төсөв хохироосон энэ үйлдэлд акт тавиад үүнийхээ биелэлтийг хангуулаад П.*******тай энэ асуудлыг шийдвэрлэсэний дараа, буруутай албан тушаалтнаар хохирол нөхөн төлүүлэх нь дараагийн тусдаа асуудал. Тийм болохоор бид нар эхлээд актынхаа биелэлтийг хангуулах байгаа. Үүнийгээ эргэж шалгана. Энэ нь нээлттэй дуусаагүй байгаа. Одоо ч гэсэн энэ асуудал дээр маргаад байж байгаа.

3. Мөн Монгол Улсад мөрдөгдөж буй ямар ч хуулинд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд цалинг давхардуулан олгохгүй гэсэн хуулийн заалт байхгүй гэж нэхэмжлэгч үзэж байна. П.*******д холбогдуулан гаргасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгүүлэн ажиллах байдлаар томилсон байгаа болохоос ажлаас халсан гэх үг, үсэг алга байна. Төрийн албан хаагч хүний хувиар цалин, хөдөлмөрийн хөлсний зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл түүнтэй дүйцүүлэн гаргасан бусад эрх зүйн хүрээнд хийгдэх бөгөөд хэн нэгэн этгээд дур мэдэн үндэслэлгүй илүү цалин авах эрх нь аль ч хуулийн зохицуулалтанд байхгүй юм. Тэр тусмаа төрийн жинхэнэ албан хаагч хүн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасанчлан хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, шударга бус явдалтай эвлэршгүй байх үүрэгтэй билээ. Иймээс өөрийн томилогдсон албан тушаалын цалинг илүү ч үгүй дутуу ч үгүй авах ёстой.

4. П.******* нь төсвийн мэргэжилтнээр ажиллахдаа ТЗ-3-2 шатлалаар 491 444 төгрөг, санхүүгийн албаны даргаар ажиллахдаа ТЗ-5-2 шатлалаар 540 033 төгрөгийн үндсэн цалин авч байсан бөгөөд үндсэн цалингийн зөрүү 48 589 төгрөг маргаантай байсан саруудын нийлбэрээр 330 600 төгрөгийг л албан тушаалын цалингийн шатлалын зөрүүгээр авах байсан. Шүүх 2 268 139 төгрөгийн цалинг олгуулахаар шийдвэр гаргасан байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татварыг тооцож 1 844 193 төгрөгийг гар дээр олгосон байгаа юм. Зөрүүг тооцвол 1 844 193330 600=1 513 593 төгрөгийг төсвөөс илүү авсан нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байх тул санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 161 дүгээр актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

П.******* нь Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Л.*******ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 161 дүгээр актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч тал ...урьд шүүхээс тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч өөрийн дураар өөрчлөн, хасах боломжгүй, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байдгийн хувьд уг шийдвэрийн дагуу надад олгогдсон ажилгүй байсан хугацааны олговрыг буцааж төлүүлэхээр акт тавьсан нь үндэслэлгүй... хэмээн маргаж байна.

Хариуцагч тал ...нэхэмжлэгч нь санхүүгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдмөгцөө мэргэжилтнээр томилогдон ажилласнаар нэг хоног ч ажилгүй байгаагүй мөртлөө шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинг авахдаа дээрх албан тушаалуудын цалингийн зөрүүгээр бус ажилгүй байсан мэтээр тооцон хоёр албан тушаалын цалинг давхардуулан авч төсөв хохироосон тул нөхөн төлбөр тогтоож акт тавьсан нь үндэстэй... хэмээн тайлбарлаж байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Л.*******ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 161 дүгээр актаар[1] Шүүхийн шийдвэрээр цалин авахдаа албан тушаалын шатлалын зөрүүгээр бус албан тушаалын цалинг давхардуулан авсан 1 513 593 төгрөгийн зөрчил нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16.5.5 дахь заалтуудыг зөрсөн хэмээн үзэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д заасныг үндэслэн нөхөн төлбөрийн 1 513 593 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсвийн дансанд төлж, мэдээг ирүүлэхийг ******* сумын санхүүгийн албаны дарга П.*******д даалгаж, барагдуулалтанд хяналт тавихыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт хариуцуулжээ.

1. Нэхэмжлэгч П.******* нь урьд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар[2] тус сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж байсан байх ба тус Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 14 дүгээр шийдвэрээр[3] дээрх албан тушаалд эгүүлэн томилогдсоноор шүүх түүнд ажилгүй байсан хугацааны олговор 2 268 139 төгрөгнөөс холбогдох суутгалыг тооцон хийж, 1 844 192 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэрээр П.*******гийн хувьд санхүүгийн албаны даргын албан тушаалд ажиллаагүй хугацааны 79 хоногийн олговрыг 2 268 139 төгрөгөөр тогтоосон байх ба уг шийдвэрийг захиргааны байгууллага болох Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас биелүүлэхдээ П.******* нь тус сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар санхүүгийн албаны даргаас чөлөөлөгдмөгцөө үргэлжлүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр Б/25 дугаар захирамжаар[4] төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр томилогдож, уг албан тушаалын цалинг авч байсныг харгалзан үзэлгүйгээр олгосон ажилгүй байсан хугацааны олговроос 1 513 593 төгрөгийн тухайд П.*******д төлбөр тогтоож, акт тавьсныг буруутгах боломжгүй бөгөөд ийнхүү хариуцагчаас акт тогтоосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 16.5.5 батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэж заасантай нийцсэн байна.

Тодруулбал, санхүүгийн албаны даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн дээрх хугацаанд нэхэмжлэгч П.******* нь төсөв төрийн сангийн мэргэжилтнээр томилогдон үргэлжлүүлэн ажилласнаар түүнд олгогдсон цалин хөлсийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны олговроос хасч тооцож, үлдсэн зөрүүг нөхөн олговорт олгосноор нэхэмжлэгч цалин хөлсөөр хохирохооргүй байна.

Учир нь дээрх хоёр албан тушаалын цалингийн зөрүү хэсэг дээр хариуцагчаас акт тогтоогоогүй учир нэхэмжлэгчийг цалин хөлсөөр хохирсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилд эгүүлэн тогтоосон бол бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасныг захиргааны байгууллага дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ анхаараагүй байдлыг хариуцагчаас зөвтгөж, нөхөн төлбөр тогтоосныг буруутгах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй ба шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо нэхэмжлэгч нь тухайн байгууллагад өөр ажил, албан тушаалд ажиллаж, тийнхүү хөдөлмөрлөсний төлөө авсан цалин, хөлсийг нь нөхөн олговорт суутган тооцож, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах нөхцлийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нь захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай ажиллагааны улмаас огт ажлаар хангагдаагүй, цалин хөлс аваагүй тохиолдолд цалин хөлсөөр хангагдах баталгааг нь нөхөж бүрдүүлж буй зохицуулалт юм.

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус захиргааны актын улмаас ажлаас чөлөөлөгдсөн, халагдсаны дараа төрийн байгууллагад өөр ажил албан тушаалд ажиллаж, цалин хөлс авсан эсэхээс үл хамааран хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэсэн тохиолдол бүрт олгох мөнгөн төлбөр гэж ойлгох боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэсгүй байна.

Нэхэмжлэгч П.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар[5] Санхүүгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн даруйд төсвийн мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллаж, уг албан тушаалын цалин хөлсийг авч байсан, мөн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авсан нь хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны Б/25, Б/73 дугаар захирамжууд, 2016 оны 1-12 сарын цалин олгосон баримтууд[6], Завхан аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/791 дүгээр албан бичгээр ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байгаа ба дээрх нөхцөл байдлуудын талаар нэхэмжлэгч маргаагүй болно.

Хэдийгээр ******* сумын Засаг дарга шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэхдээ П.*******д нөхөн олговрыг зөв хэмжээгээр олгоогүй нөхцөл байдал байгаа хэдий ч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д зааснаар улсын ахлах байцаагч иргэний хууль бусаар олсон орлогыг акт үйлдэж, нөхөн төлүүлэхээр байгаа учраас маргаан бүхий захиргааны акт дээрх хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч тал маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлдээ ...******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн гүйцэтгэлийн тайлангаас[7] харахад уг байгууллага төсөв хэтрүүлээгүй, мөн 2017 оны төсвийн үйл ажиллагаагаа алдаагүй үнэн зөв, шударга илэрхийлсэн талаар Завхан аймаг дахь Аудитын газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар гэрчилгээгээр[8] батлагдсан хэмээн тайлбарлаж байх ба шүүх зөвхөн уг тайлан, гэрчилгээг үндэслэн иргэнд илүү олгосон олговроос хуульд нийцүүлэн нөхөн төлбөр тогтоосон хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Л.*******ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 161 дүгээр актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Л.*******ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 161 дүгээр актыг нэхэмжлэгч П.*******д танилцуулсан гэх хугацааны тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан шийдвэрээ мэдэгдэх, гардуулах журмыг зохицуулсан байна. Хариуцагч уг маргаан бүхий захиргааны актыг П.*******д удаа дараа утсаар мэдэгдсэн, ирж танилцахыг хэлсэн гэх боловч хариуцагч баримтаар нотлож чадахгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар захиргааны актыг биечлэн гардуулсан тохиолдолд уг этгээд гарын үсгээ зурж баталгаажуулан хүлээж авахаар байхаас гадна ийнхүү биечлэн гардуулах боломжгүй бол 43.2-д зааснаар захиргааны актыг шуудангаар хүргүүлж мэдэгдэж болохоор байх ба 43.3-д ...Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш... орон нутагт 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. гэж заажээ.

Энэ хэргийн тухайд хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 161 дүгээр актыг П.*******д 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 85 дугаар албан бичгээр[9] хүргүүлжээ.

Нэхэмжлэгч П.******* уг актыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авсан[10] байх боловч дээрх актыг албан бичгийн хамт шууданд хэзээ хийсэн, ******* сумд хэзээ очсон эсэх талаар талууд маргаж байна.

Гэвч шүүх дээрх нөхцөл байдлыг тогтоохоор нэмж нотлох баримт цуглуулах нь хэрэгт ач холбогдолгүй байна. Учир нь нэхэмжлэгч П.******* Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актын талаар шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гомдлоо гаргасан.

Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар маргаан бүхий актын талаар П.*******гаас гаргасан гомдлыг хариуцагч бүрэн эрхийнхээ дагуу хүлээн авч шийдвэрлэж, 2018 оны 09 сарын 25-ны өдрийн 109 дүгээр албан бичгээр[11] хариу өгсөн байх бөгөөд уг хариуг нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч уг өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2018 оны 11 сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга уг гомдлыг хүлээн аваад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж буцаагаагүй, нэгэнт шийдвэрлэж хариу өгсөн бөгөөд нэхэмжлэгч уг хариуг хүлээн авснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг ийнхүү хэтрүүлээгүй тул Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Л.*******ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 161 дүгээр актыг нэхэмжлэгч П.*******д анх утсаар мэдэгдсэн эсэх, мөн уг актыг хүргүүлэхээр шуудангийн байгууллагад хэзээ хүргүүлсэн, уг шуудан ******* сумд хэзээ хүргэгдсэн зэргийг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй тул шүүх нотлох баримт цуглуулах шаардлагагүй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч тал Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцдаг тул Санхүүгийн хяналт, аудитын алба нь тухайн гэм буруутай албан тушаалтны хүчингүй болсон эрх зүйн акт нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байхад уг албан тушаалтнаас ажилтны эрх ашгийг хохироож, буруу ажлаас халсан, үүнээс үүдэн төсөвт хохирсон байгаа мөнгөн дүнг сумын Засаг дарга байсан Н.*******оор нөхөн төлүүлэх ёстой гэж тайлбарлаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ. гэж заасан зохицуулалт нь энэ маргааны хувьд хамааралгүй юм.

Маргаан бүхий захиргааны актанд нэхэмжлэгч П.*******д олгогдох ёсгүй олговрын хэмжээгээр л нөхөн төлбөр тавигдаж, буцааж төлүүлэх асуудал тусгагдсан байгаа тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Л.*******ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 161 дүгээр актыг нэхэмжлэгчинйн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд хуульд нийцсэн хэмээн үзэж, нэхэмжлэгч П.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.*******ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 161 дүгээр актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн П.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд

[3] Хавтаст хэргийн 74-84 дүгээр хуудсанд

[4] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд

[5] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд

[6] Хавтаст хэргийн 35-48, 63-72 дугаар хуудсанд

[7] Хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд

[8] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд

[9] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд

[10] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд

[11] Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд